Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2025/00013

 

 

 

 

 

 

  2025         5            08                                                     223/МА2025/00013

 

 

О.У нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 317/ШШ2025/00280 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У................. хот, Х ............ дүүрэг, ........ дүгээр хороо, ......................1................ тоотод оршин суух, Б.......... овогт О.............. У.............,

Хариуцагч: У............ хот Н............ дүүрэг, ......... дугаар хороо, ........... гудамж, ........ тоотод оршин суух, Т......... овогт Т............ С.....................д холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс газраа албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хо...............ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б............ /цахим/

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Х..................... /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд оролцсон О.У, өмгөөлөгч С.Батцэрэн нарын гаргасан тайлбарын агуулга: “...Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаар захирамжийн дагуу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Шар булгийн задгайд байрлах нэгж талбарын 4104061501 дугаар бүхий 3 га газрыг Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтай, 15 жилийн хугацаатай эзэмшиж, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

Улмаар 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр №04176-2020/006 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г шинэчлэн байгуулсан. 2022 онд энэхүү газар эзэмших эрхийг баталгаажуулсан ба 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Газрын албатай 04176-2022/00253 дугаар “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, Улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгүүлж, Эрхийн улсын бүртгэлийн Э-1423001278 дугаарт бүртгэгдэн, нэгж талбарын 4104061501 дугаартай, Газар эзэмших эрхийн 0000081978 дугаар гэрчилгээ олгосон уг газраа одоог хүртэл хууль ёсоор эзэмшиж байна.

Гэтэл миний эзэмшил газрын тал хэсэгт буюу 1.5 га газар дээр Т.С гэх хүн байшин, жуулчны жижиг отог барьж хууль бусаар эзэмших болсон. Би эзэмшил газрыг чөлөөлж өгөх талаар удаа дараа шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл газрыг чөлөөлж өгөлгүй, хууль бусаар эзэмшиж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөөр байна.

Иймд хариуцагч Т.Сгийн хууль бус эзэмшлээс миний газрыг албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзулын шүүхэд болон шүүх хуралдаанд оролцсон Б.Хонгорзул, өмгөөлөгч Б.Хашчулуун нарын гаргасан хариу тайлбарын агуулга: “...Нэхэмжлэгч О.У гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:

Хариуцагч Т.С нь уг газарт төрж өссөн. 2010 оноос нөхөр Д.Энхбаатартай ханилж тухайн газар дээр амьдарсан. Үүнийг нотолж хэрэгт тог, хогны төлбөр төлж байсан баримтыг шүүхэд өгсөн. Т.С нь Д.Энхбаатарын хөрөнгөөр хувийн орон сууцыг барьсан. Т.Сд төрийн захиргааны байгууллагаас өөр хүний нэр дээрх эзэмшил газар гэх ямар нэгэн шаардлага ирж байгаагүй. Т.С нь Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шар булгийн задгай, 11 тоот хаягт байдаг. Энэ нь маргаан бүхий нэгж талбарын 4104061501 дугаартай газарт хамаарч байгаа мөн Төв аймгийн Эрдэнэ сумын газар нутагт хамаарч байгаа тус газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байна. Газрын тухай хуулиар Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад тусгай хамгаалалттай газарт газар эзэмших эрх олгох эрх хэмжээ байхгүй. Харин тусгай хамгаалалттай газрыг аялал жуулчлалын сайд олгох хуулийн зохицуулалттай. Иргэний хуулийн 106 дугаар зүйлээр шаардаж байгаа О.Уд олгосон газрын гэрчилгээ хүчин төгөлдөр байх ёстой. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 409 тоот албан бичигт “хууль бус захиргааны акт” гэсэн байсан. Тухайн албан бичиг хавтаст хэрэгт байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Төв аймаг, Эрдэнэ сум, 3 дугаар баг, Шар булгийн задгай гэх газарт байрлах, 4104061501 нэгж талбарын дугаартай, 3,000 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Э-1423001278 дугаар бүхий газрыг Т.Сгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.У улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Сгаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Уд олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х........... давж заалдах гомдол болон хариуцагчийн өмгөөлөгч Э.Х............... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга/цахимаар/: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч О.У эзэмших эрхтэй гэх 1.5 га газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын газар нутагт хамаарах боловч Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд хамаарагдах улсын тусгай хамгаалалттай газар нутаг юм.

Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газар нутгийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулах тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т "байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно", 35 дугаар зүйлийн 35.1-т "иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ...газар ашиглах зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана", 36 дугаар зүйлийн 36.1-т "төрийн захиргааны төв байгууллага нь байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргана" гэж тус тус заасан. 

Гэтэл засаг дарга нь илт хууль бус захиргааны акт гарган иргэн О.Уд уг газар эзэмшүүлсэн нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон.

Иймд Захиргааны хэргийн шүүхэд О.Уд газар олгосон захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Т.Сгийн хуулиар олж авсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн хуулиар зөвшөөрөгдөөгүй бүс нутагт, зөвшөөрөөгүй зориулалтаар газрыг эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар Т.С гомдол гаргасан. Төв аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07/01 дугаартай албан бичгээр Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад дээрх асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн.

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь хэрэгт ач холбогдолтой тул шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

2.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т "өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж заасныг үндэслэсэн.

 Ийнхүү хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардахын тулд нэхэмжлэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж буй этгээдэд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой. Гэтэл Т.Сгийн нэр дээр тухайн газар нэг ч хөрөнгө байхгүй, түүний нөхөр Д.Энхбаатар нь хувийн сууц болон тухайн газарт байгаа аялагч, амрагч хоноглох зориулалттай 4 ширхэг жижиг байшинг өөрийн найзуудтай нийлэн барьсан. О.У ч тухайн газарт чухам хэн амьдарч байгааг мэдэхгүй, эргэн тойрны хүмүүсээс асуугаад Т.С гэдэг нэр л олж авсан талаар шүүх хуралдааны шатанд хэлсэн.

Өөрөөр хэлбэл, Т.С нь тухайн газарт байгаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөх боломжгүй ба Д.Энхбаатар болон түүний найзууд эзэмшиж ашигладаг. Энэ талаар анхан шатны шүүхэд удаа дараа тайлбар хэлсэн ч анхан шатны шүүх уг асуудлыг анхаарч үзээгүй. Мөн уг газар нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд хамаардаг учраас тэр хавийн айл өрхүүд Налайх дүүргийн 6 дугаар хороонд харьяалагдаж, тог, хогны мөнгөө Налайх дүүрэгт төвлөрүүлэн төлдөг. Д.Энхбаатар нь 2010 оноос хойш тасралтгүй 14 жилийн хугацаанд тогны мөнгө төлж, тухайн газрыг ашиглаж, эзэмшиж ирсэн.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хүлээж аваагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газар аялал жуулчлалын зориулалттай газрыг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаас олгохдоо Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн. Энэ талаар Төв аймгийн Засаг даргад Төв аймгийн Газрын харилцаа, зураг зүйн газраас Эрдэнэ сумын Засаг даргад албан бичиг хүргүүлсэн. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирүүлсэн албан тоотод энэ газар нь тусгай хамгаалалттай газарт хамаарч байгааг бичсэн. Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар төрийн захиргааны төв байгууллага буюу холбогдох яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг яамнаас олгох ёстой байсан. Гэтэл Эрдэнэ сумын Засаг дарга газар олгосон нь буруу байх тул энэ асуудлыг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авах буюу захирамжаа цуцал гэдэг шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, энэ албан бичгийн хариуг авах шаардлага үүссэн. Өмнө нь энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга холбогдох арга хэмжээг аваагүй. Төв аймгийн Засаг даргад дахин гомдол гаргасан, яам руу бас дахин гомдол гаргасан. Сумаас хариу өгөхгүй байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу шүүхийн журмаар гаргуулъя гэж хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл илт хууль бус гаргасан Засаг даргын захирамжтай холбоотой ямар нэгэн шийдвэрийг дахиж гаргасан эсэх үйл явдлыг тодруулъя гэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч хүлээж авалгүйгээр хэргийг шийдсэн. Хүлээж аваагүй шийдсэнээс болоод шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй. Тухайн газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хамаарагддаг, тусгай хамгаалалттай газруудын хязгаарлалтын өнцөгт оршдог газар. Харин яг тухайн газрын тоот нь Налайх дүүргийн 6 дугаар хороо Шар булаг 11 тоот гэдэг хаяг дээр бүртгэлтэй. Гэтэл энэ 11 тоот хаяг дээр Сарангуагийн нөхөр Энхбаатар нь газрын төлбөр, хогийн төлбөрүүдийг төлж байсан баримтуудыг өгсөн боловч шүүх дүгнэхдээ Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг Шар булгийн задгай гэх газартай холбоогүй буюу өөр газрын нотлох баримтыг үнэлэх боломжгүй гэдэг. Гэтэл үүнээс шалтгаалаад ямар үр дагавар гарч байна вэ гэхээр Т.С энэ тоот хаяг дээр өөрөө амьдарч байгаа юм уу, үгүй юм уу, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй юм уу, үгүй юм уу гэх асуудал үүснэ. Үүнээс болоод эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа шударга эзэмшигчдийн асуудал нь шүүх дээр маргаан шийдвэрлэх үед хэвээр үргэлжилж байгаа юм уу, үгүй юм уу гэдэг нөхцөл байдлуудыг тогтоох хүсэлтийг шүүх хүлээж авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18 дугаар хэсэгт Т.С багаасаа энэ газарт оршин сууж байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүнийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй гэх дүгнэлт хийсэн. Т.С энэ газар дээр оршин сууж байгаа гэдгийг нотолсон баримт байхгүй байна гэсэн үндэслэлээр тухайн газрыг Т.С чөлөөлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч О.Уас асуусан асуулт, хариултын шат, мэтгэлцээний үе шат шүүх хуралдааны тэмдэглэл дээр бичигдсэн байгаа. Т.С гэж хүн яагаад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцаж байгаа юм бэ, энэ яагаад тус газар оршин сууж байгаа юм бэ гэдгийг асуугаагүй. Өөрөөр хэлбэл газрын албатай холбоотой байдлаар Эрдэнэ суманд очиж уулзсан, тэгээд Т.С гэдэг хүний нэрийг олж аваад Т.С гэдэг хүнд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг. Гэтэл шүүх Т.Сг оршин сууж байгаа гэдгийг нотолсон баримт байхгүй байна, хэрэгт авагдаагүй байна гэсэн атлаа Т.Сг чөлөөл гэдэг шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинж чанар хангагдахгүй байна. Өөрөөр хэлбэл Т.С энэ шаардлагыг хариуцах ёстой юу, үгүй юу гэдэг дээр шүүх дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн өнөөдрийн эзэмшиж буй 3 га газар хэчнээн хэмжээгээр давхцаж байгаа эсэх, яг ямар хөрөнгүүд давхцаж байгаа эсэх, тэр хөрөнгө нь хэний эзэмшлийн хөрөнгө вэ гэдгийг тогтоосон өгүүлбэр хэрэгт байхгүй. Шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Т.С шүүхэд өгсөн хариу тайлбартаа Налайх дүүргийн 6 дугаар хороо Шар булаг 11 тоот хаяг дээр мал маллаж, оршин суудаг гэдгээ тайлбарласан. Нөхөртэйгөө барьсан, зуслангийн зориулалттай өөрсдөө очиж амьдардаг байшин байгаа. Тэр байршил нь хамаарч байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг шүүх ерөөсөө дүгнээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодитойгоор үнэлж, дүгнээгүй. Иймд давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгч О.У болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хариуцагч тал 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг эс зөвшөөрч байна.  

1. Захиргааны актыг хууль бус байна уу, хууль ёсны байна уу гэдгийг Иргэний хэргийн шүүх биш Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал. Харьяаллын бус маргааны талаар гомдол гаргаад байгаа нь үндэслэлгүй байна.

2. Хариуцагч хэргийн үйл баримттай холбоотой ач холбогдол бүхий хүсэлтийг хангаагүй хэргийг шийдсэнээс болоод шүүхийн шийдвэр буруу гарчихлаа гэж яриад байна. Гэтэл хариуцагч нь захиргааны актыг хүчингүй болгуулъя гэдэг гомдлыг аймгийн Засаг даргад гаргасан, үүнийхээ хариуг авч чадахгүй байна, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан гомдлынхоо хариугаа авч чадахгүй байна гэдэг хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргаад, шүүх хариугаа авах боломжоор нь хангаад шүүх хуралдааныг бараг сарын хугацаагаар буюу 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан. Шүүхээс хүсэлтийг нь хангаагүй биш хангасан. Гэтэл 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариугаа авч чадсангүй, хугацаа олгож өгөөч, аймгийн Засаг даргаас тус баримтуудыг шүүхийн журмаар гаргуулъя гэх хүсэлт гаргасан. Шүүх харин хүсэлтийг нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар өөрөө олж авах боломжгүй баримтуудад хамаарахгүй байна гэж үзэж хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Учир нь гомдлын хариуг хариуцагч тал өөрөө авах боломжтой юм. Өөрөө олж авах боломжгүй баримтыг л шүүхийн журмаар гаргуулах хуулийн зохицуулалттай.

3. Мөн хэний эзэмшилд байгаа газар гэдгийг тогтоолгүйгээр шүүх хэргийг шийдвэрлэсэн гээд байна. Т.С амьдраагүй гэдгээ нотлоогүй байна гэдгийг амьдарч байгаа нь нотлогдоогүй байна гэх агуулгаар ойлгохоор байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Яагаад гэхээр хариуцагч тухайн газар дээр миний хөрөнгө байхгүй байхад яаж энийг чөлөөлөх юм бэ, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь дээр гацна шүү дээ гэсэн атлаа нөхөр нь найз нарын хамт барьсан гэдэг. Мөн энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн хариуцагч биш гэсэн мөртлөө миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөөд байна, би энэ газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа гээд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад яваад байдаг. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх гэсэн оролдлого юм болов уу гэж бодож байна. Иймд хариуцагч талын гаргаж байгаа гомдол үндэслэлгүй. Дахин хэлэхэд нэхэмжлэгчийн нөхрийн өмчлөлийн хөрөнгүүд байгаа юм шиг тайлбарлаад байна. Нөхрийн хөрөнгө бол энэ хүнтэй дундын өмчлөлтэй хөрөнгө байна. Тэгэхээр өөрийнх нь хөрөнгө бас байна гэдэг нь харагдаж байгаа учраас хариуцагчийн гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх ч шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт нь утга найруулгын хувьд ойлгомжгүй байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан шийдвэр гаргасан байгаа тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч О.У нь бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа “...Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаар захирамжаар Төв аймаг, Эрдэнэ сум, 3 дугаар багийн нутаг Зөгийн аж ахуйн урд Шар булгийн задгай гэх газарт байрлах нэгж талбарын 18684321266028 дугаар бүхий, 3 га газрыг Аялал жуучлал, мод үржүүлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн 000695648 дугаар гэрчилгээ олгосон. Улмаар 2022 онд улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгэж баталгаажуулахад нэгж талбарын дугаарыг 4104061501 болгон өөрчилж, эрхийн улсын бүртгэлийн Э-1423001278 дугаарт бүртгэж, иргэний газар эзэмших эрхийн 0000081978 дугаар гэрчилгээ олгосон. Гэтэл миний эзэмшил газрын тал хэсэгт буюу 1.5 га газарт Т.С нь нөхрийн хамт байшин, жуулчны жижиг отог/4 ширхэг модон байшин/ барьж хууль бусаар эзэмшиж байна. Энэ талаар зохих байгууллагад хандаж, чөлөөлж өгөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч чөлөөлж өгөөгүй. Иймд хариуцагч Т.Сгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү” гэсэн үндэслэлээр бүрэн дэмжиж  тайлбарласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа “...Хариуцагч Т.С нь Төв аймаг, Эрдэнэ сум, 3 дугаар баг, Зөгийн аж ахуйн урд, Шар булгийн задгай гэх газарт төрж өссөн бөгөөд одоо гэр бүлийн хүний хамт амьдарч хог хаягдлын төлбөрийг төлсөөр байхад мэдэгдэлгүй бусдын эзэмшилд олгосон байсан. Мөн Т.Сгийн нөхөр тус газарт найз нарын хамт байшин, отог/4 ширхэг модон байшин/ барьсан. Иймд Т.С хариуцагч этгээд биш. Үүнээс гадна тус газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын газар нутагт хамаарах боловч Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд хамаардаг улсын тусгай хамгаалалттай газар тул Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын гаргасан шийдвэр хууль зөрчсөн. Энэ талаар холбогдох байгууллагад хандсан ба хуулийн дагуу шийдвэрлэсэн байх ёстой...” гэсэн үндэслэлээр татгалзаж мэтгэлцсэн.

Харин зохигчид Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч О.У Төв аймаг, Эрдэнэ сум, 3 дугаар баг, Зөгийн аж ахуйн урд, Шар булгийн задгай гэх газарт байрлах, нэгж талбарын 4104061501 дугаар бүхий, улсын бүртгэлийн Э-1423001278 дугаарт бүртгэсэн, Газар эзэмших эрхийн 0000081978 дугаар гэрчилгээтэй 3 га талбайтай газрыг эзэмшиж байгаа, уг газрын 1.5 га газарт байшин, жижиг отог /4 модон байшин/ баригдсан байгаа талаар маргаагүй байна.  

3. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтын талаар дүгнэвэл,  Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг, Зөгийн аж ахуйн урд, Шар булгийн задгайд байрлах нэгж талбарын 18684321266028 дугаар бүхий 3 га газрыг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 369 дугаар захирамжаар иргэн Х.Маамаад эзэмшүүлсэн, мөн 2014 оны А/516 дугаар захирамжаар иргэн Г.Доржмягмарт, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаар захирамжаар иргэн О.Уд шилжүүлэн эзэмшүүлж, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан жил бүр сунгаж байсан. Улмаар нэхэмжлэгч О.У газар эзэмших эрхээ 2022 онд улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгүүлэн баталгаажуулсан байх ба бусдын эзэмшил болон өмчлөлийн газартай давхцалгүй байхад бусдын өмчлөлийн байшин, отог/4 ширхэг модон байшин/ баригдсан байна.

 Мөн Налайх дүүргийн 6 дугаар хороо Шар булаг гудамжны 11 тоотод оршин суух хариуцагч Т.С нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Зөгийн аж ахуйн урд, Шар булгийн задгай гэх газарт төрж өссөн цагаас хойш өнөөдрийг хүртэл гэр бүлийн хүний хамт амьдарч хог, хаягдлын төлбөрийг Налайх дүүргийн  "Налайх тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-т тушааж байсан байх ба нэхэмжлэгч О.Уд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах талаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн захирамжаар буцаасан, мөн энэ асуудлаар Аймаг, сумын Засаг дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд өргөдөл гаргаж байсантай холбоотой үйл баримт хэрэг авагдсан байна.

4.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан маргаан үүссэн гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

5.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар эзэмшил нь хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар үүснэ.

Харин эзэмших эрх үүссэн буюу хууль ёсны эзэмшигчээс эд хөрөнгийг шаардах эрх Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу хязгаарлагдана.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч О.У Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг, Зөгийн аж ахуйн урд, Шар булгийн задгайд байрлах, нэгж талбарын 4104061501 дугаар бүхий  3 га газрын хууль ёсны эзэмшигч мөн эсэх, хариуцагч Т.С газар эзэмшигчийн эрхийг зөрчөөгүй болохоо баримтаар нотлох нотолгооны үүрэг хуваарьлагдаж байна.

Мөн зохигч энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д "хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр..." гэж заасны дагуу шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлүүлэх эрхтэй.

6.Нэхэмжлэгч О.У нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг 3 дугаар баг, Зөгийн аж ахуйн урд, Шар булгийн задгайд, нэгж талбарын 4104061501 дугаар бүхий 3 га газрыг хаягжилт болон газрын давхцалгүйгээр хуульд заасан журмын дагуу эзэмшиж байгаа нь Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаар захирамж/хх-8/, Иргэний газар эзэмших эрхийн 0000081978 дугаар гэрчилгээ/хх-18/, кадастрын зураг /хх-17, 23/, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01/118 дугаартай "Иргэн таны 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг судалж үзээд, хариуг хүргүүлж байна. Иргэн О.У нь сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаар захирамжаар тус сумын Баянтуул (3-р) багийн Шар булгийн задгайд 3,0 га аялал, жуулчлалын зориулалттай газрыг эрх шилжүүлэн эзэмшиж, газрын кадастрын мэдээллийн санд 4104061501 нэгж талбарын дугаартай бүртгэгдсэн байна. Таны хүсэлтэд “миний эзэмшлийн газарт Т.С гэх хүн байшин, жуулчны жижиг отог барьчхаад байна. Газрыг Т.Сгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэжээ. Таны эзэмшлийн газарт тус сумаас иргэн Т.С болон бусад этгээдэд нэгж талбар давхцуулан олгоогүй бөгөөд уг асуудлыг холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй" гэх албан бичиг /хх-5/, Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07/82 дугаартай " Таны ирүүлсэн өргөдлийн дагуу судлан дараах хариуг хүргүүлж байна. Эрдэнэ сумын 3 дугаар баг Шар булгийн задгайд байрлах 4104061501 нэгж талбарын дугаартай 30000 м2  аялал, жуучлалын баазын зориулалттай газарт архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй болно"  гэх албан бичиг/хх-6/ 2017, 2020, 2022 онуудад байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-9-16, 19-22/ зэрэг баримтаар нотлогдсон.

Харин хариуцагч Т.С нь тус газарт төрж өссөн, гэр бүлийн хүний хамт олон жил амьдарсан, нөхөр Д.Энхбаатар хог хаягдлын хураамжийг 2014 оны 9 дүгээр сараас эхлэн төлж/хх-51/ байгаа нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг 3 дугаар баг, Зөгийн аж ахуйн урд, Шар булгийн задгайд, нэгж талбарын 4104061501 дугаар бүхий 3 га газрыг хууль ёсоор өмчлөх, эзэмшиж ашиглах эрхийг үүсгэхгүй.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Улсын бүртгэлийн байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн сан дахь энэ хуулийн 28.1-д заасан мэдээллийг нягтлан шалгаж, газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ”, 28.5-т “Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд энэ хуулийн 28.3-т заасан улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ” гэж заасан журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон этгээдийг хууль ёсны эзэмшигч гэж үзнэ.

Мөн хариуцагч Т.С нь нэхэмжлэгч О.У эзэмшил 3 га газрын 1,5 га газарт зөвшөөрөлгүйгээр байшин, отог /4 ширхэг модон байшин/ барин эзэмшиж байгаа нь шүүх хуралдааны шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзулын  “...2010 оноос хойш нөхөр Д.Энхбаатар гэх хүнтэй танилцаад тухайн газар дээр амьдарч ирсэн. Хавтаст хэрэгт тог, хогны төлбөр төлж байсан баримт байгаа. Т.С нь Д.Энхбаатарын хөрөнгөөр хувийн орон сууцыг барьсан. Нөхөр Д.Энхбаатар болон 4 хүүхдийн хамт амьдардаг. Т.Сд төрийн захиргааны байгууллагаас өөр хүний нэр дээрх эзэмшил газар гэх ямар нэгэн шаардлага ирж байгаагүй. Т.Сгийн амьдарч байсан хаягийн хувьд Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шар булгийн задгай, 11 тоот гэх хаягт байдаг...” гэх тайлбар, кадастрын зургаар тогтоогджээ. /хх-181/

Түүнчлэн нэхэмжлэгч О.Уд 3 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Төв аймгийн Эрдэнэ сумыг Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаар захирамж хуульд нийцсэн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар харьяалан шийдвэрлэх маргааны төрөл биш тул хариуцагч талаас гаргаж өгсөн "Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 409 дугаар албан бичиг/хх-126/, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/5084 дугаар албан бичиг, Төв аймаг газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07/07 дугаар албан бичиг/хх-130/, Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 123/ШЗ2024/0560 дугаартай "Нэхэмжлэлийг буцаах тухай" захирамж/хх-102-104/ зэрэг баримтыг хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой баримт гэж үзэх боломжгүй болно.

Мөн хариуцагч талын шүүхийн журмаар бүрдүүлүүлэхийг хүссэн нотлох баримт нь дээр дурдсан үйл баримттай холбоотой байгаа тул анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 317/ШЗ2025/01111 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч талын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ “...хариуцагчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25/17 дугаар албан бичгээр Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад хандсан байх бөгөөд уг албан бичгийн хариуг хэргийн зохигч өөрөө олж авах бүрэн боломжтой байх тул Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь иргэн О.У газар эзэмших эрхтэй холбоотойгоор захиргааны акт гаргасан эсэх талаарх лавлагаа гаргуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хөндөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтын талаар хийсэн үнэлэлт, дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан заалтад нийцсэн гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч О.У газрын хууль ёсны эзэмшигч болох нь дээрх үйл баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Сгийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч О.У эзэмшил газрыг чөлөөлсөн нь хууль хэрэглээний хувьд зөв болжээ.

Харин хариуцагч Т.С нь нэхэмжлэгч О.У газартай хөрш залгаа оршин суудаг гэх үйл баримт хэрэгт авагдаагүй, зохигчид энэ талаар маргаагүй, нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлага гаргаагүй байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд эрхээ хэрэгжүүлэхийн тулд тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, шударга эзэмшигч байхыг ойлгоно", ...“Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 135.4-т “Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй” гэж заасан зохицуулалт нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасантай холбоотой бөгөөд ямар нөхцөл бүрдсэн үед газрын ашиглалтад нөлөөлөхийг хориглож болохгүйг зохицуулсан байна..." гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болсон тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар дээрх хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрийн үндэслэх хэсгийг зөвтгөв.

Мөн нэхэмжлэгч О.У эзэмшил Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг Зөгийн аж ахуйн урд, Шар булгийн задгай гэх газарт, нэгж талбарын 4104061501 дугаар бүхий, Газар эзэмших эрхийн 0000081978 дугаар гэрчилгээтэй, 3 га газрын 1,5 га газарт хариуцагч Т.Сгийн барьсан байшин, отог /4 модон байшин/ зэргийг буулгаж хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэхээр байхад бүхэлд нь чөлөөлсөн байгаа тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

8.Хариуцагч Т.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул “...анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 317/ШШ2025/00280 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан. 

8.1. Хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээн дээрх бар код бүхий буюу цахим баримтад “О.Уд олгосон Төв аймгийн Эрдэнэ сум, 3 дугаар баг, Зөгийн аж ахуйн урд, Шар булгийн задгай, нэгж талбарын 4104061501 дугаартай, Газар эзэмших эрхийн 0000081978 дугаар гэрчилгээ хүчинтэй” гэсэн байгаа тул хэргийн үйл баримтыг буруу тогтоосон, нотлох баримтын бүрдэл дутуу байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

 

Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/255 дугаар захирамж хуульд нийцсэн эсэхтэй холбоотой маргааныг дээд шатны байгууллага болон Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх тул анхан шатны шүүх энэ үйл баримтын талаар “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно”, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж зааснаар тусдаа хуулиар зохицуулсан, уг Засаг даргын захирамжтай холбоотой гомдол гаргах эрх нь нээлттэй бөгөөд харин маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй...” гэх үнэлэлт дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй юм.  

8.2. Хариуцагч Т.С нь өөрийгөө хариуцагч биш гэж байгаа ч түүний нөхөр Д.Энхбаатар найз нартайгаа нийлж нэхэмжлэгч О.У эзэмшил газар дээр байшин, отог /4 ширхэг модон байшин/ барьсан, хувийн сууцны зориулалттай барьсан байшинд амьдарч байх ба уг байшин баригдсан газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа болохоо баримтаар нотлоогүй.

8.3.Анхан шатны шүүх хавтаст хэргийн 51-61 хуудсанд авагдсан баримтын талаар “...хариуцагч талаас Налайх дүүргийн “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 168 дугаар албан бичгийн дагуу Т.С нь нэхэмжлэгч О.Уянгыг тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаас өмнө амьдарч байсан хог хаягдлын хураамжийг 2014 оны 9 дүгээр сараас төлж байгаа гэх ч уг баримт бүхий газрын байршил нь Налайх дүүрэг, 6 дугаар хороо, Г-Ш 0 Т-11 тоот Д.Энхбаатарын газар болох нь тогтоогдож байна. Гэвч маргаан бүхий газар нь Төв аймаг, Эрдэнэ сум, 3 дугаар баг, Шар булгийн задгай гэх газар бөгөөд энэхүү газартай холбоогүй өөр газрын хог, хаягдлын хураамжийг нотлох баримтаар өгснийг үнэлэх боломжгүй байна...” гэж үнэлэлт дүгнэлт хийсэн байгаа тул “...үнэлэх боломжгүй байна...” гэж агуулгын алдаатай бичсэнийг нотлох баримт үнэлэх журам зөрчсөн гэж үзэхгүй.

9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 317/ШШ2025/00280 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Төв аймаг, Эрдэнэ сум, 3 дугаар баг, Шар булгийн задгай гэх газарт байрлах, 4104061501 нэгж талбарын дугаартай, 3,000 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Э-1423001278 дугаар бүхий газрыг Т.Сгийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.” гэснийг

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.У эзэмшлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 3 дугаар баг, Шар булгийн задгайд байрлах, нэгж талбарын 4104061501 дугаар бүхий 3 га талбайтай, улсын бүртгэлийн Э-1423001278 дугаар гэрчилгээтэй газраас 1.5 га газрыг хариуцагч Т.Сгийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Т.Сгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                              ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          М.МӨНХДАВАА

 

 

                                 ШҮҮГЧИД                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                                            З.ТҮВШИНТӨГС