Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2025/00014

 

 

 

 

 2025           5               08                                              223/МА2025/00014

 

 

 

 

Д.Б-ийнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 317/ШШ2025/00146 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У............ хот, Х ............ дүүрэг, ............дугаар хороо, .............. тоотод оршин суух, Б...........овогт Да...................... Д.Б,  

Хариуцагч: Т............. аймаг У.............. сум ..........дугаар баг, .......................... тоотод оршин суух, Х............ овогт Ш................ Р.....................д холбогдох,

680,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 1,943,56,943 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ш.Рийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О...............,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.................,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч Д.Д.Б, өмгөөлөгч Ч.О нарын гаргасан тайлбарын агуулга: “...Ш.Ртой 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хэлцэл байгуулсан. Хэлцлээр 2004 га тариалангийн талбай, өөрийн хөрөнгөтэй "Сантын тариа" ХХК-ийн 100 хувийн хувьцааг 1,140,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд жил бүр намрын ургацаас 380,000,000 төгрөгөөр өгч, "Сантын тариа" ХХК-ийн хувьцааг төлбөр төлсөн хэмжээгээр эзэмшихээр тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2019 онд 300,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 380,000,000 төгрөг, нийт 680,000,000 төгрөг төлсөн.

2020 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд ган тохиосон учир хангалттай ургац аваагүй учир 2020 оны намрын ургацаас төлбөр төлөх боломжгүй байсныг хариуцагч Ш.Р мэдэж байсан. Иймд төлбөр төлөх хугацааг амаар харилцан тохиролцож хойшлуулсан. Зохигчдын хэн аль нь хэлцлийг хэрэгжүүлэх хүсэл зоригтой байсан учраас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ", "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г тус тус бичгээр байгуулсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т "Гэрээг байгуулж төлбөрийг төлж дууссанаас хойш ажлын 10 /арав/ хоногийн дотор худалдагч тал өөрийн өмчлөлд байх "Сантын тариа” ХХК-ийн 100 хувийн хөрөнгийг иргэн Дамдинсүрэн овогтой Д.Б нэр дээр шилжүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ" заасан тул "Сантын тариа" ХХК-ийн хувьцаа хариуцагч Ш.Рийн 100 хувийн эзэмшилд хэвээр байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ хэрэгжинэ, "Сантын тариа" ХХК-ийн хувьцааг 100 хувь худалдан авна гэсэн итгэлтэй байсан тул "Сантын тариа" ХХК-ийн тариан талбайд үйл ажиллагаа явуулж, сууц барих, нэмэлт тоног төхөөрөмж суурилуулах зэргээр хөрөнгө оруулсан. Мөн 2024 онд тариа тарихаар 376 га талбайд 2023 оны намар ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж уринш хийсэн. Нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл 460,000,000 төгрөгийн төлбөрийг төлөхөө илэрхийлсээр ирсэн. Гэтэл хариуцагч Ш.Р нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн "Хэлцэл", 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ", "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г цуцалж, "Сантын тариа" ХХК-ийн хувьцааг шилжүүлэхгүй гэж мэдэгдэж, улмаар нэхэмжлэгчийн уринш хийсэн талбайд хариуцагч тариа тарьсан.

Нэхэмжлэгч дээр дурдсан гэрээнд заасан хувьцаа шилжүүлэх үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхийг шаардсан боловч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээж аваагүй. Нэхэмжлэгч гэрээний төлбөрийг нэмж төлөх боломжтой талаар хүртэл санал гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн гаргасан ямар ч саналыг хүлээж аваагүй бөгөөд гэрээний дагуу төлсөн 680,000,000 төгрөгийг газар ашигласан төлбөрт суутган тооцож буцаан төлөхгүй гэж мэдэгдсэн. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнүүдэд гэрээний төлбөрийг газар ашигласны төлбөрт тооцох зохицуулалт байхгүй. Иймд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан “Хэлцэл”, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрт шилжүүлсэн 680,000,000 төгрөгийг хариуцагч Ш.Роос буцаан гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Соёлмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд оролцсон Б.Энхбаярын тайлбарын агуулга: “...2019 онд байгуулсан гэрээний төлбөр төлөгдөөд 2021 онд дууссан байх ёстой. Энэ нь өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй явсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. 2019-2024 оны хугацаанд тариалалт хийсэн. Хүний хөрөнгийг аваад 5 жил ашиглаад би өгсөн мөнгөө буцааж авъя гэхээр зүй ёсны зарчимд нийцэхгүй. Иргэний хуульд харилцан буцаахдаа тухайн хөрөнгөөс олсон үр шим, ашиг хохирлыг барагдуулахаар хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

3.Хариуцагч Ш.Рийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Д.Д.Б нь анх 2019 оны хавар Ш.Рийн охин Р.Соёлмаатай уулзаж танай "Сантын тариа" ХХК-ийг худалдаж авмаар байна. Аавтайгаа уулзуулаач гэснээр 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр манай газар тариалангийн үйл ажиллагаа тасралтгүй эрхэлж байгаа цаашид үргэлжлүүлээд явуулахад ямар ч саадгүй бүх техник тоног төхөөрөмж, граж, худаг, газар эдэлбэрт элдэншсэн байдал, түүх зургийг харилцан ярилцаад хэлцэл хийж 2004 га тариалангийн талбайтай, 337,850,000 төгрөгийн ажилчдын байр, склад, агуулах, будаа ачигч, цэвэрлэгч, дизель станц бас бусад эд хогшил зэрэг нийт 1,140,000,000 төгрөгөөр худалдахаар тэр үедээ тохиролцсон. Д.Д.Б нь хэлцэлд заасан төлбөрөө бүрэн төлөөгүй байсан тул дахин уулзалдаж 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр "Сантын тариа” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, барьцааны эрх шилжүүлэх гэрээг байгуулж, төлбөрийг 2021 онд багтааж бүгд гурван компанийн орлогоос жил бүр 380,000,000 төгрөгийг Ш.Рид төлөхөөр гэрээ байгуулсан.

Гэрээнд төлбөр төлж дуусан хугацааг тодорхой заасан хэдий ч 2019 оноос хойш ургац авсан боловч төлбөр төлөх хугацааг алдагдуулж мөнгөний үнэ цэнийг унаган цаг хожиж 2022 он гэхэд 680,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байсан тул 2024 онд өөрсдөө тариалалтаа явуулна гэж биечлэн хэлж мөн дахин утсаар мессеж явуулсан. 2024 оны 5 дугаар сард тариалалт хийж эхлэхэд би таны компанийг зарчихсан гээд үлдэгдэл дээрээ нэмж мөнгө өгье гэсэн юм. Д.Д.Б нь 2019 оноос хойш "Сантын тариа" компанийн эзэмшлийн тариалангийн 2004 га талбайд жил бүр тариалалт хийсээр байсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан хэлцлийн үүргээ биелүүлээгүй байсан тул компанийн эрх шилжүүлээгүй.

"Сантын тариа" ХХК талбайд тарьж, хураан авсан ургацыг өөрийн эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэсант суманд бүртгэлтэй "Соёмбо түрүү" ХХК, Булган аймгийн Сайхан суманд бүртгэлтэй "Хангайн буудай агро" ХХК, Булган аймаг Хишиг-Өндөр суманд бүртгэлтэй "Баярттал агро" ХХК-ийн нэр дээр борлуулалтаа хийж байсан болно. 2019 онд улаан буудай 1 тн дунджаар 600,000 төгрөг, 2024 онд 1 тн улаан буудай 1,100,000 төгрөг болж өссөн. Д.Д.Б нь "Соёмбо түрүү" ХХК 2020-2021 онд 154,617,347 төгрөг, "Баярттал агро" ХХК нь 2019-2024 онд нийт 339,299,596 төгрөг. Хоёр компанийн нийлбэрээр 553,916,943 төгрөгийг зөвхөн МУЗГ тогтоолоор олгодог мөнгөн урамшууллаар авсан байна. Түүнчлэн тухайн жилүүдэд үрийн буудай, рабс, тэжээлийн улаан буудай, ногоон тэжээл борлуулсны үндсэн төлбөрөөс их хэмжээний орлого олсон байсан. Үүнээс харахад Д.Д.Б нь 2019 оноос хойш их хэмжээний орлого олж байсан мөртлөө Ш.Ртой байгуулсан хэлцлийг санаатайгаар биелүүлээгүйн тодорхой байна. Д.Д.Бээс олох ёстой байсан орлого, газрын түрээсийн төлбөр, тоног төхөөрөмжийн үнэ нэмээд нийт 1,389,590,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Сөрөг  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд Д.Д.Б нь “Сантын тариа” ХХК-ийн тариалангийн талбайд 5 жил дараалан ашигласны үр шим 553,916,943 төгрөг буюу нийт 1,943,506,943 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

4.Нэхэмжлэгч Д.Б-ийсөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Д.Д.Б гэм буруутайгаар төлбөр төлөх үүргээ зөрсөн удаагүй.. Хариуцагч Ш.Р гэрээнээс өөрөө татгалзаж, гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, "Сантын тариа" ХХК-ийн эзэмшлийн тариалангийн талбайд хариуцагч Ш.Р өөрөө тариа тарьсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Л.Д.Бий буруутай үйлдлээс болж цуцлагдаагүй харин гэрээ цуцлах шаардлагыг Ш.Р гаргасан бөгөөд төлөгдсөн гэрээний төлбөрийг буцаан өгөхөөс татгалзсан. Зохигчдын хооронд байгуулсан 2019 болон 2021 оны гэрээгээр гэрээний төлбөрт шилжүүлсэн аливаа төлбөрийг газар ашигласан түрээсийн төлбөрт тооцох тухай ямар ч зохицуулалт байхгүй. Гэтэл хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд жил тутамд 200,400,000 төгрөгийг түрээсийн төлбөр тооцож нийт 1,051,740,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь талуудын гэрээ байгуулах болсон хүсэл зориг, гэрээний нөхцөлд үл нийцэхийн зэрэгцээ үндсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй хамааралгүй байна. Тоног төхөөрөмжийн үнэ 337,850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

2019 оны Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.1.5-т "Сантын тариа" ХХК-ийн өмчлөл, эзэмшилд байгаа 17 хоногийг нэрлэн зааж нийт үнийг 337,850,000 төгрөгөөр тооцон шилжүүлэхээр тохиролцсон. Эдгээр хөрөнгүүдийг дурдвал ажилчдын байр, склад, агуулах, будаа ачигч, цэвэрлэгч, гүний худаг, үтрэмийн талбай зэрэг болно. Эдгээр хөрөнгийг 2024 оны хавар "Сантын тариа" ХХК нь эзэмшлийн талбайд тариалалт хийхдээ хариуцагч Ш.Р буцаан авсан бөгөөд ингэхдээ ямар нэгэн акт үйлдээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжээгүй, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа, хөрөнгүүдийн үнийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэхгүй ямар ч үндэслэлгүй, хөрөнгүүдийн үнийг тооцож гэрээнд тусгасан нь компанийн нэр дээр бүртгэлтэй, эзэмшилд байгаа хөрөнгүүдийг үнэлж гэрээний нийт үнэд оруулан тооцсон. Харин ямар нэгэн байдлаар маргаан бүхий гэрээнээс тусдаа хөрөнгө худалдаж аваагүй. "Сантын тариа" ХХК-ийн хөрөнгийг хууль бусаар эзэмшсэн удаагүй, эдгээр хөрөнгө нь одоо тухайн талбайд Ш.Рийн өөрийн эзэмшилд байгаа тул олох ёстой байсан орлого 1,389,590,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайн тайлбар хэлэхэд гэрээний зүйлийг ашигласны үр шим 553,916,943 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь “Сантын тариа” ХХК-ийн 100 хувийн “хувьцаа” байсан. Нэхэмжлэгч Д.Д.Б нь “Сантын тариа” ХХК-ийн нэг ч хувьцааг шилжүүлэн аваагүй учраас тухайн компанийн нэрээр ашиг орлого олж, хувьцааны эрх шилжүүлсэн удаагүй. Д.Б-ийэзэмшдэг газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг “Соёмбо түрүү” ХХК, “Баярттал агро” ХХК-аар төрөөс урамшуулал авч байсан гэх 553,916,943 төгрөг нь гэрээний зүйл болох “Сантын тариа” ХХК-ийн хувьцааны эрхтэй огт хамааралгүй. Тус хуулийн этгээдүүд нь маргаан бүхий тариалангийн талбайгаас өөр талбай, нутаг дэвсгэр, бие даасан тариалангийн үйл ажиллагаа явуулж ашиг олдог хуулийн этгээдүүд бөгөөд гэрээний зүйлтэй огт хамааралгүй эрх зүйн үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, түүний нэмэгдүүлсэн шаардлагууд нь тодорхойгүй, гэрээний зүйл, гэрээ цуцлагдсан нөхцөл байдалтай огт харилцан хамааралгүй, үндэслэлгүй тул нийт 1,943,506,943 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 88 дугаар зүйлийн 88.1, 88.2-т зааснаар хариуцагч Ш.Роос 680,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д.Бд олгож, хариуцагч Ш.Рийн 1.943.506.943 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,557,950 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 10,033,434 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Роос 3,557,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д.Бд олгож шийдвэрлэжээ.

6.Хариуцагч Ш.Рийн давж заалдах гомдолд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбаярын гаргасан тайлбарын агуулга: “...Д.Б-ийнэхэмжлэлтэй Ш.Рийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай Д.Д.Бд холбогдох иргэний хэргийг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцэж Ш.Роос 680,000,000 төгрөгийг гаргуулж Д.Д.Бд олгож Ш.Рийн 1,943,506,943 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож 317/ШШ2025/00146 шийдвэр гарсан. Тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасан үндэслэлээр удаа дараа хүсэлт гаргасан ба иргэн Р.Соёлмааг гэрчээр асуулгахаас бусад бүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан нөхцөлийг бүрдүүлсэн буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоход ач холбогдолтой нотлох баримт хэрэгт авагдаагүй.

2. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байхаар хуульчлагдсан. Тус зохицуулалтад үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад байгаа гэрээ биелснээс олсон ашиг буюу Монгол Улсын Засгийн газраас олгосон улаан Буудайн урамшуулал болох 553,916,943 төгрөгийг Д.Д.Бээс нэхэмжилснийг гэрээгээр тохиролцоогүй хуульд үндэслээгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Түүнчлэн хэрэгт гэрээнээс татгалзах үндэслэл нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл буюу гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөнөөс шалтгаалсан нь нотлогдож нэхэмжлэгч үүнтэй маргаагүй байхад харилцан тохироогүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагад байгаа хохирол болох 1,051,740.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй байна.

Шүүх хэтэрхий нэг талыг барьж хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэхгүй зөвхөн талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон нэхэмжлэгчийн тайлбар шаардлагыг нотлох баримтын хэмжээнд үнэлж хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үнэлээгүй нь хуульд үл нийцэж байна. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх ёстой. Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 317/ШШ2025/00146 шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

7.Нэхэмжлэгч Д.Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хариуцагч давж заалдах гомдолд дурдсан үндэслэлтэй холбоотой тайлбар хийе.

Нэгдүгээрт, Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтүүдийг хүлээж аваагүй нь буруу гэж ярьж байна. ...Талууд өөрийн гаргасан нэхэмжлэл, шаардлагынхаа үндэслэлийг батлах, нотлох баримтаа цуглуулах үүрэгтэй. Үүний дагуу нэхэмжлэгч тал нотлох баримт гаргасан, хариуцагч тал ч нотлох баримт гаргасан. Сая дурдаад байгаа хүсэлтүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан буюу бусдын болон төр, байгууллага, хувь хүний нууцлалтай холбоотой хүсэлтүүд биш, тийм үндэслэл байдаггүй. Өөрөө бүрдүүлээд өгөх бүрэн боломжтой. Анхан шатны шүүх дээрх талуудын нотлох баримт гаргаж өгөх, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, татгалзлаа нотлох хангалттай боломжийг удаа дараа олгож, шүүх хуралдаан хойшилж байсан. Энэ хугацаанд өөр бусад хэлбэрээр энэ дурдаад байгаа асуудлуудаа нотлох, түүнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөх боломжтой байсан.

Хоёрдугаарт, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг буруу хэрэглэсэн гэж байна. Б.Энхбаяр төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбарууд нь нотлох баримтад үндэслээгүй, бодит байдалд нийцээгүй тайлбарууд байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээрээ өөрөө “би 2024 онд тариалалт хийх гээд талбайгаа нэхэмжлэгчээс авчихсан” гэж 2024 онд өөрөө тариалалт хийсэн гэдгээ дурдсан. Энэ хүмүүс тарьсан, тариагүй гэдэг зүйл яриад байдаг. Бидний 2024 онд тэр талбай дээр тариа тарих боломжийг хариуцагч хаачихсан. Ийм учраас бид нар мөнгөө буцаагаад авъя, нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүй учир хүү төлье, алданги төлье, үнийн дүнгээ нэмэгдүүлээд төлье гэдэг саналуудыг удаа дараа гаргаж байсан. Энэ тухай гэрч н.Соёлмаа мэдүүлсэн байдаг. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээрээ дурдчихсан байдаг. Үгүй, би нэмэгдүүлсэн үнийн дүнгээр авахгүй, би өөрөө талбайгаа авлаа, хувьцаагаа чамд өгөхгүй, би өөр хүнд зарна гэсэн ийм л нөхцөл байдал болсон. Энэ тухай анхан шатны шүүх дүгнэсэн бөгөөд нотлох баримтад үндэслэсэн, бодит байдалд нийцсэн дүгнэлт болсон.

Гуравдугаарт, Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж яриад байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нотлох баримтыг хэрхэн, яаж үнэлэх вэ гэдгийг журамлаад өгчихсөн. Хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн, зөв талаас нь дүгнэнэ. Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарласан, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гээд байгаа нь хуул зүйн үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч Ш.Рийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, зохигчийн эрхийг хязгаарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа “...хариуцагч Ш.Р нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн "Хэлцэл", 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ", "Компанийн эрх шилжүүлэх гэрээ"-г цуцалж, "Сантын тариа" ХХК-ийн хувьцааг шилжүүлэхгүй гэж мэдэгдэж, улмаар нэхэмжлэгчийн уринш хийсэн талбайд хариуцагч тариа тарьсан. ...Зохигчдын хооронд байгуулсан гэрээнүүдэд гэрээний төлбөрийг газар ашигласны төлбөрт тооцох зохицуулалт байхгүй. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан “Хэлцэл”, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрт шилжүүлсэн 680,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргаж маргахдаа "...2019 онд байгуулсан гэрээний төлбөр төлөгдөөд 2021 онд дууссан байх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2019-2024 оны хугацаанд тариалалт хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.  Харин сөрөг нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагын хувьд олон ёстой байсан орлого, газрын түрээсийн төлбөр, тоног төхөөрөмжийн үнэ болох 1,389,590,000 төгрөг, “Сантын тариа” ХХК-ийн тариалангийн талбайд 5 жил дараалан ашигласны үр шим 553,916,943 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн үндэслэлээр мэтгэлцсэн. 

Харин зохигчид 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2004 га тариалангийн талбай, өөрийн хөрөнгөтэй "Сантын тариа" ХХК-ийн 100 хувийн хувьцааг 1,140,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Тус гэрээний төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд жил бүр намрын ургацаас 380,000,000 төгрөг өгч, "Сантын тариа" ХХК-ийн хувьцааг төлбөр төлсөн хэмжээгээр эзэмшихээр тохиролцсон талаар маргаагүй байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулгын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дах хэсэгт "Удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчийг нэрлэн заана" гэж тодорхой хуульчилсан ба Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн "Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай" тогтоолын 5 дугаар хавсралтаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалын загварыг тодорхойлсон.

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 317/ЕШ2025/00238 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Алтантуулыг томилжээ.

Гэтэл Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 146 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаан даргалж буй шүүгчийн нэр бичигдээгүй, өөрөөр хэлбэл уг хэргийг ямар шүүгч хянан шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй буюу шүүхийн шийдвэрт тавигдах хууль ёсны шаардлагад нийцээгүй шийдвэр гарсан байна. /2хх-н 99/

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяраас 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр "..."Сантын тариа" ХХК-ийн нэгж талбарын 4129051029 дугаартай 147,8 га, нэгж талбарын 4129051031 дугаартай 94,9 га, нэгж талбарын 4129051030 дугаартай 421,7 га талбайд Д.Д.Б нь 2024 онд "TNCNT” ХХК-аар тариалалт хийлгэсэн бөгөөд тухайн тариалалтын мэдээг суманд өгөөгүй. Иймд газар тариалангийн ажил нь цаг нартай уралдаж хийгддэг богино хугацаат ажил тул ургац хураалтын ажилд яаралтай үзлэг хийлгэх хүсэлтэй байна. Учир нь энэ үйл явцыг баталгаажуулах орлогын хэмжээг тогтооход ач холбогдолтой тул тухайн компанийн хэдэн га газар, ямар таримал тарьсан болох, ургацын хэмжээг яаралтай тогтоож өгнө үү” /1хх-н 209/,

 

2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “...Хариуцагч Ш.Рийн охин Р.Соёлмааг гэрчээр асуулгах,

...Хариуцагч Ш.Рийн ашиглаж байгаа 99117876, 96007876 дугаартай утас болон охин Р.Соёлмаагийн ашиглаж байгаа 96967876 дугаартай утаснаас нэхэмжлэгч Х.Д.Б 91111886, 88885089 дугаартай утасны хооронд харилцсан мессеж хэрэгт ач холбогдолтой тул үзлэг хийж өгнө үү...,

...Эрдэнэсант сумын ХАА-н мэргэжилтэн Н.Уугантуяаг гэрчээр асуулгах,

...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан ХХААХҮ-ийн сайдын 2019-2024 оны урамшуулал олгосон тушаал, холбогдох хавсралтууд, “Баярттал агро” ХХК болон Д.Д.Бд 2019-2024 онуудад урамшуулал олгосон материалуудыг ХХААХҮЯ-аас гаргуулах” /1хх-н 219/,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “...“Сантын тариа” ХХК-ийн эзэмшлийн тариалангийн талбайд зохигчдын хооронд байгуулсан 2019 оны Хэлцлийн хавсралтад заасан тоног төхөөрөмж хөрөнгүүд байгаа эсэх,

...“Сантын тариа” ХХК-ийн эзэмшлийн тариалангийн талбайд нэхэмжлэгч Д.Б-ийбарьсан барилга байгаа эсэх,

Иймд хүсэлтийг хүлээн авч “Сантын тариа” ХХК-ийн талбайд үзлэг хийж, хүсэлтэд дурдсан асуудлыг тодруулж хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулж өгнө үү” /1хх-н 224/ гэх нотлох баримт бүрдүүлэх хүсэлтүүдийг анхан шатны шүүхэд гаргасан байна.

Анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШЗ2024/03109 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Б-ийнэхэмжлэлтэй Ш.Рид холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, гэрч Р.Соёлмаагаас мэдүүлэг авах хүсэлтийг хангаж, талуудаас гаргасан үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах, гэрч Н.Уугантуяагаас мэдүүлэг авхуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч, гардуулах ажиллагаа хийхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ. /1хх 230-231/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөөр олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх юм.

Гэтэл дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжид зохигчид хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтаа өөрсдөө гаргах, гаргаж өгөх боломжгүй бол хүсэлт гаргах, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримтаа хавсаргахыг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэсэн боловч зохигч нараас гаргасан шүүхээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхаас гадна шүүгчийн захирамж нь шүүхээс гарах шийдвэрийн бүтцийг хангаагүй байна.

6. Мөн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 2004 га газрыг 2019-2024 оны хооронд нийт 5 жилийн хугацаанд бусдад түрээслүүлсэн бол олох байсан орлогын хэмжээг тодорхойлуулах, тухайн газрыг 5 жилийн хугацаанд эзэмшиж, ашигласны улмаас олсон үр шим, ашгийн тооцооллыг гаргуулах зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг шүүхээр гүйцэтгүүлэх зэрэг эрх эдэлдэг.

Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хянан хэлэлцээд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШЗ2025/00798 дугаар шүүгчийн захирамж гарган хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлж, уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.  

Хэргийн оролцогчоос “шинжээч томилуулах” талаар гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан тохиолдолд уг шүүхийн шийдвэрт зохигч гомдол гаргах эрхтэй байхад анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШЗ2025/00798 дугаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж зохигчдын гомдол гаргах эрхийг хязгаарласан байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

7.Энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

8. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,875,484.71 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025  оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 317/ШШ2025/00146 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч Ш.Рийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,875,484.71 /есөн сая найман зуун далан таван мянга дөрвөн зуун наян дөрвөн төгрөг далан нэг мөнгө/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          А.ЦЭРЭНХАНД

 

                  ШҮҮГЧИД                                          З.ТҮВШИНТӨГС

 

                                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ