| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0225/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/248 |
| Огноо | 2019-08-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч П.О-, түүний өмгөөлөгч Д.Доржханд,
Шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.О- нарт холбогдох эрүүгийн 1838006120178 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, П.О.
Монгол Улсын иргэн, Т.М.
Шүүгдэгч Т.М-, П.О- Б.Б- нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 22-ноос 2018 оны 03 дугаар сарын 23-нд шилжих Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Б.Н-ийн байшингийн цонхны төмрийг эвдэн орж эд зүйл хулгайлж 5.715.000 /таван сая долоон зуун арван таван мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Т.М-, П.О- нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 20-ны шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт байрлах иргэн М.Б-ын эзэмшлийн “Дэлгэрхаан” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 80.000 төгрөг, эд зүйл хулгайлж 506.800 /таван зуун зургаан мянга найман зуу/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт байрлах иргэн Л.П-гийн эзэмшлийн “Хас” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.065.000 /нэг сая жаран таван мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Т.М-, Б.Д- нар бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнө Мөрөн сумын 09 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Н-ийн I РЬопе маркийн гар утас, утас цэнэглэгч, 2.500 /хоёр мянга таван зуун/ төгрөг зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэн, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Т.М-, Б.Д- нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, авахаар довтлох үедээ хохирогч Ж.Н-ийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” үндсэн ялтай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйл. “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа” 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
1.3. Шүүгдэгч Т.М-, П.О- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2018 оны 07 дугаар сарын 20-ны шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт байрлах иргэн М.Б-ын эзэмшлийн “Дэлгэрхаан” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 80.000 төгрөг, эд зүйл хулгайлж 506.800 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг “хүн ...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 22 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 26-28 дугаар хуудас/,
- Хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө манай дэлгүүрт хулгай орсон байсан. Тэгээд дэлгүүрийнхээ хаалгыг онгойлгоод ороход цонх хага цохисон ерөнхийдөө лангуун дээр байсан бараа эмх цэгцтэй байсан дэлгүүрийн камернуудын утсыг салгаж хаясан байсан. Тэгээд лангууны ард байсан хайрцагтай чихрүүдийг асгаж хайрцагт юм хийсэн бололтой хайрцаг нь байхгүй байсан. ...тэгээд би эд зүйлээ бүртгэсэн. Урьд орой нь авчирсан хайрцагтай тамхи тэр чигээрээ байхгүй байсан. Тэгээд дэлгүүрээ хаагаад П- ахын дэлгүүрт хулгай орсон байна гэхээр нь тэднийд очиж камерыг нь хамт шүүж үзэхэд манай нутгийн П.О- гээд залуу бололтой цонхоор нь орсон бичлэг байсан. ...би дэлгүүр дээрээ очиж хотоос камер тавиулсан хүн рүү утсаар залгаж камерныхаа нууц үгийг олж аваад камераа шүүж үзэхэд шөнийн 01 цаг өнгөрч байхад гаднаас дэлгүүрийн цонхыг хага цохиж гэрэл тусгаж орж ирээд камерын залгуурууд салгаж байгаа бүдэг бичлэг байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
- Хохирогч М.Б-ын эзэмшлийн “Дэлгэрхаан” хүнсний дэлгүүрээс хулгайд алдагдсан эд барааны нийт үнийг 506.800 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /3-р хх-ийн 82 дугаар хуудас/,
- Шүүгдэгч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хулгайн хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байгаа. ...Баянзүрх сум руу би Т.М-тэй хамт явж 2 дэлгүүр ухсан юм” гэх мэдүүлэг 3-р хх-ийн 113-114. 116-117 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би П.О-тай хамт Баянзүрх сум руу явж буцаад Мөрөн сум руу орохдоо Баянзүрх сумын төвд байрлах 2 дэлгүүрт орж хулгай хийсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113 дугаар хуудас/ зэргээр,
1.4. Шүүгдэгч П.О-, Т.М- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2018 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт байрлах иргэн Л.П-н эзэмшлийн “Хас” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.065.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг “хүн ...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 21 дүгээр хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 23-25 дугаар хуудас/,
- Хохирогч Л.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад манай нөхөр болох П- над руу залгаад манай дэлгүүрийн цонхоор хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очтол манай дэлгүүрийн цонхны хаалтыг ханзлаад цонх онгойлгож орсон байсан. Дэлгүүр дотор ороод үзэхэд бараанууд газраар хөглөрүүлээд хаясан байсан. Тэгээд дэлгүүрийнхээ камерыг шүүж үзэхэд шөнө 00 цаг өнгөрч байхад дэлгүүрийн цонхоор нэг хүн орж ирээд үүдний камерыг салгасан бичлэг байсан. ...дэлгүүрээс соронзон Жи мобелын гар утас 1 ширхэг, Нокиа гар утас 1 ширхэг, өмдний тэлээ 2 ширхэг, хромон гутал 1 ширхэг, усны гутал 1 ширхэг, жинсэн өмд 3 ширхэг, саравчтай малгай 3 ширхэг, эрэгтэй куртик 1 ширхэг, оймс 20 ширхэг тус тус хулгайд алдагдсан. камерын бичлэгт ...өдөр нь манай дэлгүүрт орж ирж гутал өмсөж үзсэн П.О- болон нөгөө цуг явсан хүнийх нь зураг мөн байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 32-33 дугаар хуудас/,
- Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 20-ны өглөө дэлгүүр дээрээ 10 цаг болж байхад ирэхэд дэлгүүрийн хаалга чигээрээ гадагшаа болсон байсан. Тэгэхээр нь түлхэж байгаад түлхүүрээрээ онгойлгоод ортол цонх онгорхой, зарагдаж байсан хувцаснууд эмх замбараагүй байдалтай, камерын утас салгасан байсан. Би тэр үед хулгай орсон байна гэж бодоод дэлгүүрийн эзэн П- ах руу залгаж дуудсан. П- ах ирээд камераа асаагаад шалгаад үзтэл баруун талын хойд цонхоор нэг гэрэл орж ирээд хойд талын камерыг унтраасан. ...П- ах тэр хүнийг П- ахын хүү П.О- байх шиг байна гэж хэлж байсан. ...хулгай орсон өдрийн өмнөх өдөр П.О- манай дэлгүүрт 3 удаа орж ирсэн юм. Орж ирэхдээ 2 гутал өмсөж үзсэн. Тэр өмсөж үзсэн гуталнууд байхгүй байсан болохоор мөн П.О- мөн байна гэж бодсон” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 44-45 дугаар хуудас/,
- Хохирогч Л.П-н эзэмшлийн “Хас” барааны дэлгүүрээс хулгайд алдагдсан эд барааны үнийг нийт 1.065.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /3-р хх-ийн 88 дугаар хуудас/,
- Шүүгдэгч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хулгайн хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байгаа. ...Баянзүрх сум руу би Т.М-тэй хамт явж 2 дэлгүүр ухсан юм” гэх мэдүүлэг 3-р хх-ийн 113-114. 116-117 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би П.О-тай хамт Баянзүрх сум руу явж буцаад Мөрөн сум руу орохдоо Баянзүрх сумын төвд байрлах 2 дэлгүүрт орж хулгай хийсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113 дугаар хуудас/,
- “Хас” барааны дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгийн зураг /3-р хх-ийн 168 дугаар хуудас/ зэргээр,
1.5. Шүүгдэгч Т.М-, Б.Д- нар бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнө Мөрөн сумын 09 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Н-ийн эсрэг “гар утсаа өгөхгүй бол алчихна шүү” гэж амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон “хоолойг нь боож, нүүр, цээж, элэг рүү нь гараараа цохиж, хүч хэрэглэн түүний I Рhоnе маркийн гар утас, утас цэнэглэгч, 2.500 төгрөг зэрэг эд зүйлсийг нь “хүч хэрэглэн авахаар довтолж, дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 62 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 64 дүгээр хуудас/,
- Хохирогч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 03-ны ....01 цаг өнгөрч байхад би ганцаараа тэндээс гараад гэр рүүгээ явж байтал Мөрөн сумын 9 дүгээр багийн 23 дугаар гудамжинд гэрийнхээ наад талд явж байтал харанхуйд нэг хүн араас ирээд шууд хөөе гэнгүүтээ бариад авсан. Хүзүү боогоод авсан. Гэтэл бас нэг хүн ирээд нүүр рүү шууд цохиж нүдээд халаас нэгжээд өмдний халаасанд байсан айфоне гар утасны цагаан цэнэглэгч, 1000-н 2 ширхэг дэвсгэрт, гарт байсан гар утсыг маань хүчээр аваад зугтаагаад явсан. Утсаа өгөхгүй гартаа атгаад нилээд удсан. Тэр хооронд нэг нь нэлээд хэд цохисон. Тэгээд нөгөө хоёр харанхуйд цувралдаад баруун зүг рүү зугтаад харанхуйд алга болсон. Харанхуй байсан болохоор нүүр царай хувцас хунарыг нь анзаараагүй. Миний нүүр рүү асаагуурын гэрэл тусгачихаад байсан болохоор юм сайн анзаарагдаагүй. Ямар ч байсан уг 2 хүн эрэгтэй залуувтар миний үеийнхэн бөгөөд надаас биеэр томгүй миний ойролцоо нуруутай байсан. ...тэр хоёрын араас яваад нэлээд эргэлдэж байгаад гэртээ ороход нүүр ам цус болчихсон байсан. ...Араас боосон нь эхлээд юу байна хөгшөөн гэж хэлсэн. Тэгэхэд хоолой нарийн сөөнгө дуутай боловч аялагагүй байсан. Мөн утсаа өгөхгүй байсан чинь хойноос боосон нь утсаа өгөхгүй бол ална шүү гээд байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 67-69, 71 дүгээр хуудас/,
- Гэрч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ... Ж.Н- маань цус нөж болчихсон ороод ирсэн. Хүүе юу болов яав гэхэд 2 танихгүй залуу сая боож зодож нүдэж байгаад утсыг маань аваад явчихлаа харанхуйд ямар хувцас царайтай болох нь харагдсангүй араас нь яваад олдсонгүй гэсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 75-76 дугаар хуудас/,
- Гэрч Р.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 01 цагийн орчимд. Би тэгээд мөн араас нь үдийн унд уухаар урд талын цайны газар ороод ганцаараа сууж байтал нөгөө гар утасны код гаргуулна гээд явж байсан залуу орж ирээд та энэ утсыг худалдаж аваач гэхээр нь би 30.000 төгрөг өгөөд худалдаж авсан. ...Тэр залуу тэгээд яваад өгсөн. 1 цаг гаруйн дараа цагдаагаас М- над руу утсаар залгаж сая өнөөдөр гар утас худалдаж авсан уу гэхээр нь би сая ийм утас авлаа гэж хэлэхэд цагдаа М- нэг хүнтэй удалгүй ирээд нөгөө миний авсан гар утсыг цуг явсан хүндээ үзүүлэхэд миний алдсан утас мөн байна гэсэн ба камер шүүж нөгөө залуугийн зургийг хуулж авч өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 83-85 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 266 дугаартай: “1.2 Ж.Н-ийн биед хамрын таславчийн муруйлт, баруун зүүн зовхинд цус хуралт, дээд уруулд няцралт болон язралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлий үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. 4. Ж.Н-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /2-р хх-ийн 92 дугаар хуудас/,
- Хохирогч Ж.Н-ийн дээрэмдүүлсэн гэх I Phone-5 маркын гар утас, гар утасны цэнэглэгчийг нийт 195.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 94 дүгээр хуудас/,
- Яллагдагч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бүжгийн гадаа Т.М-тэй тааралдсан ...бүжигнээс 23 цаг 30 минут орчим хамт гараад 9 дүгээр хороо руу гэр лүүгээ хамт явцгаасан. Тэгэхэд бид хоёр хоёулхнаа явсан. ...бид хоёрын урдаас нэг залуу гар утасныхаа гэрлийг тусгачихсан явж байгааг харсан. Тэгтэл Т.М- хоёулаа энэ хүнийг даръя чи очоод бариад ав би чамайг барьж байхад чинь юмыг нь аваад зугтаая гэсэн. Би тэгээд тэгье гээд нөгөө залуугийн араас очоод шууд толгойг нь уургалаад хүзүүгээр нь гараараа ороогоод сугандаа хавчуулаад бариад авсан. Гэтэл Т.М- хүрч ирээд халаасыг нь нэгжээд юм аваад байсан. Би тэвэрч байхдаа цээж элэг рүү нь 2-оос 3 удаа цохьсон. Нөгөө залуу гартаа барьсан утсаа тавихгүй болохоор нь Т.М- нүүр ам руу нь цохиж байгаад гар утсыг нь тавиулж аваад бид 2 зугатаасан. Би маргааш өглөө нь босоод Мөрөн сумын төв зам дээр байрлах АНУ дэлгүүрийн 2 давхарт утас засдаг намхан ахад нөгөө дээрэмдсэн гар утсаа 30.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104-105 дугаар хуудас/, шүүгдэгч нарын энэхүү шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Т.М-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.О-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн
судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нар өөрсдийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Дээрх гэмт хэргүүдийг шүүгдэгч нар үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
1. Шүүгдэгч Т.М-, П.О- Б.Б- нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2018 оны 03 дугаар сарын 22-ноос 2018 оны 03 дугаар сарын 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Б.Н-ийн байшингийн цонхны төмрийг автеркаар эвдэн орж хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн эд зүйл хулгайлж, 5.715.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 11 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-15 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 18, 21-25, 28 дугаар хуудас/, хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 44-47 дугаар хуудас/, гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 48-50 дугаар хуудас/, гэрч З.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 55-58 дугаар хуудас/, хохирогч Б.Н-ийн гэрээс хулгайд алдагдсан эд зүйлсийг нийт 5.715.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 86-89 дүгээр хуудас/, шүүгдэгч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 100-103 дугаар хуудас/, шүүгдэгч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 108-109 дүгээр хуудас/ болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Т.М-, П.О- нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2018 оны 07 дугаар сарын 20-ны шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт байрлах иргэн М.Б-ын эзэмшлийн “Дэлгэрхаан” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 80.000 төгрөг, эд зүйл хулгайлж 506.800 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн ...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 22 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 26-28 дугаар хуудас/, хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 37-39 дүгээр хуудас/, хохирогч М.Б-ын эзэмшлийн “Дэлгэрхаан” хүнсний дэлгүүрээс хулгайд алдагдсан эд барааны нийт үнийг 506.800 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /3-р хх-ийн 82 дугаар хуудас/, шүүгдэгч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг 3-р хх-ийн 113-114. 116-117 дугаар хуудас/, шүүгдэгч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 112-113 дугаар хуудас/ болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
3. Шүүгдэгч П.О-, Т.М- нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2018 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт байрлах иргэн Л.П-н эзэмшлийн “Хас” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.065.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн ...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 21 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 23-25 дугаар хуудас/, хохирогч Л.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 44-45 дугаар хуудас/, хохирогч Л.П-н эзэмшлийн “Хас” барааны дэлгүүрээс хулгайд алдагдсан эд барааны үнийг нийт 1.065.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /3-р хх-ийн 88 дугаар хуудас/, шүүгдэгч П.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг 3-р хх-ийн 113-114. 116-117 дугаар хуудас/, шүүгдэгч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 112-113 дугаар хуудас/, “Хас” барааны дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгийн зураг /3-р хх-ийн 168 дугаар хуудас/ болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
4. Шүүгдэгч Т.М-, Б.Д- нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнө Мөрөн сумын 09 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Н-ийн эсрэг “гар утсаа өгөхгүй бол алчихна шүү” гэж амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон “хоолойг нь боож, нүүр, цээж, элэг рүү нь гараараа цохиж, хүч хэрэглэн түүний I Рhоnе маркийн гар утас, утас цэнэглэгч, 2.500 төгрөг зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэн авахаар довтолж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 62 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 64 дүгээр хуудас/, хохирогч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 67-69, 71 дүгээр хуудас/, гэрч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 75-76 дугаар хуудас/, гэрч Р.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 83-85 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 266 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 92 дугаар хуудас/, хохирогч Ж.Н-ийн дээрэмдүүлсэн гэх I Phone-5 маркын гар утас, гар утасны цэнэглэгчийг нийт 195.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 94 дүгээр хуудас/, яллагдагч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 104-105 дугаар хуудас/ болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нараас авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч П.О-, Т.М- нарын үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн байна. Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрсдийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-нд цонхны хаалт төмөр, цонхны шилийг хагалан нэвтэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж” бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Т.М- нь Б.Д-тай бүлэглэн Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч П.О-, Т.М- нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээс дүгнэн тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.М-эс хураан авсан гутал нь хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын улны мөртэй шинжээчийн дүгнэлтээр тохирч байгаа нь шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэдгийг, мөн шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдсэн арга барил нь давтагдаж байгаагаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ үргэлжилсэн арга барилаар согтуугаар үйлдсэн нь энэхүү гэмт хэрэгт мөн адил байшингийн хаалга цонхыг эвдэлж, нэвтэрч үйлдсэнээс харагдана.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, эд зүйлд хийсэн үзлэг болон бусад шинжилгээ, шинжээчийн дүгнэлт нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
- Хохирогч Н.Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...зурагтаас бусад эд зүйлээ тоо ёсоор нь хүлээн авсан. ...эд зүйл хулгайлсан гурван хүний хоёр нь зурагтын төлбөрт тус бүр 830.000 төгрөг өгсөн. П.О- гэх залуу 830.000 төгрөг өгөх дутуу байгаа. ...П.О- гэх залуугаас 830.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36/, Б.Ганзориг, шүүгдэгч Т.М- нарын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Т.М- би Б.Ганзоригийн хохирлын өөрт оногдох хувь болох 830.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэх эвлэрлийн гэрээ /1-р хх-ийн 118/,
- Тус шүүх хуралдаанд шүүгдэгч П.О- нь “хохирогч Н.Б.Н-т 400.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч З.Түмэннастад 100.000 төгрөгийн хохирлыг намайг цагдан хоригдож байх хугацаанд манай ар гэрээс төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.О-, Т.М- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.М-, П.О- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2018 оны 03 дугаар сарын 22-ноос 2018 оны 03 дугаар сарын 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Б.Н-ийн байшингийн цонхны төмрийг автеркаар эвдэн орж эд зүйл хулгайлж, 5.715.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2018 оны 07 дугаар сарын 20-ны шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт байрлах иргэн М.Б-ын эзэмшлийн “Дэлгэрхаан” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 80.000 төгрөг, эд зүйл хулгайлж 506.800 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2018 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт байрлах иргэн Л.П-н эзэмшлийн “Хас” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.065.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдэд нь үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,
Шүүгдэгч Т.М-ийн Б.Д-тай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнө Мөрөн сумын 09 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Н-ийн эсрэг “гар утсаа өгөхгүй бол алчихна шүү” гэж амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон “хоолойг нь боож, нүүр, цээж, элэг рүү нь гараараа цохиж, хүч хэрэглэн түүний I Рhоnе маркийн гар утас, утас цэнэглэгч, 2.500 төгрөг зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэн авахаар довтолсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч П.О-, Т.М- нарын дээрх 3 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”. Иймд шүүгдэгч П.О-, Т.М- нарыг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ, шүүгдэгч Т.М-, Б.Д- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, заналхийлж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэж үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувьд учруулсан хохирлыг төлсөн байдал болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч П.О-, Т.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.
Шүүгдэгч П.О-, Т.М- нарын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нар нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” үйлдэлд нь шүүгдэгч П.О-ад 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.М-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэснийг журамлан шүүгдэгч Т.М-ийн хувьд дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн” үйлдэлд нь шүүгдэгч Т.М-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, заналхийлж авахаар довтолсон” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэг “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч П.О-, Т.М- нарт ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан санал, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч П.О-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 368 хоногийг хорих ялын 368 хоногоор тооцож, шүүгдэгч Т.М-ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 375 хоногийг хорих ялын 375 хоногоор тооцож ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.О-, Т.М- нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-1.2, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч Боржигон овогт Т.М-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.О-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.М-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-, Т.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 368 /гурван зуун жаран найм/ хоногийг хорих ялын 368 /гурван зуун жаран найм/ хоногоор, шүүгдэгч Т.М-ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 375 /гурван зуун далан тав/ хоногийг хорих ялын 375 /гурван зуун далан тав/ хоногоор тооцож, эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М-, П.О- нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-, Т.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ