Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/249

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ц.Мөнхжаргал, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Ч.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн 1938003960266 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч.Б.

Шүүгдэгч Ч.Б- нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн нутаг Нарийний ам гэх газраас 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 05 дугаар сард 2 удаагийн үйлдлээр зөвшөөрөлгүй 5.61 метр.куб мод бэлтгэж тээвэрлэж ойн санд 605.880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б- нь хувьдаа байшин барих зорилгоор 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 05 дугаар сард 2 удаагийн үйлдлээр Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн нутаг Нарийний ам гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5.61 метр.куб мод бэлтгэн тээвэрлэж, ойн санд 1.817.640 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
  • Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
  • Хохирогч Э.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Рашаант сумын Тээл багийн Нарийний ам гэх газарт иргэн Ч.Б- нь 12 ширхэг босоо мод унагаж, хажуугаар нь унасан байсан унаанги моднуудыг зөвшөөрлийн бичиггүй бэлтгэж амбаар барьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 18 дугаар хуудас/,
  • Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Ч.Б-д өөрийн эзэмшлийн Пронтер маркийн машинаар мод тээвэрлэж өгсөн. 2019 оны хавар 05 сарын дунд үеэр байх өдрийг нь сайн санахгүй байна. “Нарийний ам” гэх газраас ойролцоогоор 700 метр орчим газар Ч.Б-ы гэрийн гадаа 40-50 ширхэг, урт нь 4 метртэй модыг 2 удаа тээвэрлэж буулгаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
  • Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 05 сарын 28-ны өдөр Рөшөөнт сумын 1 дүгээр баг Нарийний ам гэх газар хяналт шалгалтаар явж байхад босоо хуурай мод унагаасан байсан. Уг моднуудыг хэн, хэзээ бэлтгэсэн талаар тодруулахад тус багийн иргэн Ч.Б- нь бэлтгэсэн болох нь тогтоогдсон. ...Ч.Б-ы хууль бусаар мод бэлтгэсэн гэх газар нь улсын тусгай хамгаалалтын бүс биш” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженерийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн: “1. Ч.Б-ы бэлтгэсэн модыг хэмжихэд 5.61 м3 хэмжээтэй, 1.6-1.8 метрийн урттай 22 ширхэг мод, 4.3-4.46 метрийн урттай 60 ширхэг, нийт 82 ширхэг хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн хуурай шинэс мод болох нь тогтоогдов. 2. Ч.Б- нь Монгол улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалт “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед ойд аялал зугаалгаар явахыг хориглоно”, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалт “Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 3. Иргэн Ч.Б-ы бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 605.880” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
  • Иргэн Х.Б-н эзэмшлийн /хх-ийн 45/ 2000 онд үйлдвэрлэгдсэн ...улсын дугаартай “Хьюндай Пронтер” маркын ачааны автомашиныг 500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 34 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сард яг хэдний эдөр гэдгийг нь мэдэхгүй байна хуурай унаанги моднууд бэлтгэж Нарийний амнаас ачиж гэрийнхээ гадаа буулгаад дахин 2019 оны 01 дүгээр сард тухайн газраас дахин 12 ширхэг босоо мод унагааж бэлтгээд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны үед гэрийнхээ гадаа цагаалж оруулж ирсэн. Тэгээд тэр өдөр сумын байгаль орчны байцаагч нарт баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Ч.Б-ы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Ч.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Ч.Б- нь хувьдаа байшин барих зорилгоор 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 05 дугаар сард 2 удаагийн үйлдлээр Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн нутаг Нарийний ам гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5.61 метр.куб мод бэлтгэн тээвэрлэж, ойн санд 1.817.640 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Ч.Б-ы үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 1.817.640 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Б- нь ойн санд учруулсан хохирол болох 1.817.640 төгрөгөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрийн сангийн 5890876214 дугаарын данс руу 114.480 төгрөгийг тушаасан мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 40/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ч.Б-аас 1.703.160 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Рашаант сумын төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ч.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас шүүгдэгчид “500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хуульд заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн нутаг “Нарийний ам” гэх газарт битүүмжилсэн 5.61 м3 хэмжээтэй, 1.6-1.8 метрийн урттай 22 ширхэг мод, 4.3-4.46 метрийн урттай 60 ширхэг, нийт 82 ширхэг хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн хуурай шинэс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар даалгах нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Б- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн нутаг “Нарийний ам” гэх газарт битүүмжилсэн 5.61 м3 хэмжээтэй, 1.6-1.8 метрийн урттай 22 ширхэг мод, 4.3-4.46 метрийн урттай 60 ширхэг, нийт 82 ширхэг хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн хуурай шинэс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Ч.Б- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчээс 1.703.160 /нэг сая долоон зуун гурван мянга нэг зуун жар/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Рашаант сумын төрийн сангийн дансанд оруулсугай.      

6. Шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ