Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/01016

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/03048 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******газарт холбогдох,

 

Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******  тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах,

 

2024 оны 02 сарын 27-ны өдрийн 3/20 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 4/7 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн ******* дугаартай ******* тоотод байрлах орон сууцыг барьцаалсан.

1.2. Гэтэл хариуцагч байгууллагаас тухайн үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа талаар ******* ХХК, хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт огт мэдэгдэлгүйгээр 2023 оны 02 сарын 28-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийсэн байна. Нэхэмжлэгч нь тус үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа тухай 2024 оны 03 сарын 07-ны өдөр шуудангаар ирсэн худалдан борлуулах тухай 3/26 дугаар тогтоолыг хүлээн авснаар мэдсэн.

1.3. ******* ХХК-ийн зүгээс 2024 оны 03 сарын 07-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргаж, хөрөнгийн үнэлгээтэй танилцсан бөгөөд компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнийн дүнгээс хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

1.4. Түүнчлэн ******* ХХК-аас 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 3/20 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг мэдсэн даруйд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан ба 2024 оны 03 сарын 14-ний өдрийн гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа явуулсан тогтоол, түүнийг нийтэд мэдээлсэн байдал болон 2024 оны 03 сарын 05-ны өдөр ******* ХХК-д мэдэгдсэн гэж гомдлыг хангахаас татгалзсан.

1.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргаж 2024 оны 03 сарын 27-ны өдөр гомдлын хариу 03/878 тоот албан бичигт ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол нь хуульд нийцсэн гэсэн байх боловч манай байгууллагын барьцаалагдсан эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон тухай бидэнд мэдэгдээгүй, энэ тухай баримт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалд байхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчиж, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдээлэл авах, түүнд гомдол гаргах эрхийг хангаагүй, хууль бус үйл ажиллагаа явуулсан. Энэ нь манай байгууллагын суурь үндсэн эрх болох Монгол Улсын Үндсэн Хуулийн тавдугаар зүйл 5.3-т заасан Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

1.6. Төлбөр төлөгч ******* ХХК-ийн өөрийн хөрөнгө нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөл зохих өр төлбөрт бүрэн хүрэлцэхээр байхад бусдын өмчлөлийн хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.1-т Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

1.7. Иймд ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн ******* дугаартай ******* тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, хөрөнгийг зах зээлийн бодит үнээр үнэлүүлэх боломжоор хангаж, 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 3/20 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 4/7 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01925 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 12,253,379,260 төгрөгийг гаргуулж *******анд олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 06 сарын 15-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч ******* ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч шүүхийн шийдвэрийг биеүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар ******* тоот хаягт байрлах үл хөрөнгийг 2022 оны 11 сарын 18-ны өдөр битүүмжилж төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл гардуулж төлбөр төлөөгүй тул 2023 оны 02 сарын 01-ний өдөр хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар шинжээч томилоход 1,363,160,640 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр төлөгч болон гуравдагч этгээдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн.

2.3. Түүнчлэн төлбөр төлөгч ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03167 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч *******газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,363,160,460 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн үнэлгээчний 2023 оны 02 сарын 28-ны үнэлгээ болон 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 3/20 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 4/7 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 210,200 төгрөг/140,400 төгрөг + 70,200 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Манай ******* ХХК нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагаас гадна Анхны албадан дуудлага худалдаа, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүхээс эхний шаардлагын хүрээнд дүгнэсэн байх боловч албан дуудлага худалдаа явуулахтай холбоотой зохих үнэлэлт, дүгнэлтийг өгөөгүй.

4.2. Нэхэмжлэгч нь *******ны төлбөр авагчтай, ******* ХХК-аас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд *******, ******* тоот хаягт байршилтай 332 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувиар оролцдог. Шүүхийн шийдвэрт дурдсанчлан манай компани төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний нэг тал биш, гагцхүү барьцаа хөрөнгөний өмчлөгч юм.

4.3. Үндсэн төлбөр төлөгч ******* ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 12,253,379,260 төгрөгийг *******анд төлөхөөр байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах болсон гол баримт бичиг болох гүйцэтгэх хуудаст заагдсанаар төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгө болох ******* аймгийн *******нэртэй газарт байрлах ******* тоот тусгай зөвшөөрөлтэй 583.93 ректар талбай бүхий төмрийн хүдрийн уурхай, уурхай дээрх бүхий л тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн заасан.

4.4. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-т Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй гэж заасан байна. Төлбөр төлөгч ******* ХХК нь *******наас зээл авахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн хөрөнгө болох дээр дурдсан уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, уул уурхайн тоног төхөөрөмжүүдээр эхэлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулаад эдгээр хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд манай ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөөр өр төлбөрийг барагдуулахаар байна.

4.5. Төлбөр төлөгч ******* ХХК-ийн барьцаа хөрөнгө болох уурхайн эрх, болон дагалдах хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-аар үнэлүүлсэн байдаг. Хөрөнгийн үнэ цэнэ нь нийт 166,777,716,113 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ үнийн тоо нь нийт өр төлбөрийн хэмжээнээс даруй 14 дахин их тоо юм.

4.6. Мөн дээрх хөрөнгийн үнэлээг эс зөвшөөрч, төлбөр авагч ******* нь дахин үнэлгээг гуравдагч байгууллага болох хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-аар үнэлүүлэхэд тухайн хөрөнгийн үнэ цэнэ нь 56,227,500,000 төгрөг болсон байна. Эндээс харахад ******* ХХК-ийн өөрийн хөрөнгө нь төлбөр авагч *******ны авах өр төлбөрт бүрэн хүрэлцэхээр байна.

4.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хоёр хөрөнгийн үнэлгээг гаргуулах нь манай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих чухал ач холбогдолтой баримт гэдгийг тодорхой дурдаад шүүхийн журмаар баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлээгүй. Энэ хүсэлт нь нэхэмжлэгч өөрийн олж авч чадахгүй баримтаа шүүхэд хандан гаргуулах, тухайн баримт нь ******* ХХК-ийн хуульд заасан нөхөх хариуцлага хүлээх эрхийг дэмжих чухал ач холбогдолтой байсан.

4.8. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг хэрэгт хамааралгүй тул баримт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн атлаа Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасныг үндэслэн маргаж байх боловч, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьж, үндэслэл бүхий болж чадаагүй

4.9. Манай компанийн хөрөнгө нь *******, ******* тоот хаягт байршилтай 332 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг өсгөх дотоод засал, чимэглэл нь энгийн биш бөгөөд ашигласан обой, чимхлүүр хэрэглэл, нүдэн гэрэл, авжур, суултуур, ванны үйлдвэрлэсэн брэнд зэрэг нь тансаг зэрэглэлийн байна. Харин хөрөнгийн үнэлгээ хийхдээ огт дотор засалгүй, зөвхөн каркас нь боссон зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулсан байж болзошгүй байна.

4.10. Түүнчлэн ******* дүүрэгт тухайн хаус хорооллын бүс нутагт байршилтай хөрөнгийн дундаж үнэ 2023-2025 оны хооронд /4,896,000-5,233,000/ төгрөгийн хооронд байна гэх ******* ХХК-ийн албан ёсны судалгааг мөн хавсаргасан байна. Энэхүү үнэ цэнэтэй холбоотойгоор тус компанийн дата мэдээллийн мэргэжилтнээс тодруулахад 1 м.кв нь 3,515,000 төгрөг гэдэг ханш бол зөвхөн каркас боссон, дээвэр хийсэн, хаалгагүй, доторх тохижилтгүй хаусны үнэ ханш байна. Энгийн тохижилттой буюу обой наасан, угаалгын өрөө тохижуулсан, хаалга хийгдсэн хаус 1 м.кв нь 4,559,000 төгрөг гэж тайлбарласан.

4.11. Энгийн тохижилттой ханшаар тооцоход ******* тоот хаягт байршилтай 332 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь 2023 оны байдлаар үнэлэхэд 332 м.кв*4,559,000 = 1,513,588,000 төгрөгөөр үнэлэгдэхээр байна. Гэтэл 1,363,160,640 төгрөгөөр үнэлж байгаа нь хамгийн багадаа 150 гаруй сая төгрөгийн ханш доогуур үнэлж байгаад гомдолтой байна.

4.12. Хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь дахин үнэлгээ хийлгүүлэхээр хандах эрхтэй байна. Манай компанийн хувьд огт өр төлбөрийг барагдуулахгүй гэж тайлбарлаагүй гагцхүү хуульд заасан эрхээ эдэлж, эхлээд үндсэн өр төлбөр хариуцагчийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж байгаа болохыг анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргааныг гаргаж байгаа учраас тухайн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдана. Түүнээс яг тэр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд явагдаж байгаа бусад хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гаргуулах, явуулах асуудалд яригдахгүй гэж ойлгож байна.

5.2. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу хугацаагаа хэтрүүлсэн буюу жилийн дараа хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргасан байдаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 3167 дугаар шийдвэрээр хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн.

5.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. гэж зохицуулсан учраас анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******газарт холбогдуулан ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01925 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 1996 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 001/ХТ2022/00404 дугаар тогтоолоор хариуцагч ******* ХХК-аас 12,253,379,260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* ******* тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө, ******* ХХК-ийн эзэмших эрхтэй ******* аймаг, *******гэдэг нэртэй газрын 583,83 гектар талбайн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, түүний эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх-50-68/

 

4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч ******* ХХК нь сайн дураараа биелүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 181/ГХ2022/00529 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааны явцад ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* ******* тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 сарын 29-ний өдөр битүүмжилж, 2023 оны 02 сарын 01-ний өдөр хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцсэн байна. /хх-69-74/ Нэхэмжлэгч нь энэ ажиллагаанд гомдол гаргаагүй болно.

 

5. Хариуцагч тал хэрэгт үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний санал авсан талаар ажиллагааны баримтуудыг гаргаж өгөөгүй байх боловч хариуцагч байгууллагын 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 4-153/3965 тоот албан бичиг хэрэгт авагдсан байна.

 

Уг албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр ******* ХХК-ийн шинжээч *******-г томилж, 2023 оны 02 сарын 28-ны өдөр шинжээч нь ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* ******* тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 1,363,160,640 төгрөг гэж үнэлсэн болохыг мэдэгдсэн байна.

 

Мөн нэхэмжлэгч талд баталгаат шуудангийн хүргүүлсэн байх ба 2023 оны 03 сарын 02-ны өдрөөр шуудангийн дардас дарагдсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн гэж үзнэ.

Тодруулбал, нэхэмжлэгч мэдэгдлийг 2023 оны 03 сарын 02-ны өдрөөр шуудангаар хүргүүлсэн өдрөөс үнэлгээ тогтоох ажиллагаатай холбоотой гомдол гаргах хугацааг тоологдож эхэлнэ.

 

Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг 2023 оны 03 сарын 02-ны өдөр мэдэж, 2024 оны 03 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03167 дугаар шийдвэрээр маргаан бүхий ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* ******* тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-54-60/

 

*******газар 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 4/45 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсныг нэхэмжлэгчид 2023 оны 04 сарын 04-ний өдөр баталгаат шуудангаар 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 43/6221 тоот мэдэгдлийг хүргүүлж, мэдэгдсэн байх ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 181/ШЗ2023/06358 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, мөн сэргээсэн байна.

 

Нэхэмжлэгч ... дээрх шийдвэр болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээтэй холбоотой маргаантай байгаа талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэсэн тайлбар хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч талд 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 4-153/5585 тоот мэдэгдлээр 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 3/26 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулахаар болсныг 2024 оны 03 сарын 05-ны өдөр баталгаат шуудангаар мэдэгдсэн нь барьцаа хөрөнгийн өмчлөгчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох боломжоор хангаж мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт нийцжээ./хх-9-10/

 

7. Хариуцагч нь хоёр дахь албадан дуудлага худалдааг 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсныг нэхэмжлэгчид 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 4-153/7963 тоот мэдэгдлээр мэдэгджээ./хх-21/

 

Хариуцагч байгууллагаас зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 176, 177 дугаар зүйлд тус тус нийцсэн байна.

 

8. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай мэдэгдэл авсан тал 14 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана. Нэхэмжлэгч ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй.

Харин, шүүхэд гомдол гаргасан нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүх гомдлыг хүлээн авч шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01925 дугаар шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг барьцааны хоёр зүйлээр хангахаар шийдвэрлэсэн. Төлбөр авагч нь аль барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг сонгох эрхтэй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

9. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/15913 дугаар захирамжаар нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/03048 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР