| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 101/2016/05704/и |
| Дугаар | 171 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 171
2016 оны 06 сарын 22 өдөр Дугаар 181/ШШ2016/00171 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингэсийн өргөн чөлөө “Ажнай” ХХК-ийн байр, 4 тоотод бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-36, “Монгол савхи” ХХК-ийн байранд байрлах “Тавантолгой транс” ХХК /РД:5000505/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 3-д байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 140/01 тоот гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай хууль бус мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулж, Д.Дагвадоржийн гадаадад зорчих эрхийг сэргээлгэх, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 140/02 тоот эд хөрөнгийг барьцаалан хураасан тогтоолыг хүчингүй болгуулж, тус тогтоолоор хураасан “Лексус 570” маркийн 00-55 УБЦ улсын дугаартай суудлын автомашиныг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорлхам, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Жи И Ти Ди” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, Л.Ганчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн шийвэр гүйцэтгэх алба Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын 2013 оны 04 сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч "Сейсфон" ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч биш компанийн эд хөрөнгө, хэвийн үйл ажиллагаанд халдсан хууль бус шийдвэрүүдийг гаргаж, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 140-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Долгорлхам 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Сейсфон” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Тавантолгой транс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Дагвадоржийг “ирж уулз” гэсний дагуу уулзахаар очиход хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр “Тавантолгой Транс” ХХК-ийн өмчлөлийн “Лексус-570” маркийн суудлын автомашинийг 140/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай хууль бус тогтоол үйлдэн хураан авлаа.
Мөн төлбөр төлөгч биш этгээдийн буюу “Tавантолгой транс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Дагвадоржийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай хууль бус шийдвэрийг гаргалаа.
“Тавантолгой транс” ХХК нь “Сейсфон” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу оруулсан хөрөнгөндөө дүйцүүлэн тус компанийн 70%-ийн хувьцааг эзэмшихээр болж, 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 70 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч байлаа гээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба тус тусдаа үйл ажиллагаа бүхий хуулийн этгээдийн хөрөнгийг нөгөөд хамаатуулж, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь манай компанийн эрх ашгийг хохироож байна.
Хураагдсан “Лексус 570” маркийн автомашин нь “Тавантолгой транс” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нь тодорхой байхад хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Тэрчлэн Д.Дагвадорж нь төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал биш байхад түүнийг Монгол Улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад оруулах болсон нь хууль бус.
Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 140/01 тоот гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай хууль бус мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулж, Д.Дагвадоржийн гадаадад зорчих эрхийг сэргээлгэх, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 140/02 тоот эд хөрөнгийг барьцаалан хураасан тогтоолыг хүчингүй болгуулж, тус тогтоолоор хураасан “Лексус 570” маркийн 00-55 УБЦ улсын дугаартай суудлын автомашиныг чөлөөлүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр "Сейфон" ХХК-аас 436,582,772 төгрөгийг гаргуулж “Жи И Ти Ди” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Сейсфон” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 30 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүй төлөөлөх этгээд Б.Энхтөрд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдэлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байна.
Төлбөр төлөгч “Сейсфон” ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, эд хөрөнгөтэй нь тогтоогдоогүй тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасны дагуу “Сейсфон” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 70 хувийн хувьцаа эзэмшигч “Тавантолгой транс” ХХК-ийн хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, “Тавантолгой транс” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй “Лексус-570” маркийн УБЦ 00-55 улсын дугаартай автомашиныг 2016 оны 5 дугаа сарын 04-ний өдөр эд хөрөнгийг барьцаалан хураан авах тогтоолоор хураасан.
Мөн “Сейсфон” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 70 хувийн хувьцаа эзэмшигч “Тавантолгой транс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Дагвадоржид 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гадаадад зочих эрх түдгэлзүүлэх мэдэгдэх хуудсыг гардуулж өгсөн боловч Д.Дагвадоржийн гадаадад зорчих эрх нь хязгаарласан үйлдэл бүрэн хэрэгжээгүй байгаа болно.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан учир “Тавантолгой транс” ХХК-аас “Сейсфон” ХХК-ийн төлөх төлбөрийн 70 хувийг гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэж ажиллагаа явуулсан.
Иймд “Сейсфон” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 70 хувийн хувьцаа эзэмшигч нэгдмэл ашиг сонирхолтой “Тавантолгой транс” ХХК-аас төлбөр гаргуулахаар шийдвэр ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг нэн даруй бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тавантолгой Транс” ХХК нь “Сейсфон” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 70 хувийн хувьцааг эзэмшигч мөн тул хувьцаа эзэмшигчийн хөрөнгөнөөс ажиллагаа явуулах нь зөв.
“Сейсфон” ХХК нь төлбөрт хураалгах ямар ч хөрөнгөгүй болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдосон тул хувьцаа эзэмшигчээс эзэмшиж байгаа хувьцаанд нь ногдох төлбөрийг гаргуулах нь хууль зөрчөөгүй. Компани ашигтай ажиллавал ашгийг хүртэлх эрх хувьцаа эзэмшигчид байдагтай ижил алдагдлыг мөн хүлээх ёстой.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д зааснаар хувьцаа эзэмшигч өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр үүрэг хүлээнэ гэсэн тул энэ дагуу ажиллагаа явуулсан.
“Сейсфон” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө зааглагдаагүй тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар төлбөр төлөгч гэж үзэж байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны бүрэн эрхийн хүрээнд ажиллагаа явуулах нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тавантолгой транс” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 140/01 тоот гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай хууль бус мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулж, Д.Дагвадоржийн гадаадад зорчих эрхийг сэргээлгэх, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 140/02 тоот эд хөрөнгийг барьцаалан хураасан тогтоолыг хүчингүй болгуулж, тус тогтоолоор хураасан “Лексус 570” маркийн 00-55 УБЦ улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч “Сейсфон” ХХК нь төлбөр төлөх эд хөрөнгөгүй тул тус компанийн 70 хувийн хувьцааг эзэмшдэг “Тавантолгой транс” ХХК нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр төлбөр төлөгч болох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Жи и Ти Ди” ХХК дэмжсэн байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр “Сейсфон” ХХК-аас 436,582,772 төгрөг гаргуулж “Жи и Ти Ди” ХХК-д олгох шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Таван Толгой Транс” ХХК-ийн эзэмшлийн “Лексус 570” маркийн 00-55 УНЦ улсын дугаартай автомашиныг эд хөрөнгийг барьцаалан хураасан тогтоолоор хурааж, мөн өдрийн 140/01 тоот гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсаар “Тавантолгой транс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Дагвадоржийг Монгол Улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад оруулах болсныг мэдэгдсэн байна.
“Тавантолгой транс” ХХК нь “Сейсфон” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, “Сейсфон” ХХК-ийн газрын тосны хайгуул хийх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь шаардлагатай худалдан авах тоног төхөөрөмжийн үнийг төлөх замаар хөрөнгө оруулалт хийж, “Сейсфон” ХХК-ийн 70 хувийн хувьцааг эзэмшихээр тохирсоны дагуу 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдөр тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Талууд тогтоогдсон дээрх үйл баримтад маргаагүй болно.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь “Сейсфон” ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагааны явцад “Тавантолгой транс” ХХК-ийн эд хөрөнгийг хураах болон ерөнхий захирлынх нь гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх ажиллагааг явуулахдаа Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний зэрэгцээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна.
Нэг. Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан.
Хязгаарлагдмал хариуцлагатай хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанид оруулсан хөрөнгө, эсхүл санхүүгийн сонирхлоор худалдан авахад зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр л хуулийн этгээдийн бусдын өмнө хүлээх хариуцлага нь хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн бусдад төлөх төлбөрийг түүний хөрөнгө оруулагч төлөхгүй, харин хуулийн этгээд үүнийг бүрэн хариуцах ёстой юм.
Энэ ч үүднээсээ хуульд “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасны дагуу гарсан шүүхийн шийдвэртэйгээс бусад ямар ч тохиолдолд ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг хариуцах нөхөх хариуцлага хүлээх ёсгүйг тов тодорхой заасан, хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалан хуульчилсан байдаг.
Харин “гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэсэн заалтаар ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хариуцлага хүлээх тохиолдлын хариуцлагын хэмжээг зааж, мөн хязгаарлаж өгсөн.
Энд заасан өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээ гэдэг нь тухайн компанийн хувьцааг эзэмшихийн тулд хувьцаа эзэмшигчээс компанид оруулсан хөрөнгөд хамааралтай ойлголт бөгөөд ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь зөвхөн ийнхүү оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ хариуцлага хүлээхээс биш эзэмшиж буй хувьцааныхаа хувь хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээх агуулга биш.
Энэ хэргийн тухайд “Сейсфон” ХХК-ийн 70 хувийн хувьцааг эзэмших зорилгоор үйл ажиллагааг нь хэвийн явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад оруулсан “Тавантолгой транс” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хариуцлага хүлээхээр заасан эзэмшиж буй хувьцаанд нь ногдох хөрөнгө гэж үзэх бөгөөд оруулсан энэ хөрөнгө нь “Сейсфон” ХХК-ийн нэрээр бусдын өмнө тус компанийн хүлээсэн үүрэгт төлбөр болж төлөгдөж байгаагаараа нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлагаа хүлээж байгаа нь тэр юм.
Илүү ойлгомжтой байх үүднээс тайлбарлавал, “Тавантолгой транс” ХХК-ийн оруулсан хөрөнгөөр худалдан авсан тоног төхөөрөмж нь “Сейсфон” ХХК-ийн блансад тусгагдаж, тухайн компанийн нэр дээр бүртгэгдсэнээр компанийн өмч болох бөгөөд “Сейсфон” ХХК-ийн бүхий л өмч, хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа нь хувьцаа эзэмшигч “Тавантолгой транс” ХХК-ийг өөрийн эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр хариуцлагаа хүлээж байгаа гэж үзнэ.
Ийнхүү хувьцаа эзэмшигч “Тавантолгой транс” ХХК-ийн хуулиар хүлээх хариуцлага нь “Сейсфон” ХХК-д оруулсан хөрөнгөөр хязгаарлагдаж, эзэмшиж буй хувьцаанд ногдох хөрөнгөөр тодорхойлогдож байгаа тул “Сейсфон” ХХК-ийн хувьцааг эзэмшихтэй холбоогүй өөрийн компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр “Сейсфон” ХХК-ийг үүргийг хариуцах үндэслэлгүй болно.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хураасан “Лексус 570” маркийн 00-55 УНЦ улсын дугаартай автомашины эзэмшигч нь “Тавантолгой транс” ХХК мөн гэдэгт талууд маргаагүй тул “Сейсфон” ХХК-ийн өмчлөлөөс бүрэн тусгаарлагдмал байж, компанийн өмчлөлөөс ялган зааглах бүрэн боломжтой байдлаар бүртгэгдэж, ашиглагдаж байсан тухайн автомашиныг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан “зааглагдаагүй эд хөрөнгө” гэж үзэхгүй.
Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба “Сейсфон” ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагааны явцад “Тавантолгой транс” ХХК-ийн өмчлөлийн автомашиныг хураасан, “Тавантолгой транс” ХХК-ийн ерөнхий захирлын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн мэдэгдэх хуудас гаргасан нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй...” гэж заасанд нийцээгүй гэж үзнэ.
Хоёр. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн талаар:
1. Шийдвэр гүйцэтгэгч нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 140/02 тоот тогтоолоор төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч гэх үндэслэлээр “Тавантолгой транс” ХХК-ийн эзэмшлийн 00-55 УНЦ улсын дугаартай автомашиныг хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд нийцээгүй байна.
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5-д зааснаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураан авах хугацаа тогтоох, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй нөхцөлд хурааж авах талаар тусгасан байхад хариуцагч нь хууль зөрчиж төлбөр төлөгчийн бус эд хөрөнгөтэй холбоотой ажиллагааг явуулахдаа эд хөрөнгийг битүүмжлэх, эсхүл барьцаалах, хугацаа тогтоох зэрэг ажиллагааг явуулахгүйгээр шууд хураан авсан нь хуулиар тогтоосон дараалал зөрчсөн гэж үзнэ.
2. Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх эрхтэй гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.4 дэх заалтыг мөн зөрчсөн байна.
Тодруулбал, Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс дээр заалтаар түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргаагүй байхад шийдвэр гүйцэтгэгч нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 140/01 тоот мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч биш “Тавантолгой транс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Дагвадоржийг Монгол Улсын хилээр үл нэвтрүүлэх иргэний нэрсийн жагсаалтад оруулах болсныг урьдчилан мэдэгдсэн нь хуульд заасан тухайн иргэн төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага байх зохицуулалтыг зөрчсөний гадна хуулиар өөрт олгоогүй эрхийг эдэлсэн гэж үзэхээр байна.
Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 140/01 тоот гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тухай хууль бус мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулж, Д.Дагвадоржийн гадаадад зорчих эрхийг сэргээлгэх, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 140/02 тоот эд хөрөнгийг барьцаалан хураасан тогтоолыг хүчингүй болгуулж, тус тогтоолоор хураасан “Лексус 570” маркийн 00-55 УБЦ улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “Сейсфон” ХХК-аас төлбөр гаргуулах бүхий л ажиллагаа хийсэн боловч төлбөрт төлөх ямар ч эд хөрөнгөгүй нь тогтоогдсон гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57, 58, 59, 60, 61 дүгээр зүйлүүдэд заасан ажиллагааг бүрэн хийсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаарх тайлбар нотлогдоогүйг энд дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 140/01 дугаар гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгож, Д.Дагвадоржийн гадаадад зорчих эрхийг сэргээж, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 140/02 дугаар эд хөрөнгйг барьцаалан хураасан тогтоолыг хүчингүй болгож, “Тавантолгой транс” ХХК-ийн эзэмшлийн “Лексус 570” маркийн 00-55 УБЦ улсын дугаартай автомашиныг чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч “Тавантолгой транс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тавантолгой транс” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА