Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/250

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Н.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-д холбогдох эрүүгийн 1938004310277 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Н.

Шүүгдэгч Н.Н- нь 2019 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багт оршин суух иргэн Р.Т-ийн гэрийн хаяаны хатавчаар 14 кг ямааны ноолуур авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Н.Н- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багт оршин суух иргэн Р.Т-ийн монгол гэрийн хаяаны хатавчаар 14 килограмм ямааны ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

- Хохирогч Р.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Улаан-Уул сумын Соёо багийн “Дээд баян” гэх газар хаваржиж байгаад гэрийнхээ хаяагаар 14 килограмм ямааныхаа ноолуурыг хулгайд алдсан юм. ...манай ямааг манай төрлийн Н.Н- гэх залуу самналцаж өгсөн. Би Н.Н-д ямаа самнаж өгсөн гэж хөлсөнд 120.000 төгрөг төлсөн. Н.Н- ойр ойрхон манайхаар эргэлдээд байх болсон ба 2019 оы 05 дугаар сарын 18-ны орой манайх руу утсаар яриад ноолуураа тушаагаа юу гэж асуусан ...болохоор сэжиглээд байна. ...Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 11 дүгээр хуудас/,

- Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дэлгүүр дээрээ байж байхад гаднаас ноолуур авсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд ноолуур өгсөн. Тэр ноолуур ногоон өнгийн 50 килограммын шуудайтай 13 килограмм орчим ноолуур байсан. ...ямар ч байсан 1.350.000 орчим төгрөг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сард гэртээ байж байтал манай нөхөр Н.Н- “Р.Т- эгч намайг ноолуур тушаагаад өг гэсэн юм. Хоёулаа Рэнчинлхүмбэ сум орчихоод тэндээ ноолуураа тушаачихаад буцаад ирье” гэхээр нь би нөхөр Н.Н-ын хамт мотоциклиор Рэнчинлхүмбэ сум орсон. Тэнд очоод нэрийг нь мэдэхгүй нэг эрэгтэй худалдагчтай дэлгүүрт орж ноолуураа тушаахад ойролцоогоор 10 килограмм орчим болсон байх, тэгээд тэр ноолуураа 1 сая гаруй төгрөгөөр тушаагаад мөнгийг нь Н.Н- Р.Т- эгчид өгнө гээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

- Хулгайд алдагдсан 14 килограмм ноолуурыг 1.400.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 23 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын дундуур санагдаж байна. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо 4 дүгээр багт “Баяны ам” гэх газарт хаваржаан дээрээ байх өөрийн нагац эгч Р.Т-ийн гэрийн хаягаар шуудайтай ноолуурыг нь нууцаар авсан. ...нагац эгч Р.Т-ийндаа очиход тэдний гэрийн баруун хаяанд шуудайтай ноолуур байсныг харсан. Тэгээд ноолуурыг нь авья гэж бодоод тэр шөнө очиж гэрийн баруун хаягаар гараа оруулж, ноолуурын шуудайг нь тэр хавьд байсан нарийн хадаасаар цоолоод ноолуурыг атгаж аваад өвөртөө өвөрлөөд авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Гэрч Р.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд мал маллаж амьдардаг. Н.Н- нь төлөв даруу зантай, урьд нь хэрэгт холбогдож байгаагүй, үг дуу цөөтэй хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

- Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Н.Н-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/,

- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Н.Н- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Н- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багт оршин суух иргэн Р.Т-ийн монгол гэрийн хаяаны хатавчаар 14 килограмм ямааны ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч Р.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-10, 11 дүгээр хуудас/, гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Р.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, хулгайд алдагдсан 14 килограмм ноолуурыг 1.400.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 23 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь

үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...Би тэр ноолуурыг тушаагаад хэдэн төгрөгтэй болох санаатай л авчихсан юм” /хх-ийн 32/ гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Н.Н- нь 2019 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багт оршин суух иргэн Р.Т-ийн монгол гэрийн хаяаны хатавчаар 14 килограмм ямааны ноолуурыг авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч Н.Н-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр

дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 1.400.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Н- нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Р.Т-тай эвлэрлийн гэрээ /хх-ийн 41/ байгуулан “...Би Р.Т-т хохирол гомдлыг бүрэн барагдуулсан тул бид харилцан тохиролцож эвлэрсэн” гэсэн байх тул шүүгдэгч Н.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Н.Н- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Н-д “6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тухай зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд “архи, согтууруулах ундаа хэрэглэхийн хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.Н-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Н.Н-д тэнссэн хугацаанд “архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н- нь дахин гэмт хэрэг үйлдсэн, тэнссэн шийдвэрийг зөрчсөн тохиолдолд албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Н.Н-д тэнссэн хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ