| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2018/02139/И |
| Дугаар | 210/МА2025/00991 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/00991
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/02451 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
******* аймгийн ******* сумын нутаг, ******* гэх газарт орших, ******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх ******* ХХК-д үүссэн болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрөл бүхий ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг орших ******* гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,
******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг орших ******* гэх газарт нөхөн сэргээлт хийхийг даалгаж, хууль бусаар олборлосон 23,635 м.куб балластик чулууны үнэ 118,175,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК нь зохих зөвшөөрөл болох гэрээний дагуу бий болгосон хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэх гэтэл өмчлөх эрх үүсээгүй гэж ******* ХХК-ийн зүгээс саад болж байгаа учир эрхийн тодорхой бус байдлыг арилгуулах зорилгоор Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасны дагуу тус шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулахыг хүсэж байгаа болно. Манай компанийн дээрх хөрөнгийн хувьд эдлэх субъектив эрхийн талаар ******* XXK нь маргаан үүсгэж, уг эрхийг хэрэгжүүлэхэд бодитойгоор саад учруулж байгаа нөхцөл байдлын улмаас манай хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж, өмчлөх эрх үүссэн болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага үүсч байна.
1.2. Дээрх шаардлагын үндэслэлийн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/00715 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 00658 дугаар тогтоолоор тус тус дүгнэгдэж, эцэслэн шийдвэрлэгдсэн боловч өмчлөх эрх үүссэн үйл баримтын талаар шаардлага гаргаагүй, шийдвэрлэгдээгүй юм.
Тодруулбал, ...******* ХХК-ийн ******* аймгийн ******* сумын Засаг даргатай 2014 оны 03 сарын 13-ны өдөр байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ-ний хугацаа нь Монгол улсын Засгийн газрын 2014 оны 07 сарын 09-ний өдрийн Журам батлах тухай 222 дугаар тогтоол гарснаар дуусгавар болсон байна гэж үнэлэгдсэн нь дахин нотлох шаардлагагүй үйл баримт хэдий ч ******* ХХК-ийн зүгээс манай газраас гарсан чулууг өмчлөх эрх ******* ХХК-д үүсээгүй гэж маргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад болж байгаа болно. Маргаад зогсохгүй хөрөнгө мөнгөө шингээж бий болгосон бүтээгдэхүүнийг ачсан тээвэрлэсэн, бусдад худалдан борлуулсан зэрэг шударга бус үйлдлүүд гарсан.
1.3. ******* ХХК нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Шинэ төмөр зам төслийн хүрээнд хийгдэж буй Ухаа худаг Гашуун сухайт чиглэлд шинээр тавигдах төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглагдах дайрга чулуу /баллист/ бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2013 оны 0136/201 дугаартай гэрээний дагуу ажиллаж байгаа бөгөөд Засаг даргын 2014 оны 03 сарын 13-ны өдрийн А/61 дугаартай захирамжаар олгосон зөвшөөрөл, 2014 оны 03 сарын 13-ны өдрийн 001 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ-ний дагуу ******* аймгийн ******* сумын нутаг, Хярын хар нэртэй газарт, зөвшөөрөгдсөн байршилд кемп болон бутлуур байрлуулж, чулуу олборлох, боловсруулах үйл ажиллагааг явуулсан байдаг.
1.4. Шүүхийн шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 сарын 09-ний өдрийн Журам батлах тухай 222 дугаар тогтоолоос хойш талуудад үүсэх эрх үүргийг тодорхойлж шийдсэн ба уг тогтоолоос өмнөх ******* ХХК-ийн үйл ажиллагаа эрхийг хэлэлцэж, үндэслэх хэсэгтээ дүгнэсэн боловч тогтоох хэсэгт шийдвэрлэгдээгүй байдаг.
Дээрх чулуу олборлох үйл ажиллагаа буюу чулууг газрын хөрснөөс тэсэлгээ хийж ил гаргаж ирэх, уг чулуугаа боловсруулж, бутлах шигших, зөөвөрлөх замаар бэлтгэж овоолго үүсгэх зэрэг үйл ажиллагааг ******* ХХК нь зохих зөвшөөрлийн дагуу хөрөнгө мөнгө зарцуулан үйл ажиллагаа явуулсны эцэст олборлон боловсруулалт хийж бэлдсэн. Тодруулбал, ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий 16 га талбайн нэг хэсэг болох 2 га талбай дотор карьерт болон талбайн гадна байрлах овоолго чулуу, дайрга, мөн буталж шигшсэн чулуу овоолго зэрэг үүнд хамаарна.
******* ХХК нь гэрээний дагуу газрын хэвлийд байсан чулууг олборлолт явуулж, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсны үр дүнд байгалийн шинж чанараа алдсан учир Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны үйл ажиллагааны үр дүнд бий болсон үр шимээ хүртэх эрх нь тодорхойлогдоно.
Иймд ******* аймгийн ******* сумын нутаг, ******* гэх газарт орших, ******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 03 сарын 13-ны өдөр ******* сумын Засаг даргатай байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээ-ний дагуу олборлосон чулууг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож өгнө үү.
1.5. Манай компани нь 2014 оны 03 сараас 2014 оны 07 сар хүртэл хугацаанд тодорхой хэмжээнд чулуу олборлох үйл ажиллагааг явуулсан боловч хариуцагч ******* ХХК-ийн зүгээс цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Байгаль орчны газар гэх мэт хууль хүчний байгууллагад гомдол гаргасаар үйл ажиллагааг бүрэн зогсоосон.
Мөн энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 09 сарын 03-ны өдрийн 181/ШЗ2018/09599 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т зааснаар хариуцагч ******* ХХК-д ...ажиллагаа явуулахгүй байх, хөндөхгүй байх, боловсруулалт, тээвэрлэлт, бутлалт, шигшилт, зөөвөрлөх, худалдах, захиран зарцуулах зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэхгүй байх-ыг даалгасан, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч, үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрэлгүй, хариуцагч ******* ХХК-ийн зүгээс бусадтай хамтран уг талбай дээрх боловсруулж бэлэн болсон болон боловсруулахад бэлтгэж, өртөг шингээсэн чулууг бүгдийг нь авч ашиглан, бусдад зарж борлуулан дуусгасан.
Тэр ч бүү хэл манай компанийн зүгээс олборлолт хийж эхлэхдээ хөрс хуулалтаас гарсан шимт хөрсийг тусдаа овоолго болгон бэлтгэж, нөхөн сэргээлтдээ ашиглахаар бэлтгэж байсан ба уг шороо нь ухсан нүхээ бөглөсний дараа дээгүүр нь ургамал ургах боломжтой байдлаар дээгүүр нь хучих байдлаар нөхөн сэргээхэд ашигладаг байтал уг шороог хүртэл хариуцагч ******* ХХК нь үгүй болгож, нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгэхэд хүндрэлтэй болгосон.
Ийнхүү манай компанийн зүгээс орон нутагтай гэрээ байгуулж, зохих зөвшөөрлүүдийг олгосны үндсэн дээр асар их хэмжээний зардал гарган эхлүүлсэн ажлаа дуусгаж чадаагүйгээс гадна, өртөг шингээн олборлон боловсруулсан, мөн ийнхүү боловсруулахад бэлэн болгож бэлдсэн чулуугаа ч авч ашиглаж чадалгүй хариуцагч компанид бүгдийг нь булаалгаж хохироод байгаа билээ.
Манай компанийн зүгээс ийнхүү үйл ажиллагаагаа дуусгаж чадалгүй, асар их хэмжээний өртөг шингээж бэлтгэсэн чулуугаа ч авч чадалгүй, бусдад булаалгасан тул байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд харин уг талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл бүхий хариуцагч ******* ХХК нь уг тусгай зөвшөөрлөөрөө далайлган манай бүх үйл ажиллагааг хориглож зогсоосны улмаас бүх чулууг булаан авч, ашигласан тул байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцан гүйцэтгэх ёстой гэж үзэж байна.
Иймд ******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрөл бүхий, ******* аймгийн ******* сум, ******* багийн нутагт орших, ******* гэх газарт нөхөн сэргээлт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгчийн 2014 оны 03 сарын 13-ны өдрийн ******* сумын засаг даргатай байгуулсан гэрээ нь Монгол улсын Засгийн газраас Авто зам төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх журмыг 2014 оны 07 сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор баталснаар ******* ХХК-ийн дээрх гэрээ дуусгавар болсныг Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 00658 тоот тогтоол гарч баталгаажуулсан.
Олборлосон чулууг өмчлөх эрхгүй болохыг шүүх тогтоосон байдаг. ******* ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй, уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, хулгайн аргаар олборлолт явуулж ашиг олж байсныг хуулийн байгууллага тогтоож үйл ажиллагааг нь бүхэлд нь зогсоож, талбайгаас гаргасан болно.
2.2. ******* ХХК нь ийм нэхэмжлэл гаргах эрхгүй. Учир нь хийх ёстой юмаа хийгээд /хууль бусаар гүйцэтгэсэн ч/ ажлын хөлс төлбөрөө авсан. ******* ХХК нь дээрх хийх ёстой ажлаа хууль бусаар буюу ном ёсоор нь хийгээгүй уул уурхай эрхлэх ямар ч зөвшөөрөлгүй ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, тайлан төлөвлөгөө батлуулаагүй, чулуу бутлах тусгай зөвшөөрөл аваагүй зэрэг маш олон төрлөөр хууль зөрчин байж ******* ХХК-д 90.000 орчим куб балластик чулуу буталж өгсөн. ******* ХХК нь ******* ХХК-ийг дээрх бичиг баримт бүрдүүлээгүй гэдгийг нь мэдээгүй.
2.3. ******* ХХК нь Монгол улсын Засгийн газрын 2014 оны 07 сарын 09-ний өдрийн 222 тоот журам гарснаар түүний сумын засаг даргатай байгуулсан түр гэрээ нь дуусгавар болсон байхад манай газраас хууль бусаар чулуу олборлосон. Өөрөөр хэлбэл 2014 оны 07 сарын 09-ний өдөр ******* ХХК нь манай газар дээрх олборлолт, чулуу буталж ангилж шигших ажиллагаагаа зогсоогоогүй юм. Нэмж үргэлжлүүлж буталсаар 90.000 куб балластик чулуугаа гаргаж авсан. Энэ нь техник эдийн засгийн үндэс, боломж, цаг хугацаа, өөрсдийнх нь ******* сумын байцаагчид мэдүүлэхдээ өгсөн мэдүүлэг зэргээр нь тогтоогдоно. Тэд дор хаяж 2014 оны 10 сар хүртэл ажилласан. ******* ХХК нь хамгийн сүүлд чулуугаа хэзээ буталж дуусаад ******* ХХК-д хүлээлгэж өгөөд мөнгөө хэзээ авсан нь санхүүгийн баримтаас харагдана.
******* ХХК тухайн ******* ХХК-ийн ашиглалтын лицензтэй талбай дээр үйл ажиллагаа явуулаад 4,115,055,331 төгрөгийн ашиг олсон нь ******* ХХК-аас гаргаж өгсөн албан бичгээр нотлогддог.
2.4. ******* ХХК нь өнөөдрийн байдлаар тухайн ******* ХХК-ийн талбай дээр байгаа овоолго буюу хайргыг бид нарын хөдөлмөрийн үр шимээр болчихсон ажлын минь хөлс үр шим нь гэж тайлбарлаж байна. ******* ХХК ашигт малтмалын лицензийг авахаасаа өмнө эхлээд хайгуулын лиценз авдаг. Хайгуулын лицензээ аваад тэр том талбай дээр хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэх тус тусдаа баримт бичгүүдийг жил болгон хийж тухайн хайгуулын лицензийг эзэмшиж ашигласныхаа төлөө Монгол Улсдаа татвар хураамжаа байнга төлж, тухайн хайгуулын лицензийг эзэмшиж ашиглалтын лицензтэй болдог. Ашиглалтын лиценз эзэмшигчийн хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гэж үнэлгээ хийлгэдэг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийдэг аж ахуйн нэгж байгууллагууд доод тал нь 60,000,000 төгрөгөөр хийж байна. Нэхэмжлэгч талын тухайн лицензийн төлбөр төлөх үүрэг, ашиглалтын лицензээ авах, сунгах эрх зэрэг бүх үүрэг хариуцлагууд нь ******* ХХК-д байгаа учир ******* ХХК-ийг нөхөн сэргээлт хийх үүрэгтэй гэх тайлбар нь үндэслэлгүй юм.
Гэрээнд зааснаар тухайн ашиглалтын талбай дээр хайрга үнэгүй олборлоод, 4,000,000,000 төгрөгийг олсон байна. Тухайн ашигласан ухсан нүх талбайд нөхөн сэргээлт хийнэ гэдгээ Засаг даргатай байгуулсан гэрээнд тодорхой дурдаад, үүргээ хүлээсэн компани юм.
2.5. Тухайн талбайд овоолгосон байгаа хайргаа бид нар авна. Тэр хайрга дайрга нь Монгол Улсын хуулиараа ******* ХХК-ийн ашиглалтын лицензтэй талбайд байгаа. Тэгэхээр тэр талбайгаас зөвхөн ******* ХХК ашиглалтаа хийж, тухайн хайргаа олборлох ёстой. Тиймээс тухайн талбай дээр овоолгочихсон байгаа хайрга дайрга нь хууль ёсны дагуу ******* ХХК-ийн өмч юм. Учир нь ******* ХХК хуулиараа 2014 оны 03 сарын 13-ны өдрөөс 07 сарын 09-ний өдрийн хугацаанд л тухайн нутаг дэвсгэр, талбай дээр хайрга олборлох эрхтэй. Тэрнээс цааш олборлох ёсгүй. Тэндээс олборлосон хайрга дайргыг авах эрх нь дуусгавар болсон. Тийм учраас ******* ХХК-д тухайн талбай дээр овоолсон байгаа хайрга дайргыг өөрсдийн өмчлөл өөрсдийн ажлын бүтээмж үр шимээр бий болгосон тул авах ёстой гэдэг нь үндэслэлгүй болох нь дээрх гэрээ болон бусад хавтаст хэргийн материалд байгаа нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
3.1. ******* нь ******* ХХК-ийн хувьцааны 20 хувийг 200,000,000 төгрөгөөр худалдаж аваад, гүйцэтгэх захирлаар анхнаасаа оролцсон. Хайрга олборлосон гэх маргаанаар гурван шатны шүүхийн ажиллагаанд ******* нь оролцож байсан. ******* ХХК хууль бусаар олборлолт хийж байна гэж Монгол Улсын Дээд шүүхээс дүгнэсэн. Тус талбайгаас нэхэмжлэгчийг гаргах талаар хэрэг маргаан үүсэж байсан. Хилийн заагийг залгуулаад ахиад жоохон газар авангуутаа манай газар гэж сүүлд нь гурван овоолготой холбоотой маргаан үүсэж байсан. Тухайн үед Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд ******* ХХК хууль бусаар хайрга олборлосон байна. Хууль бусаар бусдын ашиглалтын талбай орсон байна гэдгийг тогтоосон. Тийм учраас тус газраас ******* ХХК-ийг гаргах нь зөв гэж дүгнэсэн. Тухайн олборлосон байгаа чулуу нь ******* ХХК-ийн газраас гаргасан чулуу. Хууль зөрчөөд олборлосон учраас нэхэмжлэх эрхгүй юм. ******* ХХК заавал мөнгө авна гэж байгаа бол тэр нь үндэслэлгүй байна.
3.2. Нөхөн сэргээлт хийх талаар тухайн үед байгуулсан гэрээнд заасан. ******* аймгийн ******* сумын Засаг даргатай гэрээ хийхэд ******* оролцож байсан. Тэр үед нөхөн сэргээлтийг хайрга олборлож, ухсан компани нь өөрөө хийнэ гэсэн заалт оруулж байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
4.1. ******* аймгийн ******* сумын ******* багийн нутагт орших Хайгуулын *******, Ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрөл бүхий ******* ХХК-ийн эзэмшлийн газраас 2014 оны 7 болон 8 дугаар саруудад хууль бусаар олборлосон 23,635 м.куб балластик чулууны үнэ болох 118,175,000 төгрөгийг ******* ХХК-аас нэхэмжилж байна.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төсөл"-д төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгч ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгч ******* ХХК нь 2014 оны 03 сарын 13-ны өдөр ******* сумын Засаг даргатай 001 тоот Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ байгуулан манай компанийн газраас 2014 оны 3 сараас 8 сарын хооронд нийт 78,462 м.куб балластик чулуу олборлосон.
Дээрх гэрээний нүүр хэсэгт тухайн гэрээг зөвхөн Засгийн газраас тусгай журам гартал түр хугацаанд байгуулав гэж тодорхой зааж өгсөн байдаг. 2014 оны 07 сарын 09-ний өдөр Монгол Улсын Засгийн газар 222 дугаар бүхий тогтоолоор Авто зам, төмөр замын салбарт Хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам-ыг баталсан байдаг. Тухайн журмын 2.1.2-т ...ердийн ба стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгосон газар, нөөцөд авсан талбайтай давхацсан байж болно. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцсөн байх гэж заасныг ******* ХХК нь зөрчин 2014 оны 7 болон 8 дугаар саруудад ******* ХХК-д нийт 23,635 м.куб балластик чулуу нийлүүлсэн байдаг.
4.2. Засгийн газрын Тусгай журам гарснаар ******* ХХК-ийн ******* сумын Засаг даргатай байгуулсан гэрээ дуусгавар болж тусгай зөвшөөрөл эзэмшигч ******* ХХК-тай зөвшилцөх үүрэг хариуцлага үүссэн. Гэтэл ******* ХХК нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үл тоон, тусгай зөвшөөрөл эзэмшигч ******* ХХК-тай огт зөвшилцөлгүй үргэлжлүүлэн олборлолт хийсэн явдал нь хууль бус буюу ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн. ******* ХХК нь энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохоор шүүхэд өгсөн бөгөөд 2016 оны 06 сарын 03-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн 001/XT2016/00658 дугаартай тогтоолыг гарган ******* ХХК нь ******* ХХК-ийн эзэмшлийн газар дээр хууль бус олборлолт хийж байсан болохыг тогтоож, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, тухайн газар олборлолт хийх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг ******* ХХК-д даалгасан байдаг.
4.3. 2020 оны 06 сарын 09-ний өдөр ******* ХХК-аас шүүхэд ирүүлсэн 02/193 дугаар бүхий тодорхойлолтод ******* ХХК нь ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий газраас нийт 90,231 м.куб балластикийн материал бэлтгэн, 78,462 м.куб балластик чулуу нийлүүлэн балластик чулууны төлбөрт 4,115,055,331 төгрөгийн авсан байна. ******* ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч ******* ХХК-тай зөвшилцөлгүй 2014 оны 7 болон 8 дугаар саруудад нийт 23,635 м.куб балластик чулууг хууль бусаар олборлосон бөгөөд 1 м.кубыг 52,446 төгрөгт тооцон нийт 1,239,561,210 төгрөгийн борлуулалт хийсэн байдаг. Тус үнийн дүнгийн хэдэн хувь нь ******* ХХК-д ноогдох ашиг гэж хоёр тал зөвшилцөх байсныг одоо тодорхойлох боломжгүй тул Тусгай журмын 5.2-т Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ нь түгээмэл тархацтай ашигт малтмалын төрлөөс хамаарч нэг шоо метр нь 5,000 төгрөгөөс хэтрэхгүй байна гэж заасны дагуу ******* ХХК нь 1м.куб балластик чулууг 5,000 төгрөгөөр тооцож дараах нэхэмжлэлээ гаргаж байна.
******* аймгийн ******* сумын ******* багийн нутагт орших Хайгуулын *******, Ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрөл бүхий ******* ХХК-ийн эзэмшлийн газраас 2014 оны 7 болон 8 дугаар саруудад хууль бусаар олборлосон 23,635м.куб балластик чулууны үнэ болох 118,175,000 төгрөгийг ******* ХХК-аас нэхэмжилж байна.
4.4. ******* ХХК нь 2014 оны 03 сарын 13-ны өдөр ******* сумын Засаг даргатай 001 тоот Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ" байгуулсан бөгөөд тус гэрээний 4.3-т ******* ХХК нь нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж Сумын засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэнэ өгнө гэж заасан. Тус гэрээний хугацаа Засгийн газрын тогтоол гарсан өдөр буюу 2014 оны 07 сарын 09-ний өдөр дууссан бөгөөд ******* ХХК-д манай газар дээр нөхөн сэргээлтийг хийж Сумын засаг даргад хүлээлгэж өгөх үүргийн гүйцэтгэлийн хугацаа болсон. Гэтэл ******* ХХК нь өдийг хүртэл нөхөн сэргээлтээ хийлгүй, ийнхүү байдлаар шүүхэд маргаан үүсгэн шүүхийн маргаантай байгаа гэх тайлбарыг ******* сумын Засаг даргад өгч нөхөн сэтгэлтээ хийхээс зайлсхийж байгаа явдалд гомдолтой байна. Тиймээс, ******* ХХК-ийг 2014 оны 03 сарын 13-ны өдөр ******* сумын Засаг даргатай байгуулсан 001 тоот Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ-ний дагуу ******* ХХК-ийн эзэмшлийн газар дээр нөхөн сэргээлт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХХК-д холбогдох ******* аймгийн ******* сумын нутаг, ******* гэх газарт орших, ******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 03 сарын 13-ны өдөр ******* сумын Засаг даргатай байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээний дагуу, Засгийн газрын 2014 оны 07 сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам батлагдах хүртэл хугацаанд олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх ******* ХХК-д үүссэн болохыг тогтоолгох болон ******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрөл бүхий ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг орших ******* гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ******* аймгийн ******* сумын засаг даргын 2014 оны 03 сарын 13-ны өдрийн А/61 дугаар захирамжийн хавсралтад заасан Харын шандын хяр байршилд, түр кемп, бутлуур, чулуу олборлох зориулалт бүхий талбайд /заасан солбилцол бүхий газарт/ нөхөн сэргээлт хийхийг нэхэмжлэгч ******* ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* аймгийн ******* сумын ******* багийн нутагт орших Хайгуулын *******, ашиглалтын МV-020435 тоот тусгай зөвшөөрөл бүхий ******* ХХК-ийн эзэмшлийн газраас 2014 оны 7, 8 дугаар саруудад хууль бусаар олборлосон 23,635 м.куб балластик чулуун үнэ 118,175,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /70,200+70200/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 748,852 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Шүүх Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1,88.3, 88.4, 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.1-84.4 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан чулуу нь хөдлөх эд хөрөнгөд хамаарч байна гэж дүгнэсэн боловч цааш дүгнэхдээ ... тухайн бүтээгдэхүүн бодит байдалд хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байхгүй, ...маргааны зүйл хэдий хэмжээний ямар хөрөнгө хаана байгаа эсэх нь тодорхойгүй, тухайн хөрөнгийн өмчлөгч нэхэмжлэгч болох талаар баримтгүй, хариуцагчийн хууль бус эзэмшилд маргааны зүйл байгаа талаар баримтгүй ... гэх мэт хоорондоо зөрчилтэй, агуулгын хувьд эсрэг утгатай дүгнэлтүүдийг хийсэн байгаа нь шүүх маргаантай үйл баримтад дүгнэлт хийх үүргээ биелүүлээгүй ерөнхий агуулгаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
6.1. Тодруулбал нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд анх нэхэмжлэл гаргасан цагаасаа л эхлэн хариуцагч ******* ХХК нь олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулуугаа авахад саад учруулж, хууль бусаар авч ашиглаад байгаа, үүнийг шүүхээс зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамж гаргах талаар хүсэлт гаргаж байсан боловч хариуцагч тал ******* ХХК-ийг талбайд бий болгосон бүх бүтээгдэхүүнийг авч ашиглаж, худалдан борлуулсан.
******* ХХК-ийн талбайгаас гадна байсан бүх овоолго бүтээгдэхүүн болон бүрэн боловсруулаагүй байсан бүх чулуу, хайрга бүгдийг худалдан борлуулсан. Нийт бий болгосон бүтээгдэхүүний 70 гаруй хувийг худалдан ашиг орлого олсон, харин нэхэмжлэгч төслийн дагуу 30 орчим хувь дээр гэрээний дагуу ажиллаж, өртөг зардлаа ч гаргаж авах боломжгүй байдалд орж байгаагаа шүүхэд илэрхийлсээр ирсэн. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт харагдаж байгаа.
Нэхэмжлэгч компанийн хувьд цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан боловч иргэний хэргийн өмчлөлийн асуудал шийдвэрлэгдсэний дараа шийдвэрлэнэ гэж, ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага манайхыг бүтээгдэхүүнээ авах боломжгүй байдалд оруулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасны дагуу арга хэмжээ авсан боловч ******* ХХК нь шүүхийн ажиллагааг үл тоон бүтээгдэхүүнийг ******* ХХК болон бусдаар ачуулж, бутлуулж, шигшүүлж, худалдан борлуулсан.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн албанд шүүгчийн захирамжийг зөрчсөн нөхцөл байдалд хандаж байсан ба нэхэмжлэгч тал хуулийн дагуу эрхээ хамгаалуулахыг хүсэж хүсэлт гомдлоо гарган шийдвэрлүүлсээр ирсэн. Энэ бүх үйл баримтуудыг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад хариуцагчийн эзэмшилд байхгүй, ямар хөрөнгө, хаана байгаа нь тодорхойгүй зэргээр хийсвэр үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байдаг.
Ядаж бүрэн боловсруулсан 3 овоолгыг ******* ХХК-ийн талбайн гадна байгааг хүчээр авч худалдан борлуулсан талаар ч тодруулахгүйгээр, ******* ХХК-ийн өмч, авч ашигласан нь зөв, хууль ёсны эрхтэй байсан мэт агуулгаар шийдвэрлэсэн нь хэтэрхий хийсвэр, шударга бус шийдвэр болсон.
Шүүх зөвхөн хууль ёсны дагуу үүссэн эрх ашгийг хамгаалах байтал хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр ашиг орлогоо олж байгааг зөвтгөж байгаа нь Иргэний хуулийн 83 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.
Шүүгч шүүх хуралдаанд ч маргаантай нөхцөл байдалд дүгнэлт хийх ганц асуултгүйгээр ерөнхий агуулгаар дүгнэлтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа.
6.2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар болон бусад хэрэгт авагдсан олон олон баримтаар хариуцагч ******* ХХК нь маргааны зүйл болсон чулууг авч ашиглаж байгаа, ашигласан талаарх үйл баримт тодорхой харагдаж байх ба анх нэхэмжлэл гаргах үед чулуу байсан болоод өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан, гэвч одоо уг чулуунаас юу ч үлдээгүй байдаг.
Тэгвэл уг талбай дээрх чулуу хаашаа орсон, хэн авсан бэ гэдэг дээр анхан шатны шүүхээс дүгнэлт хийж, талуудыг мэтгэлцүүлж, холбогдох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна.
Түүнчлэн хариуцагч ******* ХХК нь өөр бусдаар буюу ******* ХХК-аар дамжуулан маргаж байгаа чулууг боловсруулж, зарж борлуулах үйл ажиллагаа явуулсан байдаг ба тэдний хооронд өглөг авлагын маргаан гарч, тус шүүхэд маргаан хянагдаж, нэхэмжлэгч компани уг хэрэгт гуравдагч этгээдээр татагдан орж байсан ба асуудал нь Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэх үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон зэрэг нь шүүхээр дүгнэгдэх нөхцөлд хамаарч байгаа.
Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр, чулуу болон талбай хариуцагчийн эзэмшил ашиглалтад байгаагүй мэтээр үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.
6.3. Анхан шатны шүүхээс маргаж байгаа зүйлийн хэмжээ, байршил, үнэ тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анх энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж байсан ба үүний дагуу нэхэмжлэгч манай компанийн зүгээс хэмжээг тодруулах зорилготой нотлох баримтуудыг цуглуулах хүсэлтийг гаргаж, ажиллагаа хийлгэж ирсэн.
Шүүхэд баримт ирмэгц хурал товлогдсон тэдгээрт дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах хүсэлт гаргаж байсныг хүлээн аваагүй, хэргийг шийдвэрлэсэн.
Зүй нь ирсэн баримтаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой болж, бүтээгдэхүүний хэмжээг тодорхойлох боломж хязгаарлагдсанд гомдолтой байна.
Түүнчлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас ерөнхий агуулгатай бодит байдлаас зөрүүтэй баримт шүүх хурлыг эхлэх үед ирж танилцагдсан бөгөөд энэхүү баримттай холбогдуулан тухайн үед Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан үйл баримтыг дахин тодруулах, болсон үйл явдлаас зөрүүтэй баримт ирсэн байгааг тодруулах хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзаж, хэргийн үйл баримтын бодит байдлыг тогтоож шийдвэрлэхээс татгалзсан гэж үзэж байгаа.
6.4. Компанийн ажилтан ******* нь эрүүл мэндийн шалтгаанаар хүнд өвчний улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтаа гаргаж, шинээр ирсэн баримттай танилцаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож, хэмжээний хувьд илэрхийллээ шүүхэд гаргах боломжийг хязгаарлаж, эмнэлгээс *******т өгсөн баримтыг *******эмч гарын үсэг зурах ёстой байсан, зураагүй байгаа учраас хууль бус баримт гэсэн агуулгаар шүүгчийн захирамж гаргасан.
Шүүх ийнхүү энэрэнгүй бус дүгнэлт хийж энэ олон жил хийж бүтээсэн зүйлээ дүгнүүлэх гэж шүүхэд оролцож явсан хүний эрүүл мэндийн байдалд хүндэтгэлгүй хандсанд харамсалтай байна.
6.5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компани нь ******* аймгийн ******* сумын Засаг даргатай 2014 оны 03 сарын 13-ны өдөр байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээ-ний холбогдох заалтуудаар нөхөн сэргээлт хийх үүргийг хүлээсэн талаар дүгнэлтүүдийг хийж, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 сарын 09-ний өдрийн Журам батлах тухай 222 дугаар тогтоол гарах хүртэл үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр нөхөн сэргээлтийг нэхэмжлэгч компани хийхийг даалгаж шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.
Учир нь хариуцагч ******* ХХК нь маргаж байгаа чулуу байрлах газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
Гэтэл анхан шатны шүүхээс ямар учраас хуульд заасан үүрэг бус гэрээгээр харилцан тохиролцсон үүргийг илүү чухал гэж үзэж, нөхөн сэргээлт хийх үүргийг нэхэмжлэгч компани хүлээх ёстой мэтээр дүгнэж байгаа нь ойлгомжгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч ******* ХХК тухайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, харин нэхэмжлэгч компани уг талбайд түр гэрээтэй бөгөөд тэрхүү гэрээний хугацаанд буюу 3 сарын хугацаанд л үйл ажиллагаа явуулаад түүнээс хойш огт үйл ажиллагаа явуулаагүй, явуулах ч боломжгүй байсан, гэтэл хариуцагч компанийн хувьд 2014 оны 7 сараас 2022 оныг дуустал хугацаанд уг талбай дээр бусадтай хамтран үйл ажиллагаа явуулж, манай компанийн маргаж буй чулууг олборлон боловсруулж, тээвэрлэн бусдад зарж борлуулах замаар ашиглаж дуусгасан.
Гэтэл манай компанийн зохих зөвшөөрлийн дагуу хийгдсэн үйл ажиллагааны үр дүнд бий болсон үр шим болох чулуу болон материалыг ******* ХХК нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий газраас олборлосон тул бүхэлдээ өөрийн компанийн өмч хөрөнгө гэж үзэж, манай компанитай марган, үйл ажиллагаанд саад учруулж байгаад буюу шүүхээр ийнхүү маргаж байх явцад бүх чулууг авч бусдад худалдан борлуулах, бутлах зэргээр өөр бусадтай хамтран ажилласан байдаг.
Тухайлбал ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК гэх зэрэг компаниудтай хамтарч ажилласан баримтууд хэрэгт бүрэн авагдсан байгаа болно.
Түүнчлэн хариуцагчийн зүгээс 2016 онд гарсан шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан манай компанийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг мэдэгдсэн маш олон мэдэгдлүүдийг өгч, цагдаагийн байгууллагад үндэслэлгүйгээр маш олон удаа гомдол гаргаж, шалгуулах замаар манайд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжийг олгоогүй, үйл ажиллагааг 2014 оноос хойш одоог хүртэл бүрэн зогсоосон байсан.
Анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлуудад үндэслэлтэй зөв дүгнэлтийг өгч чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүйгээр нөхөн сэргээлтийн үүргийг манай компанид даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
6.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулаагүй, хүсэлтийг үндэслэлгүй шийдвэрлэсэн.
Урьд нь уг иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байсан, одоо итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ******* нь шүүх хуралдаан давхацсан талаар баримтаа хүсэлтийн хамт шүүхэд гаргасан, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хүнд өвчний учир эмчилгээ хийлгэж, хагалгаанд орж, эмнэлэгт хэвтэж байгаатай холбоотой баримт, хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байхад анхан шатны шүүхээс түүнийг хүлээн аваагүй нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
Уг асуудлын талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас өөрөө гомдлоо гаргаж байгаа ба түүнд үндэслэлийг дэлгэрэнгүй тусгасан байгаа болно.
Иймд эдгээр үндэслэлүүдээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өнгө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
7.1. Анхан шатны тойргийн шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байхад, эмнэлгийн 2 ч баримтаа өгсөн байхад хүсэлт, нотлох баримтыг үгүйсгэж, шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт тухай болон аливаа хүсэлт ирүүлээгүй. ...эмнэлгийн баримтад эмчлэгч эмч ******* нь гарын үсэг зураагүй, тамга дарагдаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Миний бие нь 2 удаа хагалгаанд орсон, эмнэлгээс гараад өмгөөлөгчтэйгөө уулзах боломжгүй, шүүх орох боломжгүй байдалд байсан учраас өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлтээ шүүхэд тайлбарлуулсан удаан хугацаанд өвдөөд одоо хагалгааны дараа гайгүй тэнхрэх байх, 14 хоногийн хугацаа өгөөч, хэрэв өөрөө биечлэн оролцох боломжгүй бол бичгийн тайлбараа гаргаад хэргээ шийдвэрлүүлье, 2018 оноос хууль шүүхийн ажиллагаанд орж, хэргээ шийдүүлэх гэж, итгэж өдий хүрсэн учраа ч тайлбарлуулсан. Манай өмгөөлөгч миний хүсэлтийг маш дэлгэрэнгүй тайлбарлаж, миний хүсэлт яригдсан, мөн өмгөөлөгч хүсэлтээ бичгээр гаргасан.
Миний хувьд энэ компанийн маргаанд хамаарах бүх үйл ажиллагаанд оролцсон, өөрийн гар бие оролцон энэ ажлыг гүйцэтгэж байсан, энэхүү чулуу бүтээгдэхүүнийг эхнээс хэрхэн бич болсон талаар, хариуцагч компани нь өөр бусдыг ажлуулж, хэрхэн бусдад зарж худалдаж ашиг орлого олж байсан болон ******* ХХК-тай хамтарч чулууны хэмжээг тогтоох ажиллагааг хийж байсан, чулууны төлөв ангилал, үнэ өртгийг хэрхэн тайлбарлах зэргийг мэдэж байгаа учраас шүүхэд тодорхой болгож тайлбарлах байсан.
Нэхэмжлэгчээс талаас хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үнийг тодорхой болгох боломжийг зөвхөн бүтээгдэхүүнийг ******* ХХК-д болон бусдад худалдсан санхүүгийн баримтаар шүүхэд тодорхойлох зорилгоор хүсэлт гаргаж байсан ба эдгээр баримтуудыг танилцаж дүгнэлт хийснээр чулууны хэмжээ, өртөг үнэ зэрэг тодорхой болох байсан.
Гэтэл ******* олон жил хийж бүтээсэн үйл ажиллагааныхаа үр шимийг ямар үйл ажиллагааг бодитоор эрхэлдэггүй, цүнхний компани болох ******* ХХК-ийн нэрээр манай хийж бүтээсэн бүтээгдэхүүнийг авч ашиглаж байгааг хууль шүүхийн байгууллагаар шийдүүлэх гэж 2018 оны 08 сараас хойш хүлээсэн байхад шүүх хуурамч баримт өгсөн гэж дүгнэн, шүүхэд тайлбараа гаргаж оролцох боломжгүй болгосонд гомдолтой байна.
Хэрэгт шинээр орж ирж байгаа баримтыг ******* дүгнэж, тооцоог гаргах байсан боловч эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ албан ёсны 2 эмнэлгийн баримтаа өгсөөр байхад баримтыг яаж хуурамч баримт гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.
Шүүгч шийдвэртээ ******* ХХК-ийн олон шударга бус үйлдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар арга хэмжээ авсан байхад ч шүүхийг үл тоож, бүгдийг нь зарж борлуулж байхад, цагдаа, шүүхийн шийдвэрийн ажиллагааны талаар нэг ч дүгнэлт хийхгүйгээр шийдсэн байдаг.
Шүүхээр хамгаалуулж, шүүгчийн захирамж гаргуулаад ч тэд шүүгчийн захирамжийг зөрчиж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас цагдаагийн байгууллагад хандаж байсан асуудал нь хэрэгт хамааралгүй гэж шүүгч үзэж байгаад гомдолтой байна.
Иймд үндэслэлгүй бодит бус дүгнэлт хийж, намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэн оролцох эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, бүх үйл баримтыг мэдэх намайг оролцох боломжийг олгож, шинээр ирсэн баримтуудад үндэслэн шаардлага чулууны хэмжээ тодорхой болгох боломжийг олгож мөн, нөхөн сэргээлтийн тухай бодитой тайлбар гарган оролцох боломжийг олгож өгнө үү гэжээ.
8. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
8.1. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ирүүлсэн эмнэлгийн магадалгаа нь хууль зүйн талаар нотлох баримтын шаардлагыг хангахгүй байсан. Тухайн магадлагаанд эмчийн гарын үсэг зурагдаагүй байсан тул хууль ёсны нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь тухайн өдөр шүүх хуралдаан давхцаж байна, амжих юм бол очно гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбар гаргасан. Уг баримтуудыг үндэслээд анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* өөрийн биеэр ирсэн учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд саад болохгүй гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлье гэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
8.2. Анхан шатны шүүх хуралдаан 2024 оны 06 сарын 20-ны өдөр зарлагдаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өмгөөлөгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэ хэрэгт орж байгаа ба би өмгөөлөгч авна, өмгөөлөгчөөр оролцох эрхээр хангаж өгнө үү гэж анхан шатны шүүх хуралдаан болохоос 8 сар орчмын өмнө энэ хуралдааныг хойшлуулсан. 8 сарын хугацаанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага тодруулах, бусад холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх хангалттай хугацаа байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Монголын төмөр замын Ухаа худаг Гашуун сухайт чиглэлд шинээр тавигдах төмөр замын суурь бүтцийг бэлтгэх компаниар ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгч ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгч ******* ХХК болсон. ******* ХХК-тай ******* сумын Засаг дарга нь захирамж гаргаад, гэрээ хийсэн. Тухайн гэрээнд ******* ХХК-ийн олборлолт хийх, олборлолтоо хийгээд сумын томилогдсон комисстой бүтэц суурийг хүлээлгэж өгөхөөр захирамж болон гэрээнд ******* ХХК-д үүрэг болгоод зааж өгсөн. ******* ХХК нь тухайн гэрээний дагуу олборлолт хийсэн, хайрга дайрга олборлосон талбайд нөхөн сэргээлт хийх үүрэгтэй.
******* ХХК нь тухайн гэрээг түр хугацаатай хэзээ ч дуусгавар болж магадгүй гэдгээ мэдэж байсан. Яагаад гэвэл ******* ХХК-тай ******* сумын Засаг даргын хийсэн гэрээнд Засгийн газраас түр журам гарах хүртэл та нартай гэрээ байгуулсан, түр журам гарах юм бол энэхүү үйл ажиллагаа дуусгавар болно гэдгийг Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээнд тодорхой заасан. ******* ХХК нь анхнаасаа хайрга дайрга олборлох энэ ажиллагаанд туслан гүйцэтгэгчээр оролцоод, энэ гэрээ нь түр хугацаатай, Засгийн газраас журам батлагдахаар энэ үйлдэл дуусгавар болно гэдгийг мэдэж байсан.
Засгийн газраас 2014 оны 07 сарын 09-ний өдөр 222 дугаартай журам гарсан ба энэ журмаар ******* ХХК-ийн тухайн ******* сумын ******* гэх газраас хайрга, дайрга олборлох эрх нь дуусгавар болсон. Дуусгавар болсон талбай дээр үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг Улсын Дээд шүүх 2016 онд 00658 дугаартай тогтоолоор баталгаажуулаад тухайн талбайг чөлөөлөхийг ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.
Өнөөдрийн Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиараа нэгэнт шүүхээр хэргийн нөхцөл байдлыг тогтоосон хэргийн үйл баримтыг дахиад шүүх дүгнэхгүй гэсэн хуулийн заалттай. ******* ХХК нь 2017 оны 03 сараас 10 сар хүртэлх хугацаанд ******* ХХК-ийн ашиглалтын лицензтэй талбайд хайрга олборлож, нийтдээ 160,000 м.куб орчим балластик чулуугаа гаргаж авсан. 20 тонн машинаар 8,000 орчим машин хайрга чулуу нийлүүлсэн. ******* ХХК нь 160,000 м.куб орчим хайрга олборлоод тэрнийхээ төлбөрт ******* ХХК-аас 4,115,055,334 төгрөг авсан гэдэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. ******* ХХК-аас шүүхэд гаргаж өгсөн албан бичиг, тодорхойлолт байгаа. 2014 оны 07 сарын 09-ний өдөр Засгийн газраас журам гарснаар ******* ХХК нь тухайн компанид хайрга дайрга олборлох, олборлосон хайрга дайрга худалдан борлуулах эрх нь дуусгавар болсон боловч энэ компани нь цааш нь үргэлжлүүлж 7, 8 сард хайрга олборлоод тэрийгээ ******* ХХК-д нийлүүлсэн. Энэ нь ******* ХХК-аас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч ******* танаа гэж ирүүлсэн албан бичигт 2014 онд 07 сард 23,000 м.куб, 08 сард 22,000 м.куб хайрга дайрга нийлүүлсэн гэсэн байсан. ******* ХХК нь тухайн гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулаад ашиг орлого олсон, гэрээ дуусгавар болсон. ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа хайрга дайрга олборлоод байсан гэж төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүхээс ******* ХХК-аас хэдий хэмжээний чулуу олборлосон бэ, юу нэхээд байгаа вэ гэж тодруулсан боловч тэр нь тодорхойгүй чулуу яриад байдаг. Чулууг тусгай техник тоног төхөөрөмжөөр бутлаад жижиглээд тэгж байгаад хайрга болдог. Тухайн ******* гэх газраас хайрга дайрга биелшгүй байж байдаг, байгалийн өвөрмөц газар. Тэнд байгаа чулууг гаргаад тавьсан гэж байгаа, тэрийг тусгай техник хэрэгслээр бутлаад, дараагийн хөрөнгө болох асуудал бол ******* ХХК-ийн хийгдэж байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байна чулуу гаргаад олборлосон байсан, тэрийг бутлаад, жижиглээд, төмөр замд ашиглах ажиллагааг ******* ХХК нь хийсэн. Нэгэнт үйл ажиллагаа нь зогссон, гэрээ нь дуусгавар болсон компани тухайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компанийн хайрга дайргыг авсан гэж мөнгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. ******* сумын Засаг даргатай хийсэн гэрээний дагуу тухайн газарт нөхөн сэргээлтийг хийх үүрэг нь бол ******* ХХК-д байгаа. Энэ компани бол 168,000 м.куб хайрга олборлоод 4,000,000,000 төгрөгийн орлого олсон компани юм гэжээ.
9. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* аймгийн ******* сумын нутаг, ******* гэх газарт орших, ******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх ******* ХХК-д үүссэн болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрөл бүхий ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг орших ******* гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Уг нэхэмжлэлийн үндэслэлээ ... гэрээний дагуу 2014 оны 03 сарын 14-ний өдрөөс 2014 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд олборлон, боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон тул өмчлөх эрхтэй, ...хариуцагч компанийн зүгээс бусадтай хамтран уг талбай дээрх боловсруулж бэлэн болсон болон боловсруулахад бэлтгэж, өртөг шингэсэн чулууг бүгдийг авч ашиглан, бусдад зарж борлуулж дуусгасан., ...мөн хөрс хуулалтаас гарсан шимт хөрсийг тусдаа овоолго болгон бэлтгэж, нөхөн сэргээлтдээ ашиглахаар бэлтгэж байсан ба ... нөхөн сэргээхэд ашигладаг шороог хариуцагч ******* ХХК үгүй хийж, нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгэхэд хүндрэлтэй болгосон, манай компанийн хувьд үйл ажиллагаагаа дуусгаж чадалгүй, их хэмжээний өртөг шингээж бэлтгэсэн чулуугаа авч чадаагүй, бусдад булаалгасан тул байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцах үндэслэлгүй тул уг талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл бүхий ******* ХХК нь нөхөн сэргээлтийг хариуцан гүйцэтгэх ёстой гэсэн агуулгаар тайлбарласан байна.
3. Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь 2014 оны 03 сарын 13-ны өдрөөс 2014 оны 07 сарын 09-ний өдрийн хугацаанд л тухайн талбай дээр хайрга олборлох эрхтэй байсан тул ******* ХХК-ийн ашиглалтын лицензтэй талбайд байгаа овоолго чулуу /хайрга дайрга/ нь хууль ёсны дагуу ******* ХХК-ийн өмч, ...түр гэрээ нь дуусгавар болсноос хойш ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий газарт нэхэмжлэгч нь чулуу боловсруулах ажиллагаагаа зогсоогоогүй, 2014 оны 10 сарыг хүртэл үргэлжлүүлсэн. 2014 оны 7 болон 8 дугаар саруудад 23,635 м.куб балластик чулууг хууль бусаар олборлосон бөгөөд нийт 1,239,561,210 төгрөгийн борлуулалт хийсэн..., ...******* ХХК-ийн үйл ажиллагаа 2014 оны 07 сарын 09-ний өдөр дууссан бөгөөд манай газар дээр нөхөн сэргээлт хийж сумын Засаг даргад хүлээлгэн өгөх үүргийн гүйцэтгэлийн хугацаа болсон..., ...олборлолт хийсэн гэх агуулгаар тайлбарлан, ******* аймгийн ******* сумын ******* багийн нутагт орших ******* гэх газарт нөхөн сэргээлт хийхийг даалгаж, хууль бусаар олборлосон 23,635 м.куб балластик чулууны үнэ 118,175,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжилж, талууд маргажээ.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
4.1. ******* ХХК, ******* аймгийн ******* сумын Засаг дарга ******* нар 2024 оны 03 сарын 13-ны өдөр 001 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээг 2014 оны 03 сарын 13-ны өдрөөс Засгийн газраас тусгай журам гартал түр хугацаатай байгуулж, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглагдах балластикийн чулуу олборлох, боловсруулах ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал /порпират/ ашиглах, төлбөр төлөлт, стандартын дагуу нөхөн сэргээлт хийх, 1 м.куб порпират /төмөр замын хайргын чулуулаг/-ыг 1025 төгрөгөөр тооцох, нийт 223,087 м.куб балластик чулуу авч ашиглах, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг ******* сумын төсвийн тоот дансанд төвлөрүүлэх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон. /1хх-23-25/
4.2. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 сарын 09-ний өдрийн 222 дугаартай тогтоолоор Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай, ашигт малтмалыг хайх, ашиглах журам баталснаар ******* ХХК болон ******* аймгийн ******* сумын Засаг дарга нарын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон. /1хх-8-12/
4.3. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/00715 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 001/ХТ2016/00658 дугаартай тогтоолоор ******* ХХК-ийн эзэмшлийн ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий ******* аймгийн ******* сумын нутаг, ******* нэртэй газарт байрлах 16,028.97 гектар талбайг хариуцагч ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, тухайн газарт олборлолт, үйл ажиллагаа явуулах зэрэг хууль бус үйлдэл явуулахгүй байхыг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. /1хх-13-19/
4.4. ******* аймгийн ******* сумын нутаг, ******* багийн нутагт орших, ******* гэх газар нь Хайгуулын *******, Ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрөл бүхий ******* ХХК-ийн эзэмшлийн газар болохыг хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын тосны газрын 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 1/2090 дугаартай албан бичиг, түүний хавсралт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн тогтоосон. /4хх-128-250, 5хх-1-120/ Дээрх үйл баримтад талууд маргаангүй.
5. Анхан шатны шүүх, ...нэхэмжлэгч хариуцагчийг ямар эрх зүйн харилцаанаас үүссэн, ямар үүргээ зөрчсөн гэж үзэн, ...хариуцагчаас ямар эрх зүйн үр дагавар хүссэн, хэрхэн биелэгдэх боломжтой зэрэг нь тодорхойгүй,... гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.
5.1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...******* аймгийн ******* сумын Засаг даргатай 2014 оны 03 сарын 13-ны өдөр байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ажиллуулах тухай түр гэрээний дагуу 2014 оны 03 сарын 13-ны өдрөөс мөн оны 07 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын нутаг, ******* нэртэй газарт зөвшөөрөгдсөн байршилд кемп болон бутлуур байрлуулж чулуу олборлох үйл ажиллагаа буюу чулууг газрын хөрснөөс тэсэлгээ хийж ил гаргаж ирэх, уг чулуугаа боловсруулж, бутлах шигших, зөөвөрлөх замаар бэлтгэл овоолго үүсгэх зэрэг үйл ажиллагааг явуулсны эцэст олборлон үйлдвэрлэлийн аргаар боловсруулсны үр дүнд байгалийн шинж чанараа алдсан учир Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны үйл ажиллагааны үр дүнд бий болсон үр шимээ хүртэх эрхтэй... гэх тайлбарыг нэхэмжлэлийн шаардлага бус, харин түүний үндэслэл гэж үзэхээр байна.
Учир нь, Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юм болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно.
Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн зүгээс бусадтай хамтран уг талбай дээрх боловсруулж бэлэн болсон болон боловсруулахад бэлтгэж, өртөг шингэсэн чулууг бүгдийг авч ашиглан, бусдад зарж борлуулж дуусгасан. гэж тайлбарласан. Үүнээс үзвэл, өмчлөгчөөр тогтоолгох гэж буй хөрөнгө нь хариуцагч талын эзэмшилд биет байдалтай байхгүй тул өртөг шингээж олборлосон болон боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл хуулийн үндэслэлгүй.
Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэгт Эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлогыг тухайн эрхийн үр шим гэнэ. гэж, мөн зүйлийн 88.3 дахь хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 03 сарын 13-ны өдрийн А/61 дугаартай захирамжаар олгосон зөвшөөрөл, мөн өдрийн 001 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ажиллуулах тухай түр гэрээ-ний дагуу тус өдрөөс гэрээний хугацаа дууссан 2014 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын нутаг, ******* нэртэй газарт зөвшөөрөгдсөн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох эрхийг зориулалтын дагуу ашигласан гэж үзнэ.
5.2. Нэхэмжлэгч нь ... хариуцагч компанийн зүгээс бусадтай хамтран уг талбай дээрх боловсруулж бэлэн болсон болон боловсруулахад бэлтгэж, өртөг шингэсэн чулууг бүгдийг авч ашиглан, бусдад зарж борлуулж дуусгасан зэрэг шударга бус үйлдлүүд гаргасан гэж тайлбарлаж байна. Энэ тохиолдолд дээрх үйлдэлтэй холбогдон талуудын хооронд иргэний эрх зүйн ямар харилцаа үүссэн, нэхэмжлэгчийн эрх хэрхэн, ямар хэлбэрээр зөрчигдсөн, эрх зүйн ямар хамгаалалтын арга хэмжээ шаардаж байгаа нь тодорхой байх ёстой.
5.3. Нэхэмжлэгч нь эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэн, уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ зөв тодорхойлж, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүлээсэн.
Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч ******* ХХК нь 2018 оны 08 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд тус иргэний хэргийг анхан шатны журмаар нийт 2 удаа, давж заалдах шатны журмаар 2 удаа, хяналтын шатны журмаар 1 удаа тус тус хянан шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 2148 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин явуулж, хэргийг 2025 оны 03 сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 191/ШШ2025/02451 дугаартай шийдвэр гаргасан байна. /3хх-114-117, 6хх-1-18/
Дээрх хугацаанд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодруулж, түүнтэй холбоотой баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах боломжоор хангаагүй, нотлох баримт бүрдүүлэх эрхээр хангаагүй, шүүх хоорондоо зөрчилтэй, агуулгын хувьд эсрэг утгатай дүгнэлт хийсэн, маргаантай үйл баримтад дүгнэлт хийх үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг үнэлээгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.
5.4. Харин шүүх талуудын маргаанд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсгийн зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
6. Нэхэмжлэгч нь нөхөн сэргээлт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөрс хуулалтаас гарсан шимт хөрсийг тусдаа овоолго болгон бэлтгэж, нөхөн сэргээлтдээ ашиглахаар бэлтгэж байсан шороог ******* ХХК үгүй хийж, нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгэхэд хүндрэлтэй болгосон. Манай компанийн хувьд үйл ажиллагаагаа дуусгаж чадалгүй, их хэмжээний өртөг шингээж бэлтгэсэн чулуугаа авч чадаагүй, бусдад булаалгасан тул байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцах үндэслэлгүй, ...******* ХХК нь нөхөн сэргээлтийг хариуцан гүйцэтгэх ёстой гэж үзэж байгаа тул ******* аймгийн ******* сумын нутаг, ******* гэх газарт нөхөн сэргээлт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
6.1. ******* ХХК, ******* аймгийн ******* сумын Засаг дарга ******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 03 сарын 13-ны өдрийн 001 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээний 4.3-т Нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэн өгөх, 4.5-д Байгалийн баялгийг ашиглах нөхөн сэргээх болон үйлдвэрлэлийн ажил явуулахдаа байгаль орчинд болон нутгийн байгалийн унаган байдал, ард иргэдийн ахуй амьдралд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх үүргийг тус тус нэхэмжлэгч ******* ХХК нь хүлээсэн байна. /1хх-23-25/
6.2. Мөн хэрэгт хөрс хуулалтаас гарсан шимт хөрсийг тусдаа овоолго болгон бэлтгэж, нөхөн сэргээлтдээ ашиглахаар бэлтгэж байсан шороог ******* ХХК үгүй хийснээс нөхөн сэргээлтийг хийх боломжгүй болсон гэх үйл баримтыг нотолсон баримт авагдаагүй байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Харин анхан шатны шүүх, ******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрөл бүхий ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг орших ******* гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийг даалгах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн, мөн маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ гэж заасан.
Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* аймгийн ******* сумын Засаг даргатай байгуулсан 2014 оны 03 сарын 13-ны өдрийн 001 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээний дагуу нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байх тул уг үүргээ гүйцэтгэхийг хариуцагч ******* ХХК шаардах эрхгүй байна. /1хх-23-25/
Дээрх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
8. Хариуцагч нь түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээ дуусгавар болсон үеэс хойш их хугацаанд нэхэмжлэгч ******* ХХК талбай дээр үйл ажиллагаа явуулж, олборлосон чулууг бусдад худалдсан гэх үндэслэлээр 118,175,000 төгрөг нэхэмжлэгч ******* ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн байна.
3 дахь хавтаст хэргийн 23-24 дүгээр талд ******* ХХК-ийн 2020 оны 06 сарын 09-ний өдрийн 02/193 дугаар албан бичиг нотлох баримтаар авагдсан бөгөөд тус албан бичигт ...гэрээгээр ******* ХХК нь 2014 оны 03 сараас 08 сарын хооронд 90,231 м.куб балластын материал бэлтгэн, уг төслийн ерөнхий гүйцэтгэгч *******ХХК-д хүлээлгэн өгсөн. Ерөнхий гүйцэтгэгчээс баталгаажуулсан тоо хэмжээ болох 78,462 м.куб балластын төлбөрт 4,115,055,331 төгрөгийн тооцоо үүсэж, хавсралт тооцооны дагуу төлж барагдуулсан байна гэж дурдаж, хавсралтаар ******* ХХК-ийн 2014 оны 3-8 сарын бэлтгэсэн балластикийн чулууны баталгаажсан тоо, хэмжээ гэх мэдээллийг хүснэгтлэн гаргажээ. /3хх-23-24/
Анхан шатны шүүх, дээрх нотлох баримтыг үндэслэн, нэхэмжлэгч ******* ХХК-ийг гэрээний үүрэг дуусгавар болсон цаг хугацаанаас хойш 23,635 м.куб хэмжээний чулууг хариуцагч ******* ХХК-ийн эзэмшлийн талбай бүхий газраас боловсруулан нийлүүлсэн гэж шууд эргэлзээгүйгээр дүгнэх баримт биш гэж дүгнээд, тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагч тал шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн дүгнэлт хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
9. Нэхэмжлэгч тал шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулга авахуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхгүй.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* ХХК нь *******, ******* нарт компанийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг итгэмжлэлээр олгожээ. /3хх-194, 4хх-92/
Шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт бүрэн мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч байгууллага нь хуулийн этгээд учраас шүүх хуралдаанд оролцох эрхийг хангасан тохиолдолд ямар этгээдийг оролцуулахыг өөрөө тодорхойлж бэлтгэлээ хангаж, шүүх хуралдаанд оролцох үүрэгтэй.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хувьд эрүүл мэндийн шалтгаантай байдал хэргийн баримтаар тогтоогдсон. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүйн гадна итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өмгөөлөгч ******* захиргааны шүүхэд шүүх хуралдаан давхацсан гэх тайлбар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм. /5хх-247-249/
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/02451 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 88 дугаар зүйлийн 88.3 дахь гэснийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох ******* аймгийн ******* сумын ******* багийн нутагт орших ******* гэх газарт нөхөн сэргээлт хийхийг даалгаж, хууль бусаар олборлосон 23,635 м.куб балластик чулуун үнэ 118,175,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтын үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай. гэснийг үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Ч.ЦЭНД