Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/251

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Г.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-т холбогдох эрүүгийн 1938003430278 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.С.

Шүүгдэгч Г.С- нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвд байрлах иргэн Л.Ш-ийн эзэмшлийн “Далай баян” дэлгүүрт үйлчлүүлэхээр орохдоо дэлгүүрт байсан хяналтын камерын бичлэг хадгалах төхөөрөмжийг хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Г.С- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвд байрлах иргэн Л.Ш-ийн эзэмшлийн “Далай баян” дэлгүүрт үйлчлүүлэхээр орохдоо дэлгүүрт байсан хяналтын камерын бичлэг хадгалах төхөөрөмжийг хулгайлан 380.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

- Хохирогч Л.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2019 оны 04 сарын 29-ний өдөр “Далай баян” нэртэй дэлгүүрээ өглөө 08 цаг 30 минутын үед нээгээд байж байтал манай дэлгүүрийн камерын бичлэг харагддаг дэлгэц асахгүй байхаар нь масалчихсан юм байх даа гэж бодоод тоогоогүй. Ингээд худалдаагаа хийгээд бараагаа цэгцлээд өдөр тийшээ камерын дэлгэц асахгүй байхаар нь лавлаад хартал хяналтын камерын бичлэг хийх төхөөрөмж болох станц нь алга болсон байсан. Би дэлгүүрээ нээхэд хаалга болон цоож нь эвдрэл гэмтэлгүй байсан. Цонх хагараагүй зүгээр байсан. ...Би гомдолгүй, станцаа буцаагаад авсан. Надаас уучлалт гуйсан. Би хохирлоо барагдуулж авсан тул эвлэрлийн гэрээ хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14, 15-16 дугаар хуудас/,

- Хулгайд алдагдсан гэх хяналтын камерын бичлэг хадгалах төхөөрөмжийг 380.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 29 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би орой 19 цагийн орчим талх авах гээд дэлгүүр рүү ортол дэлгүүрийн худалдагч эгч байхгүй байхаар нь нэг хэсэг хүлээгээд орж ирэхгүй болохоор нь дэлгүүрийн хяналтын камерын станцийг залгуураар салгаж аваад гарсан. Дэлгүүрээс өөр ямар нэгэн эд зүйл аваагүй. Тэгээд хулгайлсан станцаа гэртээ аваачиж нууж байлгаж байгаад хэд хоногийн дараа Мөрөн рүү станцаа аваад сум хоорондын машинд суух гэж байгаад хэсгийн төлөөлөгчид баригдсан. Миний хувьд хохирлоо бүрэн барагдуулсан станцаа бүрэн бүтнээр нь төлөөд өгчихсөн. ...Тэр үед манай хонхны баяр болох гээд мөнгө хэрэг болоод ийм хэрэг хийчихсэн юм. Камерын хяналтын станцыг үнэтэй гэж сонсож байсан болохоор үнэ хүрчих байх гэж бодоод авчихсан. ... Би дэлгүүр рүү талх авах зорилгоор л орсон. Анх дэлгүүр рүү ороход хулгай хийе гэсэн ямар нэгэн санаа бодол байгаагүй. Би дэлгүүр дотор худалдагчийг хүлээж 5 орчим минут зогссон. Тэгээд орж ирэхгүй болохоор нь камерын станцыг аваад гарчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 53 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Гэрч П.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Г.С-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Г.С- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Г.С- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвд байрлах иргэн Л.Ш-ийн эзэмшлийн “Далай баян” дэлгүүрт үйлчлүүлэхээр орохдоо дэлгүүрт байсан хяналтын камерын бичлэг хадгалах төхөөрөмжийг хулгайлан 380.000 төгрөгийн хохирол учруулж  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-8 дугаар хуудас/, хохирогч Л.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-14, 15-16 дугаар хуудас/, хулгайд алдагдсан гэх хяналтын камерын бичлэг хадгалах төхөөрөмжийг 380.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 29 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...Тэр үед манай хонхны баяр болох гээд мөнгө хэрэг болоод ийм хэрэг хийчихсэн юм.” /хх-ийн 53/ гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилготой, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Г.С- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвд байрлах иргэн Л.Ш-ийн эзэмшлийн “Далай баян” дэлгүүрт үйлчлүүлэхээр орохдоо дэлгүүрт байсан хяналтын камерын бичлэг хадгалах төхөөрөмжийг хулгайлж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч Г.С-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 380.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Л.Ш-, шүүгдэгч Г.С- нар нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “...С- нь манай дэлгүүрээс хулгайлж авсан хяналтын камерын бичих төхөөрөмжийг надад буцаан өгсөн. Одоо надад гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 42/ байгуулсан байх тул шүүгдэгч Г.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон

баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Г.С- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.С-т “2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Г.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд “архи, согтууруулах ундаа хэрэглэхийн хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.С-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Г.С-т тэнссэн хугацаанд “архи, согтууруулах ундаа хэрэглэхийн хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С- нь дахин гэмт хэрэг үйлдсэн, тэнссэн шийдвэрийг зөрчсөн тохиолдолд албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Г.С-т тэнссэн хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Г.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЗЖАРГАЛ