Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 338

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

С.Ариунаа, Б.Галбадрах, Д.Эрдэнэдалай нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Солонго,

хохирогч Д.Өнөржаргалын өмгөөлөгч Ц.Алтанзаяа,

яллагдагч С.Ариунаа,

яллагдагч Б.Галбадрахын өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,        

                                                                                                                                                                            

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишигийн гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 7ы өдрийн 360 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5/20 дугаар прокурорын эсэргүүцлээр эрүүгийн 201202011106 дугаартай С.Ариунаа, Б.Галбадрах, Д.Эрдэнэдалай нарт холбогдох хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8ы өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Бэсүд овогт Сандагийн Ариунаа, 1978 оны 1 дүгээр сарын 1-нд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 10-142 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ДА78010103/;

 

2. Арван хоёр зузааныхан овогт Бямбадоржийн Галбадрах, 1976 оны 3 дугаар сарын 21-нд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 10-142 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ДЮ76032114/;

3. Хатагин овогт Даваагийн Эрдэнэдалай, 1958 оны 2 дугаар сарын 19-нд төрсөн, 59 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Гандандаржаалан дацан хийдэд гэсгүй лам ажилтай байсан, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 11 дүгээр байрны 70 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЦГ58021913/;

 

С.Ариунаа, Б.Галбадрах нар нь Б.Эрдэнэдалайтай бүлэглэн давтан үйлдлээр 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Д.Өнөржаргалын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны замын 404 дүгээр байрны 65 тоот 3 өрөө 82.05 мкв талбайтай байрыг автомашины зогсоолын хамт түрээслэн амьдарч байхдаа "бусдад үзүүлэх шаардлагатай байна" гэж итгүүлэн 000070899 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуулбарлан авч гэрчилгээг гээгдүүлсэн гэж 2011 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлж, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж хохирогч Д.Өнөржаргалд 137,000,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Нарны зам 404 дүгээр байрны 65 тоот орон сууцыг зогсоолын хамт Д.Эрдэнэдалайгийн өмчлөлийн орон сууц мэтээр итгүүлэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж хохирогч Л.Нямсүрэн, Д.Өлзийсайхан нарт худалдаж 137,000,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

С.Ариунаа, Б.Галбадрах нар нь бүлэглэн “үхрийн фермертэй түүнийгээ өргөжүүлэхээр жижиг дунд үйлдвэрийн 100,000,000 төгрөгийн зээл авсан 50,000,000 төгрөгийг зээлүүлье, ХААЯамнаас албан бичиг өгсөн” гэж бичиг үзүүлж, үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй байна гэж итгүүлэн 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.Оюунчимэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 хороо 11 дүгээр хорооллын 9 байрны 0 тоот байрыг банкны барьцаанаас чөлөөлж, өөрийн нэр дээр шилжүүлэн байрны өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч 19,500,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн улмаас бусдад нийт 156,500,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.Ариунаа, Б.Галбадрах, Д.Эрдэнэдалай нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд хаана, яаж үйлдсэн бусад байдал/, 80.1.2 дахь хэсэгт “уг гэмт хэргийг хэн үйлдсэн”, 80.1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”, 80.1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ” гэж тус тус заасны дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 119 дүгээр магадлалд заасан хэргийн нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна.

Мөн Ж.Амарсайхан, Н.Батсүх, Э.Дамдинсүрэн, О.Шижиртуяа нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 1551.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул ял сонсгож, яллагдагчаар татаж, холбогдуулан шалгаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч Н.Батсүх, Э.Дамдинсүрэн, О.Шижиртуяа, уг газрын дарга асан Ж.Амарсайхан нарын үйлдлийн улмаас учирсан хохирлын талаар нарийвчлан баримтаар тогтоож, хэрхэх талаар шалгаж, тогтоох шаардлагатай байна.

Иймд 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 119 дүгээр магадлалд заагдсан ажиллагааг бүрэн шалгаж тогтоох, мөн яллагдагч С.Ариунаа, Б.Галбадрах нарын өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хүсэлтүүдийг нарийвчлан шалгаж тогтоосны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ариунаа, Б.Галбадрах. Д.Эрдэнэдалай нарт холбогдох эрүүгийн 201202011106 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, С.Ариунаа, Б.Галбадрах, Д.Эрдэнэдалай нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хавтаст хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 119 дүгээр магадлалд

1. С.Ариунаа нарын Д.Өлзийсайхан, Л.Нямсүрэн нарт байр худалдсан гэх үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаж тогтоосны эцэст Д.Өлзийсайхан, Л.Нямсүрэн нар хохирогч уу, иргэний нэхэмжлэгч үү гэдгийг тогтоох.

Мөрдөн байцаалтаар яллагдагч С.Ариунаа, Б.Галбадрах, Д.Эрдэнэдалай нар нь бүлэглэн 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Нарны зам 404 дүгээр байрны 65 тоот орон сууцыг зогсоолын хамт Д.Эрдэнэдалайгийн өмчлөлийн орон сууц мэтээр итгүүлэн Л.Нямсүрэн, Д.Өлзийсайхан нар худалдаж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 137,000,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир Д.Өлзийсайхан, Л.Нямсүрэн нарыг хохирогчоор тогтоож мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч О Шижиртуяа, Э.Дамдинсүрэн, Н.Батсүх, уг газрын дэд дарга асан Ж.Амарсайхан нарын үйлдэл оролцоог нарийвчлан тогтоох шаардлагатай.

Мөрдөн байцаалтаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч О.Шижиртуяа, Э.Дамдинсүрэн, Н.Батсүх, уг газрын дэд дарга асан Ж.Амарсайхан нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 1551.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдсон боловч Эрүүгиин байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдсон тул О.Шижиртуяа, Э.Дамдинсүрэн, Н Батсүх, Ж.Амарсайхан нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

З. С.Оюундалай, Д.Өнөржаргал нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Нарны зам 404 дүгээр байрны 65 тоот орон сууц, зоорийн давхарын 240 тоот зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн гэж дахин гэрчилгээ гаргуулахаар Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандахдаа бичсэн өргөдөл /2-р хх-ийн 10 тал/ мөн уг байрны гэрчилгээг Д.Эрдэнэдалайн нэр рүү шилжүүлэхдээ бичсэн 2011 оны 12 дугаар сарын 22-ны огноотой “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” /4-р хх-ийн 211 тал/, Эрдэнэтолгой гэж Эрдэнэдалайн нэрийг зөрүүтэй бичсэнийг О.Шижиртуяа, Э.Дамдинсүрэн, Н.Батсүх, Ж.Амарсайхан, Д.Өлзийсайхан, Л.Нямсүрэн нар бичсэн эсэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах. Үндэслэл нь, тус тус ажиллагаанд уг нэр заасан О.Шижиртуяа, Э.Дамдинсүрэн, Н.Батсүх, Ж.Амарсайхан, Д.Өлзийсайхан, Л.Нямсүрэн нарын үйлдэл байгаа эсэхийг эцэслэн тогтооход болон С.Ариунаагийн мэдүүлгийн эх сурвалжийн үнэн эсэхийг шалгахад ач холбогдолтой.

С.Оюундалай, Д.Өнөржаргал нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Нарны зам 404 дүгээр байрны 65 тоот орон сууц, зоорийн давхарын 240 тоот зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн гэж дахин гэрчилгээ гаргуулахаар Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандахдаа бичсэн өргөдөл /2-р хх-ийн 10 тал/ мөн уг байрны гэрчилгээг Д.Эрдэнэдалайн нэр рүү шилжүүлэхдээ бичсэн 2011 оны 12 дугаар сарын 22-ны огноотой “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” /4-р хх-ийн 211 тал/, Эрдэнэтолгой гэж Эрдэнэдалайн нэрийг зөрүүтэй бичсэнийг О.Шижиртуяа, Э.Дамдинсүрэн, Н.Батсүх. Ж.Амарсайхан, Д.Өлзийсайхан, Л.Нямсүрэн нарын бичгийн хэвийн загвартай харьцуулах шинжилгээнд хүргүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч уг нэр заасан О.Шижиртуяа, Э.Дамдинсүрэн, Н.Батсүх, Ж.Амарсайхан, Д.Өлзийсайхан, Л.Нямсүрэн нарын бичгийн хэвийн загвартай тохирохгүй гэсэн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа болно.

4. Л Төмөрчөдөрийн автомашин зарсан үйлдлийн хугацааг нарийвчлан баримтаар тогтоох, улмаар түүнийг С.Ариунаа, Б.Галбадрах, Д.Эрдэнэдалай нарын залилан мэхлэх гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг нарийвчлан шалгах.

Л.Төмөрчөдөр нь С.Ариунаад автомашин зарсан үйлдлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст шалгаж, Баянгол дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн тогтоолоор тогтоогдож байгаа болно.

5. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр Д.Эрдэнэдалайг яллагдагчаар татсан өөр эрүүгийн хэрэг байгаа талаар Д.Эрдэнэдалайг яллагдагчаар татсан тогтоолыг шүүхэд түүний өмгөөлөгч гарган өгч байх тул уг хэргийг С.Ариунаа, Б.Галбадрах, Д.Эрдэнэдалай нарт холбогдох 201201021106 дугаартай хэрэгтэй нэгтгэн нэг мөр шийдвэрлэх.

Баянгол дүүрэг дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар үүсгэсэн Д.Эрдэнэдалайд холбогдох эрүүгийн 201526020453 дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн 201201021106 дугаартай хэрэгт нэгтгэн, хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан болно. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна.

Н.Батсүх, Э.Дамдинсүрэн, О Шижиртуяа нар нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрхийн улсын бүртгэгчээр, Ж.Амарсайхан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байхдаа буюу 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр С.Оюундалай, Д.Өнөржаргал нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Нарны зам 404 дүгээр байрны 65 тоот орон сууц, зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхдээ илт хууль бус хэлцлийг бүртгэсний улмаас хохирогч Д.Өнөржаргал, Л.Нямсүрэн. Д.Өлзийсайхан нарт 137,000,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Иймд С.Ариунаа, Б.Галбадрах, Д.Эрдэнэдалай нарт холбогдох эрүүгийн хэргийн гэмт хэрэг гарсан байдал, уг гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг хэргийн талаарх нотолгоонууд бүрэн нотлогдсон. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 360 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. С.Ариунаа, Б.Галбадрах, Д.Эрдэнэдалай нарт холбогдох хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогч Д.Өнөржаргалын өмгөөлөгч Ц.Алтанзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.Өнөржаргал орон нутагт байдаг тул хэргийг хурдан шийдвэрлүүлэх нь чухал гэж үзэж байна. ...” гэв.

 

Яллагдагч Б.Галбадрахын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

Яллагдагч С.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ний өдрийн 119 дугаартай магадлалаар заасан нэмэлт мөрдөн байцаалтаар хийвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдээгүй байна. Үүнд:

 

1. С.Ариунаа нарын хэрэгт Д.Өлзийсайхан, Л.Нямсүрэн нарыг хохирогчоор тогтоосон боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөв тогтоогоогүй байна. Д.Өлзийсайхан, Л.Нямсүрэн нарт 137,000,000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Өнөржаргалд 137,000,000 төгрөгийн хохирогч Б.Оюунчимэгт 19,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн атлаа “...бусдад нийт 156,500,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан...” гэсэн нь ойлгомжгүй байна.

 

2. Эд хөрөнгийн бүртгэлийн газрын дэд дарга асан Ж.Амарсайхан нь улсын байцаагчийн эрхтэй байсан эсэх нь хэрэгт тодорхойгүй байхад түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  1551 дүгээр зүйлд заасан гэмт хэргээр шалгасан нь, мөн нэр бүхий улсын бүртгэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1551 дүгээр зүйлийн 1551.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1551 дүгээр зүйлийн 1551.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тус тус ойлгомжгүй байна /11-р хх-ийн 32-39 тал/.

 

3. “С.Оюундалай, Д.Өнөржаргал нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Нарны зам, 404 дүгээр байрны 65 тоот орон сууц, зоорийн давхарын 240 тоот зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн гэж дахин гэрчилгээ гаргуулахаар Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандахдаа бичсэн өргөдөл /2-р хх-ийн 10 тал/...-ийг О.Шижиртуяа, Э.Дамдинсүрэн, Н.Батсүх, Ж.Амарсайхан, Д.Өлзийсайхан, Л.Нямсүрэн нар бичсэн эсэх талаар Шинжээчийн дүгнэлт гаргуулах. Үндэслэл нь, тус тус ажиллагаанд О.Шижиртуяа, Э.Дамдинсүрэн, Н.Батсүх, Ж.Амарсайхан, Д.Өлзийсайхан, Л.Нямсүрэн нарын үйлдэл байгаа эсэхийг эцэслэн тогтооход болон С.Ариунаагийн мэдүүлгийн эх сурвалжийн үнэн эсэхийг шалгахад ач холбогдолтой...” гэсэн байхад энэ талаар ажиллагаа хийгээгүй байна. Энэ өргөдлийн нэмэлт оруулж өөр гараар бичсэн хэсгийг яллагдагч С.Ариунаа бичсэн болох нь түүний өөрийнх нь мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 179 тал/ зэргээр нотлогдож байгаа ч бусад хэсгийг хэн бичсэн болохыг энэ үйлдэлд оролцох боломжтой байсан О.Шижиртуяа, Э.Дамдинсүрэн, Н.Батсүх, Ж.Амарсайхан нар бичсэн эсэхийг тогтоох нь дээр дурдсан ач холбогдолтой гэж шүүх дүгнэсэн.

 

4. Л.Төмөрчөдөрийн автомашин зарсан үйлдлийн хугацааг нотлох баримтаар тогтоох, улмаар түүнийг С.Ариунаа, Б.Галбадрах, Д.Эрдэнэдалай нарын залилан мэхлэх үйлдэлд хамтран оролцсон эсэхийг нарийвчлан шалгах гэснийг биелүүлээгүй байна. Л.Төмөрчөдөрийн үйлдэл холбогдлыг шалгах шаардлагатай талаар дүгнэсэн 2016 оны 2 дугаар сарын 25-ний өдрийн магадлалаас өмнө хэрэгт байсан “...Л.Төмөрчөдөрт холбогдох хэргийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4 дугаартай Прокурорын тогтоол байна...” гэж дүгнээд Л.Төмөрчөдөрийн үйлдлийг сэжигтнээр татах төдийгөөр хязгаарлаж, мөрдөн байцаалт явуулаагүй нь үндэслэлгүй байна. Учир нь, С.Ариунаа болон түүний өмгөөлөгч нар Л.Төмөрчөдөрийн оролцооны талаар /4-р хх-ийн 1, 120 тал, 6-х хх-ийн 103, 107, 115 тал/ мэдүүлсэн ба Ж.Амарсайхан, Л.Төмөрчөдөр нарын танилын талаар С.Ариунаа мэдэх боломжгүй бөгөөд Э.Дамдинсүрэн Ж.Амарсайханы оролцоо байгааг гэрчилдэг.

Түүнчлэн, Л.Төмөрчөдөрийн үйлдэл оролцоог шалгах шаардлагатай талаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын  30-ны өдрийн 107 дугаар шүүхийн тогтоол /4-р  хх-ийн 7 тал/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 141 дугаартай шүүхийн тогтоол /4-р хх-ийн 142 тал/-д зааж байсан байна.

Иймд Л.Төмөрчөдөрийн үйлдэл, оролцоог нарийвчлан шалгаж, зохих нэмэлт ажиллагааг мөрдөн байцаалтаар хийж эцэслэх нь зүйтэй.

 

Мөн С.Ариунаа, Б.Галбадрах, Д.Эрдэнэдалай нарын бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдлээрээ бүлэглэсэн, эсхүл урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг энэ гэмт хэргийг үйлдсэн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай.

 

Анхан шатны шүүхийн С.Ариунаа, Б.Галбадрах нарын өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хүсэлтүүдийг хэрэг мөрдөн байцаалтад буцаж байгаатай холбоотойгоор нэг мөр шалгаж хэргийг шүүхэд ирүүлэх талаар хийсэн дүгнэлт зөв байна.

 

Давж заалдах шатны шүүх С.Ариунаа, Б.Галбадрах, Д.Эрдэнэдалай нарын бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх хангалттай нотлох баримт бүрдүүлээгүй байна гэж дүгнээд, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 360 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5/20 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Л.ДАВААСҮРЭН

 

                      ШҮҮГЧИД                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                  Д.ОЧМАНДАХ