Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 21

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж, 

 

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Аранжин овгийн Өлзийбаярын Тайвансанаагийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох

 

           Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгох, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнийг тогтоож өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Байгаль орчин дэд бүтэц хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчийн үүрэгт ажилд эгүүлэн томилох, эсвэл мэргэжлийн дагуу өмнө ажиллаж байсан орчин нөхцөл, цалин хөлс, зэрэг дэв, шатлал бууруулахгүйгээр өөр ажилд шилжүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Тайвансанаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхзул, хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Ө.Тайвансанаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өлзийбаяр овогтой Тайвансанаа миний бие нь Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч, улсын ахлах байцаагчаар 9 дэх жилдээ ажиллаж байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг зөрчин үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдөж, эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна. 

Миний бие нь уг байгууллагад 8 жил, үүний сүүлийн 4 жилд нь улсын ахлах байцаагчаар ажиллахдаа байгууллагын бодлого, зорилго зорилтыг тодорхойлох дотоод удирдлага зохион байгуулалтын ажлууд ажилчдын нийгмийн асуудал ажиллах орчин нөхцлийг сайжруулах мөн хариуцсан хэлтсийн хяналт шалгалтын төлөвлөлт гүйцэтгэл, тайлагналт, эрсдлийн удирдлагын стратеги, байгууллагын дотоод хяналт, өмч хамгаалах комисс, сургалт сурталчилгаа, улсын байцаагчдыг удирдлага арга зүйгээр хангаж удирдан чиглүүлэх, үнэлж, дүгнэх, байгууллагаа төлөөлөх зэрэг ажлуудыг хариуцан гүйцэтгэн даргын зөвлөлийн гишүүнээр ажилласан билээ. 

Ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйн ашиг сонирхлын сахилга хариуцлагын ямарваа нэгэн алдаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд улирал, жилийн ажлын тайлан, үр дүнгийн үнэлгээгээр тогтмол А, В үнэлэгдэж байсан ба байгууллагын “Шилдэг ажилтан” өргөмжлөл, “Нийслэлийн шилдэг залуу” алтан медаль, Монгол Улсад төрийн хяналт шалгалтын байгууллага үүсэж хөгжсөний 90 жил, МХБ-ын 10 жилийн ойн Хүндэт тэмдэг, Монголын залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль, Баруун-Урт хотын төрийн захиргааны шилдэг ажилтан Цэнхэр алмазын эзэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Жуух бичиг зэрэг шагналуудаар шагнуулж байсан мөн энэ хугацаанд дээд удирдах байгууллагаас хийсэн мониторинг, стандартын улсын үзлэг, улсын байцаагчдын түвшин тогтоох шалгалт, дотоод хяналт шалгалт, мониторингийн үеэр иргэд, ААНБ, байгууллагын албан хаагчдаас авдаг санал, асуулга, судалгаа зэрэгт хамт олноо хошуучлан тогтмол амжилттай сайн үнэлэгдэж байсан мөн албан тушаал дэвшүүлсэн, сэлгэн ажиллуулсан зэрэг нь эрхэлсэн ажилдаа мэргэшсэн, идэвхи санаачлага үр бүтээлтэй үлгэрлэн манлайлан чанар үр дүнтэй ажилласныг илтгэх буйзаа. 

      2016 оны 11 дүгээр сард аймгийн Мэргэжлийн хяналтын газарт дотоод мониторингийн шалгалт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирсэн. Энэ шалгалтаар миний мэргэжил ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамааралгүй гэсэн зөрчил илэрсэн. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас намайг ажлаас чөлөөлж, мэргэжилд тохирох ажлын байраар ханга гэсэн чиглэл өгсөн байдаг.  

    Хяналт шалгалтын танилцуулгаар төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөхийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тэгээд ч тухайн танилцуулга дээр надаас гадна хэд хэдэн хүний нэр байдаг. Гэтэл ганцхан намайг ажлаас чөлөөлсөн. Танилцуулган дээр ажлаас чөлөөлөхөөс гадна тохирох ажлын байраар ханга гэсэн байтал нэг үүргийг нь биелүүлээд нөгөө үүргийг нь биелүүлэхгүй байгааг ойлгохгүй байна. 

    2015 оны 01 дүгээр сард би энэ албан тушаал дээр томилогдсон. Ингэж томилоход миний мэргэжил болон ажлын дадлага туршлага шаардлага хангаж байсан учраас намайг томилсон гэж үзэж байна. Мөн дээр нь Авто замын Улсын ахлах байцаагчийн эрх олгосон байдаг. Улсын ахлах байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга олгодог. Ахлах байцаагчийн эрх олгоход нилээдгүй өндөр шаардлага, шалгуур тавьдаг. Тэдгээр шаардлагыг хангаж байсан учраас улсын ахлах байцаагчийн эрх олгосн гэж бодож байна. Улсын ахлах байцаагчийн олгогдсон энэ эрхээрээ хяналт шалгалтыг хийж нилээдгүй олон захиргааны болон эрх зүйн баримт бичгүүдийг чиг үүргийнхээ дагуу ажиллаж байх хугацаандаа бүрдүүлж байсан. 

      Мэргэжил таарахгүй гэсэн асуудлыг одоо нэгэнт ажиллаж байгаа үед биш анх намайг ажилд ороход тавих ёстой байсан шаардлага гэж үзэж байна. Хэрвээ мэргэжил таарахгүй гэж үзэж байгаа бол мэргэжлийн дагуу ажил, албан тушаалд томилж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй, боломжгүй гэсэн хариу өгсөн. 

      Миний бие нь энэ асуудлаараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдлөөр хандсан ба салбар зөвлөлөөс ирсэн хариу шийдвэрийг биелүүлэхгүй өдийг хүрсэн мөн мэргэжил таарах сул орон тоонд шилжүүлэн томилж өгнө үү гэсэн миний өргөдөлд тухайн сул орон тоонд түр хүн ажиллаж байгаа гэх хууль зөрчсөн үндэслэлгүй шалтагаар боломжгүй гэх хариу өгсөн зэрэг нь намайг чөлөөлсөн буруу шийдвэрээ зарлуулахаас цааргалж миний эрх ашгийг зөрчиж байгаа тул ийнхүү хандаж байна гэжээ. 

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Ингэхдээ “Мэргэжлийн хяналтын газрын даргын маргаан бүхий актыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. 

Урьд нь ажиллаж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилуулах гэсэн шаардлагаа өөрчилж, маргаан бүхий актыг хүчингүй болгосноор хуучин ажиллаж байсан авто замын хяналтын улсын ахлах байцаагчийн эрх нь сэргэнэ гэж үзсэн. 

      Нэхэмжлэгч нь 2009 онд хэмжил зүйн хэлтсийн улсын байцаагчаар томилогдоод, 2009 оны 07 дугаар сард төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байдаг. Төрийн албанд анх ажилд орохдоо холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтанд орж тэнцэн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч болсон тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар энэ хуулийн 25, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах ёстой гэж үзэж байгаа. Гаргасан маргаан бүхий актыг үзэхээр Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь заалт гэсэн заалтуудыг зөрчиж актыг гаргасан байна. 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлж болох үндэслэлүүдийг зааж өгсөн байдаг. Гэвч тэдгээр заалтуудын алинд ч үндэслээгүй байгаа. Зөвхөн мэргэжлийн шаардлага хангахгүй байна гэж ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус байна. Маргаан бүхий акт нь эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн эрх зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв. 

      Хариуцагч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Сарантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

      Тус газрын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Өлзийбаяр овогтой Тайвансанаа нь анх 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хэмжил зүйн хяналтын улсын байцаагчаар томилогдож байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дүгээр тушаалаар тус газрын орлогч даргаар дэвшин томилогдож ажиллаж байсан.

Улмаар 2015 онд Монгол Улсын төсвийн тухай хуулиар албан тушаалын орон тоо буюу тус газрын орлогч даргын орон тоо хасагдсантай холбогдуулан Ө.Тайвансанааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаар тушаалаар орлогч даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. 

Тухайн үед Ө.Тайвансанааг ажлаас чөлөөлөх шийдвэрт “ Ө.Тайвансанаагийн саналд тулгуурлан батлагдсан орон тоонд багтаан урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг 6 сарын хугацаанд бууруулахгүйгээр мэргэжлийн дагуу мэргэжил тохирох ажлын байр байгаагүй тул өөртэй нь зөвшилцөн сул орон тоонд буюу мэргэжилд нь ойролцоо авто замын хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд шилжүүлэн томилсон. 

Харин 2016 оны 11 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус газрын дотоод үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж “Ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй байгаа ажилтнуудыг чөлөөлөхийн зэрэгцээ тухайн ажилтны мэргэжилд тохирох сул орон тоон дээр шилжүүлэн томилох арга хэмжээ авах”-ыг хяналт шалгалтын танилцуулгаар үүрэг болгосон. 

Ө.Тайвансанаагийн нэхэмжлэлд дурдсанчлан тухайн ажилтны ажилласан жил, ажлын үр дүн зэргийг харгалзаж ажлаас чөлөөлөөгүй бөгөөд доорхи үндэслэл, шаардлагаар ажлаас чөлөөлсөн. Үүнд: 

1. Ө.Тайвансанаа нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандартын 5 дугаар зүйлийн 5.1-д заасан тухайн албан тушаалыг эрхлэхэд шаардлагатай боловсролыг эзэмшээгүй. Авто замын хяналтын улсын байцаагч нь зам гүүр, материал техникийн инженерийн мэргэжилтэй байх шаардлагатай байтал Ө.Тайвансанаа нь физикч мэргэжилтэй. 

2. Авто замын хяналтын улсын ахлах байцаагчаар 2015 онд томилогдсоноос хойш буюу мэргэжил тохирохгүй ажлын байранд ажиллаж байх хугацаандаа мэргэжлээ дээшлүүлэх, тухайн албан тушаалыг эрхлэхэд шаардлагатай боловсролыг эзэмших чиглэлээр арга хэмжээ аваагүй.

3. Нэхэмжлэлд тусгагдсан мэргэжил тохирох сул орон тоонд томилж өгөх хүсэлтийг гаргасан боловч тухайн орон тоонд буюу Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын ажлын байранд Ө.Тайвансанааг ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр түр хүн томилогдон ажиллаж байсан.  Мөн Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын орон тоо буюу Ө.Тайвансанаад мэргэжил тохирох орон тоо сул байх хугацаанд Ө.Тайвансанаа нь шилжин томилох хүсэлтийг гаргаж байгаагүй болохыг дурдая. 

4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар албан бичгийн дагуу хэдийгээр Ө.Тайвансанаагийн мэргэжил тохирох орон тоо байхгүй боловч тус байгууллагад байгаа сул орон тоог шилжүүлэн Ө.Тайвансанаад Цөм болон цацрагийн хяналтын улсын байцаагчийн эрх олгуулах хүсэлтийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт уламжилсан боловч өнөөдрийн байдлаар хариу ирүүлээгүй учраас шийдвэр гаргаж чадахгүй цаг хугацааны хувьд удаад байгаа юм. 

 

    Өөртэй нь зөвшилцөе гэхээр Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар би орно гээд байдаг. Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар түр хүн томилуулж ажиллаж байгаа. Сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн хүнийг томилно гэж хэлсэн. Сонгон шалгаруулалт одоог болтол зарлаагүй байгаа. Яагаад зарлаагүй шалтгаан нь улс төрийн нөхцөл байдлын улмаас төрийн албаны салбар зөвлөл зарлагдаагүй байгаа. 

Улсын байцаагчаар ажиллуулая гэсэн санал тавьж байсан. Гэвч Ө.Тайвансанаагийн хувьд би улсын байцаагчаар ажиллахгүй, албан тушаал буурахгүй, ахлах байцаагчаар л ажиллана гэдэг. Ө.Тайвансанааг улсын ахлах байцаагчаар өмнөх дарга нь томилсон байсан. Мэргэжил таарахгүй байгааг яаж тохируулсныг би мэдэхгүй байна. Ерөнхий газраас баримталж байгаа гол шалгуур бол мэргэжлийн хүнийг авч ажиллуулах, дипломын шалгалт хийх хүртэл арга хэмжээ авч байгаа. 

    Зөвхөн улс төрийн шинжтэйгээр ийм шийвдэр гаргаагүй. Танилцуулгад авагдсан хэд хэдэн хүмүүс байсан бүгдэд нь тодорхой шийдвэрүүдийг авч ажилласан. Ажлын байрны шаардлага хангаагүй хүмүүст өөрсдөд нь тохирох арга хэмжээнүүдийг авсан. Ганцхан Ө.Тайвансанаатай ойлголцож чадахгүй өнөөдрийн энэ байдалд хүрсэн гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  

    Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад “Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгох, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнийг тогтоож өмнө хариуцан гүйцэтгэж байсан дэд бүтэц, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга, авто замын хяналтын улсын ахлах байцаагчийн үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлсон.

 

  Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг зөрчин үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдөн эрх, ашиг зөрчигдсөн гэж тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч Ө.Тайвансанаа нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Ажилд томилох тухай” 15 тоот тушаалаар Хэмжил зүйн хяналтын улсын байцаагчаар 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс  томилогдон, 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм.

 

Нэхэмжлэгч Ө.Тайвансанаа нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 90 тоот тушаалаар Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч даргаар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллажээ.

 

Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 тоот тушаалаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулиар албан тушаалын орон тоо, цалингийн сан хасагдсантай холбогдуулан Ө.Тайвансанааг Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын орлогч даргын үүрэгт ажлаас 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс чөлөөлж, Ө.Тайвансанаагийн саналд тулгуурлан батлагдсан орон тоонд багтаан урьд эрхэлж байсан албан тушаалын цалин, хөлсийг 6 сар бууруулахгүйгээр мэргэжлийн дагуу ажлын байраар хангах, эсвэл 6 сарын цалинтай тэнцэх хэмжэний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад зөвшөөрсөн байна.

 

  Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/02 тоот тушаалаар тус газрын дэд бүтэц, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга, авто замын хяналтын улсын ахлах байцаагчаар Ө.Тайвансанааг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс томилж, цалинг 6 сарын хугацаанд бууруулахгүйгээр урьд авч байсан хэмжээгээр олгож, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн цалинг ТЗ-7-4 цалингийн шатлалаар, төрийн албан хаагчийн нэмэгдлийг 5 хувиар тооцож цалинжуулахаар шийдвэрлэжээ.

 

           Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас түүнийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч даргаас чөлөөлөхдөө мэргэжлийн дагуу ажлын байраар хангах үүрэг өгсөнөөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга авто замын хяналтын улсын ахлах байцаагчийн ажилд томилсон байх ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/306 дугаартай “Хяналт шалгалтын танилцуулга”-д  “Илүү орон тоон дээр ажиллаж байгаа болон ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй байгаа ажилтнуудыг чөлөөлөхийн зэрэгцээ тухайн ажилтны мэргэжилд тохирох сул орон тоон дээр шилжүүлэн томилох арга хэмжээ авах” талаар тусгасан байхад нэхэмжлэгч Ө.Тайвансанааг мэргэжил таарахгүй гэж шууд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

    Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 тоот тушаалаар Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь заалт, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандартын 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 01/306 дугаартай Хяналт шалгалтын танилцуулгыг тус тус үндэслэн тус газрын авто замын хяналтын улсын ахлах байцаагч Ө.Тайвансанаа нь тухайн албан тушаалыг эрхлэх мэргэжлийн шаардлагыг хангахгүй байгаа тул 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Үүнийг эс зөвшөөрч Ө.Тайвансанаа нь  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Ө.Тайвансанаагийн тухай” 12 тоот албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийг зөрчсөн байх тул Ө.Тайвансанааг ажлаас чөлөөлсөн 2017 оны Б/07 дугаар тушаалаа хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалтыг хэрэгжүүлж, ажиллахыг үүрэг болгож, Ө.Тайвансанааг мэргэжлийн дагуу өөр албан тушаалд хэрхэн шилжүүлж ажиллуулах талаарх саналаа 2017 оны 03 дугаар сарын 15-ны дотор Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тавьж шийдвэрлүүлэхийг даалгасан боловч  аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Сарантуяа дээд газрын шийдвэрийг биелүүлээгүй байна.

 

Хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” , Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмууд, төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанаас халагдахгүй байх нөхцөл баталгааг зөрчиж, нэхэмжлэгч Ө.Тайвансанааг Төрийн албаны тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 23 дугаар зүйлийн 23.4, 24.1 дэх хэсэгт заасан “төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь чөлөөлөх, төрийн албанаас чөлөөлөгдөх” аль ч үндэслэл бүрдээгүй байхад төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг зохицуулсан хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах асуудлыг зохицуулсан хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-т заасан “мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын улсын байцаагчийг тухайн орон нутаг дахь улсын ахлах байцаагч томилж, чөлөөлнө” гэсэн ерөнхий эрхийг болон, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандартын 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 01/306 дугаар хяналт шалгалтын танилцуулгыг тус тус үндэслэж, хуульд заагаагүй үндэслэлээр түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. 

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нэхэмжлэгч Ө.Тайвансанааг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын ахлах байцаагчийн ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан авто замын хяналтын ахлах байцаагчийн  үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь нэхэмжлэгч Ө.Тайвансанааг үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч  Ө.Тайвансанаад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа буюу 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар 4 сар 15 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4,089.512 төгрөгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу дээрх дүнгээс Ө.Тайвансанаагийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

      1. Төрийн албаны тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Тайвансанаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Тайвансанааг өмнө хариуцан гүйцэтгэж байсан дэд бүтэц, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга, авто замын хяналтын улсын ахлах байцаагчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

      

     2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1- д заасныг баримтлан нэхэмжлэгч  Ө.Тайвансанаад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа буюу 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар 4 сар 15 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4,089.512 /дөрвөн сая наян есөн мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулж нэхэмжлэгч Ө.Тайвансанаад олгож, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нөхөн төлөхийг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгасугай.

      

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70200 төгргөийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Тайвансанаад олгосугай.

    

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

    

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.БАЯРЦОГТ