| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2016/05338/и |
| Дугаар | 898 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 898
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “****” ХХК /
Хариуцагч: **** /РД:
Зээлийн гэрээний үүрэгт 2 250 000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагч ****, нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч **** нь манай “****” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ирж 112001 тоот зээлийн гэрээ байгуулан 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай барьцаагүй зээлсэн, Үүний дараа 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр дахин 112107 тоот гэрээ байгуулан 500 000 төгрөгийг мөн 10 хувийн 1 сарын хугацаатай мөн л барьцаагүйгээр зээлж авсан. Үүнээс 1 000 000 төгрөгийн зээлийн хүүнд 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хүүнд 900 000 төгрөг, 500 000 төгрөгийн зээлийн хүүнд 100 000 төгрөг төлөөд 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Тухайн үед миний бие ****г таньдаг учир барьцаагүйгээр өөрийн барьцаалан зээлдүүлэх газрын мөнгөнөөс зээлдүүлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа хэтэрвэл хоногийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл 1 500 000 төгрөгийн 50 хувиар алданги болох 750 000 төгрөг, нийт 2 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч “****” ХХКтай 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөрбарьцаат зээлийн гэрээ байгуулж, тус компаниас 1 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн төлбөрт 900 000 төгрөг төлсөн, мөн 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр дахин гэрээ байгуулж, 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж төлбөрт 100 000 төгрөг төлсөн. Энэ хоёр барьцаат зээлийн гэрээг сунгаагүй тул үндсэн зээлийн төлбөрт 650 000 төгрөг, алданги 325 000 төгрөг, нийт 975 000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй болно.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “****” ХХК нь хариуцагч ****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Зохигчид 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөгийн, 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ба эхний зээлийн төлбөрт 900 000 төгрөг, дараагийн зээлийн төлбөрт 100 000 төгрөг төлсөн тухайд маргахгүй, харин хариуцагч талаас “гэрээний хугацааг сунгаж байгаагүй тул зээлийн хүүнд төлсөн 1 000 000 төгрөгийг үндсэн үүрэгт тооцуулна” гэж маргаж байна.
Талуудын тайлбар болон барьцаат зээлийн гэрээ гэх баримтаас үзэхэд 2014 оны 5 дугаар сарын 16-ны 112001 тоот зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг төлсөн, гэрээг 4 удаа сунгасан, 2015 оны 1 дүгээр сарын 13-ны 112107 тоот гэрээний үүрэгт 100 000 төгрөг төлсөн, 2 удаа сунгаж байсан болох нь тогтоогдоно.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөнгийг зээлдэгч бодитойгоор хүлээн авсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул зээлдүүлэгч “****” ХХК зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.
Барьцаат зээлийн гэрээний гэрээний 3 дах заалт болох “зээлийн хугацаа хэтэрвэл 0,5 хувийн торгууль хүлээлгэх” тухай хэсэг нь тодорхой бус, хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцохоор заагаагүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсгүүдэд заасан анзын талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан ба 112001 тоот зээлийн гэрээний хугацааг 4 удаа сунгаж, энэ хугацаа дууссанаас хойш 600 000 төгрөгийг зээлдэгч **** төлсөн нь тогтоогдож байх тул үндсэн үүргээс хасаж тооцох үндэслэлтэй байна.
Хариуцагчаас 2014 оны 5 дугаар сарын 16-ны 112001 тоот зээлийн гэрээний үүрэгт 400 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 13-ны 112107 тоот зээлийн гэрээний үүрэгт 500 000, нийт 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 350 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****с 900 000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 350 000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ