Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/00988

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/02279 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаал эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ******* Монголын хамтарсан д ажилд орсон. 2022 оны 7, 8 дугаар саруудад би амраагүй ажилласан бөгөөд 8 дугаар сард хичээлийн бэлтгэлээ хангаж байх хооронд хүний нөөцийн ажилтан *******гаас ажлаас халах тухай мэдэгдэл ирж, би гайхан захирал *******т энэ тухай гомдол гаргаж шийдвэрлэж өгнө үү гэсэн боловч тэр өдөр нь буюу 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр учир холбогдолгүйгээр гэнэт хөдөлмөрийн гэрээг цуцаллаа хэмээн тушаал гаргаж ажлаас халсанд би гомдож байна. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг шаардаж байна.

Би, захиралдаа үнэн учир байдлаа баримт нотолгоотойгоор таниулан тайлбарласан, өвчтэй байсан, эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгүүлж байсан гэдгээ хэлсэн боловч намайг шалтгаангүйгээр хохироож, Хөдөлмөрийн хуульд байхгүй зүйл заалтаар гэнэт ажлаас халж, миний эмнэлэгт үзүүлж байсан зарим баримтыг устгаж, ажлаас халагдсан тушаалаа эх хувиар өгөхгүй 63 хоног намайг саатуулж, үүнээс улбаалан гэнэт ажлаас халагдсаны тэтгэмжээ ч авч чадаагүй.

******* дүүргийн эмнэлэгт хэвтсэн 8 хоногийн листийн мөнгийг ч олгохгүй удаа дараа хохироосон. Хөдөлмөрийн гэрээнүүдийг зөрчсөн, иргэний хуулийг зөрчсөн, гурван талт хороогоор орж эвлэрэх уулзах гэхэд татгалзсан, намайг эрс гүтгэж хохироож хаясан, өвчтэй байсан хүний листийн мөнгийг шамшигдуулсан тул ажилд маань буцаан ажиллуулах, эсхүл өөр ажилд шилжүүлэх, ажилгүй өнгөрсөн хоногуудын цалинг бодож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийж өгөхийг шаардаж байна.

Эрүүл аюулгүй явах баталгааг хангаж, хохирлыг маань барагдуулж, хөдөлмөрийн хуулийн дагуу миний эрхийг хамгаалж өгнө үү.

...2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 15-ны хүртэл нийт гурван жилийн хугацаа өнгөрчээ.

******* би ажилдаа эргүүлэн тогтоолгож,

- 2022 оны 08 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар хүртэл нийт 25 сарын цалин, хөлс

- Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1т заасны дагуу тухайн аж ахуй нэгж байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тэтгэмж олгоно гэсэн хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 3 сарын тэтгэмж гаргуулах,

- Нийт 28 сарын цалинг төрийн үйлчилгээний лавлах машины лавлагаагаар нэг сарын 1,524,247 төгрөгөөр тооцоход 42,678,916 төгрөг гар дээр авахаар байгаа бөгөөд Нийгмийн даатгалын шимтгэлд нэг сард дунджаар 365,819 төгрөг төлж байсан нь Нийгмийн даатгалын цахим машины лавлагаагаар нотлогдох ба 28 сарын 10,242,932 төгрөг, эрүүл мэндийн даатгалд зохих хэмжээгээр тус тус бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна.

Мөн 8 дугаар хуудасны ажлаас халсан тушаалыг эх хувиар гаргуулан авах, уг бичгийн хамт ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ******* нь 2022 оны 08 сарын 25-ны өдөр гэнэт ажлаасаа халагдсан байсан нь үнэн болох талаар тодорхой дурдуулан тухайн үед Нийгмийн даатгалын газраас тэтгэмж авч чадаагүй нөхцөлийг нотолж шүүхээр нөхөн олгохыг даалгуулах хүсэлт гаргаж байна...  

...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-т заасны дагуу 3 сарын тэтгэмж гаргуулах,

8 дугаар хуудасны ажлаас халсан тушаалыг эх хувиар гаргуулан авах, уг бичгийн хамт ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ******* нь 2022 оны 08 сарын 25-ны өдөр гэнэт ажлаасаа халагдсан байсан нь үнэн болох талаар тодорхой дурдуулан тухайн үед Нийгмийн даатгалын газраас тэтгэмж авч чадаагүй нөхцөлийг нотолж шүүхээр нөхөн олгохыг даалгуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

1. ...2021-2022 оны хичээлийн жилийн төгсгөлд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр багшийн ажлын тайланд үнэлгээ өгөх үед ******* нь сургалтын албаны баталсан стем боловсролын хөтөлбөрийн дагуу хичээл оролгүй, өөрийн дураар 2, 3, 4 дүгээр ангиудын стем боловсролын хичээлийн төлөвлөгөөг бүх ангид ижилхэн хэрэгжүүлсэн нь тодорхой болсон. Энэ нь багшийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох сургалтын хөтөлбөрийг дагаж мөрдөх үүргийг зөрчсөн хөдөлмөрийн сахилгын зөрчил болсон.

Хичээлийн жилийн бэлтгэл ажлууд хийгдэж байхад урьдчилан мэдэгдэлгүй, утсаа салгаж, ажлын 3 өдөр /2022 оны 8 дугаар сарын 22, 23, 24/ ажилдаа ирээгүй, ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан.

2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр *******г ажилдаа ирэхэд нь 3 өдөр ажил тасалсан шалтгааныг нь тодруулахад эмнэлэгт шинжилгээ өгсөн гээд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн 2022 оны 06 дугаар сарын 21, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шинжилгээний хариунууд үзүүлсэн ба тэдгээр баримт нь 2022 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд ажил тасалсантай хамааралгүй байна гэж үзэн, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаал гаргах тухай түүнд хэлэхэд ******* нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгсөн.

Сургуулийн зүгээс *******г 2022 оны 6 дугаар сар хүртэл боловсролын хичээлийн хөтөлбөрийг төлөвлөгөөний дагуу ороогүй, 3 өдөр ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын зөрчлүүд гаргасан үндэслэлээр нь ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

2. ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1, 82.1.1-д заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж гаргуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сургуулийн зүгээс түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасан үндэслэлээр биш Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болно. Мөн ажилдаа эргэж орох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлага гаргасан хүн ажил олгогчоос ажлаас халагдсаны тэтгэмж давхар авахаар шаардах эрхгүй.

3. Сургуулийн зүгээс *******г ажлаас чөлөөлсөн тушаалыг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргаж, тэр өдөрт нь эх хувиар хүлээлгэн өгсөн тул дахин тушаалыг хүлээлгэн өгөх шаардлагагүй. Өөрөө уг тушаалаа ашиглан шүүх, үйлдвэрчний эвлэл, гурван талт хороонд гомдлоо гаргаж байсан.

4. ******* нь 2022 оны 8 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар хүртэл нийт 25 сарын цалин хөлс, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

*******гийн ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан, ээлжийн амралтын цалингаа 6 дугаар сард бүрэн авсан ч 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд ээлжийн амралтын цалинг нь 6, 7 дугаар саруудад тэнцүү хувааж тайлагнасан. ******* нь 7 дугаар сард ажиллаагүй тул цалин бодогдоогүй, харин ээлжийн амралтын цалингийн тал хувийг нь нийгмийн даатгалын тайланд тусгасан болно. Хэрэв ******* нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс ажилдаа ирээд ажилласан бол 8 хоног ажиллаж, 8 хоногийн цалин бодогдож, 8 дугаар сарын нийгмийн даатгалын тайланд тусгагдах байсан. Гэтэл тэрээр 2022 оны 8 дугаар сарын цалин гэж ажлын 22 хоногийн буюу бүтэн сарын цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь гэнэт ажлаас халагдсаны 3 сарын тэтгэмж гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.8, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч ХХК-д холбогдох өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаа болох 2022 оны 08-12 дугаар сар, 2023 он, 2024 оны 01-08 дугаар сар, нийт 25 сарын олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

... Сум дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм дээрх 2.2, 2.4, 3.3, 3.4, 3.5, 3.11, 4.2.3, 7.1.2, 7.1.3 дугаар дүрмүүд болон 7.Маргалдагч талуудын тохиролцооны хэлбэр, агуулга 7.1.2, 7.1.3, дүрмийн хавсралтын II хорооны бүрэлдэхүүнд гомдол гаргагч нь биеэрээ байхгүй байхад би Баянзүрх дүүргийн мэргэжилтнээс хурлын товыг асууж, ахин дахин лавласаар байтал алив нэг шалтгаанаар хойшлуулсаар хэргээр намайг оролцуулаагүй байж IV,V,VI-г шууд алгасаж, VII буюу тэмдэглэл шийдвэрт гарын үсгийг тайлбаргүйгээр зуруулсан явдал нь анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр дээрх 6.1, 6.2 дугаартай үндэслэлүүд хүчингүй гэж харагдаж байна.

Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр нь дээрх дүрмүүдээс улбаалан хүчин төгөлдөр бус болсон байгаатай зэрэгцэн хүчин төгөлдөр бусд тооцогдсон гурван талт хорооны хурлын тэмдэглэл, цаг хугацаан дээр тулгуурласан хүчин төгөлдөр бус шүүхийн шийдвэр болох нь хуулиар тов тодорхой байна.

Ийм учир хөдөлмөрийн тухай хуулийн 158.1, 158.1.3-ийн дагуу шүүгчийн №191/ШШ2025/02279 тоот шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн дагаад түүнээс хойших хоцорсон гэх цаг хугацааны бүх шийдвэрүүд мөн хүчингүй болж байгаа юм.

Мөн 2022 оны 09 дүгээр сарын 13-нд шүүхэд гаргаж байсан миний нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтууд алга болсон байгаа нь хачирхалтай байж, хуульд нийцэхгүй байна.

Дээрээс нь ажлаас халсан тушаалд дүгнэлт хийгдээгүй нь баримтаар нотлогдож байх тул миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Миний энэхүү гомдлыг шийдвэрлэж, өмнөх 2025 оны 02 сарын 10-нд нэхэмжилж байсан доорх нэхэмжлэлийн хамт шийдэж өгөхийг хүсэж байна.

2022 оны 08 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар хүртэл нийт 25 сарын цалин, хөлс

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1т заасны дагуу тухайн аж ахуй нэгж байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тэтгэмж олгоно гэсэн хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 3 сар нэмүүлж, нийт 28 сарын цалин авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжилж байна.

Мөн 8 дугаар хуудасны ажлаас халсан тушаалыг эх хувиар гаргуулан авах, уг бичгийн хамт ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ******* нь 2022 оны 08 сарын 25-ны өдөр гэнэт ажлаасаа халагдсан байсан нь үнэн болох талаар тодорхой дурдуулан тухайн үед Нийгмийн даатгалын газраас авч чадаагүй нөхцөлийг нотолж, шүүхээр нөхөн олгохыг даалгуулах хүсэлт гаргаж байна гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, ажлаас халагдсаны 3 сарын тэтгэмжээ авъя гэж тайлбарласан. Гэтэл сүүлд нь ажлаас халагдсаны 3 сарын тэтгэмж гаргуулахаас татгалзаж, ажилдаа эргэж орно гэж тайлбарласан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс асуусны эцэст ажлаас халагдсаны 3 сарын тэтгэмж гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай гэх хоёр шаардлагаасаа татгалзаж байна гэж хариулсан тул өөрөөр нь бичүүлж авсан. Гэтэл давж заалдах гомдолдоо татгалзсан зүйлээ дахин оруулаад хангаж өгөөч гэж тайлбарласан. Нэгэнт татгалзсан бол давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг буцааж сэргээнэ гэсэн ойлголт байхгүй. Мөн давж заалдах гомдолд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан баримтууд хэрэгт алга гэж дурдсан. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг нь анхан шатны шүүх хүлээж авахаас татгалзаж, хавсаргасан баримтыг буцаасан. Нэхэмжлэгчид өгсөн баримтыг хэрэгт алга гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гарсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 30-ны дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ханд гэж буцаасан. Хэрэгт авагдсан баримтаас харахад нд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хандсан. Уг өргөдөлд зөвхөн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэм, эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэх, мөн эмнэлэгт хэвтсэн 8 хоногийн листийн мөнгийг гаргуулж өгөх шаардлагыг тавьсан. Уг шаардлагын дагуу гурван талт хороо хуралдсан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг гурван талт хороо үндэслэлгүй гэж үзсэн. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилд эгүүлэн тогтоолгох гэх шаардлагыг нэмж оруулсан. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж зөв дүгнэсэн.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилд нь эгүүлэн тогтоолгох шийдвэр гарсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах хуулийн зохицуулалттай. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаал эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. /1.х.х-ийн 240/

 

3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, математикийн багшаар ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгдөж, бага ангийн стемийн багш албан тушаалд томилогдон ажиллаж, улмаар 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сунгаж, стем багшаар ажиллаж байх хугацаанд түүнийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/29 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, Хөдөлмөрийн харилцааны журмын 23 дугаар зүйлийн 23.14 дэх заалтыг тус тус үндэслэн урьдчилан мэдэгдэлгүй 3 өдөр ажил тасалсан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. /1.х.х-ийн 233-236, 220, 74-77, 8/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь буруу байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж, 9.4-т Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална гээд 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэж тус тус зааснаар шүүх иргэний эрх зүйн хамгаалалтын тодорхой аргуудаар иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх ба үүний тулд эрх зөрчигдсөн болох нь бодит үйл баримт, нотолгоонд үндэслэн тогтоогдсон байх учиртай.

 

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхийг тогтоож, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гээд 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, ... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасан.

 

Дээрх хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргах тохиолдолд шүүхэд нэхэмжлэлийг шууд гаргах боломжтой тул нэхэмжлэгчийг хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо болон шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн хариуцагч компанийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/29 тоот тушаалын талаар маргаж, шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

6. Харин хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******г 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэл ажлын 3 /гурав/ өдөр урьдчилан мэдэгдэлгүй, зөвшөөрөл авахгүй ажил тасалсан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэсэн бол, нэхэмжлэгч нь тухайн өдрүүдэд ажилдаа очоогүй шалтгаанаа өвчтэй байсан учир эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгсөн гэж тайлбарласан.

 

Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/18 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалд амрах хоног 46, амралт эхлэх хугацаа 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэсний дагуу нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хугацааг тоолоход 2022 оны 07 дугаар сарын 27-ны дууссан бөгөөд тэрээр 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд ажилдаа ирээгүй болох нь ажилтны цагийн бүртгэлээр тогтоогдож байна. /1.х.х-ийн 46-47, 231/

 

Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгсөн, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Арьсны өвчин судлалын үндэсний төвд арьс хатгах сорил тавиулсан гэх тайлбараа нотлохоор үйлчлүүлэгчийн овог, нэр хэсэгт *******, сорил хийлгэсэн огноо, цаг хэсэгт 2022.08.24 гэх бичвэр бүхий баримт гаргаж өгсөн боловч уг баримт тус төвийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02/30 тоот албан бичигт Иргэн ******* нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үйлчлүүлж хатгах сорил өгсөн байна гэсэн тайлбараар няцаагдаж байх тул нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр арьс хатгах сорил тавиулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. /1.х.х-ийн 119, 189/

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гээд, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т Багш нь дор дурдсан үйлдлийг гаргасан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцон энэхүү гэрээг цуцалж, багштай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, ажлаас хална гээд 9.3.15-д Багш нь сургуулиас олгосон зөвшөөрөлгүйгээр ажлын 3 өдөр дараалан, ... ажил тасалсан гэж заажээ.

 

Мөн нэхэмжлэгч нь миний эмнэлэгт үзүүлж байсан зарим баримтыг хариуцагч нь устгасан гэх тайлбар гаргасан боловч энэ талаарх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгчийн зүгээс уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар сарын 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иймд, нэхэмжлэгчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэл 3 өдрийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан үйлдэл нь зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасанд нийцсэн байна.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан.

 

Тодруулбал, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтны хөдөлмөрийн гэрээ өмчлөгч нь өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр цуцлагдсан, мөн аж ахуйн нэгж байгууллага, салбар нэгж татан буугдсан, орон тоо цөөрсөн, хасагдсан болон ажилтан мэргэжил, ур чадварын хувьд шаардлага хангахгүй, мөн эрүүл мэндийн хувьд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг тохиолдлоор ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд дээрх тэтгэмжийг олгох бөгөөд, харин ажил олгогчийн санаачилгаар буюу ноцтой зөрчлийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд уг тэтгэмжийг олгохгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцсэн.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/02279 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Б.МАНДАЛБАЯР