| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00060/Э |
| Дугаар | 00067 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 00067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч Ч.Н, Б.А, Т.Э, Т.Эч, О.Ас нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Н, Т.Эч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Н, Т.Э, О.Ас, Т.Эч, Б.А нарт холбогдох 1832002490174 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, 1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №18 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолооор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тэнссэн. 2. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн №48 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан. Бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Ямаат овогт Чинбатын Н.
Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, * дугаар зогсоол гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Их Монгол овогт Тунгалагын Э.
Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Урианхай овогт Отгонбаярын Ас.
Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдрах, * хэсэгт оршин суух хаягтай. Улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №09 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 04 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Тунгалагын Эч.
Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, *1 тоотод оршин суух хаягтай, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №94 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. Бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Бадамхандын А.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Т.Эч, Т.Э, Ч.Н, Б.А, О.Ас нар нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн Тэмээтийн хонхор гэх газраас А.Атийн 2 тооны морийг хулгайлан авч 10000000 төгрөгний хохирол учруулсан. Т.Эч, Ч.Н нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р багийн “Шивэрт” гэх газраас иргэн Г.Днгийн эзэмшлийн бага оврын ПТ-250 загварын Тракторыг хулгайлан авч 3570000 төгрөгийн хохирол, орон байранд нэвтрэн орж 180000 төгрөгийн эд зүйлийг хулгайлан бүгд 3750000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н мэдүүлэхдээ: ... 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын тэмээтийн хонхор гэдэг газраас 2 тооны адуу авч ирсэн. Адууг хашаандаа нядалж байгаад цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн ирж бид нарыг барьсан. 2018 оны 12 дугаар сарын 21-д А Улаанбаатар хотоос ирсэн. Түнхэлд тосгонд ууланд алт гарч байгаа очиж ухъя гээд манайд ирсэн юм. Манайд ирэхдээ Эч, Э, Амараа энэ 4 ирсэн. Эд нар манайхаас Түнхэл тосгон руу явсан. Алт гарч байна хүрээд ир гэж дуудсан, хөдөө байдаг хүнд нь өгөх юм хум дэлгүүрээс аваад явсан юм. Замаараа тэмээтийн хонхор гэх газар байх ахындаа очсон. Ах Сугардоржид нэг шил архи гаргаж өгөөд тэднийд хоол унд идсэн. Архиа ууж байгаад хоол идээд сууж байгаад орой болсон. Тэгээд нөгөө алт ухахаар ярьсан хүнрүү утсаар яриахад больчихлоо гэсэн. Тэгээд бид нар гэрлүүгээ Зүүнхараа буцахаар болоод явсан. Буцах замдаа Наранбаатар гэдэг найзынхаа гадаа очсон. Тэгээд гэрт нь оролгүйгээр гаднаас нь уяатай байсан морийг нь унаж гарч ирээд тариан талбай, поль орчмоос морь олж авах санааг би гаргасан. Тэгээд Тэмээтийн хонхорын орчимоос 12 тооны адуу таарахад нь хөөгөөд хоёр бараан зүсмийн гүүг нь хашаанд шахаж барьж авсан. Барьж аваад би хөтлөөд Хараа гол дээр ирээд найзынхаа морийг суллаж тавьж явуулсан. Тэгээд барьсан хоёр гүүгээ хөтлөөд хашаандаа ирж орой 02 цагийн үед алж байгаад цагдаа ирж баригдсан. 2018 оны 09 дүгээр сарын 22-нд дүү Эч хөдөөнөөс над дээр ирээд “Шивэр” гэх газраас “пад пад” гэдэг бага оворын трактор авчирах гэсэн юм, та хамт яваад авчираад өгөөч, Днгаас авна гэж ярьсан. Тэгээд би Эчтай хамт орой нь явсан юм. “Шивэр” гэх газар очтол харанхуй болж байсан. Тэнд ногоон өнгөтэй “пад” гэх бага оворын трактор байсан. Дн өөрөө өвөлжөөндээрээ байхгүй байсан. Эч надад хэлэхдээ эзэнд нь хэлж ярьж авсан гэж хэлсэн. Тэгээд Эч 2 канистртай салярк /дизель түлш/ амбаараас нь авч ирж тракторт хийж асаагаад Зүүнхараа явсан. “Шивэр” гэх газраас доошоо уруудаад төмөр замын точикийн хойгуур яваад Зүүнхараад орж ирсэн. Тэгээд хөдөө төмөр замын 212 точект тракторыг хүргэж өгөөд маргааш нь гэртээ ирсэн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: ... 2018 оны 12 дугаар сарын 20-нд би хотод байсан. Манай найз Түнхэлээс утасдаад алт ухах шинэ нүх байна гайгүй залуучууд байвал олоод өгөөч гэж гуйсан. Би Зүүнхараад ирээд Эийг, Эчтай аваад урагшаа яваад Н ахыг аваад явъя гээд байж байхад Амараа гээд залуу хамт явъя гээд Түнхэл рүү явахаар болоод явж байтал замд найзын утас нь холбогдохоо байгаад замаараа Нийн ахынх руу ороод 2 шил архи уусан. Тэгээд Зүүнхараа буцахаар болоод уруудаад явж байгаад Н би найзынхаараа ороод ирье гээд 20 минут орчим болоод цагаан морь унаад гараад ирсэн. Тухайн үед найзаасаа авах ёстой юмаа л авж байгаа юм болов уу гэж бодсон. Замаасаа барьсан хоёр гүүг төвд оруулж ирж Нийн хашаанд гаргаж байгаад цагдаа ирээд барьсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: ... А, Н, Эч, Ас бид тав Түнхэл рүү алтанд явъя гээд уул явсан. Нийнд 1 шил архи уугаад бид нар хөдөлсөн. Би архи уудаггүй. Тэгээд дээшээ гарч яваад аж ахуйгаас нэг шил архи аваад тэгээд уул руу явах гэж байсан хүний утас нь холбогдохоо болиод Н манай ахынд очъё гээд очсон. Тэнд очоод нэг билүү хоёр шил архи уусан. Орой 5 цагийн үед наашаа Зүүнхараа явахаар хөдөлсөн. Замдаа зогсоод Н би ийшээ найзындаа орох гэж байна гэсэн. 20 минутын дараа том бор морь унаад ирсэн. Тэгээд шарга зүсмийн адуунууд Н хөөгөөд гаргаад ирсэн. Тэрнээс хоёр адуу барьж авсан. Наашаа Зүүнхарааруу барьсан хоёр морио хөтлөөд явсан. Бид нар машинтайгаа байсан. Нийн хашаанд барьсан хоёр гүүг янзалж байгаад цагдаад баригдсан ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эч мэдүүлэхдээ: ... 2018 оны 12 дугаар сарын 20-нд найз А хотоос ирээд Түнхэл рүү алтанд явъя гэсэн. Өглөө муу хувцасаа өмсөөд Асг аваад Н ахынд очоод тэнд архи уугаад цаашаа Ажнай руу давах гэж байгаад Түнхэлд байдаг гэх ярьсан хүний утас нь болохгүй байсан. Тэгээд Н ах манай ахынд очъё гээд тэднийд архи уугаад нилээн муудсан байсан. Тэгээд бүгд буцахаар болоод наашаагаа айлын гадаа зогсоод найзтайгаа уулзаад ирье гээд бид нар машиндаа суугаад үлдсэн. 20-иод минутын дараа морьтой гарч ирээд дээшээ өгсөж яваад хоёр адуу барьсан байсан. Тэгээд Зүүнхараад ирээд Партизаны 16 тоотод гэрт нь аваачиж хоёр гүүг янзалсан. Тэгээд цагдаагийн бүрэлдэхүүн ирээд бид нарыг барьж авсан. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хадам ах Днгийн пад гэх бага оворын тракторт нь шинэ юм авч тавиад янзлуулаад тэгээд 80 литрийн салярктай манай хадлан луу аваад явсан юм. Дн хадлан дээр очоод нэг өдөр өвс хадчихаад маргааш нь төв рүү хүүхдийн бие муудаад гээд намайг явсан хойгуур бүх юмаа аваад хаяад явсан байсан. Тэгээд айлын хадлан хадаж байгаад 09 дүгээр сарын 20-нд Шивэр гэдэг газар Дн намайг хүргээд өгчих гээд би түүнийг хүргэж өгөөд эргэж давхиж ирсэн. Тэрийг манай хүн ч мэдэж байгаа.Манай эхнэр надад наад Дн чинь пад трактороо зарна, архи ууж агсам тавьдаг, хадлан ч хадахгүй, гээд яриад байсан. Тэгээд би пад тракторыг нь очиж аваад гэртээ авч ирээд тавьсан байсан. Цагдаа сэргийлэх гэхээр нь айгаад нуучихсан юм. Би Нтай явж тракторыг авсан. Төв аймгийн Жаргалант суманд Товуу гэдэг айлд нуусан байсан. Тэгээд цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ас мэдүүлэхдээ: ... 2018 оны 12 дугаар сарын 22-нд өглөө зах орох гээд явж байхдаа Эчтай таарсан. Ахын дүү алтанд яваад ирье гэхээр нь зөвшөөрөөд цуг явсан. Тэгээд орой гараад явж байгаад Н ахын ахынд нь очсон. Тэнд архи ууж сууж байгаад Зүүнхараа буцахаар болоод буцаад явж байгаад Н ах энд зогсож бай. Найзындаа орно гээд. Тэгээд найзынхруугаа яваад нэг бор морь унаад хүрээд ирсэн. Тэгээд дээшээ тариалангийн поль өгсөөд явж байгаад хэсэг адуунаас хоёр адуу барьж аваад Зүүнхараа буцсан. Тэгээд Зүүнхараад Н ахын гэрт нь авчираад хоёр гүүг янзалсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Дн мэдүүлэхдээ: … 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим би трактороо Зүүнхараагаас унаад өвөлжөөний гадаа авчирчихаад Зүүнхараа буцсан юм. Тухайн үед манай дүүгийн нөхөр Чука мотоцикль унаад хамт ирээд Зүүнхараа луу хамт буцсан юм. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цагийн орчим өвөлжөөн дээр ирэхэд трактор алга болсон байсан. Тухайн үед би ах Дэлгэрбатыг асаагаад аваад явсан юм байлгүй гэж бодоод тэгээд ч хадуурыг нь салгаад тавьсан байхаар нь угаасаа л ахыг аваад явсан гээд тайван байсан юм. Тэгээд орой 17 цагийн орчим ах Дэлгэрбат, аав, ээж нартай уулзаад асуухад трактор авч яваагүй байсан юм. Тэгээд хулгайд алдсан байна гэж мэдсэн. Мөн амбаарын цонхыг эвдэж дотор нь 100 вольттой аккумлятор, 40 литр түлш зэрэг зүйлүүд аваад явсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд хохирогч А.Ат мэдүүлэхдээ: … 2018 оны 12 сарын 22-ны өлгөө намайг гэртээ байхад манай хамаатны Ж.Отгонбаяр гэх залуу над руу залгаад урьд шөнө Тарлан шугуй орчмоос 2 тооны адуу хулгайд алдагдаад хулгайч нар нь цагдаад баригдсан сураг байна. Танай адуунууд тэр хавиар бэлчдэг шүү дээ адуугаа шалгаарай гэхээр нь би манай адууг малладаг Балчиндоржийн 89923992 дугаарын утас руу нь залгаад манай адууг бүрэн байна уу гэхэд Баруунхараад тэжээл авах гээд явж байна бүртгэж үзэх боломжгүй байна гэсэн. Намайг цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Ч.Батнаран гэх залуу над руу залгаад Хуягаа ахаа танай шарга азаргатай адуу манай адууны ойролцоо байна. Харин 2 тооны халтар зүсмийн гүү чинь алга байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-43 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Чж мэдүүлэхдээ: … Манайх Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Тэмээтийн хонхор гэх газар намаржиж хадлангаа хийдэг юм. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн орчим манай найз Дн нь утсаар холбогдоод найз нь трактороо алдчихлаа гэж хэлсэн. Днг ярьсан өдрийн өглөө Тэмээтийн хонхорт манай гэрийн урд замаар 300 орчим метрийн зайтай шороон зам байдаг юм. Уг замаар өглөөний 05 цаг 30 минутын орчим ногоон өнгөтэй бага оврын трактор их хурдтай өндөр хаазтай давхиад өнгөрсөн юм. Би энэ тухай тухайн үед Днд хэлж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 43 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Л.Тд мэдүүлэхдээ: … 2018 оны 09 дүгээр сарын 24-ний үед санагдаж байна. Нэг орой намайг гэртээ хэвтэж байх үед гадаа Хуягаа гэгч залуу нэг өндөр шар залуутай хамт манай байшингийн ард нэг ногоон өнгийн пад трактор буулгаж байсан. Тэгээд би Хуягаагаас юун трактор вэ гэж асуухад хадланд явж байгаад эвдэрчихсэн юм. Би танай гадаа үлдээгээд явъя хэд хоноод ирээд авна гэхээр нь тухайн үед би нээх юм асуугаагүй. Хурдан ирж аваарай би удахгүй хуц ухнаа тарааж айлд нь өгчихөөд тасаг орно шүү гэж хэлсэн. Тэгээд Хуягаа дагуулж явсан өнөөх шар залуудаа өнөөх пад ачиж авчирсан бүхээгтэй цагаан машинтайгаа буцаад явчихсан. Тэрнээс хойш нөгөө манай гадаа авчирч орхисон пад нь яг буулгасан газраа одоо хүртэл байгаа гэх мэдүүлэг /ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зурагийн үзүүлэлтүүд /ХХ-н 3-10 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-н 11-15 дугаар хуудас/, А.Атт малын мах хүлээлгэж өгсөн тэмдэглэл /ХХ-н 18 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-н 23 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /ХХ-н 72 дугаар хуудас/, Мандал сум Шивэрт гэх газар байрлах Г.Днгийн бага оврын трактор хулгайд алдагдсан гэх хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зураг, /ХХ2-н 1-2 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ2-н 26-28 дугаар хуудас/, Хохирогч Г.Днд трактор хүлээлгэж өгсөн тэмдэглэл /ХХ2-н 30 дугаар хуудас/, Эд зүйлийн үнэлгээ /ХХ2-н 59 дүгээр хуудас/.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Ч.Нийн талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 118 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 130-135 дугаар хуудас/, Шүүгдэгч Т.Эийн талаар Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 139 дүгээр хуудас/, Шүүгдэгч Т.Эчы талаар Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 150 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 160-167 дугаар хуудас/, Шүүгдэгч О.Асгийн талаар Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 171 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбарууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Т.Эч, Ч.Н нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р багийн “Шивэрт” гэх газраас иргэн Г.Днгийн эзэмшлийн бага оврын ПТ-250 загварын Тракторыг хулгайлан авч 3570000 төгрөгийн хохирол, хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтрэн орж 180000 төгрөгийн эд зүйлийг хулгайлан бүгд 3750000 төгрөгийн хохирол учруулсан, Т.Эч, Т.Э, Ч.Н, Б.А, О.Ас нар нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн Тэмээтийн хонхор гэх газраас А.Атийн 2 тооны адуу /гүү/ хулгайлан авч 10000000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Днгийн өгсөн “...Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цагийн орчим өвөлжөөн дээр ирэхэд трактор алга болсон байсан. Тухайн үед би ах Дэлгэрбатыг асаагаад аваад явсан юм байлгүй гэж бодоод тэгээд ч хадуурыг нь салгаад тавьсан байхаар нь угаасаа л ахыг аваад явсан гээд тайван байсан юм. Тэгээд орой 17 цагийн орчим ах Дэлгэрбат, аав, ээж нартай уулзаад асуухад трактор авч яваагүй байсан юм. Тэгээд хулгайд алдсан байна гэж мэдсэн. Мөн амбаарын цонхыг эвдэж дотор нь 100 вольттой аккумлятор, 40 литр түлш зэрэг зүйлүүд аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтанд хохирогч А.Атийн өгсөн “...2018 оны 12 сарын 22-ны өлгөө намайг гэртээ байхад манай хамаатны Ж.Отгонбаяр гэх залуу над руу залгаад урьд шөнө Тарлан шугуй орчмоос 2 тооны адуу хулгайд алдагдаад хулгайч нар нь цагдаад баригдсан сураг байна. Танай адуунууд тэр хавиар бэлчдэг шүү дээ адуугаа шалгаарай гэхээр нь би манай адууг малладаг Балчиндоржийн 89923992 дугаарын утас руу нь залгаад манай адууг бүрэн байна уу гэхэд Баруунхараад тэжээл авах гээд явж байна бүртгэж үзэх боломжгүй байна гэсэн. Намайг цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Ч.Батнаран гэх залуу над руу залгаад Хуягаа ахаа танай шарга азаргатай адуу манай адууны ойролцоо байна. Харин 2 тооны халтар зүсмийн гүү чинь алга байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-43 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Чжгийн өгсөн “...Манайх Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Тэмээтийн хонхор гэх газар намаржиж хадлангаа хийдэг юм. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн орчим манай найз Дн нь утсаар холбогдоод найз нь трактороо алдчихлаа гэж хэлсэн. Днг ярьсан өдрийн өглөө Тэмээтийн хонхорт манай гэрийн урд замаар 300 орчим метрийн зайтай шороон зам байдаг юм. Уг замаар өглөөний 05 цаг 30 минутын орчим ногоон өнгөтэй бага оврын трактор их хурдтай өндөр хаазтай давхиад өнгөрсөн юм. Би энэ тухай тухайн үед Днд хэлж байсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 43 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Л.Тдийн өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 24-ний үед санагдаж байна. Нэг орой намайг гэртээ хэвтэж байх үед гадаа Хуягаа гэгч залуу нэг өндөр шар залуутай хамт манай байшингийн ард нэг ногоон өнгийн пад трактор буулгаж байсан. Тэгээд би Хуягаагаас юун трактор вэ гэж асуухад хадланд явж байгаад эвдэрчихсэн юм. Би танай гадаа үлдээгээд явъя хэд хоноод ирээд авна гэхээр нь тухайн үед би нээх юм асуугаагүй. Хурдан ирж аваарай би удахгүй хуц ухнаа тарааж айлд нь өгчихөөд тасаг орно шүү гэж хэлсэн. Тэгээд Хуягаа дагуулж явсан өнөөх шар залуудаа өнөөх пад ачиж авчирсан бүхээгтэй цагаан машинтайгаа буцаад явчихсан. Тэрнээс хойш нөгөө манай гадаа авчирч орхисон пад нь яг буулгасан газраа одоо хүртэл байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зурагийн үзүүлэлтүүд /ХХ-н 3-10 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-н 11-15 дугаар хуудас/, А.Атт малын мах хүлээлгэж өгсөн тэмдэглэл /ХХ-н 18 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-н 23 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /ХХ-н 72 дугаар хуудас/, Мандал сум Шивэрт гэх газар байрлах Г.Днгийн бага оврын трактор хулгайд алдагдсан гэх хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зураг, /ХХ2-н 1-2 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ2-н 26-28 дугаар хуудас/, Хохирогч Г.Днд трактор хүлээлгэж өгсөн тэмдэглэл /ХХ2-н 30 дугаар хуудас/, Эд зүйлийн үнэлгээ /ХХ2-н 59 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Т.Эч, Ч.Н нарыг бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р багийн Шивэрт гэх газраас иргэн Г.Днгийн эзэмшлийн бага оврын ПТ-250 загварын Тракторыг хулгайлан авч 3570000 төгрөгийн хохирол, хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтрэн орж 180000 төгрөгийн эд зүйлийг хулгайлан бүгд 3750000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Т.Эч, Т.Э, Ч.Н, Б.А, О.Ас нарыг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн Тэмээтийн хонхор гэх газраас А.Атийн 2 тооны гүү хулгайлан авч 10000000 төгрөгний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Эч, Ч.Н нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Эч, Т.Э, Ч.Н, Б.А, О.Ас нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Хохирогч Г.Дн, А.Ат нар нь хохирол төлбөр төлөгдсөн тул шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө төлсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ч.Нийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Т.Эчыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Ч.Нийг 06 сарын хугацаагаар хорих ялаар, Т.Эчыг 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Ас, Т.Э, Б.А нарт хорих ялыг оногдуулахгүйгээр О.Асг 01 жилийн хугацаагаар, Т.Эыг 01 жилийн хугацаагаар, Б.Аыг 01 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нийг энэ хэргийн улмаас 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүртэл сэжигтнээр 02 хоног баривчилсан, 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэл яллагдагчаар 29 хоног цагдан хорьсон, бүгд 31 хоног цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд, Т.Эчыг энэ хэргийн улмаас 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүртэл сэжигтнээр 02 хоног баривчилсан, 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүртэл яллагдагчаар 14 хоног цагдан хорьсон, бүгд 16 хоног цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд, О.Асгийн энэ хэргийн улмаас 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүртэл сэжигтнээр 02 хоног баривчлагдсан хугацааг ялтны эдлэх ялд, Т.Эын энэ хэргийн улмаас 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүртэл сэжигтнээр 02 хоног баривчлагдсан хугацааг ялтны эдлэх ялд, Б.Аын энэ хэргийн улмаас 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүртэл сэжигтнээр 02 хоног баривчлагдсан хугацааг ялтны эдлэх ялд тус тус оруулан тооцох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Аын эзэмшлийн 35-88 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 31-ны 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгох, 3 ширхэг хуурцаг /CD/-ийг тухайн хэрэгт хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргах, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ас, Т.Э, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Ч.Н, Т.Эч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй зэргийг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Чинбатын Н, Боржигон овогт Тунгалагийн Эч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Чинбатын Н, Их Монгол овогт Тунгалагийн Э, Урианхай овогт Отгонбаярын Ас, Боржигон овогт Тунгалагийн Эч, Боржигон овогт Бадамхандын А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ч.Нийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Т.Эчыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Ч.Нийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Т.Эчыг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Ас, Т.Э, Б.А нарт хорих ялыг оногдуулахгүйгээр О.Асг 01 /нэг/ жилийн хугацаагаар, Т.Эыг 01 /нэг/ жилийн хугацаагаар, Б.Аыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар О.Ас, Т.Э, Б.А нарт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Эчд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Нт оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад, Т.Эчд оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Ас, Т.Э, Б.А нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зэргийг тус тус анхааруулсугай.
6.Шүүгдэгч Ч.Н, Т.Эч, О.Ас, Т.Э, Б.А нар нь бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нийн энэ хэргийн улмаас 31 хоног цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд, Т.Эчы энэ хэргийн улмаас 16 хоног цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд, О.Асгийн энэ хэргийн улмаас 02 хоног баривчлагдсан хугацааг ялтны эдлэх ялд, Т.Эын энэ хэргийн улмаас 02 хоног баривчлагдсан хугацааг ялтны эдлэх ялд, Б.Аын энэ хэргийн улмаас 02 хоног баривчлагдсан хугацааг ялтны эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Б.Аын №753272 дугаартай “В” ангилалын жолооны үнэмлэх, “35-88” УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ зэргийг эзэмшигч Б.Ад нь буцаан олгож, 3 ширхэг хуурцаг /CD/-ийг тухайн хэрэгт хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Аын эзэмшлийн “35-88” УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 31-ны 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ас, Т.Э, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
11.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Н, Т.Эч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
13.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
14.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Н, Т.Эч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.