Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 809

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 28 өдөр          Дугаар 181/ШШ2016/00809          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар   

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 20 дугаар байр, 62 тоотод байрлах, “Ориент Инвест” ББСБ /РД:27371515/-ын нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 3-д байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Жуулчны гудамж, Урт цагаан-5 корпус, 4 давхарт байрлах, “Бэсгэ” ХХК /РД:2581078/-д холбогдох,  

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Б.Баясгалан, Б.Үүрийнтуяа,  хариуцагч “Бэсгэ” ХХК-ийн захирал Д.Санж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус “Ориент Инвест” ББСБ нь “Сантхаан” ХХК-ийг эвлэрэлд урин Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасны дагуу эвлэрлийн гэрээ байгуулан шүүхээс 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 89 тоот шүүгчийн захирамжаар 287,900,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 19850 тоот шүүгчийн захирамж, 1825 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас мөн гарсан байна.

Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тус “Ориент Инвест” ББСБ-ын барьцаанд бүртгэлтэй байгаа “Сантхаан” ХХК-ийн өмчлөлийн доорх үл хөдлөх хөрөнгүүдийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны томилсон хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн. Үүнд:

  • Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Монгол шуудан банкны хойд талд “Сэрүүн” ХХК-ийн барилгын 2 давхар хаягт байрлах Ү-2202009176 улсын бүртгэлийн дугаартай 000139594 тоот гэрчилгээтэй, 29 м.кв талбай бүхий конторын зориулалттай нэг өрөө байр,
  • Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Жигжиджавын гудамж, 4/1 хаягт байрлах 180 м.кв талбай бүхий конторын зориулалттай Ү-2202009599 улсын бүртгэлийн дугаартай 000140322 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө.

Үнэлгээг “Бэсгэ төв” ХХК нь гаргасан бөгөөд Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Монгол шуудан банкны хойд талд “Сэрүүн” ХХК-ийн барилгын 2 давхарыг 121,323,675 төгрөг, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, 4/1 хаягт байрлах 180 м.кв талбай бүхий контор өргөтгөлийн хамт 876,458,963 төгрөг, нийт 997,782,638 төгрөгөөр үнэлсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3/37795 тоот албан бичгээрээ “Сантхаан” ХХК-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тогтоон 698,447,846 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар болсныг мэдэгдсэн.

Тус “Ориент Инвест” ББСБ нь “Бэсгэ төв” ХХК-ийн гаргасан 997,782,638 төгрөг гэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь дээрх үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр, бодит бус хийгдсэн гэж тус “Ориент Инвест” ББСБ үзэж байна. Тус “Ориент Инвест” ББСБ нь ижил төстэй оффисын зориулалттай барилгуудын үнэ ханшийн судалгааг өөрсдөө хийсэн бөгөөд дээрх судалгаанаас харахад хөрөнгийн үнэлгээний гаргасан үнэлгээ нь бодитой бус болох нотлогдож байна.

Тус “Ориент Инвест” ББСБ-ын хийсэн судалгаанаас үзэхэд “Сантхаан” ХХК-ийн оффисын байртай ойролцоо байрлалтай, ойролцоо талбайтай оффисын барилгуудын үнэ ханш нэг м.кв нь 1,250,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийн хооронд байна. Гэтэл “Бэсгэ төв” ХХК нь “Сант хаан” ХХК-ийн нийт 209 м.кв талбайг 997,782,638 төгрөгөөр үнэлсэн байгаа нь нэг м.кв-ийн үнэ нь 4,774,000 төгрөг болж байна. Үүнээс харахад “Бэсгэ төв” ХХК-ийн хийсэн үнэлгээ нь бодитой бус зэх зээлийн өнөөгийн үнэлгээнээс хэт өндөр болсон нь нотлогдож байна.

Мөн “Бэсгэ төв” ХХК нь үнэлгээ тогтоохдоо шинжээчийн тогтоолд дурдаагүй зүйлийг үнэлж үнэлгээнд оруулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тэрчлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээчийг буруу томилсон гэж үзэж байна. Тодруулбал, үнэлгээ хийх эрх бүхий этгээд нь хуулийн этгээд бус хувь хүн байхаар хуульчилсан байхад тусгай зөвшөөрөлгүй, үнэлгээ хийх эрхгүй “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилсон нь хууль бус болсон.

Энэ талаар “Ориент Инвест” ББСБ нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан боловч ахлах гүйцэтгэгч Д.Лхагвасүрэн нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3/693 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн.

Иймд “Бэсгэ” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 997,782,638 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Бэсгэ” ХХК-ийн захирал Д.Санж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг иргэнээр олгодог хэдий ч тусгай зөвшөөрөл бүхий иргэд нийлж, “Бэсгэ” ХХК-ийг байгуулж, татварт бүртгүүлж тамга, тэмдэг авч, хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тул тус компани үнэлгээ хийх эрхтэй.

Манай компани эрх бүхий байгууллагын шийдвэрээр үнэлгээ хийсэн ба гаргасан үнэлгээгээ үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тухайн барилгын ойр орчим дахь барилга 1 м.кв 4,500,000 төгрөгөөс дээш байгаа. Энэ барилга Сүхбаатар дүүргийн нутаг, хотын А зэрэглэлийн бүсэд хамаардаг тул зах зээлийн үнэлгээг л гаргасан. Үнэлгээ хийх процессоос дурдвал туслах үнэлгээчин С.Мөнхжаргал, үнэлгээчин н.Ариунжаргал, хуульч Цэндбаатар нар газар дээр нь очиж, шаардлагатай үзлэг, хэмжилт хийх ажиллагааг хийж, зураг авч баталгаажуулсаны үндсэн дээр тайлан гаргасан ба би ахлаж байгаагийн хувьд тайланд гарын үсэг зурсан байгаа.

Шинжээч томилох тогтоолд заагаагүй хөрөнгө үнэлсэн гэдгийг зөвшөөрөхгүй. Нэг л барилга тус шатны хонгилыг оруулахгүй үнэлэх боломжгүй юм. Уг компани сургуультай нэг хаалгаар ордог байсныг битүүлэн хааж, урд хэсэгтээ шинэ хаалга орц гарган шат хийж угсарсан хэсгийн талбай юм. Байртай нь хамт үнэлэхгүй бол уг байранд орох хаалга, коридор, шатны талбайгүй болно. Үүнийг уг байртай нь хамт үнэлэхээс өөр аргагүй. Бид тусад нь үнэлээд нэмсэн болно. Орох хаалга, коридор, шатгүйгээр ашиглах боломжгүй учир хэн ч салгаж авахгүй нь мэдээж. Энэхүү орц, гарцын шатны талбай нь сүүлд хийгдсэн учир гэрчилгээнд байгаа талбайд ороогүй байсныг нэмж үнэлсэн болно.

Чингисийн талбайн орчмын барилгуудын 1м.кв-ын үнэ доорхи байдалтай байна. Үүнд:

Дуурь бүжгийн театрын ард байрлах “Сити Тауэр” оффисын байрны В хэсгийн 125 м.кв байр 1 м.кв-ын үнэ 4,500,000 төгрөг, мөн оффисын 11-р давхарын 122 м.кв талбай 4,000 ам.доллар, Чингисийн талбайн баруун талд Хөрөнгийн биржийн ар талд “Эксперес цамхаг” 89.63 м.кв оффис 5,600,000 төгрөг, Чингэлтэй дүүрэг Уртцагаан, 8 шаргын урд тал оффис, “Капитал” 4,200,000 төгрөг, МУИС-ын ЭЗИС-ийн зүүн талд “ЖБ цэнтр” 108 м.кв талбай 4,100,000 төгрөг.

Ер нь төв талбай орчмын барилгууд хамгийн их үнэ цэнэтэй байдаг. Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлдвэрийн ашиглалтгүй байгаа хуучин барилгын дуудлага худалдаа 2015 оны 11 дүгээр сарын 30-нд болж, 4 оролцогч 20 тэрбум төгрөгөөс дээш үнэ өгч 24 тэмбум төгрөг хүрч, 1 м.кв нь 4,576,659 төгрөгөөр борлогдсон.

Мөн бидний үнэлсэн барилгын дэргэд байгаа Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн актлагдсан одоо ашиглагдахгүй байгаа хуучин барилгын дуудлага худалдаа 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр болж 1 м.кв нь 3,750,000 төгрөгөөр бүгд 4,320,000 төгрөгөөр зарагдсан.

Энэ бол зөвхөн байршлаас хамаарч байгаа үнэ юм. Энэхүү дуудлага худалдааны зарагдсан үнэ бол бодит үнэлгээ бөгөөд бидний хийсэн үнэлгээ үнэн зөв гэдгийг баталж байгаа юм.

Бид үнэлгээг хийхдээ эдгээр зах зээлийн үнэнээс хамгийн бага үнийг сонгон авч үнэлгээнд тусгаж дундачлан үнэлсэн гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 626 дугаар шийдвэрээр “Сант хаан” ХХКомпаниас 287,900,000 төгрөгийг гаргуулан “Ориент инвэст” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн хурааж үнийн санал авах мэдэгдлийг “Сант хаан” ХХК-ийн захирал Ц.Зоригтод гардуулсан боловч үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгосон байна.

Тус алба нь эд хөрөнгөнд үнэлгээ тогтоодоггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ориент Инвест” ББСБ нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, “Бэсгэ” ХХК нарт холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх тус шүүх хуралдааны товыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунжаргалд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 89086119 дугаарын утсаар, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдэх хуудсаар тус тус хүргэсэн боловч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

 

Нэхэмжлэгч тал хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү гомдлын шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 156 дугаар зүйлийн 156.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой гаргасан тул энэхүү шаардлагын хариуцагч нь ажиллагаа явуулж буй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба байна.

 

Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч “Бэсгэ” ХХК нь тухайн гомдол бүхий иргэний хэрэгт хариуцагч байх үндэслэлгүй тул “Бэсгэ” ХХК-д холбогдох “Ориент Инвест” ББСБ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх дараах үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 89 дүгээр захирамжаар “Сантхаан” ХХК-аас 287,900,000 төгрөг гаргуулж “Ориент Инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулахдаа зээлийн барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009599 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 хороо, Жигжиджавын гудамжны 4/1 тоот конторын зориулалттай 180 м.кв талбайтай байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009176 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Монгол Шуудан банкны хойд талд “Сэрүүн” ХХК-ийн байрны 2 дугаар давхарын конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 119/02, 119/11-1 тоот актуудаар битүүмжилж, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 119/04, 119/10-04 тоот актуудаар хурааж, төлбөр төлөгчөөс үнийн санал өгөөгүй тул 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 97 тоот тогтоолоор “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн байна.

 

2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний тайлангаар “Бэсгэ” ХХК нь Жигжиджавын гудамж 4/1 хаягтай ажлын байрыг 753,043,500 төгрөгөөр, өргөтгөлийг 123,415,463 төгрөгөөр, Монгол Шуудан банкны хойд талд “Сэрүүн” ХХК-ийн барилгын 2 дугаар давхарт хаягтай ажлын байрыг 121,323,675 төгрөгөөр тус тус үнэлсэн ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3/37795 дугаар мэдэгдлээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоогдсон дээрх үнэлгээ /нийт 997,782,638/-ний 70 хувь болох 698,447,846 төгрөгөөр тогтоох болсныг “Ориент Инвест” ББСБ-д мэдэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Бэсгэ” ХХК-ийн гаргасан дээрх үнэлгээг шинжилгээ хийх эрхгүй этгээд гаргасан, зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн, шинжээч томилсон тогтоолд заагаагүй өргөтгөлийн хэсгийг нэмж үнэлсэн нь үндэслэлгүй гэж үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасанд үндэслэн хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны чиглэл бүхий тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчдээс бүрдсэн “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ гаргахыг даалгасан нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчөөгүй байна.

 

Тэрчлэн зөвхөн “Сантхаан” ХХК-ийн ажлын байр руу урд талаасаа ордог 2 давхар шатны хэсэг буюу 29,5 м.кв талбай бүхий нэмж барьсан өргөтгөлийн хэсэг нь шинжээч томилох тухай тогтоолд заасан үнэлэгдэх эд хөрөнгийн жагсаалтад тусгайлан заагдаагүй боловч Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д заасан Чингэлтэй дүүргийн 1 хороо, Жигжиджавын гудамжны 4/1 байршилтай конторын зориулалттай, 180 м.кв талбай бүхий барилгын салгаж үл болох бүрдэл хэсэг мөн тул “Бэсгэ” ХХК түүнийг нэмж үнэлсэн нь Хөрөнгийн Үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасанд нийцсэн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан шинжилгээ хийх эрхгүй этгээд дүгнэлт гаргасан, шинжээч томилсон тогтоолд заагаагүй өргөтгөлийн хэсгийг нэмж үнэлсэн гэх үндэслэлүүд нь шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

 

Мөн хэрэгт авагдсан баримтуудаар шинжээч “Бэсгэ” ХХК нь эд хөрөнгийг  зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь үнэлгээний талаар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдсэн атлаа гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнэлгээг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдлээр мэдсэн атлаа үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан хуулийн тодорхой заалтыг зөрчиж, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд бус ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй тул үнэлгээний талаар мэдсэнээс хойш 35 хоногийн дараа гаргасан гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй юм.

 

 “Ориент инвест” ББСБ нь банк бус санхүүгийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг болохын хувьд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаанд төлбөр авагчийн хувиар цөөнгүй тохиолдолд оролцдог тул ажиллагааны талаарх гомдлоо хэнд, хаана гаргахаа мэдэх боломжгүй байсан гэж үзэхэд эргэлзээтэй тул шүүх ахлах шийдвэр гүйцэтгэгчээр гомдлоо шийдвэрлүүлэхээр хугацаа алдсаныг нь хүндэтгэх шалтгаанд тооцох боломжгүй гэж үзлээ.  

 

Иймд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Бэсгэ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “Ориент инвест” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг гомдол гаргах хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.3-т заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Бэсгэ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “Ориент Инвест” ББСБ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч “Ориент Инвест” ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА