| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/06438/И |
| Дугаар | 210/МА2025/01026 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/01026
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/02995 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
*******-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Миний бие 2011 оны 01 дүгээр сараас 2023 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд *******-д маркетингийн менежер, хүний нөөцийн албаны менежер, Хяналт шалгалтын газарт мониторингийн менежер, Статистик, мэдээлэл технологийн албаны менежерээр тус тус ажилласан.
Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/353 дугаар тушаалаар *******уудын нийгэмлэгийн магистрын зэрэг олгох сургалтад хамрагдаж, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд суралцаж, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ирсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.11-д зааснаар ажлын байр хадгалагдаж байгаа гэж бодоод 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ өгсөн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.
Иймд, урьд эрхэлж байсан менежерийн ажил албан тушаал нь Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн дарга гэж өөрчлөгдсөн тул Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,840,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
******* нь *******-д 2011 оноос хойш хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/353 дугаартай тушаалаар сургалтын чөлөө олгогдож, тушаалын 3 дахь заалтаар сургалтын чөлөөтэй байх хугацаанд ажлын байрны үндсэн цалингаас тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөхийг зөвшөөрсөн.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 тоот тогтоолоор *******-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалт шинэчлэн баталсан бөгөөд Статистик, мэдээлэл технологийн албаны менежерийн албан тушаал бүтцээс хасагдаж, *******-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/329 дугаартай тушаалаар ************** газрын Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн даргын албан тушаалд *******г томилсон үүнийг ******* мэдэж байсан.
Ажил олгогчийн зүгээс *******ын өргөдлийн хариуг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/03-1882 дугаартай албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу урьд эрхэлж байсан албан тушаалд томилох боломжтой талаар мэдэгдсэн. Тус мэдэгдлийг хүлээн авсан атлаа ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй.
Иймд, *******-ийн Гүйцэтгэх захирлын тушаал нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******-д холбогдох Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,840,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, дуусгавар болгосон эсхүл өөр ажилд шилжүүлсэн сэлгэн ажиллуулсан зүйл байхгүй мөн энэ талаар ажил олгогчийн шийдвэр гарсан зүйл байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь үндэслэлгүй.
Би, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр С*******нд гомдол гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажиллагааг дуусгавар болгосон.
Хариуг хүлээн авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Гүйцэтгэх захирлын тушаалаар сургалтын чөлөөг олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11-д зааснаар сургалтад хамрагдаж байгаа ажилтны ажлын байрыг хадгалах нөхцөлөөр олгосон.
Өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын байр хасагдаагүй атал анхан шатны шүүх шийдвэрийн 15 дахь хэсэгт талууд энэ талаар маргаагүй гэж буруу дүгнэлт хийсэн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 60.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Өөрөөр хэлбэл, ******* болон түүний салбар нэгж татан буугдаагүй, Статистик мэдээлэл технологийн хэлтэс татан буугдсан талаар хариуцагч талаас ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй атал шүүгч эрх зүйн хэм хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
*******ын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолын дагуу ТУЗ болон Гүйцэтгэх захирлын тушаалаар албан тушаалын жагсаалт, бүтцийг баталдаг ба батлагдсан тушаал хэргийн материалд хавсаргагдаагүй байхад анхан шатны шүүхээс хийсвэр дүгнэлт хийсэн.
Мөн ажил олгогчтой удаа дараа уулзах хүсэлт илэрхийлсэн боловч нэг ч удаа авч уулзаагүй, хариу мэдэгдээгүй, тохиролцоо хийгээгүй, ажлын байр хасагдсан цөөрсөн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4 дэх хэсэгт зааснаар мэдэгдэл өгөөгүй байтал анхан шатны шүүхээс адил чанарын ажлын байранд ажиллуулахаар санал болгосон гэж буруу дүгнэлт хийсэн.
Ажил олгогчийн зүгээс ямар асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд хэдэн төгрөгийн цалинтай ажиллах талаар ямар нэг зөвшилцөл хийх хүсэл зориг байхгүй атал шүүх шууд дүгнэлт хийж диспозитив нөхцөлийг зөрчсөн.
Миний бие ажилдаа орох хүсэлтээ 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан түүнээс хойш ажил олгогч ямар ч хариу мэдэгдэл өгөхгүй байсаар 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр шүүхэд иргэний хэрэг үүссэний дараа 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэргэжилтнээр томилох боломжтой талаар 01/03-1882 тоот албан бичгийг ирүүлсэн.
Энэ бол албан бичигт өдий зүйл бөгөөд хэрвээ ажил олгогчийн зүгээс албан тушаалд томилох гэж байсан бол шүүхэд ажилд томилсон тушаал шийдвэрийг гарган ирүүлэх боломжтой байсан. Гэтэл шүүх албан бичгийн талаар анхан шатны шүүх хуралдаанд томилсон эсэх талаар тодруулга хийгээгүйн зэрэгцээ мэргэжилтний албан тушаалд томилуулах нь зүйтэй гэж үзсэн нь шүүх хэт нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Байгууллагын зүгээс ажлын байр хасагдсан, аж ахуйн нэгж байгууллага татан буугдсантай холбоотойгоор ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй, *******ын газрын тогтоолын дагуу *******-ийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, нэгжийн нэршил өөрчлөгдсөнтэй холбоотой Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсан эсэх нь эргэлзээтэй, тухайн ажлын байр бодитойгоор хасагдсан эсэхтэй холбоотой тушаал, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын өмнөх бүтэц, орон тооны талаарх мэдээллийг хавтаст хэрэгт хавсаргагдаагүй байхад анхан шатны шүүх ажил олгогчийн татгалзал үндэслэлтэй байна гэж дүгнэсэн, миний урьд эрхэлж байсан Хүний нөөцийн албаны менежер, Статистик, мэдээлэл технологийн албаны менежер зэрэг албан тушаалууд удирдах албан тушаал мөн эсэх талаар тодорхойлоогүй атал уг албан тушаалыг шууд мэргэжилтний орон тоо гэж шууд дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/363 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 43.2.9, 60 дугаар зүйлийн 60.1.11, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11.11, 8.11.12, Хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.9.8 дугаар зүйлийн 8.18 дахь заалтыг тус тус үндэслэн Статистик, мэдээлэл технологийн албаны менежер *******од 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар сургалтын чөлөө олгож, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, чөлөөтэй байх хугацаанд ажлын байрны үндсэн цалингаас тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөхөөр шийдвэрлэжээ. /х.х-ийн 80/
3.2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаартай тогтоолоор *******-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Статистик, мэдээлэл технологийн алба-ыг Статистик, мэдээлэл технологийн хэлтэс болгон өөрчилж, орон тоог Хэлтсийн дарга 1, Статистикийн мэргэжилтэн 1, Программ хангамжийн инженер 2, Мэдээлэл технологийн инженер 1 байхаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн байна. /х.х-ийн 39-45/
3.3. *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/329 дүгээр тушаалаар *******г *******,******* газрын Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн даргын албан тушаалд томилжээ. /х.х-ийн 79/
3.4. Улмаар *******-ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/03-1882 тоот албан бичгээр ...таны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тухай өргөдлийг судалж үзээд дараах хариуг хүргүүлж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолоор Статистик, мэдээлэл технологийн хэлтэс болон өөрчлөгдсөн. Үүний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу таныг урьд эрхэлж байсан албан тушаал болох Статистик, мэдээлэл технологийн хэлтэст мэргэжилтнээр томилох боломжтой байна... гэсэн хариуг *******од өгчээ. /хх-ийн 46 дугаар тал/
Зохигч нар тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн эсэх талаар маргаагүй боловч ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй үед түүний хадгалагдаж байсан ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн, үүнтэй холбоотойгоор ажилтанд адил чанарын өөр ажлын байр санал болгоход татгалзсан, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон зэргийн талаар маргажээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэж заасан.
Тодруулбал, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11-д зааснаар ажил олгогч *******-ийн зөвшөөрлөөр ажилтан ******* гадаад улсад сургалтад хамрагдаж байх хугацаанд түүний ажлын байр хэвээр хадгалагдах хэдий ч орон тоо цөөрөх, хасагдах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж, улмаар ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулж болно.
Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж тодорхой заажээ.
5. Хэрэгт авагдсан баримтаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаартай тогтоолоор *******-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******ыг ажиллаж байх хугацаанд буюу түүнд 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/363 дугаар тушаалаар захиргааны чөлөө олгохоос өмнө тус компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн байх тул нэхэмжлэгчийг гадаад улсад суралцаж байх хугацаанд түүний ажлын байрыг хассан, цөөрүүлсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Энэ тохиолдолд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчид адил чанарын өөр ажлын байранд ажиллуулах санал гаргасан нь хуульд нийцээгүй байх тул хариуцагчийн энэ талаарх тайлбарыг хүлээн авахгүй.
Анхан шатны шүүх хариуцагч компанийн бүтэц, зохион байгуулалт хэзээ өөрчлөгдсөн, энэ нь нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд, аль эсхүл захиргааны чөлөөтэй байх хугацаанд хийгдсэн үйл баримтыг зөв тогтоогоогүй байна.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гээд 80.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасан.
Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолоор Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарласан бөгөөд 15 дугаар зүйлийн 15.1.1-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж, 15.1.2-т Мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.
Хариуцагч *******-ийн зүгээс *******ыг ажиллаж байсан Статистик, мэдээлэл технологийн албаны менежер-ийн орон тоог цөөрүүлсэн, аль эсхүл хассан талаар нотлоогүй.
Тодруулбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаартай тогтоолоос өмнө хариуцагч компанийн бүтэц, зохион байгуулалт ямар байсан, нэхэмжлэгчийн ажиллаж байсан алба хэдэн хүнтэй байсныг хожим хэд болгож багасгасан, шинээр бий болгосон гэх *******,******* газрын Статистик, мэдээлэл технологийн хэлтэс нь өмнө нь батлагдсан орон тоо, бүтцээс чухам ямар ялгаатай болохыг нотолж чадаагүй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж зааснаар хариуцагч ******* нь ажилтан *******од түүнийг гадаад улсад байсан эсэхээс үл хамаарч орон тоо хассан болон цөөрүүлсэн болохыг нотлохоос гадна бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор түүний ажлын байр хасагдсан, цөөрсөн талаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн болох нь баримтаар тогтоогдоогүй.
Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан *******-ийн Статистик, мэдээлэл технологийн албаны менежерийн албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй.
7. Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг шаардах эрхтэй.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг нэхэмжлэгчийн тогтмол авч байсан цалингаас тооцоход 164,603 төгрөг /3,410,000 + 3,466,000 + 3,494,000= 10,370,000 : 3 =3,456,666 : 21 = 164,603/ болох бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ажлын 132 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 21,727,596 төгрөг /164,603 х 132/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг үнийн дүнгээс зохих шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгана.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гээд 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, ...тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасан.
Дээрх хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргах тохиолдолд шүүхэд нэхэмжлэлийг шууд гаргах боломжтой.
Гэвч нэхэмжлэгч нь тус хуулийн 154 дүгээр зүйл 154.2, 154.2.1-д тус тус зааснаар хөдөлмөрийн маргаан таслах комисс болон сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандсаныг буруутгахгүй.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар сургалтын чөлөө авсан бөгөөд түүний ажилдаа буцаж орох тухай 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлтэд хариуцагчийн зүгээс хариу өгсөн эсэх нь тодорхойгүй, мөн нэхэмжлэгчид олгосон сургалтын чөлөөний хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусахаар байх тул 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр С*******нд гомдол гаргасан нь нэхэмжлэгчийг хуульд заасан гомдол гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/02995 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг *******-ийн Статистик, мэдээлэл технологийн албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-аас 21,727,596 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 266,588 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.МАНДАЛБАЯР