Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 00063

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 Н.Дүүрэнжаргал

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                  А.Хандмаа

                         Шүүгдэгч                                         П.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.Нт холбогдох 1932000580077 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1978 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №15 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгүүлсэн. Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД: */ Зоот овогт Пунсалдуламын Н.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

П.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Түнхэл тосгоны гудамжинд 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Г.МАын эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н мэдүүлэхдээ: ... 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдөр найз Чадраабалтай төмөр замын дэлгүүрийн гадаа 2 литрийн нийслэл пиво хувааж уусан. Тэгээд найз маань гэрлүүгээ явсан харин би гэртээ харихаар явж байгаад МА гэдэг залуутай гудамжинд тааралдсан. Тэгээд тэр залуугаас “чи хаанаас ирсэн юм бэ” гэж асуухад Мандалаас ирсэн гэсэн. Тэгэхээр нь би “ганц пиво уух уу” гэхэд “үгүй” гээд цаашаа явахаар нь араас нь өшиглөсөн. Тэгсэн чинь  тэр залуу “би саяхан шулуун гэдэсний хагалгаанд орсон, хагалгааг сэдрээчихлээ шүү дээ” гэсэн. Тэгээд намайг дагуулаад Ц ахынд орсон. Ц ахын эхнэр тэр залуутай хамт эмнэлэг явсан. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Г.МА мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 03 сарын 09-ны өдөр хүнсний дэлгүүр орох гээд Цогоогийн гэрээс ганцаараа гараад гудамжинд явж байсан чинь нэг согтуу залуу гудамжинд таараад чи хаанаас ирсэн юм, хэнийд ирсэн юм гэхээр нь би нөгөө залууд хэлээгүй хажуугаар нь гараад явах гэсэн чинь араас бөгс рүү өшиглөхөөр нь өө чи миний хагалгаа руу өшиглөчихлөө гээд бариад аваад чамайг хэн гэдэг вэ гэсэн чинь Нямаа гэсэн тэгэхээр нь Цогоогийн гэр лүү дагуулаад очсон чинь Цогоогийн авгай Рэнцэнханд Нямаа гэдэг юм гээд намайг дагуулаад эмнэлэг рүү явсан. Миний бөгс рүү нэг удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15-р хуудас/

Гэрч Д.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Улаанбаатар хотын харьяат МА гэх залуу гудамжинд явж байгаад хүнд араасаа бөгсрүүгээ өшиглүүлсэн гэх зовиуртай цус гараад байна гэж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад би саяхан шулуун гэдэсний хагалгаанд орсон шарх эдгээгүй байхад нэг залуу бөгс рүү өшиглөөд оёдол задлаад хаячих шиг боллоо цус гараад байна гэсэн. Тэгээд үзлэгийн өрөөнд оруулаад үзэхэд шулуун гэдэсний 6-9 цагийн орчимд шарх ангайсан байдалтай оёдол нь задарсан цус гарсан байдалтай байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №74 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ....

 

1. Г.МАын биед хагалгааны дараах шулуун гэдэсний шарх задарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 20-р хуудас/

Түнхэл тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /ХХ-ийн 12-р хуудас/

          П.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Түнхэл тосгонд найз Чадраатай гудамжинд 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво уугаад Чадраа ажил руугаа яваад, би гэрлүүгээ харих санаатай гудамжаар явж байгаад нэг залуутай зууралдаад байсан. Зарим зүйлээ сайн санахгүй байна. Дараа нь нөгөө залуу болон Цогоо ахын найз МА гэх хүнтэй Түнхэл дэлгүүрийн урд гудамжинд пиво уух уу гэж асуусан чинь МА пиво уухгүй гээд эргэхээр нь би араас нь бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-р хуудас/.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 32 дугаар хуудас/, Шүүгдэгч П.Нын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /36 дугаар хуудас/, Шийтгэх тогтоол /37-38 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч П.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Түнхэл тосгоны гудамжинд 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Г.МАын эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Г.МАын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14-15-р хуудас/, Гэрч Д.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №74 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт /ХХ-ийн 20-р хуудас/, Түнхэл тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /ХХ-ийн 12-р хуудас/, П.Нын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 31-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч П.Ныг хохирогч Г.МАын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд П.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Түнхэл тосгоны гудамжинд 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Г.МАын эрх чөлөөнд халдан өшиглөж, Г.МАын биед хагалгааны дараах шулуун гэдэсний шарх задарсан гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Н нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №15 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгүүлсэн, уг ялаа биелүүлсэн байна.

Хохирогч Г.МА нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 500000 төгрөг төлсөн гэсэн тул хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зоот овогт Пунсалдуламын Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ныг 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан П.Нын торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд зургаа хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. П.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.