Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2016/00231

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 04 өдөр         Дугаар184/ШШ2016/00231              Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Цолмонбаатар даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ын  нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Улаанбаатар хот, *****

 

Хариуцагч: *****-т  холбогдох,

 

“Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1,691,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг, Жаргалант сум руу салдаг уулзвараас 5 км зайд асфалтан замд “*******” ХХК-ийн эзэмшлийн БМБ-325 маркын 17-08 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол улсын иргэн ******* нь жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн *******гийн Субару Импереза маркын 44-27 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,622,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь Төв аймгийн прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 190 тоот тогтоол, “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн ЧД-473 тоот Авто машин техникийн үнэлгээний тайлангаар тус тус тогтоогджээ.

Гэм буруутай этгээдийн бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирлыг Монгол улсын Иргэний хуулийн 497, 499, 510 дугаар зүйлд заасныг удирдлага болгон арилгах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд тээврийн хэрэгсэл ашиглах явцдаа *******гийн эд хөрөнгөнд учруулсан 1,622,000 төгрөг, хохиролын үнэлгээ хийлгэсэн үнэлгээний төлбөр 69,000 төгрөг нийт 1,691,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс шүүхийн журмаар гаргуулж өгнө үү.” гэв.

 

            Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг автомашин унаж явах нөхцөлтэй зээл олгодог. БМБ-325 маркын 17-08 УНР улсын дугаартай автомашиныг нь 2015 оноос хойш манай компанид барьцаалан унаж авах нөхцөлтэйгөөр олон удаа зээл авсан. Хамгийн сүүлд манай компани 2016 оны 01 дүгээр сарын 28-нд тай БМБ-325 маркын 17-08 УНР машиныг барьцаалан ЭЦ-1018 тоот зээлийн гэрээ үйлдэн зээл олгосон. Уг зээлийн гэрээний 3.2.5-д “гэрээний хугацаанд уг тээврийн хэрэгслээр зээлдэгч өөрөө болон хоёрдогч этгээдээр тээврийн хэрэгслээр ашиглаж явах үед бусдад хохирол учруулсан бол хариуцлагыг зээлдэгч өөрөө хүлээнэ. Иймд хариуцагч “*******” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие ******* нь 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг Жаргалант сумруу салдаг уулзвараас 5 км зайд асфалтан зайд “*******” ХХК-ийн БМБ-325 маркын 17-08 УНР улсын дугаартай машин барьж яваад осол гаргасан. Уг тээврийн хэрэгсэл нь хадам ах Б.Сэргэлэнбаатарын машин бөгөөд тухайн үед “*******” ХХК-иас зээл авч улмаар “*******” ХХК-д автомашины гэрчилгээг шилжүүлж байсан. Одоо *******гийн нэхэмжлэлийн шаардлага 1,691,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь уг хохирлыг өөрийн амьдралын боломж бололцоог харгалзан үзэж 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд төлж барагдуулна” гэжээ

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК, ******* нарт холбогдуулан “Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1,691,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* нь 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр, Жаргалант руу салдаг замаас 5 км-ын зайд “*******” ХХК-ийн эзэмшлийн /BMW-325/ БМБ-325 маркын, 17-08 УНР улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн Субару импереза маркын 44-27 УНТ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал”, Төв аймгийн Прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 190 дугаар тогтоол болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх зам тээврийн ослын улмаас *******гийн эзэмшлийн Субару импереза маркын 44-27 УНТ улсын дугаартай автомашинд 1,622,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд ******* нь хохирлын үнэлгээний төлбөрт “Ашид билгүүн” ХХК-д 69,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ЧД-473 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр нотлогдож байна.

 

Хариуцач *******ийн жолоодож явсан БМБ-325 маркын 17-08 УНР улсын дугаартай автомашин нь “*******” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтай боловч “*******” ХХК нь уг автомашины эзэмших эрхийг иргэн тай байгуулсан барьцаат зээлийн гэрээний үндсэн шилжүүлэн авсан бөгөөд автомашиныг ашиглах явцад бусдад учруулсан хохирлыг зээлдэгч хариуцахаар гэрээнд заасан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ээр тогтоогдож байна.

 

Хариуцач “*******” ХХК нь нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ дээр дурьдсан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-г үндэслэн зээлдэгч болон гэм буруутай этгээд хохирлыг арилгах ёстой гэж тайлбарлаж маргажээ.

 

Харин хариуцагч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас зам тээврийг осол гаргасан өөрийн гэм буруутай үйлдлийн талаар болон хохирлын хэмжээний талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хуульд зааснаар хариуцагч ******* нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохиролоо арилгах үүрэгтэй байна.

 

Иймээс хариуцагч *******ээс гэм хорын хохирол төлбөрт автомашинд учирсан хохирол 1,622,000 төгрөг, үнэлгээний төлбөр 69,000 төгрөг, нийт 1,691,000  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, “*******” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх хариуцагч *******т 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулсан боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч *******ийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******ээс 1,691,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, “*******” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 42,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Б.ЦОЛМОНБААТАР

 

ШҮҮГЧИД                                                                        Ж.ЛХАГВАСҮРЭН

 

       Ч.НЯМСҮРЭН