Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Н.Улсболд

                         Шүүгдэгч                                         Н.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Пид холбогдох 1932000000116 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын зоотехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигин овогт Намсрайн П.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Н.П нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг Майхан толгой уулын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Ббтай маргалдан улмаар түүний зүүн нүдний орчим гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.П мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч Ш.Бб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Их Мандал хайрханы овооны тахилганы наадам тараад би машинтай зам уруудаад явж байхад Шивэрийн уяач нар бөөнөөрөө цугларчихсан байхаар нь бид нар хажууд нь ирээд зогссон. Охироогийн точил Жагаа ах, Хэрхийн Пүрэвээ буюу П ах хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би тэр хоёр дээр очоод П ахад та Жагаа ахад юм хэлж болохгүй шүү цагтаа Жагаа ахыг цалгиж явахад та нар юм ярьж чадахгүй байсан биз дээ. Одоо харин хүн ядруу явахад та дээрэлхэхээ боль гэж жоохон Жагаа ахыг өмөөрөх байдалтай хэлэхэд Н.П над руу чи дуугай бай гэж хэлээд Жагаа, П 2 барилцаад авахаар би П ахыг хөлөөрөө жийхэд миний өмсөж явсан таавчиг сугарч унахад Об миний араас бариад авсан. Харин П миний нүүрэн тус газар луу гараараа цохиход миний хамарнаас цус гараад би хамраа дараад өмсөж явсан таавчигаа хайгаад явах зуур П, Об нар машинд суугаад яваад өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-9-р хуудас/

Гэрч Т.Дж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … П машины хажууд ганцаараа зогсож байсан. Тэгтэл цаанаас Бб гарч ирээд ишиг Пүрэвээ юу юм гэж хэлээд ирсэн. Тэгсэн П, Бб хоёр хоорондоо хэрэлдээд барилцаж авсан. Тэгээд бид нар салгах гээд дундуур нь орсон. Тэгэхэд тэр хоёр салахад Бб, П хоёрын гар нь хоёр бие рүүгээ савчаад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-р хуудас/

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №102 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

1. Ш.Ббын биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 18-р хуудас/

 

Н.П мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Мандал хайрханы овоо тахилга дуусаад Зүүнхараа руу буцаж яваад Об, Дж, Цэрмаа, Мөнхбат, Шивэрийн Улаака нартай замын хажууд юм яриад сууж байхад Жагаа, Бб хоёр бид нар дээр ирсэн. Би Мандал хайрханы тахилга дээр хөлтэй, хөлгүй морь уралдсан гэж Жагаа хэрэлдэж байхад Об Жагааг аваад явсан. Тэгсэн Бб намайг газар сууж байхад “ишгэн Пүрэвээ даврахгүй шүү” гэж хэлээд миний толгойн тус газар нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би газраас босоод бид хоёр хоорондоо барилцаж аваад би Ббын зүүн нүдний орчим нэг удаа баруун гараараа цохисон. Би Ббын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 4 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 27 дугаар хуудас/, Шүүгдэгч Н.Пийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /33 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.П нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг Майхан толгой уулын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Ббтай маргалдан улмаар түүний зүүн нүдний орчим гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ш.Ббын мөрдөн байцаалтанд өгсөн “...Одоо харин хүн ядруу явахад та дээрэлхэхээ боль гэж жоохон Жагаа ахыг өмөөрөх байдалтай хэлэхэд Н.П над руу чи дуугай бай гэж хэлээд Жагаа, П 2 барилцаад авахаар би П ахыг хөлөөрөө жийхэд миний өмсөж явсан таавчиг сугарч унахад Об миний араас бариад авсан. Харин П миний нүүрэн тус газар луу гараараа цохиход миний хамарнаас цус гараад би хамраа дараад өмсөж явсан таавчигаа хайгаад явах зуур П, Об нар машинд суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-9-р хуудас/, Гэрч Т.Джын мөрдөн байцаалтанд өгсөн “...П машины хажууд ганцаараа зогсож байсан. Тэгтэл цаанаас Бб гарч ирээд ишиг Пүрэвээ юу юм гэж хэлээд ирсэн. Тэгсэн П, Бб хоёр хоорондоо хэрэлдээд барилцаж авсан. Тэгээд бид нар салгах гээд дундуур нь орсон. Тэгэхэд тэр хоёр салахад Бб, П хоёрын гар нь хоёр бие рүүгээ савчаад байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-р хуудас/, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №102 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 18-р хуудас/, Н.Пийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /Хх-ийн 23-24-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 4 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Н.Пийг хохирогч Ш.Ббын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Н.П нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг Майхан толгой уулын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Ббтай маргалдан улмаар түүний зүүн нүдний орчим гараараа цохиж, Ш.Ббын биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Намсрайн Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пийг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Н.Пийн торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.