| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00112/Э |
| Дугаар | 00116 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 00116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Улсын яллагч Н.Улсболд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Бод холбогдох 1932000000124 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, * тоотод оршин суух хаягтай боловч одоо Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат 9 дүгээр баг, Партизаны №36 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Сүхбаатарын Б.
С.Б нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Партизаны №36 тоотод оршин суух хашааны гадна талд эхнэр О.Яцийг согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч О.Яц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед би хэдэн найзуудтайгаа Хараа гол яваад тэндээ найзуудтайгаа 2 литрийн савалгаатай нэг сав нийслэл пиво уусан. Манай найзууд 0.5 литрийн нэг шил хараа архи уусан бөгөөд би тэр архинаас огт уугаагүй. Тэгээд орой 20 цагийн үед би тэр хавьд хүн буулгачихаад буцах гэж байсан таксиг аваад гэртээ ирээд машинаас буусан чинь манай нөхөр Б гэрээс гарч ирээд намайг “чи одоо архи уухаа болиочдээ” гэж хэлээд намайг түлхэж газар унагаагаад тэгээд миний уруул руу баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Мөн миний өгзөг рүү хоёроос гурван удаа, зүүн хөлийн гуя болон шилбэ рүү бас хоёроос гурван удаа өшиглөсөн. Тэгээд тухайн үед миний гар утсыг хурааж аваад намайг гэрээс гаргахгүй байсан болохоор би цагдаад дуудлага өгч чадалгүй гэртээ хоносон гэх мэдүүлэг /ХХ-ийн 20 хуудас/
2019 оны 06 дугаар сарын 9-ний өдрийн Аюулын зэргийн үнэлгээний маягт /ХХ-ийн 9-10 хуудас/
2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №125 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...
1. О.Яцийн биед доод уруулын дотор талд няцарсан шарх, гадна талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2019 оны 06 дугаар сарын 08-нд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /ХХ-ийн 14 дүгээр хуудас/
Гэрч Б.Эц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тэр өдөр Яц бид хоёр Яцийн найз гэх 4 залуугийн хамт Хараа гол орсон. Голын эрэг дээр суугаад 0.5 литрийн 1 шил Хараа архи, 2 литрийн савалгаатай нэг сав нийслэл пиво тэр 5 хувааж уусан. Би огт архи, пиво уугаагүй. Яц архинаас 2 удаа жижиг аягаар уусан. Ахиж уугаагүй. Пиво л уусан. Тэгээд бид хоёр зам дээрээс нэг такси бариад Яцийн гэр лүү явсан. Тэгээд гэрийнх нь гадаа ирээд бид хоёр буугаад намайг таксины тооцоо хийх гэж байхад Б гэрээсээ их хурдан гарч ирээд Яцийг цохих шиг болоод Яц газар унах шиг болсон. Тэгээд таксины мөнгөний үлдэгдэл 500 төгрөг дутаад би халаасандаа хайж байгаад тооцоогоо хийж дуусгачихаад таксигаа явуулчихаад Яцийг газар хэвтэж байхаар нь юу болсон бэ гээд босгосон чинь уруул ам нь нилээн цус болчихсон байсан. Тэгсэн чинь Б Яцийг “ор пизда минь” гээд гэр лүүгээ бүгд орсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/
С.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 06 дугаар сарын 08-ны 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирээд гэрт орсон чинь манай 5 охин харгалзах хүнгүй байсан. Тэгээд би хүүхдүүдээсээ ээж нь хаашаа явсан юм гэж асуусан чинь манай том охин Хонгорзул ээж өглөө гараад явсан ирээгүй гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байсан чинь манай гэрийн гадаа машин ирээд зогсохоор нь би гараад очсон чинь манай эхнэр нэг машинаас согтуу бууж ирсэн. Тэгэхээр нь би “чи одоо архи уухаа болилдоо хэдэн хүүхдээ харахгүй” гээд уурласан чинь манай эхнэр өөдөөс “чи зайлаа би угаасаа чамаас салах гэж байгаа” гээд хэрүүл өдсөн. Тэгэхээр нь би “гэртээ хурдан ор” гээд түлхсэн чинь манай эхнэр газар уначихсан. Тэгээд манай эхнэр өвдөг болон хоёр гараараа тулаад дөрвөн хөллөөд босохгүй болохоор нь би хажуунаас нь нэг удаа өшиглөчихөөд машинд нэг залуу сууж байхаар нь “чи юун хүн болоод айлын эхнэр дагуулаад архи уугаад байгаа юм бэ” гэж загнасан. Тэгээд нөгөө машин яваад Эц бууж үлдсэн манай эхнэртэй хамт явсан юм байна лээ. Тэгээд эхнэрийг “бос” гээд бөгс буюу өгзөг рүү нь өшиглөсөн чинь “миний ам өвдөөд байна” гээд орилсон. Тэр үед манай том охин Хонгорзул гарч ирээд Эцтэй хамт ээжийгээ сугадаад босгох үед манай эхнэрийн амнаас цус гарсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 5 хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 31 дүгээр хуудас/, Шүүгдэгч С.Бын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас/ 34 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Партизаны №36 тоотод оршин суух хашааны гадна талд эхнэр О.Яцийг согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч О.Яцийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгээд орой 20 цагийн үед би тэр хавьд хүн буулгачихаад буцах гэж байсан таксиг аваад гэртээ ирээд машинаас буусан чинь манай нөхөр Б гэрээс гарч ирээд намайг “чи одоо архи уухаа болиочдээ” гэж хэлээд намайг түлхэж газар унагаагаад тэгээд миний уруул руу баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Мөн миний өгзөг рүү хоёроос гурван удаа, зүүн хөлийн гуя болон шилбэ рүү бас хоёроос гурван удаа өшиглөсөн. Тэгээд тухайн үед миний гар утсыг хурааж аваад намайг гэрээс гаргахгүй байсан болохоор би цагдаад дуудлага өгч чадалгүй гэртээ хоносон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20 хуудас/, 2019 оны 06 дугаар сарын 9-ний өдрийн Аюулын зэргийн үнэлгээний маягт /ХХ-ийн 9-10 хуудас/, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №125 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 14 дүгээр хуудас/, Гэрч Б.Эцийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгээд гэрийнх нь гадаа ирээд бид хоёр буугаад намайг таксины тооцоо хийх гэж байхад Б гэрээсээ их хурдан гарч ирээд Яцийг цохих шиг болоод Яц газар унах шиг болсон. Тэгээд таксины мөнгөний үлдэгдэл 500 төгрөг дутаад би халаасандаа хайж байгаад тооцоогоо хийж дуусгачихаад таксигаа явуулчихаад Яцийг газар хэвтэж байхаар нь юу болсон бэ гээд босгосон чинь уруул ам нь нилээн цус болчихсон байсан. Тэгсэн чинь Б Яцийг “ор пизда минь” гээд гэр лүүгээ бүгд орсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/, С.Бын мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгээд удаагүй байж байсан чинь манай гэрийн гадаа машин ирээд зогсохоор нь би гараад очсон чинь манай эхнэр нэг машинаас согтуу бууж ирсэн. Тэгэхээр нь би “чи одоо архи уухаа болилдоо хэдэн хүүхдээ харахгүй” гээд уурласан чинь манай эхнэр өөдөөс “чи зайлаа би угаасаа чамаас салах гэж байгаа” гээд хэрүүл өдсөн. Тэгэхээр нь би “гэртээ хурдан ор” гээд түлхсэн чинь манай эхнэр газар уначихсан. Тэгээд манай эхнэр өвдөг болон хоёр гараараа тулаад дөрвөн хөллөөд босохгүй болохоор нь би хажуунаас нь нэг удаа өшиглөчихөөд машинд нэг залуу сууж байхаар нь “чи юун хүн болоод айлын эхнэр дагуулаад архи уугаад байгаа юм бэ” гэж загнасан. Тэгээд нөгөө машин яваад Эц бууж үлдсэн манай эхнэртэй хамт явсан юм байна лээ. Тэгээд эхнэрийг “бос” гээд бөгс буюу өгзөг рүү нь өшиглөсөн чинь “миний ам өвдөөд байна” гээд орилсон. Тэр үед манай том охин Хонгорзул гарч ирээд Эцтэй хамт ээжийгээ сугадаад босгох үед манай эхнэрийн амнаас цус гарсан байсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 5 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч С.Быг эхнэр О.Яцийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож”, биед нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Б нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Партизаны №36 тоотод оршин суух хашааны гадна талд эхнэр О.Яцийг согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ гэх шалтгаанаар зодож, О.Яцийн биед доод уруулын дотор талд няцарсан шарх, гадна талд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан С.Бын торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.