Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/01003

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/02499 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох,

 

*******ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 86,891,300 төгрөг, *******ээс олох ёстой байсан ашиг болох 64,300,000 төгрөг гаргуулах, мөн *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга, тэмдгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг *******д даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* болон нар хамтран ажиллахаар аман хэлцэл хийж, хамтын үйл ажиллагааны нөхцөлийг дараах байдлаар тохиролцсон байдаг. Үүнд: ******* нь ломбардын үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүх мөнгөн хөрөнгийг оруулах, /2,000,000 төгрөгийн үнэ бүхий сейф худалдан авсан/, ******* нь ломбардыг бие даан ажиллуулж ашиг орлого олох, олсон ашгаасаа cap бүр 3,000,000 төгрөгийг цалин хэлбэрээр *******ад өгөх, хамтран ажиллах тодорхой хугацаа тохиролцоогүй, ашигтай байвал цаашид үргэлжлүүлэх ажиллуулна гэж тохиролцсон. *******, ******* нар 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дээрх хамтран ажиллах аман хэлцлийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг хамтран явуулсан.

******* 2022 оны 03 дугаар сараас эхлэн cap бүр 3,000,000 төгрөг өгч байсан боловч 2023 оны 05 дугаар сард 1,700,000 төгрөг өгөөд түүнээс хойш хамтран ажиллах хэлцлийн дагуу cap бүр өгөхөөр амласан 3,000,000 төгрөгөө өгөхгүй өнөөдрийг хүрсэн. ******* 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран хариуцагч *******ийн эзэмшлийн ******* ******* тоот дансаар дамжуулан бусдад барьцаалан зээлдүүлэх мөнгийг тухай бүр шилжүүлсэн ба нийт 86,891,300 шилжүүлсэн болох нь ******* дансны хуулгаар нотлогддог. Хамтран хариуцагч ******* өөрийн эзэмшлийн ******* дансаар 86,891,300 төгрөгийг шилжүүлэн авсан, уг мөнгөний хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй, ******* *******тэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, *******т ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй, өөрөөр хэлбэл, Иргэний Хуулийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, мөн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа болно. ******* хамтран ажиллах аман хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй /цалин хэлбэрээр өгөхөөр тохиролцсон мөнгө өгөх үүргээ биелүүлээгүй/ байх тул ******* хамтран ажиллах хэлцлээсээ татгалзаж, 2023 оны 05 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл өгөх ёстой байсан ашиг болох 64,300,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд, *******ээс үндэслэлгүй хөрөнгөжсөн мөнгө болох 86,891,300 төгрөгийг гаргуулах,

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж байх тул 2023 оны 05 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл өгөх ёстой байсан ашиг болох 64,300,000 төгрөгийг *******ээс гаргуулах,

*******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар, тамга, тэмдэг, дүрмийг *******ад хүлээлгэн өгөхийг *******д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

******* нь *******-ийг худалдаж авч, ломбардын үйл ажиллагааг надтай хамтран явуулах санал гаргасан. Хөрөнгө оруулалтад 81,655,000 төгрөгийг оруулсан. Ломбардын үйл ажиллагаа хэвийн явж байх үед сар болгон ашиг гэж нийт 42,000,000 төгрөгийг *******ад шилжүүлсэн. Харин 2023 оны 05 дугаар сараас ломбардын үйл ажиллагаа доголдсон. Учир нь, ломбардад хулгай орж барьцаанд байсан гар утас үнэт зүйл алга болсон, мөн ломбардад барьцаанд тавьж байгаа гар утсыг хуурамч утсаар сольж залилуулсан зэргээр ломбард ямар ч ашиг орлогогүй болсон. Одоо эд зүйлийг залилсан, хулгайлсан хэргүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. ******* хамт ломбардын үйл ажиллагаа явуулна гээд огт ажил дээр ирдэггүй, сар болгон ашиг авахаар ирдэг, хамт энэхүү ломбардын ашиггүй ажилласан эрсдэлийг хүлээх ёстой. Би, ээж *******ийн дансаар *******аас мөнгө хүлээн авч байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 84,563,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 36,556,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг эх хувиар, тамгыг *******ээс гаргуулж, *******ад хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Үндэслэлгүй хөрөнгөжсөн 86,891,300 төгрөг, олох ёстой байсан ашиг болох 34,300,000 төгрөг нийт 121,191,300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчаас *******ийг чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,271,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 580,766 төгрөгийг гаргуулан улсын орлогод орлохоор, улсын орлогоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

... 1. Хамтран ажиллах хэлцлийн дагуу ******* 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд *******ийн эзэмшлийн ******* ******* тоот данс руу буюу 86,891,300 төгрөг шилжүүлсэн болох ******* дансны хуулгаар нотлогдож байгаа. Шүүхээс 84,563,300 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан мөртөө уг мөнгөн дүнг ямар нотлох баримтад үндэслэсэн талаараа огт хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

2. Анх шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх ба уг нэхэмжлэлдээ 2023 оны 05 дүгээр сараас эхлэн нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх аваагүй ашиг болох 25,300,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг, шүүхээс хамтран ажилласан гэрээний хугацааг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 14 сараар буюу гэрээ үйлчлэх хугацаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хариуцагч нэхэмжлэл гаргахад ломбардаа ажиллуулж байсан, 2024 оны 06 дугаар cap хүртэл буюу тухайн түрээсэлж байсан ажлын байрыг дахин төлөвлөлтөд оруулан буулгах хүртэл хугацаанд ажиллаж байсан, энэхүү нөхцөл байдал хэрэгт авагдсан дансны хуулга болон үзлэгийн тэмдэглэлээр давхар нотлогдож байгаа болно.

3. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг хэлэлцсэн, нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлээд 64,300,000 төгрөг /авах ёстой ашиг/ гэж нэхэмжилсэн боловч үндэслэх хэсэгтээ 34 300 000 төгрөг, тогтоох хэсэгтээ 36 556 000 төгрөг гэж өөрөөр дүгнэсэн, одоо нэхэмжлэгч анх нэхэмжилсэн 25,300,000 төгрөгийн талаар маргаж гомдол гаргаж байгаа бөгөөд үүнээс үлдэх 39,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно.

4. Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт ашиг болох 30,000,000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн, харин хариуцагч ашгаа 42,000,000 гэх боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байхад шүүхээс дансны хуулгаар нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

5. Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлдээ 2023 оны 05 дугаар сард 3,000,000 төгрөг өгөөгүй, 1,700,000 төгрөг өгсөн талаараа дурдсан байхад шүүхээс cap бүр 3,000,000 төгрөг авсан гэж дүгнэсэн буруу байна.

6. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч *******ийн ******* дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулахад 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх дансны хуулгаас харахад ломбард үйл ажиллагаагаа явуулж байсан болох нь нотлогддог, мөн хариуцагч үзлэгийн тэмдэглэлд ашиг болох мөнгийг өгнө гэдгээ хүлээн зөвшөөрч байсан байдаг.

7. Хариуцагч *******ийн хувьд нэхэмжлэгчийн ашиг болгон авч байсан 3,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сард өгөх үүргээ хариуцагч биелүүлэхгүй байгаа үеэс эхлэн 25,300,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

8. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02499 тоот шийдвэрт өөрчлөлт оруулан 25,300,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ий шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Миний бие анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгчээс хамтран ажиллах хүрээнд 86,891,300 төгрөгийг авахад буюу ломбард ажиллуулах үед эх *******ийн хаан банкны дансыг ашиглаж байсан талаар хэлсэн. Тодруулбал, 2022 оны 03 дугаар сараас 2023 оны 07 дугаар сар хүртэл эх *******ийн дансыг ашигласан. Намайг эхийнхээ хаан банкны дансыг ашигладаг гэдгийг нэхэмжлэгч мэддэг байсан. Гэтэл данс эзэмшигчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж гомдолд дурдсан нь үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгчээс хамтран ажиллах хүрээнд авсан 86,891,300 төгрөг болон ломбардын үйл ажиллагаанаас ******* огт ашиг хүртээгүй. Энэ үйл баримт анхан шатны шүүхэд нотлогдсон. Хууль зүйн хувьд мөнгө шилжүүлсэн баримт байсан тохиолдолд *******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч мөнгийг буцаан шаардах эрх үүснэ. Гэтэл 86,891,300 төгрөгийг нэхэмжлэгч нь ******* над руу буюу намайг эхийнхээ дансыг ашиглаж байх үед хамтран ажиллах хүрээнд шилжүүлсэн байдаг. Иймд, үндэслэлгүй хөрөнгөжих болон ашиг олох ойлголтод ******* хамааралгүй гэж үзсэн гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 86,891,300 төгрөг, хариуцагч *******ээс олох ёстой байсан ашиг гэж 64,300,000 төгрөг гаргуулах, мөн *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга, тэмдгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч *******д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа олох ёстой байсан ашиг 25,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан байна.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь ломбардын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх, хариуцагч нь ломбардын үйл ажиллагаа эрхлэн явуулж, түүнээс олсон ашгаас сар бүр 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр харилцан тохиролцжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч *******ыг *******-ийн хувьцаа эзэмшигч, уг компани ломбард буюу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг зөвшөөрөлтэй, хариуцагч ******* тус компанийн нэрээр бусад этгээдэд мөнгөн зээл олгох үйл ажиллагаа явуулах, үүний тулд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг нэхэмжлэгчийн зүгээс гаргах, улмаар ашигтай ажилласан тохиолдолд хариуцагч нь сар бүр 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхийг зөвшөөрсөн үйл баримтын талаар зохигч нар маргаагүй байна.

 

4. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж, 476.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, талууд хамтран ажиллах тохиолдолд дээр дурдсанаар тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр хамтын үйл ажиллагааг эрхлэн явуулах бөгөөд үүнд шаардлагатай санхүү буюу хураамжийг өөрөөр тохиролцоогүй бол тэнцүү хэмжээгээр төлөх, хэрэв аль нэг тал мөнгөн хөрөнгөөр төлөх боломжгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болохоос гадна тийнхүү хураамж хэлбэрээр төлсөн үйлчилгээ нь хамтран ажиллах үйл ажиллагаанаас ялгагдах ёстой болохыг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т тус тус тодорхой заасан.

 

Хэдийгээр талууд энэхүү тохиролцоог бичгээр баталгаажуулан гэрээ, хэлэлцээр байгуулаагүй боловч зохигч нар гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон, энэ талаар маргаагүй учир тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

5. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ийн дансанд 88,393,300 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХК-аас ирүүлсэн дансны хуулгаар тогтоогдсон ба зохигч нарын шүүхэд өгсөн дансны хуулгууд зөрчилтэй буюу харилцан нийцэхгүй байх тул шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтыг үнэн зөв гэж үзнэ. /1.х.х-ийн 114-176/

 

Талуудын тайлбараар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй дээрх нөхцөлөөр хамтран ажиллахаар тохиролцоогүй, харин хариуцагч ******* нь өөрийн төрсөн ээжийн дансаар 88,393,300 төгрөгийг шилжүүлэн авсан байна.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар нэхэмжлэгч *******ыг хамтран ажиллах гэрээний дагуу 88,393,300 төгрөгийг хариуцагч *******ий зөвшөөрсөн эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

 

Тиймээс мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар хариуцагч *******ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгч ******* нь түүнээс дээрх мөнгийг буцаан шаардах үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч *******ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг баримтлан хариуцагчаас чөлөөлсөн нь тус хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасантай нийцэхгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

 

6. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа тэрээр *******-ийн нэрээр мөнгөн зээлийн үйл ажиллагааг 2022 оны 03 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл эрхлэн явуулсан гэснийг нэхэмжлэгч *******ын зүгээс тодорхой баримтаар няцаагаагүй.

 

Түүнчлэн хариуцагч *******ээс нэхэмжлэгч *******ад өнгөрсөн хугацаанд нийт 31,005,998 төгрөг шилжүүлснийг хариуцагч ******* хамтран ажиллах гэрээний дагуу сар бүр өгөхөөр тохиролцсон мөнгө байсан, ломбардад машин барьцаалуулсан хүн машинаа мөнгөтэй нь хамт авч зугтсан, утас залилсан, мөн хулгайн эд зүйлийг барьцаанд авсан зэрэгтэй холбоотой цагдаагийн байгууллагаас шалгах явцад эд мөрийн баримтаар хураан авсан гэж тайлбарласан. /1.х.х-ийн 246/

 

Үүнээс үзвэл талууд 2022 оны 03 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл хамтран ажиллаж, улмаар хамтын үйл ажиллагааг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

 

7. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 05 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд хамтран ажиллах гэрээ үргэлжилсэн гэсэн үндэслэлээр уг хугацааны ашиг 25,300,000 төгрөгийг шаардсан боловч хамтран ажиллах гэрээ үргэлжилсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нотлоогүй.

 

Иймд, хариуцагчийн ...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хэлцэл байгуулснаас өдрөөс ломбардын үйл ажиллагааг явуулж байгаад 2023 оны 05 дугаар сард үйл ажиллагаа зогссон... гэх, нэхэмжлэгчийн ...2023 оны 05 дугаар сард 1,700,000 төгрөг өгөөд үүнээс хойш ашиг өгөөгүй... гэх тайлбаруудыг тус тус үндэслэн 2022 оны 03 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд буюу 14 сарын хугацаанд хамтран ажиллах гэрээний харилцаа үргэлжилсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгчийн захирамжийн дагуу зохигчийн хооронд харилцсан бичсэн зурваст хийсэн үзлэгээр хариуцагч *******ээс нэхэмжлэгч ******* руу ...сар болгоны 25-нд 3 саяыг 1 жилийн хугацаатай хийж байна..., ...танд 3 сая, би өөртөө 1 саяыг гаргаад байхад одоохондоо боломжийн байна... гэх зурвас бичсэнээс үзэхэд хамтран ажиллах гэрээний ашигт сар бүр 3,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид 14 сарын ашиг 42,000,000 төгрөг /3,000,000 х 14/ төлөх үүрэг хүлээнэ.

 

Хариуцагч нь хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлын тал хувийг нэхэмжлэгч хамтран хариуцах ёстой гэсэн боловч нэхэмжлэгчээс гаргасан санхүүгийн эх үүсвэрийг зориулалтын дагуу зарцуулсан болон ийнхүү зарцуулах явцад алдагдалд орсон болохыг баримтаар нотлоогүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн авахгүй.

 

Иймд, хариуцагч *******ээс анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон буюу хамтын үйл ажиллагаанд оруулсан нэхэмжлэгчийн маргаагүй 84,563,300 төгрөг дээр дутуу өгсөн ашиг 10,994,002 төгрөгийг нэмж нийт 95,557,302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосон өөрчлөлт оруулна.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга, тэмдгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр уг нэхэмжлэлийг буцаасан нь буруу. /1.х.х-ийн 222-223, 233-236/

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байх энэ тохиолдолд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийн хүрээнд үүнийг тодруулж, хариуцагч талд танилцуулах, улмаар *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга, тэмдэг одоо хэнд байгаа, түүнийг яагаад нэхэмжлэгчид өгөхгүй байгаа талаар зохигчийг мэтгэлцүүлж, хэргийг хянан шийдвэрлэх ёстой байтал хожим нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус заасантай нийцээгүй.

 

Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргаагүйгээс гадна хариуцагч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга, тэмдгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэснийг үүгээр дурдана.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/02499 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 95,557,302 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,633,998 төгрөг болон хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлаж,

 

3 дахь заалтад ...580,766 гэснийг 635,737 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

Б.МАНДАЛБАЯР