| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Солонго |
| Хэргийн индекс | 181/2016/00584/и |
| Дугаар | 897 |
| Огноо | 2015-09-07 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 897
| 2016 оны 10 сарын 7 өдөр | Дугаар 101/ШШ2016/0897 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг 14 дугаар хороо, Хандгайтын 33 гудамж 344 тоотод оршин суух, 74 настай, эмэгтэй, Шархай боржигон овогт Данзангийн Дэмбэрэлийн /ЧК42011507/ хүсэлтээр,
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний нөхөх олговор болох 1.000.000 төгрөг гаргуулах тухай хүсэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогням,
гуравдагч этгээдийн төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Батнасан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Дэмбэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Миний нөхөр Балжиннямын Барамсай нь 1982 оны 7 дугаар сарын 21 өдрийн Монгол ардын хувьсгалт намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 484 дугаар тогтоолоор улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн.
2011 оны 12 дугаар сарын 27 өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 47 дугаар шийдвэрээр цагаатгагдсан бөгөөд цагаатгалын үнэмлэх авсан.
Б.Барамсайн бие нь муудаж дордсоор 2015 оны 10 дугаар сарын 14 өдөр насан өөд болсон ба түүний эхнэр Д.Дэмбэрэл нөхөн олговор авах эрх үүссэн, нөхөн олговор авах иргэдийн нэрсийг сонинд нийтэлсэн байгаа.
Иймд Б.Барамсайн хилс хэрэгт хэлмэгдсэний нөхөх олговор болох 1.000.000 төгрөгийг миний нэрээр олгож өгөх шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.
Гуравдагч этгээд болох прокурор Р.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар 2011 оны 12 дугаар сарын 27 өдрийн 47 дугаар шүүхийн шийдвэрээр Б.Барамсай-г цагаатгасан байна. Улмаар цагаатгалын нөхөх олговор авч чадаагүй Б.Барамсай нас барсан байх тул хэлмэгдэгчийн хууль ёсны эхнэр Д.Дэмбэрэл хүсэлт гаргасаныг хангах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Дэмбэрэл нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний цагаатгалын нөхөн олговор болох 1.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Балжиннямын Барамсай нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 27 өдрийн 47 дугаар шийдвэрээр нотлогдож байна. Уг шийдвэрт, Б.Барамсай нь 1973 оны 7 дугаар сарын 24 өдрөөс 1982 оны 7 сарын 21 өдрийн хугацаанд Цэргийн дээд сургуульд намын хорооны дарга, улс төрийн хэлтсийн даргын албан тушаалыг эрхэлж байжээ.1982.07.15 өдөр Б.Барамсайгийн ажил байдлын тодорхойлолтод хэлтсийн даргаас өөрчлөх болсон шалтгаан гэж сонсогчдын сурлагын чанар муудсан, удаа дараагийн шалгалтын мөрөөр хангалтгүй ажилласан, Зөвлөлтийн мэргэжилтний сургамж зөвлөлгөөнөөр ажиллаж чадаагүй гэж, улмаар Монгол ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1982.07.21 өдрийн 484 дүгээр тогтоолоор Б.Барамсайг цэргийн нэгдсэн дээд сургуулийн улс төрийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Энэхүү шүүхийн шийдвэрээр Улс төр, үзэл суртлын шалтгаанаар Монгол ардын хувьсгалт нарын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний тогтоолоор эрхэлж байсан ажил албан тушаалаас хууль бусаар халагдсан гэж шүүх үзэж Б.Барамсайг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан байна. /х.х. 7-10 тал/
Балжиннямын Барамсайд 2012 оны 01 дүгээр сарын 12 өдөр Монгол улсын дээд шүүхээс “Цагаатгалын үнэмлэх” олгожээ. /х.х.11 тал/
Түүнчлэн Б.Барамсай нь 2015 оны 10 дугаар сарын 14 өдөр 83 насандаа нас барсан тухай гэрчилгээ,
Б.Барамсай нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэдийг цагаатгасан шүүхийн шийдвэрийн дагуу нөхөх олговор авч байгаагүй тухай Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны тодорхойлолт,
Балжиннямын Барамсай, Данзангийн Дэмбэрэл нар 1965 оны 12 дугаар сарын 02 өдөр гэр бүл болсныг 1967 оны 07 дугаар сарын 29 өдөр бүртгүүлсэн тухай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа хэрэгт авагджээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д, “нөхөх олговрыг нэхэмжлэх эрх”-ийг зохицуулсан байна.
Иймд Д.Дэмбэрэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт зааснаар нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд Зууны мэдээ сонины 2015 оны 6 дугаар сарын 30 өдрийн нийтэлсэн мэдээллээс хойш хуульд заасан 30 хоногийн хугацаа өнгөрсний дараа шүүхэд хүсэлт гаргасан нь хуульд нийцэж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Барамсайн эхнэр Д.Дэмбэрэлд 1.000.000 төгрөгийн нэг удаагийн нөхөн олговор олгох нь зүйтэй байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг Сүхбаатар дүүргийн Санхүүгийн хэлтсээс гаргуулан Данзангийн Дэмбэрэлд олгосугай.
2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СОЛОНГО