Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/00822

 

 

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02358 дугаар шийдвэртэй,

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК, *******, *******, *******, ******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 592,657,031 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн,

Автомашины шударга өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ******* ХХК, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч ******* ХХК, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1. *******, *******, ******* ХХК нар нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болон 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 181,800,000 төгрөгийг болон 138,950,000 төгрөгийг тус тус автомашин худалдан авах зорилгоор жилийн 16,8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлсэн бөгөөд уг зээлүүдийн барьцаанд *******гийн эзэмшлийн арлын дугаартай, улсын дугаартай, Тоёота ланд 200 маркийн автомашиныг, мөн түүний эзэмшлийн арлын дугаартай, улсын дугаартай, Тоёота ланд 200 маркийн автомашиныг тус тус барьцаалсан.

1.2. Зээлдэгч нар 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 27,326,477 төгрөг, зээлийн хүүд 32,121,921 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 24,046 төгрөг, нийт 59,472,444 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 17,046,528 төгрөг, зээлийн хүүд 20,252,236 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 34,687 төгрөг, нийт 37,333,451 төгрөгийг тус тус төлсөн.

1.3. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 154,473,522.53 төгрөг, зээлийн хүүд 159,875,090.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15,065,855.56 төгрөг, нийт 329,414,468.11 төгрөгийн,

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн үүрэгт үндсэн зээлд 121,903,472.32 төгрөг, зээлийн хүүд 129,263,476.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,075,614.93 төгрөг, нийт 263,242,563.57 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул зээлдэгч нараас 2 зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 592,657,031.68 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.4. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд дурдсан арлын дугаартай, улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашин нь гийн эзэмшилд шилжиж улсын дугаарыг болгож өөрчилсөн, арлын дугаартай, улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашин нь *******ийн эзэмшилд шилжиж улсын дугаарыг болгож өөрчилсөн байх тул тэдгээрийн эзэмшлийн автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

1.5. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* ХК нь арлын дугаартай, улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль болон талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд заасны дагуу хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдэл бүртгэх /mpr.gov.mn/ цахим системд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08:41 цагт гэрээт барьцааны мэдэгдлийн 1011268658 бүртгэлийн дугаарт бүртгүүлж барьцааг баталгаажуулсан.

Мөн барьцааны гэрээгээр барьцаалсан арлын дугаартай, улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашиныг хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдэл бүртгэх /mpr.gov.mn/ цахим системд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12:07 цагт гэрээт барьцааны мэдэгдлийн 1012435173 бүртгэлийн дугаарт бүртгүүлж барьцааг баталгаажуулсан.

1.6. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар барьцаалагчийн барьцааны эрх дуусгавар болох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.1. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Банк нь ******* ХХК, ******* нарыг зээл судлуулж, зээл гаргуулах талаар банканд хандаагүй байхад тэдгээрийн хүсэл зоригоос гадуур, албан бус байдлаар зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зуруулж, хамтран үүрэг гүйцэтгэгч гэж иргэн, компанийг оролцуулсан.

2.2. ******* миний бие тухайн зээлийг авах хүсэл зорилгоор банканд хандаж, зээлийг судлуулж, шийдвэр гаргуулсны үндсэн дээр зээлийг буюу зээлийн хөрөнгөөр авсан автомашинуудыг өөрийн нэр дээр авч ашиглаж, үйл ажиллагаандаа захиран зарцуулсан тул зээлийн үндсэн дүнг хариуцахыг хүлээн зөвшөөрнө. Харин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй.

2.3. Дэлхий нийтийг хамарсан цар тахал болох Ковид-19-ийн шууд нөлөөллөөр бизнесийн үйл ажиллагаа зогссон, гаднаас бараа материал оруулах боломжгүй нөхцөл үүссэн зэргээр давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орж зээлийн эргэн төлөлтийг төлж чадаагүй гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК, ******* нарын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Миний бие ******* ХХК-д зээл авах хүсэлт огт гаргаж байгаагүй. ******* нь өөрийн хүсэлтээр тус банкнаас зээл хүсэж судлуулсан, тухайн судлуулсан зээлийн хүсэлт нь шийдвэрлэгдэж байгаа тухайгаа надад хэлж байсан ба хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах шаардлагатай байна, та хамт очиж гарын үсэг зурж өгөөч гэсний дагуу банканд очиж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Ийнхүү гарын үсэг зурж байгаа нь ямар агуулгатайг бүрэн ойлгоогүй, энэ нь өөрийгөө зээлдэгч гэж ойлгоогүй буюу зээлдэгч нь болох *******г л энэ зээлийг авсан зээлдэгч нь гэж ойлгож байгаа. Үүгээрээ би зээлийг авч ашиглаагүй, тийм зээлийг авах шаардлага тухайн үед надад байгаагүй гэдгээ илэрхийлэхээс гадна ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаар шаардсан үүргийг би хүлээх үндэслэлгүй, зээлийг авч ашигласан, зээлийг олгосон талуудын хоорондын асуудал гэж үзэж байна.

3.2. Түүнчлэн банк нь зээлийн гэрээг иргэн *******тай байгуулахдаа иргэн ******* надаар буруу ойлголтоор гарын үсэг зуруулсан. Мөн барьцааны зүйл нь иргэн ******* миний болон миний эзэмшдэг компанийн өмч хөрөнгө биш, ийм хөрөнгө надад байгаагүй. Гэтэл хамтран өмчлөгч гэж илэрхий худлаа тодорхойлж бичсэн байх ба үүгээрээ дундын хамтран өмч гэсэн агуулгаар тухайн барьцааны гэрээнд намайг гарын үсэг зуруулсан, компанийн төлөөлж дахин гарын үсэг зуруулсан байгаа нь тус тус илт хуурамч, хууль бус байна гэжээ.

 

4. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь барьцааны гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, журамд заасан хугацаа сунгах үүргийг хэрэгжүүлээгүйгээс олон өмчлөгчид шилжих суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Ийнхүү шилжсэнээр 11 өмчлөгчийн дараагаар надад шилжин ирсэн. Тус автомашиныг би өрөнд бодож, нэр дээрээ шилжүүлэн авсан. Үүнд миний буруу байхгүй. Миний хувьд тус хөрөнгийн шударга эзэмшигч бөгөөд хууль ёсны өмчлөгч юм.

4.2. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4.1.1, 11.1, 11.2, 12.4, 24.5-д заасны дагуу баталгаажаагүй бол барьцааны эрхгүйгээр шилжүүлэн авна гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан БГХ/201743211063 дугаартай барьцааны гэрээ дээрх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд арлын дугаартай, улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

5.1. Барьцааны зүйл гэх улсын дугаартай байсан, арлын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг 2022 оны 03 дугаар сард төрсөн дүү болох гаас 165,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. нь уг автомашиныг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр н.Болдбаатар гэгчээс 182,500,000 төгрөгөөр худалдаж авсан.

5.2. Үүнээс өмнө уг автомашиныг ямар хэлбэрээр шилжүүлж байсан эсэхийг мэдэхгүй бөгөөд ******* би шударгаар, төлбөрийг нь төлж худалдан авч, 2 жил гаруй хугацаанд хууль ёсны дагуу өмчилж байгаа болно. Худалдаж авах үед уг автомашин нь аливаа хэлбэрээр барьцаалагдаагүй, эрхийн ямар нэгэн зөрчилгүй байсан учраас миний нэр дээр шууд шилжиж байсан.

5.3. Талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний 2.9-д гэрээний хугацаанд барьцааны зүйл барьцаалуулагчийн эзэмшилд байхаар талууд харилцан тохиролцов, 2.10-т Барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн барьцаа баталгаажуулах онцлог зохицуулалт хэсэгт заасан холбогдох арга хэмжээ авснаар барьцаа баталгаажна., 2.11-д Барьцаалагч нь барьцааг баталгаажуулан барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх, гэрээ байгуулснаас хойш 2 жил 4 сар болоход үндсэн үүрэг дуусгавар болоогүй бол барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг 3 жилээр дахин сунгуулан бүртгүүлэхийг барьцаалуулагч нь барьцаалагчид энэхүү гэрээгээр зөвшөөрсөн болно... гэж тус тус заасан байхад ******* ХХК нь барьцааны гэрээнд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

5.4. Хөдлөх хөрөнгө барьцаалах талаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т Автотээврийн хэрэгслийн барьцааны мэдэгдлийг тээврийн хэрэгслийн нэг бүрийн сериал дугаараар цахим мэдээллийн санд бэртгүүлснээр баталгаажсанд тооцно., 24 дүгээр зүйлийн 24.5-д Автотээврийн хэрэгсэл худалдан авагч нь уг хөрөнгийг шилжүүлэн авах үед бусдад барьцаалагдсаныг мэдээгүй бөгөөд энэ хуулийн 12.4-т заасны дагуу баталгаажаагүй бол барьцааны эрхгүйгээр шилжүүлэн авна гэж барьцааны баталгаажуулалтыг нарийвчлан зохицуулсан. Гэвч ******* ХХК болон *******, *******, ******* ХХК нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан БГХ/201743211063 дугаартай барьцааны гэрээ нь хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй байх бөгөөд талуудын аль аль нь үүргээ эс биелүүлсэн, эсхүл санаатайгаар зөрчсөнөөс үүссэн асуудалд ******* нь хамааралгүй юм.

5.5. Иймд тэдгээрийн хооронд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан БГХ/201743211063 дугаартай барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн... хүчин төгөлдөр бус шинжтэй байх бөгөөд ийм хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

5.6 Иймд ******* намайг улсын дугаартай, арлын дугаартай, Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашины шударга эзэмшигч, өмчлөгч болохыг тогтоож, ******* ХХК болон *******, *******, ******* ХХК нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан БГХ/201743211063 дугаартай барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 592,657,031.68 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан гийн өмчлөлийн 0056 УБП улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашин, *******ийн өмчлөлийн 9878 УБЭ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ийн 9878 УБЭ улсын дугаартай автомашины шударга эзэмшигч, өмчлөгч болохыг тогтоолгох, 2017.09.13-ны өдөр байгуулсан БГХ/201743211063 дугаартай Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хариуцагч *******гийн 0056 УБП улсын дугаартай автомашины шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,438,210.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ХХК, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,121,235.16 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,167,950 төгрөгийг, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,150,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 10-т Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2.... 189 дүгээр зүйлийн 189.1, Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2... шаардлагад нийцжээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс энэхүү гэрээг тогтмол давтамжтай үйлддэг стандарт гэрээ болохыг хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэн тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйл 189.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн талуудын хооронд 2017 онд зээлийн харилцаа үүссэн тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан зээлийн үйл ажиллагааны журамд үндэслэн талууд гэрээ байгуулсан. Иймээс маргааныг шийдвэрлэхдээ 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг шүүх хэрэглэх үүрэгтэй юм. Гэвч шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 21.2 дахь хэсгийг хэрэглэсэн атлаа үндэслэх нь хэсгийн 14-т 1995 оны хуучин хуулийг хэрэглэж, хүчинтэй хүчингүй хуулийг хооронд нь хольж хутгаж буй нь хууль хэрэглээний хувьд илэрхий алдаатай болсон байна.

7.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т Хариуцагч ******* ХХК, ******* нар нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/201743211063 тоот, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/201743226051 тоот зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсны хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч *******, *******, "*******" ХХК нар нь зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар гэрээний хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэгтэй" хэмээн дүгнэсэн хэдий ч хэн нь хэдэн төгрөгийн үүрэг хүлээх талаар тодорхой дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

7.3. Талуудын хооронд байгуулагдсан гэх 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/201743211063 тоот, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/201743226051 тоот зээлийн гэрээний 4-т хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг зохицуулж өгсөн бөгөөд энэхүү гэрээний зохицуулалтад үүргийг бүхэлд нь хэн нэг хамтран үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчид төлөх агуулга байхгүй. Өөрөөр хэлбэл хамтран хүлээх үүргийг хэм хэмжээг гэрээгээр тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тодорхойгүй байдлаар хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэж буй нь үндэслэлгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдыг тодорхойлж өгсөн бөгөөд эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүд нь тус тусдаа эрх эдэлж үүрэг хүлээх зохицуулалттай юм. Энэ ч утгаараа нэхэмжлэгчийн шаардаж буй үүрэг нь шинж чанарын хувьд хуваагдах боломжтой учир хэнээс хэдэн төгрөг шаардаж буй нэхэмжлэгч тодорхойлох үүрэгтэй, харин хариуцагч нь тухайн шаардлагад холбогдуулан өөрийн тайлбар татгалзлын үндэслэлийг нотлон маргах эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулж өгсөн. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй буюу хэнээс хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэгчийн тодорхойгүй шаардлагыг хүлээн авч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт хэмээн заасныг зөрчсөн. Мөн шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хэнээс хэдэн төгрөг гаргуулахыг тодорхойлж тайлбарлан дүгнэлт хийх боломжтой байхад ийнхүү шийдвэрлэлгүй үлдээж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

7.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т Дээрх 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүргээс хариуцагч нар нь үндсэн зээлээс 27,326,477 төгрөг, үндсэн хүүд 32,121,921 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 20,046 төгрөг, нийт 59,472,444 төгрөгийг төлсөн, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүргээс үндсэн зээлээс 17,046,528 төгрөг, үндсэн хүүд 20,252,236 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 34,687 төгрөг, нийт 37,333,451 төгрөг тус тус төлсөн байх боловч ...зөрчигджээ хэмээн дүгнэхдээ хариуцагчийн тайлбар татгалзлын үндэслэл болох Иргэний хуулийн 216 дугаар зүйл 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ" гэж заасныг шүүхээс хэрэглээгүй ба ямар үндэслэлээр энэхүү татгалзлыг хүлээн аваагүй нь тодорхойгүй, энэ талаар шүүхээс дүгнэлт өгөөгүй. Мөн хэрэгт авагдсан үйл баримт болон хэлэлцүүлгээс хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь төлбөр төлөх боломжгүй болсон болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч нарын зүгээс хоёр гэрээний үүрэгт үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн үүргийн гүйцэтгэл болох нийт 52,428,890 төгрөгийг дээрх хуульд заасны дагуу үндсэн үүргээс суутгаагүй нь үүрэг гүйцэтгэх дарааллыг шүүхээс буруу тогтоосон гэж үзэхээр байна.

7.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т Улмаар нэхэмжлэгчээс зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.7-д зааснаар зээл, хүү төлөхийг хариуцагч нараас шаардан 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд тус тус зээл буцаан дуудах мэдэгдэл хүргүүлж, албан бичгийг хариуцагч нарт хүргүүлж байсан боловч зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна хэмээн дүгнэсэн.

Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 34/2141 тоот албан бичгээр 2017 оны 08 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 281,464,532.43 төгрөгийг, 2023 оны 05 дугаар сарын 12-ны дотор төлж барагдуулахыг, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 225,402,657.02 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахыг тус тус мэдэгдсэн шаардлага хүргүүлсэн бөгөөд энэ хугацаанд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж барагдуулаагүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд шилжүүлэхээ мэдэгдсэн.

Ийнхүү дээрх мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзаж шүүхэд маргааныг шилжүүлсэн тул талуудын хооронд үүссэн харилцаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйл 204.1, 205 дугаар зүйл 205.1 дэх хэсэгт заасны дагуу дуусгавар болсон.

Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453.1, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл 22.3, 24 дүгээр зүйл 24.3, 2021 оны 07 сарын 01-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.2, зээлийн гэрээний 2.4.4-т заасныг гэж гэрээгээр тохиролцсон байна" хэмээн илтэд үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

7.6. 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл, 23 дугаар зүйл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4.4-т заасан тохиролцооны агуулга нь хүчин төгөлдөр гэрээнд хэрэгжих буюу шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой хэдий ч гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болгосон тохиолдолд энэхүү хууль болон гэрээний зохицуулалтыг ашиглах боломжгүй юм. Харин нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс дээрх албан бичгүүдээр гэрээг цуцалсан бус татгалзсан болохоо" хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэн.

Түүнчлэн 2017 онд үүссэн зээлийн харилцаанд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж хүчин төгөлдөр болсон Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу хууль хэрэглээний зөрүү үүсгэж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

7.7. Шүүхээс үндэслэх хэсгийн 16-д ...2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр тооцож зээлийн гэрээг цуцалж хэмээн дүгнэсэн нь ямар баримтыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цуцалсан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ бичгэн нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүй өөрийн үзэмжээр гэрээ цуцалсан он, сарыг тогтоож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Мөн шүүхийн дээрх дүгнэлт нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах түүний үр дагаврыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2016 оны 03 дугаар тогтоолыг зөрчсөн байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр гэрээ 2023 оны 05 дугаар сард дуусгавар болж нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар дуусгавар болсон тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

7.8. Нөгөөтэйгүөөр хариуцагч нарын зүгээс хоёр зээлийн гэрээний дагуу нийт 320,750,000 төгрөгийг банкнаас зээлж авсан бөгөөд энэхүү хоёр зээлийн гэрээний үүрэгт 96,805,895 төгрөг төлсөн боловч одоогоор нийт 592,657031 төгрөг төлөх үүрэг үүссэн гэж шүүхээс дүгнэж буй нь шүүхийн шийдвэр шударга ёсны зарчимд нийцээгүй.

7.9. Мөн зээлийн эргэн төлөлтийн үед дэлхий даяар Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн бөгөөд үүнтэй холбоотойгоор 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан. Энэхүү хуулийг үндэслэн Засгийн газар, Монгол банкнаас арилжааны банкнуудын хүү төлөх хугацааг хойшлуулсан боловч манай хоёр гэрээнд энэхүү журам үйлчлээгүй буюу хүүг хойшлуулаагүй ба ковидтой холбоотойгоор хариуцагч нарын ашиг, орлого буурч төлбөр төлөх чадавх буурсан болохыг шүүх анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

7.10. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 85,789,842 төгрөгийг, хүү болон нэмэгдүүлсэн хүүд төлсөн 52,428,890 төгрөгийг үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу үндсэн төлбөрөөс тус тус хасаж шүүхийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 592,657,031.68 төгрөг гаргуулж, хариуцагч *******, ******* нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, ******* ХК-д холбогдуулж улсын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг өөрийн өмчлөлийн болохыг тогтоолгохоор хариуцагч *******, мөн ******* ХК-д холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, улсын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг өөрийн өмчлөлийн болохыг тогтоолгох тухай хариуцагч ******* нар тус тус сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. ******* ХХК болон *******, ******* ХХК, ******* нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/201743211063 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч нар 181,800,000 төгрөгийг, жилийн 16,8 хүүтэй, 96 сарын хугацаатай, автомашин худалдан авах зээлийн зориулалтаар,

мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/201743226051 тоот зээлийн гэрээг тус тус байгуулж, уг гэрээнүүдээр зээлдэгч нар 138,950,000 төгрөгийг жилийн 16,8 хүүтэй, 96 сарын хугацаатай, автомашин худалдан авах зээлийн зориулалтаар тус тус зээлэхээр тус тус тохиролцсон. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Дээрх зээлийн гэрээний үндсэн нөхцөл болох зээлийн хүүгийн хэмжээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөлд хамаарна. Анхан шатны шүүх уг зээлийн гэрээнүүдийг байгуулахад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчилнэ гэж дүгнэснийг гэрээний талыг чөлөөтэй сонгох, зээлийн гэрээний хэмжээг талууд тодорхойлох хэсэгт хамаарах тул хариуцагч талаас гаргасан холбогдох давж заалдах гомдлыг хүлээж авахгүй.

1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг үйлчилж байхад талууд дээр дурдсан 2 зээлийн гэрээг байгуулсан боловч зээлийн гэрээний хугацааны дотор 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль батлагдсанаар 1995 оны хууль хүчингүй болжээ.

Талуудын хооронд маргаан үүсэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2021 оны Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг хэрэглэх тул 1995 оны хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу болжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

4. Зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгө болох 181,800,000 төгрөг болон 138,950,000 төгрөгийг тус тус *******гийн эзэмшлийн, ******* ХК-ийн тоот дансанд шилжүүлсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ, энэ талаар талууд маргаагүй.

 

5. Дээрх 2 зээлийн гэрээний зээлдэгч талд ******* ХХК, *******, ******* нар тус тус гарын үсэг зурсан, тэдгээр нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ******* ХК-ийн нарны зам тооцооны төв салбарт зээл авах тухай хүсэлтийг тус тус гаргасан байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийг илэрхийлснийг зээлдүүлэгч хүлээн авсан тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр юм.

Хариуцагч ******* ХХК, *******, ******* нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч нар болно. Зээлийн 2 гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нарын үүргийг тус бүрт хариуцуулахаар тохиролцоогүй тохиолдолд тэдгээрийн үүргийг тус бүрт нь тодорхойлохгүй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч тус бүрт хуваарилсан талаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК нь зээлдэгч нарыг хариуцагчаар тодорхойлж зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй. Иймд хариуцагч талын хариуцагч нарын хэн нь хэдэн төгрөгийн үүрэг хүлээх талаар дүгнэлт хийгээгүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

 

6. Зээлийн гэрээнүүдийн 2.1.6-д зээл, хүүгийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлд ногдох хүүгийн 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүү тооцох талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт, хугацаа хэтэрсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

7. Хариуцагч нар зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс зөрчиж, улмаар 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөлт огт хийгээгүй, ******* ХК нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл-ээр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацааг зээлдэгч нарт өгсөн.

Уг мэдэгдэлд зээл төлөх хугацааг 2023 оны 05 дугаар 15-ны өдрөөр тогтоож, зөрчлийг арилгаагүй тохиолдолд гэрээг цуцлах талаар анхааруулсан байна. Энэ нь нэхэмжлэгч тал гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлд хамааруулах бөгөөд уг эрхийг мэдэгдэл гаргаснаар хэрэгжүүлэхийг хуулиар тогтоогоогүй. Иймд гэрээ цуцлах эрхийг хэрэгжүүлэх эсэхийг зээлдүүлэгч шийдвэрлэх бөгөөд ийнхүү эрхээ хэрэгжүүлээгүйг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт хамааруулан дүгнэхээргүй байна. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааснаас дүгнэвэл зээлдүүлэгч зээлийн гэрээг цуцалж дуусгавар болгосноос үл хамаарч зээлдэгч зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Иймд нэхэмжлэгч ******* ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлснийг буруутгахгүй бөгөөд тэрээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар хэдий ч гэрээг цуцлах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Иймд хариуцагч талын гаргасан зээлдүүлэгч 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөр гэрээнүүдээс татгалзсан гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

8. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолын 8-д банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсүгэй гэж заажээ.

Уг тогтоолтой холбоотойгоор зээлдэгч талаас зээлийн хүүг төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлдүүлэгч нь гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авах учиртай. Гэтэл хариуцагч ******* ХХК, *******, ******* нараас холбогдох хүсэлт гаргаагүй байх тул Ковид-19 цар тахлын үед банкнаас хүү төлөх хугацааг хойшлуулаагүй гэсэн тэдний давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

9. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч ******* ХХК, *******, ******* нар 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 181,800,000 төгрөг, зээлийн хүүд 147,941,391.8 төгрөг, нийт 329,741,391.8 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Зээлдэгч нар энэ хугацаанд 27,326,477 төгрөг, зээлийн хүүд 32,121,921 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 24,046 төгрөг, нийт 59,472,444 төгрөгийг хасч тооцвол 276,268,947 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна.

9.1. 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 138,950,000 төгрөг, зээлийн хүүд 114,768,528.7 төгрөг, нийт 253,718,528.7 төгрөг төлөх үүрэг хүлээснээс тэдгээр нь энэ хугацаанд үндсэн зээлд 17,046,528 төгрөг, зээлийн хүүд 20,252,236 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 34,687 төгрөг, нийт 37,333,451 төгрөгийг хасч тооцвол 216,385,077 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна.

 

10. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн 2.4.2.3-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-аас хугацаа хэтрүүлсэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээс зээлийг төлүүлнэ. гэж тохиролцсоны дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Түүнээс гадна Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй тул гэрээгээр тохиролцсон үүргийн гүйцэтгэлийн дарааллыг өөрчлөх боломжгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

11. Анхан шатны шүүх ******* ХХК, *******, ******* нараас 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 154,473,522.53 төгрөг, зээлийн хүүд 159,875,090.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15,065,855.56 төгрөг, нийт 329,414,468.11 төгрөгийг,

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн үүрэгт үндсэн зээлд 121,903,472.32 төгрөг, зээлийн хүүд 129,263,476.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,075,614.93 төгрөг, нийт 263,242,563.57 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул зээлдэгч нараас 2 зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 592,657,031.68 төгрөгийг гаргуулж, ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

12. ******* ХК болон ******* ХХК, *******, ******* нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнүүдийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 156 дүгээр зүйлийн 156.1, 154.2 дахь хэсэгт заасан шаардлага болох гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн зөв болжээ.

12.1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч *******, ******* ХХК, ******* нартай барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээгээр *******гийн өмчлөлийн арлын дугаартай, суудлын автомашиныг,

мөн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр мөн барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр *******гийн өмчлөлийн арлын дугаартай, суудлын автомашиныг тус тус барьцаалсан.

12.2. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар ******* ХК нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээ / арлын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн автомашин/-ний барьцааны мэдэгдлийг Монголын барьцаа бүртгэлийн өгөгдлийн сан [email protected] цахим бүртгэлд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр,

мөн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ / арлын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашин/-ний барьцааны мэдэгдлийг дээрх цахим бүртгэлд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 3 жилийн хугацаатай тус тус бүртгүүлсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнүүдийн 2.11-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК нь барьцааны зүйлүүдийг 2 жил 4 сарын дараа 3 жилээр сунгуулаагүй тул Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар барьцааны мэдэгдлийн бүртгэл хүчингүй болсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

12.3.  Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлээс *******, ******* нарын өмчлөлийн хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.  

 

            13. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч *******  арлын дугаартай, улсын дугаартай автомашиныг гаас, мөн хариуцагч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр арлын дугаартай, улсын дугаартай, автомашиныг гаас тус тус шилжүүлэн авч өмчлөгч болсон бөгөөд тэдгээр нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан байна. Тэдгээрийг тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн үндэслэлээр дахин өмчлөгчөөр тогтоох шаардлагагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            14. “*******” ХК болон хариуцагч *******, “*******” ХХК, ******* нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр болон 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус тус байгуулагдсан барьцааны гэрээний зүйл болсон автомашинуудыг бусдын өмчлөлд шилжүүлснээр уг гэрээний үүргийг хариуцагч нар гүйцэтгэх боломжгүй болжээ. Иймд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх хууль хэрэглээгүй алдааг залруулах боломжтой.  

 

15. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02358 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх гэснийг Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 849,043 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЗОЛЗАЯА