Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 667

 

   2019        08         29                                   2019/ШЦТ/667

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Г.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

   Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наран овгийн Г.Б д холбогдох эрүүгийн 1911012050852 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Наран овгийн Г.Б , 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Монгол оймс ХХК-д машинист ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн, 11 дүгээр хороо, Нуурын 16-350 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ПЭ.  

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Б  нь согтуугаар 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17 Night club” гэх баарны гадаа иргэн Э.Атэй маргаж улмаар түүний нүүрэн тус газарт гараар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-28/,

Хохирогч Э.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 00 цаг өнгөрөөгөөд би найз Эрдэнэбатын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 17 дугаар сургуулийн автобусны буудлын ойролцоо байх 17 Night club бааранд орж 1 шил 0.75 гр архи хувааж уугаад бүжиглэж байгаад би ганцаараа гадагшаа тамхи татахаар гарсан юм. Тэгээд гадаа гараад хүнтэй муудалцсан талаараа мэдэхгүй, санахгүй байна. Нэг мэдэхэд миний доод үүдэн шүднүүд хөдөлсөн нэг шүд унасан байсан юм...” гэх мэдүүлэг /хх 31-32/,

Гэрч Н.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Алдармааг суулгаж өгчхөөд эргээд алхтал Нямзориг болон түүний эхнэр болон үл таних залуу гээд хүмүүс бужигнаад байх шиг байсан тэгээд очсон чинь Бат-Эрдэнэ “яасан овоо муу залуу вэ” гээд орилоод цохих гээд байсан. Тэгээд Батгэрэл бид хоёр Бат-Эрдэнийг аваад хойш алхсан, харин манай нөгөө хэд араас ирж байсан...” гэх мэдүүлэг /хх 37-38/,

Гэрч Г.З нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бат-Эрдэнэ ахыг үл таних залуутай зодолдох гээд замын хажууд зогсож байхаар нь бид нар очоод би Нямзориг ахыг салгаж аваад, харин Бат-Эрдэнэ ахыг манай эхнэр болон Ариунаа нар салгаж аваад хойд зүг рүү явсан. Бат-Эрдэнэ ах үл таних залуутай зууралдаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх 41-42/

Гэрч С.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Алдармааг суулгаж өгчхөөд эргээд харсан чинь ар талд явж байсан Бат-Эрдэнэ, Нямзориг, Баярцэцэг, түүний найз залуу нар нөгөө бааранд байсан ноосон цамцтай залуутай маргалдаад байсан бөгөөд Баярцэцэгийн найз залуу нь хориод байгаа бололтой байсан. Харин тэр үл таних залуутай Бат-Эрдэнэ, Нямзориг нар зууралдаад байсан. Бид нар салгаад Бат-Эрдэнэ болон Нямзориг, Баярцэцэгийн найз залууг аваад цагдаагийн хэлтсийн чиглэл рүү алхах үед Бат-Эрдэнийн гар нь өвдөж байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх 43-44/,

Гэрч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Амармэндийг тамхилж байгаа юм байна гэж бодоод дотор сууж байсан чинь Амармэнд над руу залгаад гараад ирээд хажуу талын цагдаагийн хэлтэс дотор байна хүнд зодуулчихлаа гэж хэлсэн юм тэгээд би хажуу талын цагдаагийн хэлтэст ороход Амармэнд нэг ширхэг шүд барьчихсан зогсож байсан бөгөөд гадаа тамхи татаж байхад нь танихгүй хүн шүд рүү нь нэг удаа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 47-48/,

Гэрч Д.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бат-Эрдэнэ бид хоёр хамгийн хойно алхаж явтал үл таних залуу бид хоёрыг дуудаад ажлын газрын охин болох Баярцэцэгийн дугаарыг өгчих гээд явуулахгүй хоргоогоод байсан. Надтай маргалдаад зодох гээд гар далайгаад байсан бөгөөд Бат-Эрдэнэ намайг өмөөрөөд нэг удаа баруун гараараа нүүр хэсэгт нь цохисон юм...” гэх мэдүүлэг /хх 51-52/,

Гэрч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Намайг нөхрөө авахаар очиход хажуухан талд нь байсан хоёр эрэгтэй хүн нь нэлээн согтолттой байсан тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад нэг нэгнийгээ цохисон хаана нь яаж цохисон талаар хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 53-54/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №4651 дугаар дүгнэлтэд: “...Э.Аийн биед баруун доод үүдэн хоёр шүд булгарал, угийн буйлны цус хуралт, баруун, зүүн, доод үүдэн 1-р шүдний сулрал, дээд, доод уруулын баруун талын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 58/,

Шүүгдэгч Г.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би найз Нямзоригийг өмөөрөөд нэг удаа баруун гараараа нүүр хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг /хх 63-64/,

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 9/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-84/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-83/, хохирогч Э.Аийн эмчилгээнд зарцуулсан хохирлын баримт /хх 82/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна. 

Шүүгдэгч Г.Б  нь согтуугаар 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17 Night club” гэх баарны гадаа иргэн Э.Атэй маргаж улмаар түүний нүүрэн тус газарт гараар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-28/, хохирогч Э.Аийн “...гадаа гараад хүнтэй муудалцсан талаараа мэдэхгүй, санахгүй байна. Нэг мэдэхэд миний доод үүдэн шүднүүд хөдөлсөн нэг шүд унасан байсан юм...” гэх мэдүүлэг /хх 31-32/, гэрч Н.Агийн “...хүмүүс бужигнаад байх шиг байсан тэгээд очсон чинь Бат-Эрдэнэ “яасан овоо муу залуу вэ” гээд орилоод цохих гээд байсан...” гэх мэдүүлэг /хх 37-38/, гэрч Г.Зын “...Бат-Эрдэнэ ах үл таних залуутай зууралдаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх 41-42/, гэрч С.Бийн “...тэр үл таних залуутай Бат-Эрдэнэ, Нямзориг нар зууралдаад байсан...” гэх мэдүүлэг /хх 43-44/, гэрч Д.Эын “...Амармэнд нэг ширхэг шүд барьчихсан зогсож байсан бөгөөд гадаа тамхи татаж байхад нь танихгүй хүн шүд рүү нь нэг удаа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 47-48/, гэрч Д.Нийн “...Бат-Эрдэнэ намайг өмөөрөөд нэг удаа баруун гараараа нүүр хэсэгт нь цохисон юм...” гэх мэдүүлэг /хх 51-52/, гэрч Б.Нгийн “...тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад нэг нэгнийгээ цохисон хаана нь яаж цохисон талаар хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 53-54/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №4651 дугаар дүгнэлт /хх 58/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Г.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял шийтгэв.  

Шүүгдэгч Г.Б д ял шийтгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, зэргийг харгалзав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б цалин, хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Г.Б д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирогч Э.Аэд эмчилгээний зардал болох 25.000 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Харин бусад хохирлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, нотлох баримтгүй байх тул хохирогч нь иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Наран овгийн Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б эс 25.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.А /ШЖ85061418/-д олгож, хохирогч нь бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН