| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2022/01300/И |
| Дугаар | 210/МА2025/00824 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00824
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/02558 дугаар шийдвэртэй,
*******ийн нэхэмжлэлтэй
*******д холбогдох
Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, , од байрлах, 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь ******* ХХК-иас *******ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, ,, од байрлах орон сууцыг барьцаалан зээл авсан бөгөөд тус зээлийг төлөх боломжгүй болсны улмаас ******* ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1852 дугаар шүүхийн шийдвэрээр 55,005,675.88 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж ******* ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.
1.2. Тус зээлийг төлөхгүй бол дээрх орон сууцыг худалдан борлуулах байсан тул өөрийн хамаатан болох хүргэн ах *******гээс 55,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлээч гэж гуйсан, харин тэрээр 50,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлье гэж зөвшөөрч, түүний хүү ******* надад тухайн мөнгийг шилжүүлсэн бөгөөд үлдэх 5,000,000 төгрөгийг компаниас гаргаж банкны зээлээ төлж дуусгасан.
1.3. Удалгүй ******* аав намайг барьцаа хөрөнгө авах шаардлагатай гэж хэллээ, танай орон сууцыг барьцаална гэсэн тул бид 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний ард би 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөнгөө төлж, байраа буцааж авна гэж, ******* 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байрыг барьцаалж байна, үүнээс цааш буцааж өгөх эсэхийг шийднэ гэж бичээд харилцан гарын үсэг зурсан.
1.4. Ингээд би болон компани төлбөрийн чадваргүй байсаар зээлээ төлж чадаагүй, улмаар 2021 онд ******* ахтай уулзаж зээлээ төлье, байраа буцааж авья гэхэд танай байрыг зарчихсан, чамд өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн учир зах зээлийн ханшаар тооцож зөрүү мөнгө өгөхийг шаардсан ч зөвшөөрөөгүй.
1.5. Гэтэл маргаан бүхий орон сууц *******гийн нэр дээр бүртгэлтэй хэвээр, бусдад шилжээгүй байгаа ба тус байрыг ******* өнөөдрийг хүртэл бусдад хөлсөлж ашиг олж байгаа.
1.6. Миний хувьд байраа худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй, гагцхүү бусдын зээлийг төлөх зорилгоор *******гийн аав болох ******* ахтай ярилцаж, тохиролцсоноор 50,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд л тавьсан бөгөөд тухайн цаг хугацаанд зээлээ төлөх ямар ч төлбөрийн боломжгүй байсан юм.
1.7. Иймд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *******, ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, ,, од байрлах, 18 м.кв нэг өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 06 сард *******тэй уулзаж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, , од байрлах орон сууцыг худалдах талаар хүсэлт гаргасны дагуу худалдан авахаар тохиролцсон.
2.2. Мөн тэрээр өөртэй нь хамаарал бүхий зээлийг хааж, орон сууцыг барьцаанаас чөлөөлсний дараа үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулах эрх үүсэх талаар хэлсэн. Ийнхүү ******* нь тус орон сууцны төлбөр болох 50,000,000 төгрөгийг *******той холбоотой зээлийн дансанд шилжүүлж, нотариат дээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.
2.3. ******* гэрээ байгуулахын өмнө гэрээний үнийн дүнгээр үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар 2 хувийг төлөхөд хүндрэлтэй, хэцүү байна 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийж өгөөч гэж гуйсны дагуу гэрээг байгуулсан.
2.4. Хариуцагч нь *******ийн хэлсэн худалдах үнийг хүлээн зөвшөөрч, үнийг бүрэн төлж худалдан авсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд ямар нэгэн дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ, хэлцэл байхгүй. Хариуцагч *******гийн хувьд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулаад, тухайн үл хөдлөх хөрөнгийг өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлдөө байлгаж, орон сууцны ашиглалтын зардлыг төлсөөр байгаа. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд , , нарын тайлбарын агуулга:
3.1. Бидний зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж байна. Учир нь нэхэмжлэгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь ОХУ-д хамтран амьдарч байгаад 1997 онд дээрх маргаан бүхий орон сууцыг худалдан авч Монгол улсад нүүн ирж амьдрах болсон.
3.2. Нэхэмжлэгч ******* нь 2008 онд ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, буриад талхны үйлдвэр ажиллуулж байсан. Талхны үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулж өөрсдийн амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, ,, од байрлах орон сууцыг банкны барьцаанд тавьж, зээл авч байсан.
3.3. Нэхэмжлэгч ******* нь 2016 онд талхны үйлдвэрийн үйл ажиллагаандаа ашигладаг байсан галаар галладаг тоосгон зуухыг Нийслэлийн мэргэжлийн хяналтаас агаарын бохирдолтой холбогдуулан хориглосон. Талхны үйлдвэрийн технологийг өөрчилж, цахилгаан зуухтай болгосон боловч цахилгааны хүч дийлэхгүй байнга тог тасарч, ажлын бүтээмж буурснаас үүдээд банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн.
3.4. гээс 50,000,000 төгрөг зээлэхээр болсон бөгөөд түүний хүү *******д түр хугацаагаар байраа барьцаалсан бөгөөд бие шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд болох , , нар худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д зааснаар хариуцагч *******гийн өмчлөлөөс Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, , од байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 18 м.кв, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******ийн өмчлөлд буцаан шилжүүлж, нэхэмжлэгч *******ийг өмчлөгчөөр бүртгэхийг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт даалгаж, нэхэмжлэгч *******оос 50,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар *******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******гөөс 165,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
5.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... миний бие зээлээ төлж чадахгүй болсны улмаас ах гээс 55,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай авах санал гаргаж, ах надад 50,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлсэн, улмаар хүү *******дөө үүрэг болгосны дагуу ******* надад 50,000,000 төгрөг өгсөн. Ингээд байраа барьцаанд тавих шаардлагын дагуу өөрийн амьдарч байсан, маргааны зүйл болсон 1 өрөө байраа худалдах, худалдан авах гэрээний дагуу *******гийн өмчлөлд шилжүүлж, суллаж өгсөн гэж тайлбарласан.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг шууд үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй. Учир нь хариуцагч нь талуудын хооронд ямар ч зээлийн болон барьцааны гэрээний талаар ямар нэг тохиролцоо байгаагүй, харилцаа үүсээгүй гэж маргасан байхад нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтаар нотлогдоогүй байхад шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт: "энэ үед нэхэмжлэгч ******* нь хүргэн ах тэй ярилцаж түүнээс 55,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлж авахаар тохиролцсон, Үүний зэрэгцээ хариуцагч ******* нь аав гийн зааврын дагуу зээлийн 50,000,000 төгрөгийг төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч *******оос барьцааны хөрөнгө шаардсантай холбоотойгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
5.3. 2018(8-ын тоо засвартай)07.01-г хүртэл байрыг барьж бай, энээс цааш ******* би буцааж өгөх эсэх ш.днэ" гэсэн бичвэрийг ******* бичээгүй бөгөөд тэрээр мэдэхгүй, мөн ингэж бичсэн бичвэрийг шүүх шууд барьцаа хөрөнгө шаардсан гэж үзэх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр, хэрэв гэрээний ард бичигдсэн бичвэрийг *******г бичсэн гэж үзсэн ч байрыг худалдах, худалдан авах хүсэл зориг, эрмэлзэлгүй, худалдан авах санаа зорилго байхгүй байсан гэдгийг нотлоогүй, тэгж үзэх ямар ч үндэслэл үгүй байна.
5.4. Иргэний хуулийн 265 дугаар зүйлд Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ-ний зохицуулалтыг шүүх дүгнэх болбол мөн л байрыг худалдах, худалдан авах санаа зорилго байгаагүй гэж дүгнэх эсэхийг шүүх анхаарч үзэх ёстой. Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний үед ч эд хөрөнгийг буцаан худалдан авах эрх хэрэгжүүлэх хугацаа /Иргэний хуулийн 268 дугаар зүйлийн 268.3/-г мөн талууд харилцан тохиролцон тогтоох боломжтой. Иймд энэ бичвэрийг шууд ******* барьцаа хөрөнгө шаардсан байна гэж дүгнэх үндэслэлгүй.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэхүү бичвэрийг эргэлзээтэй баримт гэж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2021 онд орон сууцыг эргүүлэн авъя гэж нэхэмжлэгч хэлээгүй, 2023 онд нэхэмжлэлээ гаргахын өмнө орон сууцны үнэ өссөн, мөнгө нэмж мөнгө өг гэж шаардсан гэж тайлбарлаж түүнийг ******* зөвшөөрөөгүй гэсээр атал шүүх шийдвэртээ 2021 онд хэлж байсан, тэдний тайлбараар нотлогдоно гэж дүгнэсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй, үндэслэлгүй байна. Шүүх талуудын маргасан үндэслэл бүрийг шийдвэртээ дүгнээгүй.
5.5. Анхан шатны шүүхэд маргаан бүхий гэрээг нэхэмжлэгч талаас гараар бичсэн бичвэртэй, бичвэргүй хоёр гэрээг, шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэг гэрээг тус тус гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний арын нүүрний доод талд 2018/8-ын тод засвартай/.07.01-г хүртэл байрыг барьж бай, энэнээс цааш ******* би буцааж өгөх эсэх.г ш.днэ" гэх гараар бичсэн бичвэртэй, талуудын гарын үсэг зурагдсан байсан.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нотариатаар гэрчлүүлэхэд энэхүү бичвэр гэрээнд байгаагүй, харин дараа нь шүүхэд нэхэмжлэгч тал гарган ирэхэд доорх бичвэртэй болсон байдаг. Гэрээг нотариат дээр 3 хувь үйлдээд нэг нэгийг оролцогч нарт өгч, нотариатад 1 хувь үлдсэн. Нэхэмжлэгч ч үүнийг тайлбарлаж, хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр энэ бичвэрийг хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, эргэлзээтэй баримт болжээ.
5.6. Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн хувьд шүүхэд худал тайлбарыг гаргасан. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн зөв гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.
Гэтэл шүүх Хэрэгт авагдсан , , нарын 2022 оны 05 дугаар сарын 25-ны нэг өдөр гаргасан тайлбар, тэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж оролцсонтой холбогдуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.
5.7. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон гуравдагч этгээдүүдийн тайлбар, тодорхойлолт, мэдүүлэг зэргийг харьцуулан үзэж нотлох баримтыг үнэлэх ёстой байсан.
Гэрч ийн шүүхэд өгсөн мэдүүлэгт ...аавынхаа эсрэг мэдүүлэг өгөх боломжгүй гэсэн. Тэрээр аавынхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлснээрээ орон сууцыг нэхэмжилж байгаа үйл баримт нь худал, харин үл хөдлөх хөрөнгийг гэрээний дагуу *******д худалдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй юм. Харин ын өгсөн тайлбарыг мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хүсэл зоригийн эрмэлзэл нь ямар байсанг анхаарч үзсэнгүй.
5.8. Маргаан бүхий эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хариу төлбөртэй бөгөөд гэрээний нэг тал эд хөрөнгө шилжүүлж, нөгөө тал төлбөр төлөх үндсэн тохиролцоог бүрэн тусгасан, хуулиар тавигдах хэлбэрийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн. Гэрээний гол зүйл буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх, түүний үнийг төлсөн талаар талууд бодитой тохиролцсон байх тул уг хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэж, үр дагаврыг арилгуулах, харилцан буцаах замаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.
Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан, нотариатаар гэрчлүүлсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн, өмчлөх эрх шилжсэн, мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах /орон сууцыг суллаж өгсөн/, өмчлөх бүрэн эрх шилжсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй. Худалдан авах хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд хэргийн баримтаас үзэхэд хэлцлийн талуудыг "дүр үзүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй.
Бичгээр хийх хэлцлийг хийгдсэн гэж үзэх суурь нөхцөл нь хэлцлийн талууд гарын үсэг зурах үйлдэл бөгөөд зохигчид гэрээнд гарын үсэг зурж, хүсэл зоригийн илэрхийллээ хэлбэржүүлснээр талуудад хуульд заасан эрх, үүрэг үүсэх тул "гарын үсэг зурсан" үйлдлийг дүр үзүүлсэн халхавчилсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай аливаа этгээд өөрийн үйлдлийн учир холбогдол, үр дагаврыг өөрөө биечлэн хариуцах үүрэгтэй бөгөөд хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
5.9. Шүүхэд хариуцагч ******* нь ******* ах 2016 онд банканд төлөх зээлийн гэрээний үүрэгт 55,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд уг орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шүүхийн шийдвэрийн дагуу зарж борлуулах болоод байна, худалдан аваач гэж хэлж, тухайн маргаан бүхий орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдан авсан, тухайн төлбөрөө нэхэмжлэгч *******ийн зааж өгсөн дансанд шилжүүлсэн, хэлцлээ баталгаажуулан Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ"-нд ******* ахын гуйлтын дагуу 5,000,000 төгрөг гэж тодорхойлсон, төлбөрөө төлсөн гэдгийг оруулж өгсөн гэж шүүхэд үнэн зөв тайлбарыг гаргасан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 55,000,000 төгрөгийн төлбөрт хураагдах байсан орон сууцыг ******* худалдаж авсан тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг үндэслэлгүй гэж үзэж байна.
5.10. Ер нь зохигчид үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний үнийн дүн 50,000,000 төгрөгийг 5,000,000 төгрөг гэж бичсэн нь өөр хэлцлийг халхавчлах, дүр зүүлэх зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэхгүй бөгөөд хариуцагч дээрх орон сууцыг худалдан авахаар 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өгсөн дансанд шилжүүлсэн үйл баримтад маргадаггүй. Мөн *******гийн нэхэмжлэгч нь татвар их төлөх гээд байна гээд гэрээний үнийн дүнг 5,000,000 төгрөгөөр бүртгүүлье гэж гуйн үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлж гэрчилгээгээ авсан" гэсэн тайлбарыг нэхэмжлэгч няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан нотариатаар баталгаажуулсан. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт гэрээ хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягталдаг. Энэ хэргийн хувьд нотариатч татгалзаагүй гэрээг гэрчилсэн. Үүгээр талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байсан байгааг нотолсон гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Худалдах, худалдан авах гэрээний арын бичвэр буюу хариуцагчийн гараар бичсэн бичвэр хэргийн 25-26 дугаар талд авагдсан.
Гэрээний ард зээлийг төлж дууссаны дараа орон сууцны өмчлөлийг буцаан шилжүүлнэ гэсэн бичвэр байдаг. Шүүхээс шинжээч томилсон бөгөөд хариуцагчийн гараар бичсэн бичвэр мөн болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Энэ нь хэргийн 154-156 дугаар талд авагдсан. 1 дүгээр хавтас хэргийн 189-190 дүгээр талд ийн өгсөн мэдүүлэг, ын өгсөн тайлбараар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй харин зээлийн харилцаа үүссэн болохыг нотолсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээгээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, , од байрлах, 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Зохигч үүнд давж заалдах гомдол гаргаагүй.
3.1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1852 дугаар шийдвэрээр ХХК-иас 55,006,675 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэж, дээрх шүүхийн шийдвэрийг ХХК нь сайн дураараа биелүүлээгүйгээс тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12614 дугаартай албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 1107 дугаар гүйцэтгэх хуудас зэрэг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.
3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оы 06 дугаар сарын 13-ны өдрийн 511 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоол-оор төлбөр төлөгч ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.
3.3. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******* нь 50,000,000 төгрөгийг ХХК-д ээс зээл төлөлт ******* ХХК-д гэсэн утга заан шилжүүлсэн.
4. *******, , , болон ******* нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *******, , , нар нь Сүхбаатар дүүрэг, ,, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авагч *******гийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ. Уг орон сууцыг *******гийн өмчлөлд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр бүртгэж, гэрчилгээ олгогдсон байна.
Гэрээнд орон сууцны үнийг 5,000,000 төгрөг гэж тодорхойлсон талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч тал уг гэрээний үнэтэй холбоотойгоор гэрээг хүчин төгөлдөр бус байх талаар нэхэмжлэлийн үндэслэл болгож маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээс хальсан байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх замаар залруулав.
Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэхээр хийсэн хэлцлийн талууд гадна талдаа хэлцэл мэт харагдуулахыг хүсэх боловч бодитоор уг хэлцлийн дагуу эрх, үүрэг бий болгохыг зорилго болгодоггүй. Гэтэл хариуцагч талын тайлбараас дүгнэвэл орон сууцны өмчлөх эрхийг олж авах хүсэл зориг илэрхийлж байгаагаар дүр үзүүлсэн хэлцэл хийгдсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
5.1. Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ 3 хувь авагдсан байна. 1 дүгээр хавтас хэргийн 25 дахь талд авагдсан гэрээний ар талын доод хэсэгт хар өнгийн балаар 2018 оны 06-р сарын 10-ыг хүртэл хугацаанд ... 50,000,000 төгрөг, заагдсан үнийн дүнг төлж, байр буцааж авах болно, 2018.06.10-2018.07.01, ******* гэсэн бичилтийн дор ******* гарын үсэг зурсан, 2018.07.01-нийг хүртэл байрыг барьж байна, энэнээс цааш ******* би буцаан өгөх, эсэх.г ш.днэ гээд зурсан гарын үсгийг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2013 дугаар шинжээчийн дүгнэлтээр *******гийнх гэж тогтоосон байна.
1 дүгээр хавтас хэргийн 8 дахь тал болон 130-131 дэх талд баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд дээрх бичвэр байхгүй байгаа талаар талууд маргаагүй.
5.2. Нэг гэрээний 3 хувьд тус бүрт дээрх бичвэрийг нэгэн адил хийх шаардлага байхгүй. Талууд гэрээний нэг хувьд дээр дээрх тохиролцоог бичгээр хийж тэмдэглэж, харилцан гарын үсэг зурж хүсэл зоригийг илэрхийлсэн тохиолдолд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох зохицуулалтад нийцсэн байна. Иймд уг орон сууцыг анхнаасаа худалдан авах хүсэл зоригийг илэрхийлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ.
Уг хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэвэл талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа байгуулагдсан гэж дүгнэхгүй. Харин тодорхой хугацаа буюу 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* мөнгөн хөрөнгийг *******д төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг *******ид буцаан шилжүүлэх агуулгатай байна.
Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд заасан болзол тавьж хийсэн хэлцэлд хамаарахгүй. Учир нь мөнгөн хөрөнгийг төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх тохиролцоо нь бий болох эсэх нь мэдэгдэхгүй, эсхүл нэгэнт бий болсныг нь хэлцэл хийгч талууд мэдээгүй байгаа үйл явдлаас шалтгаалан хэлцэлд заасан эрх үүрэг нь үүсэхээр тохиролцсон бол хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл, эсхүл бий болох эсэх нь мэдэгдэхгүй байгаа үйл явдал бий болсноор хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцсон бол өөрчлөгдөх болзлоор хийсэн хэлцэл-ийн аль алинд хамаарахгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 265-268 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө буцаан худалдах авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээнд хамаарахгүй болно. Энэ тохиолдолд талууд гэрээндээ худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхийг тусгасан байх учиртай.
Иймд дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээг 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор орон сууцыг барьцаалах гэрээг халхавчилж хийсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.
5.3. Харин хариуцагч *******гийн илэрхийлэлд огноо 2018 засвартай байх боловч ...хүртэл байрыг барьж байна, энэнээс цааш ******* би буцаан өгөх, эсэх.г ш.днэ гэсэн хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
5.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч *******ийн эхнэр , хүү , нар гуравдагч этгээдээр оролцож нэхэмжлэгч талд тайлбар гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүйгээс гадна ыг гуравдагч этгээдээр оролцуулахаас өмнө түүнийг гэрчээр асуухад тэрээр аавынхаа эсрэг мэдүүлэг өгөх боломжгүй гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14/-т ... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлснийг өөрөөр тайлбарлах боломжгүй юм. Иймд түүний мэдүүлгийг хариуцагч талд ашигтайгаар тайлбарлуулахаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.
5.5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талын хувьд сонирхогч этгээдэд хамаарах тул тэрээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахыг шаардах эрхтэй.
Иймд ******* нь *******өөс 50,000,000 төгрөгийг зээлсэн, энэ гэрээний үүргийн гүйцэтгэлд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлэхээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн, энэ худалдах, худалдан авах гэрээний цаана бусдад төлөх хүчин төгөлдөр шийдвэрийн үр дагавар халхавчлагдсан байна.
5.6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцааж өгөх үүргийн хүрээнд анхан шатны шүүх *******ийн өмчлөх эрхийг буцаан бүртгэхийг улсын бүртгэлийн газарт даалгаж, *******оос 50,000,000 төгрөг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/02558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА