| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/03262/И |
| Дугаар | 210/МА2025/00833 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00833
******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01179 дугаар шийдвэртэй,
******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй
*******д холбогдох
1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******тай 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг 4 сарын хугацаатай байгуулж, тухайн орон сууцанд компанийн гадаад ажилчдыг суулгахаар болсон бөгөөд гэрээг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2 сараар сунгасан.
1.2. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай талаас орон сууцыг цаашаа сунгахгүй талаар мэдэгдсэн.
1.3. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг хүлээлгэж өгсөн бөгөөд барьцааг буцаан шилжүүлэхийг хүссэн боловч ******* чи надад цаг тулгаж хэлсэн тул би барьцаа мөнгийг чинь өгөхгүй гэж маргаан үүссэн. Иймд барьцаа болох 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Орон сууц хөлслөх гэрээний 3.4-т хөлслөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 1,500,000 төгрөгийг аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулна, Мөн гэрээний 4.7-д хөлслүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 4 сарын өмнө хөлслөгч талд мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус заасан.
2.2. Хөлслөгч гэрээнд заасан боломжит хугацаанд мэдэгдээгүйн улмаас хөлслүүлэгч тал дараагийн хөлслөгчийг олох, мөн зээлийн эргэн төлөлтийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул барьцааг буцаан өгөх хууль зүйн үндэслэлгүй.
2.3. Талууд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулахдаа эд хөрөнгийн тооллогын бүртгэлд дурдсан жагсаалтын дагуу орон сууцыг хүлээлгэн өгсөн. Харин хөлслөгч тал 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эд хөрөнгийн тооллогын хүлээлцэх акт үйлдэж, хүлээлцээгүй. Мөн орон сууцны эд хөрөнгө дутуу, чанар муудсан зэрэг асуудлууд байсан тул барьцааг буцааг өгөхгүй, тооцож суутгана гэж хариуцагч мэдэгдсэн.
Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч *******гаас дэнчин 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ГХОХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 38,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т Нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, гэрээнээс татгалзах санал гаргаагүй, орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон учир нэхэмжлэгч талаас хариуцагч талд гэрээний хугацааны талаар мэдэгдэх үүрэг үүсээгүй гэжээ.
Орон сууц хөлслөх гэрээг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч байгуулсан. Тус гэрээний 4.7, 5.4-т гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол хэн аль нь 4 сарын өмнө нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байхад шүүх нэхэмжлэгч хугацааны талаар хариуцагчид мэдэгдэх үүрэг үүсээгүй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Мөн гэрээний 5.11-д Хөлслөгч гэрээний хугацаа дуусахаас 2 сарын өмнө Иргэний хуулийн 296.2-д зааснаар тухайн орон сууц хөлслөх гэрээг сунгах тухай хүсэлтээ бичгээр гаргах... гэж заасан тул 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц хөлслөх нэмэлт гэрээний хугацаа 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан ба хугацааг цаашид дахин сунгахгүй бол 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор хөлслүүлэгч талд мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэтэл уг үүргээ биелүүлээгүй тулгаж мэдэгдсэнээс хөлслүүлэгч дараагийн хөлслөгчийг олох болон зээлийн эргэн төлөлт, Remax HUB үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд зуучлах гэрээ-ээр зуучлалын хөлс 1,144,000 төгрөг төлсөн баримт зэргийг нотлох баримтаар өгсөн байхад шүүх нотлох баримтуудад ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.
4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д Талууд гэрээгээр дэнчин буюу 1,500,000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлд оролцуулахгүй байхаар тохиролцсон байна гэжээ.
Гэтэл орон сууц хөлслөх гэрээний 3.4-т дэнчин байна, Хөлслөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчин болгож 1,500,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар 27-ны өдөр хөлслөгч тал хөлслүүлэгчид өгнө. Дэнчинг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулна гэж заасан байхад шүүх Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарласан.
4.3. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-д ...нэхэмжлэгч акт үйлдэж эд хөрөнгө хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагчийн эд хөрөнгийн тооллогын акт үйлдэж хүлээлцээгүй гэх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ гэжээ.
Гэтэл орон сууц хөлслөх гэрээний 7.2-т Гэрээний хугацаа дуусаж, хугацаа сунгахгүй болсон тохиолдолд төлбөрийг бүрэн төлж, хөлслөн авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчид хүлээлгэн өгснөөр хөлслөгч талын хүлээх үүрэг дуусгавар болно" гэж заасан ба хөлслөгч тал орон сууцны түлхүүрийг хөлслүүлэгчид гадаа өгчихөөд хуралтай гээд яараад яваад өгсөн тул хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болно.
4.4. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19-д Хариуцагч ...орон сууц дахь эд хөрөнгө нь дутуу, чанар муудсан, хохирол учирсан... гэж тайлбарлаж байгаа боловч ямар хөрөнгийн чанар байдал хэрхэн муудсан, ашиглах боломжгүй болсон байдал, ямар хэмжээний хохирол гэм хор учирсныг хуульд заасан арга хэрэгслээр бэхжүүлсэн, цуглуулсан хангалттай баримтаар өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй гэжээ.
2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан ба тухайн өдрөө орон сууц хүлээлцэхдээ Эд хөрөнгийн тооллогын бүртгэл" үйлдэж хөлслүүлэгч талаас *******, хөлслөгч тал ******* ХХК-ийн захирал ******* нь өөрийн компанийн ажилтан *******ыг орон сууц хүлээлцэхээр томилон явуулсны дагуу эд хөрөнгийн тооллогын бүртгэлд гарын үсэг зурсан бөгөөд орон сууцыг хүлээн авахад буйдан эвдэрсэн, ашиглах боломжгүй байсан бол өнгөрсөн олон сар гадаад ажилчиддаа хэрэглүүлсэн байх үндэслэлгүй байхад шүүх бодитой дүгнэлт хийгээгүй.
Үүнийг нотлох зорилгоор хариуцагч тал Тухайн байрыг анх *******ийн зөвшөөрлөөр түүний ажилтанд нь хүлээлгэж өгөх үед *******гийн эхнэр ******* байсан тул гэрчээр оролцуулах... хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч талаас ажилтан ******* гарын үсэг зурж орон сууц, жагсаалтад дурдсан эд хөрөнгийг хүлээн авсан талаар анх хүлээж авсан гэдэгт ямар нэгэн маргаан гараагүй тул гэрчээс мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэж байна гэж тайлбарласан нь эд хөрөнгө бүрэн бүтэн байсныг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсон тул гэрч оролцуулах хүсэлтээс татгалзсан юм.
4.5. Мөн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгийн тооллогын хүлээлцэх актыг нотлох баримтын шаардлага хангуулж шүүхэд өгсөн байхад ямар үндэслэлээр няцааж хариуцагч тал тайлбар татгалзлаа нотлоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Энэхүү эд хөрөнгийн тооллогын хүлээлцэх актад хөлслөгч талд хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн төрөл, хэмжих нэгж, хүлээлгэн өгсөн тоо хэмжээ, хүлээн авсан тоо, зах зээлийн үнэ, тайлбар буюу хүлээж авах үед байсан чанарын талаар тус тус дэлгэрэнгүй тусгаж хөлслөгч талд хүлээлцэх талаар хэлэхэд ...завгүй, хуралтай... гэх тайлбар өгөөд хүлээлгэн өгөөгүй талаар шүүх хуралдаанд үгүйсгээгүй болно.
Түүнчлэн нэхэмжлэгч талаас асуулт, хариултын үед ...тавилгуудыг яагаад гадаа гаргаад зураг дарсан юм бэ гэж асуусан нь тэрээр тухайн орон сууцанд байсан тавилгыг мөн гэж таньж байгаа учраас асуусан. Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчээс энэ зурган дээр байгаа буйдан танай 6 сарын хугацаанд хэрэглэж байсан буйдан мөн үү гэж асуухад тэрээр санахгүй байна гэж хариулсан нь худал болох нь дээр дурдсан өөрийн асуултаар нь нотлогдож байна. Мөн шүүгчээс нэхэмжлэгч талаас гэрээгээр та орон сууцын доторх эд хөрөнгийг актаар хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн байна. Энэ үүргээ биелүүлсэн үү, таны тайлбарыг нотлох ямар баримт байна вэ гэх зэрэг асуулт асууж байсан. Гэсэн хэдий ч шүүхийн шийдвэртээ нэхэмжлэгч тал хүлээлгэж өгөх үүрэггүй гэж дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Иймд гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Талууд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр уулзаж орон сууц хөлслөх гэрээг байгуулж, орон сууцыг хүлээж авах үед хуралтай байсан учраас байгууллагынхаа ажилтныг явуулж тухайн эд хөрөнгийг хүлээн авч актад гарын үсэг зурсан.
5.2. Хариуцагч 4 сараар гэрээ байгуулсан гэж хэлсэн. Гэхдээ тухайн гэрээг хүчин төгөлдөр хэрэгжих явцад буюу 4 сарын дотор цуцлах хүсэлтээ өгнө гэж бичсэн. Эхний гэрээний хугацаа дуусахаас өмнө хариуцагч над руу залгаад сарын түрээсээ 200,000 төгрөгөөр нэмэх хүсэлтэй байна гэхэд нь бид нар бараг больж магадгүй гэж хэлэхэд хариуцагч манай оффис дээр ирж 200,000 төгрөгөөр нэмэхээ болилоо, чи гэрээ сунгачих гэсэн болохоор гэрээгээ 2 сараар сунгасан.
5.3. Манай гадаад ажилчид ирэхээ болиод хариуцагчтай вайбераар 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг 08 минутад гэрээгээ сунгахгүй боллоо гэж явуулсан ба хариуцагч окей гэх хариулсан. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр уулзахад хариуцагч өөрт байсан түлхүүрээ алга болгосон гээд надад байсан түлхүүрийг авч онгойлгоод тухайн орон сууцны бүх эд зүйлийг хамт шалгасан. Тухайн үед хариуцагч эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдээгүй байсан ба би байгууллагынхаа тамгатай акт үйлдээд өгөхөд гарын үсгээ зурахгүй гэж хэлсэн.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв талаас нь дүгнэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ГХОХХК нь хариуцагч *******д холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Зохигч энэ талаар гомдол гаргаагүй. Үүнд:
3.1. ******* ГХОХХК болон ******* нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, , *******, ******* хаягт оршин байх, 46,18 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэг сарын 1,500,000 төгрөгөөр 4 сарын хугацаатайгаар хөлслүүлэхээр, ******* ГХОХХК нь хөлсийг төлөхөөр тохиролцсон.
3.2. Талууд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орон сууц хөлслөх гэрээний нэмэлт гэрээг байгуулж, гэрээний хугацааг 2 сараар сунгасан.
3.3. ******* ГХОХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу орон сууцны хөлсийг болон барьцаанд 1,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
4. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5.1. Талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээний хугацаа 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дууссан байх ба нэхэмжлэгч ******* ГХОХХК нь гэрээний хугацаа дуусахаас өмнө хөлслүүлэгчид гэрээг сунгахгүй байх талаар заавал мэдэгдэх үүрэггүй юм. Учир нь гэрээний 5.11-т гэрээний хугацаа дуусахаас өмнө 2 сарын өмнө ...орон сууц хөлслөх гэрээг сунгах тухай хүсэлтээ бичгээр гаргах гэж тохиролцсон нь гэрээг дахин сунгах тохиолдолд энэ талаар мэдэгдэхээр байна.
5.2. Нэхэмжлэгч ******* ГХОХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хөлслүүлэгч *******д гэрээний хугацааг дахин сунгахгүй талаар мэдэгдэж, орон сууцны түлхүүрийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн байх ба тэдгээрийн хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар дуусгавар болсон гэж дүгнэнэ. Иймд хариуцагч талын гэрээг дахин сунгахгүй талаар тулгаж мэдэгдсэнээс хохирол учирсан гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
6. Анхан шатны шүүх талуудын хооронд дэнчингийн гэрээ байгуулагдсан гэж алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
6.1. Гэрээний 3.4-т хөлслөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчин болгож 1,500,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хөлслөгч тал хөлслүүлэгчид өгнө. Дэнчинг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулна гэж тохиролцсон тохиролцоог Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгийг барьцааны талаар тохиролцсон гэж дүгнэнэ. Учир нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ гэж заасан бөгөөд талуудын тохиролцооноос дүгнэвэл орон сууц хөлслөх гэрээний хөлсөд оролцуулан тооцохоор тохиролцоогүй.
6.2. Орон сууц хөлслөгч ******* ГХОХХК нь гэрээний үүргийг биелүүлж, гэрээ дуусгавар болсноор түүний үүрэг дуусгавар болно. Иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл болох мөнгөн хөрөнгийг хөлслүүлэгч буцаан өгөх үүрэгтэй.
7. Хариуцагч орон сууц дахь эд хөрөнгө нь дутуу, чанар муудсан, хохирол учирсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
8. Иймд хариуцагч *******гаас 1,500,000 төгрөгийг гаргуулж ******* ГХОХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01179 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ГХОХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Э.ЗОЛЗАЯА