| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0394/Э |
| Дугаар | 402 |
| Огноо | 2019-06-05 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 402
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, иргэдийн төлөөлөгч Т.Очбаатар, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А овогт Б-ын О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910000000220 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны .... дугаар сарын ....-ны өдөр Б аймгийн Т суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Б аймгийн Б сумын .... дугаар баг, Х-ын .... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Х дүүргийн ... дугаар хороо, .... тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А овогт Б-ын О.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь архидан согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ...... тоотод хамтран амьдрагч А.Б-ийн цээжин тус газарт нь хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.О-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг өгөхгүй, ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би талийгаач А.Б-ийн төрсөн эгч нь, хамгийн сүүлд цагаан сараар буюу 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр талийгаач дүү маань эхнэр О-ийн хамт ирж золгосон юм. Түүнээс хойш уулзаагүй, хаяа нэг утсаар ярьдаг байсан. Ерөнхийдөө энэ жилийн цагаан сараар л уулзсан болохоос биш сүүлийн 3 жил уулзалдаагүй, холбоо муутай байдаг байсан. Талийгаач дүү маань Улаанбаатар хотод ирээд олигтой ажил хийгээгүй, бага багаар архи ууж эхлэх болсон. Ер нь бол тогтсон ажил байгаагүй, самранд явах, энд тэнд туслах ажилчин хийх болсон. Сүүлийн 7-8 жил биогийн хогийн цэг дээр ажиллах болсон бөгөөд О гэдэг эмэгтэйтэй суугаад 5 орчим жил болж байна, хүүхэдгүй. Зан байдлын хувьд сүүлийн үед нэлээн архи уух болсон. О-аас нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 33-34, 37-38, 39-40/ гэсэн,
Гэрч Ш.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “..Би Хан-Уул дүүргийн ... дугаар хороонд байрлах хогийн цэг дээр хог түүж амьдардаг, цэргийн баяр тэмдэглэхээр Б ахынд очсон. Тэгээд Б ахынд эхнэр О, хогийн цэг дээр хог түүдэг Ганаа, Сайнаа нарын хамт бид тавуулаа гурван шил архи уусан. Тэгээд Ганаа, Сайнаа нар архиа ууж дуусаад харьж амарлаа гээд гэрлүүгээ явцгаасан. Гэрт Б ах, О бид гурав үлдэж унтахаар хэвтэцгээсэн. Б, О хоёр архи уухаараа байнга хэрүүл хийдэг бөгөөд өнөөдөр намайг унтахаар газарт ор засаад хэвтэж байхад хоорондоо хэрүүл хийгээд О нь тогооны шүүгээний шургуулганд байдаг хар иштэй хутгыг аваад нөхөр Б-ийн хүйснийх нь дээд хэсэгт хутгалчихсан. Тэгээд би босоод О-ыг “чи яаж байгаа юм бэ” гэхэд Б нь орон дээрээсээ босоод суучихсан хүйснийх нь дээд хэсгээс цус гоожоод Б ах эхнэр О-ыг чи намайг яаж байгаа юм бэ гээд байсан. Тэр үед О хутгыг орон дээр хаячихсан. Би Б ахын шархан дээр нойлын цаасаар дарж цусыг тогтоож байхад О цагдаа, түргэн дуудаад удалгүй цагдаа, түргэн ирсэн. ...Би тэр үед унтахаар газарт ор засаад хэвтэж байсан. Талийгаач өөрөө их зөөлөн хүн. Тунгааг байнга л хайрлаж халамжилж байдаг. Тунгаа архи уухаараа өөрөө эхэлж хэрүүл өддөг, тэгээд л талийгаач жоохон уурлаад байдаг гэхэд болно. Би халамцуу байсан л даа. Нэг мэдэхэд л хуц, солиор гээд Тунгаа уурлаад байсан. Талийгаач учиргүй уурлаж, Тунгаа руу дайраагүй. Тунгаа өөрөө орилоод пизда энэ тэр гээд байсан. Тунгаа маш их хартай бөгөөд хүн бүхэнтэй харддаг. Тэр өдөр Шараа ах /Б-/ О-ийг зодсон асуудал гаргаагүй. Би сүүлийн хоёр жил ойр дотно байгаа. Ямар ч тийм үйлдэл гараагүй. Тунгаа өөрөө агсарч байгаад л уурандаа хутга аваад дүрсэн, би хоёр нүдээрээ харсан. Хэрэг гардаг өдөр талийгаач архи уусан байсан боловч биеэ авч явахаар байсан. Биеэ авч явах байдалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй хэвийн байсан...” /хх-ийн 41-43/ гэсэн,
Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10 цаг 30 минутын үед нөхөр Гантулгын хамт Шараа ах буюу Б ахын гэрт очсон. Бид нарыг очиход М, О хоёр салат хийгээд сууж байсан, Шараа ахыг асуухад “урагшаа хог руу ажилдаа явсан” гэж хэлсэн. Мөн нөхөр бид хоёр 0,5 граммын архи авсан байсан ба уг архийг цэргийн баярын бэлэг гэж Шараа ахад өгөхөөр бодсон байсан. Гэвч Тунгаа “Шараа хог руу явчихсан юм чинь бүгдээрээ уучихъя” гэхээр нь гаргаад бид дөрөв хувааж уугаад дуусгасан. Гэтэл Тунгаа “урагшаа хог руу очиж Шараад хийсэн салатаа өгнө, та хоёр хамт явах уу” гэхээр нь зөвшөөрч бид дөрөв хог дээр очиход Шараа ах хогоо цуглуулчихсан байсан. Улмаар хогоо тушаагаад дэлгүүрээс 0.75 граммын Монгол стандарт архи 3 шилийг, тэгээд удаа, сүү зэрэг эд зүйл авч гэрт нь ирцгээсэн. Ингээд цэргийн баяр гээд авсан архиа ижил тэнцүү хувааж ууцгаасан. Архи ууж байхад ямар нэгэн маргаан болоогүй, эвтэй байсан. Ингээд авсан архиа ууж дуусгаад орой 20 цаг өнгөрч байхад нөхөр бид хоёр харьсан. Бид хоёрыг гарах үед Тунгаа жоохон согтоод орон дээр хэвтсэн байсан. Мөөгий гэр цэвэрлээд үлдсэн. Б, О хоёр хаяа нэг маргадаг байсан. Гэхдээ учиргүй зодолдож байсныг мэдэхгүй юм байна...” /хх-ийн 54-55/ гэсэн,
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эхнэр бид хоёр 0,5 граммын архи авч Шараа ахад цэргийн баярын бэлэг болгон өгөхөөр гэрт нь очсон. Гэтэл Шараа ах урагшаа хогруу явсан, О, М хоёр салат хийгээд сууж байсан. Ингээд Шараа ахыг байхгүй болохоор авчирсан архиа бид дөрөв хувааж уусан. Ингээд бүгдээрээ хог руу Шараа ах дээр очиход нэлээн их хог цуглуулчихсан байсан, хогоо тушаагаад мөнгөөр нь 3 шил архи, ундаа, сүү зэрэг эд зүйл авсан. Ингээд бид нар Шараа ахынд хоол идэнгээ архиа ууж эхэлсэн. Архи ууж байхад хэн хэнтэй ямар нэгэн байдлаар маргалдаж, хэрэлдсэн юм огт байгаагүй. Орой 20 цагийн орчим архи дуусч эхнэр бид хоёр явахад гэрт Шараа ах, Мөөгий, Тунгаа нар үлдсэн. Харин Тунгаа согтоод орон дээрээ хэвтээд үлдсэн. Ингээд маргааш өглөө нь Шараа ахын гэрт нь ирэхэд цоожтой байсан, орой нь дахиж ирэхэд цоожтой байсан. Ер нь бол хоёулаа л архи уудаг болчихсон хүмүүс, талийгаач Тунгаадаа маш их хайртай хүн. Олон насаар дүү болохоор улам их хайрладаг байх. Хэрүүл маргаан гардаг л байсан байх. Гэхдээ миний хажууд учиргүй тэгж хэрэлдэж байгаагүй...” /хх-ийн 56-57/ гэсэн,
Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баря болж байсан тул Б, М, нэрийг нь сайн мэдэхгүй, хогийн цэг дээр хог түүдэг эхнэр, нөхөр хоёрыг хэзээ явсныг нь ч мэдээгүй, нэг мэдэхэд нөхөр бид хоёр гэртээ байсан. Өнөөдөр бас хардалтаас болж бид хоорондоо маргалдсан байх, би их согтуу, ууртай байсан, нэг мэдэхэд нөхрийнхөө хүйсний дээд хэсэгт шургуулганд байсан хар иштэй хутгыг аваад дүрчихсэн байсан. Манай нөхөр надад чи намайг хутгалчихлаа, миний бие өвдөөд байна гээд ёолоод хэвтээд байсан, цагдаа эмнэлэг битгий дууд гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хүйснийх нь дээд хэсэгт байрлах шархыг харахад ойролцоогоор 2 см орчим шарх байсан. Би Б-ийг хутгалчхаад үнэхээр их айж сандарсан байсан, тэгээд хажуу айлын хүний утсаар дуудлага өгсөн шиг санагдаад байгаа...” /хх-ийн 9-11, 44-45/ гэсэн,
Шинжээч эмч Ц.Ганболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гаргасан дүгнэлттэй холбоотойгоор “...Хүний биеийн онцлог, архи даах чадвар, бие физиологиос хамаарч биеэ хамгаалах, биеэ авч явах зэрэг нь хамаарна. Хүнд зэргийн согтолтоос хамаарч их хэмжээний архи уусан хүн цоо эрүүл хүн шиг явдаг. Тэгэхээр хүнд зэргийн согтолттой хүнийг биеэ хамгаалж чадахгүй, чадваргүй гэж ойлгож болохгүй...” /хх-ийн 176/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №761 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Талийгаачид аюулхайгаар хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэсний хана, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий, чацархайн цус хуралт тогтоогдлоо. Энэ шарх нь 2,5 см орчим өргөн, 6,0 см-ээс дээш урттай, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүснэ.
2. Дээрх шархыг босоо, хэвтээ, суугаа байрлалд учирч болно.
3. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
4. Үхэлд хүргэх өвчин үгүй байна.
5. Цус нь 2-р бүлэг байна.
6. Хэвлийн хөндий нэвтэрч чацархайг гэмтээсэн шархнаас цус алдаж нас баржээ...” /хх-ийн 68-73/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1934 тоот дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн саарал оруулгатай улаан хүрэн цамц, цайвар ногоон футболк, хар дотуур өмд, нил ягаан өнгийн зурагтай дотоож зэрэгт цус илэрсэн. Илэрсэн цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна...” /хх-ийн 92/ гэсэн,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 577 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Комиссын гишүүд доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав. 1. Б.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Б.О нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
3. Б.О нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
4. Б.О нь юмыг зөвөөр ойлгон мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Б.О нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож өөрийн үйлдлийг удирдан жолоодох хянах чадвартай байсан байна.
6. Б.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
7. Б.О нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” /хх-ийн 116-117/ гэсэн дүгнэлтүүд,
- Цагдаагийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 14/,
- Шүүгдэгчийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 15/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-22/,
- Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 23-25/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 26-27/,
- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 28-30/,
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 167-175/,
- Шүүгдэгч Б.О-ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 156/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 157/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 160/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.О нь архидан согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ...... тоотод хамтран амьдрагч А.Б-ийн хэвлийд нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-, гэрч Ш.М, Ц.С-, Д.Г нарын болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019 оны 761 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 275 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...Б.О нь ...А.Б-тэй хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хутгалж амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт үйлдэлд...” гэж бичжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019 оны 761 дугаартай дүгнэлтийн 1 дэх заалтад “...Талийгаачид аюулхайгаар хэвлийн хөндий нэвтэрч нарийн гэдэсний хана, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий, чацархайн цус хуралт тогтоогдлоо...” гэж бичсэнээс дүгнэхэд амь хохирогчийн цээжинд биш хэвлийд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон ба яллах дүгнэлтэд цээжин тус газарт гэж бичсэнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж, яллах дүгнэлтэд “цээжинд” гэж бичигдсэнийг засаж шийдвэрлэх боломжтой, засаж бичсэнээр Б.О-т холбогдох хэргийн зүйлчлэл болон бусад нөхцөл байдалд нөлөөлөхгүйг тэмдэглэж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас А.Б-ийн амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Б.О-аас нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 33-40/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс /хх-ийн 150, 154/ шийтгэх тогтоол гарах хүртэл буюу 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн 1910000000220 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хар иштэй ахуйн хэрэглээний хутга нэг ширхэг, хар өнгийн футволка нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Б-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Б-ын О-ийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.О-ийн цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 1910000000220 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хар иштэй ахуйн хэрэглээний хутга нэг ширхэг, хар өнгийн футволка нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн 1910000000220 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР
ШҮҮГЧИД С.БАЗАРХАНД
Х.ОДБАЯР