| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0403/Э |
| Дугаар | 407 |
| Огноо | 2019-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 407
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Т.Мижиддорж, хохирогч А.Г, шүүгдэгч З.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт З-ын М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910000560249 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, артилларын мэргэжилтэн мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Б дүүргийн .... дугаар хороо, ..... дугаар гудамжны .... тоотод бүртгэлтэй боловч Б дүүргийн .... дугаар хороо, ..... хотхоны .... дугаар байр .... дугаар блокын .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт З-ын М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.М нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт бааранд” хохирогч А.Г-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч А.Г-: “...2018 оны 12 дугаар сарын 12-ны орой манай байгууллагын шинэ жил болсон. Шинэ жилээ тараад би Минт клуб руу ганцаараа орсон, тухайн үед би нилээн согтолттой байсан. Текэн дээр хэсэг хүмүүс маргалдаад байхаар би тэдний дундуур орсон. М намайг шалан дээр унагаахад хамгаалагч нар ирсэн. Камерын өрөөнд ороход М над руу дайраад байсан. Би анх мэдүүлэг өгөхдөө “намайг коридорт цохисон” гэж өгсөн. Гэтэл камерын бичлэгээс харахад М намайг камерын өрөөнд цохисон байсан. Би бодит хохирол төлбөр болох томографийн төлбөр, ажилгүй байсан үеийн цалин, эмчилгээний зардалд нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Шүүгдэгч З.М-э: “...2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Минт клубт намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад Г гэх залуу гадаад иргэнтэй маргалдаж байхаар нь түүнийг салгах гэтэл Г над руу дайрч, намайг боосон. Би боолтоос гарахын тулд түүнийг унагаасан. Манай ажлынхан тухайн залууг камерын өрөө рүү аваад орсон. Хамгаалагч нар намайг камерын өрөө рүү ойртуулаагүй. Би хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч А.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн үед Минт баар онгорхой байхаар нь ганцаараа орсон, тэнд текэн дээр нэг шил пиво ууж байхад хажууд гадаадын иргэн монгол хүнтэй муудалцаад, өөр нэг гадаад ирээд монгол залуугийн малгайг унагаахад тэр хоёр барьцалдаад авахаар нь би дундуур нь орж салгахад хамгаалагч нар ирээд намайг такс төлөөгүй байна гэж хэлээд намайг шатан дээр аваачсан байхад хажуу талаас нэг хамгаалагч нүд рүү цохиж би тонгойсон байдалтай байхад намайг камерын өрөө рүү оруулаад куртик авчирч өгсөн. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад баарны хамгаалагч эдгээр гэмтлүүдийг учруулсан. Намайг заалнаас камерын өрөө рүү оруулах гэж явах замдаа гараараа намайг цохисон. Намайг коридорт нүд рүү нэг удаа, камерын өрөөнд зүүн талын хавирга руу нударч, цохисон. Миний тухайн үед гарсан эмчилгээний зардал 200,000 төгрөг болсон. Ажлаас 3 хоногийн чөлөөтэй байсны 300,000 төгрөг болсон. Эдгээрийг нэхэмжилж байна...” /хх-ийн 7-8, 12-13/ гэсэн,
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед над руу танихгүй хүний утаснаас залгаад “эрүүлжүүлэхэд байна ирээд аваадхаач” гэхээр нь би Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх дээр ирэхэд манай нөхөр нүд нь хавдчихсан байсан. Би эрүүлжүүлэхэд хоносон мөнгийг нь төлөөд дагуулаад 2 дугаар хороон дээр очоод иргэний үнэмлэхээ үлдээгээд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын халдвартын эсрэг талын хувийн нүдний эмнэлэгт үзүүлэхэд нүд рүү тариа хийж, эмчилгээ бичиж өгөхөөр нь эмийн сан орж эмийг нь аваад гэртээ хариад юу болсон талаар асуухад Г “намайг такс төлөөгүй гэж бүжгийн талбайгаас гаргаад Минтийн хамгаалагч цохисон” гэж хэлсэн. Надад өөр юм хэлээгүй. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн үед Минт бааранд очиж бичлэгийг үзэхээр очиход бичлэг дээр асуудлууд тодорхой байсан. Би тухайн залуутай уулзаж юу болсон талаар тодруулж асуухад хамгаалагч М нь “би танай хүнийг цохисон” гэж уучлалт гуйгаад бусад хүмүүс нь мөн адил уучлал гуйгаад “цагдаагаар битгий яваач ээ” гэж гуйсан...” /хх-ийн 17-18/ гэсэн,
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул 15 дугаар хороонд байрлах Минт бааранд би хяналтын камерын өрөөнд ажлаа хийгээд сууж байхад клубын зааланд асуудал гарч, манай хамгаалагч М очиход олон хүн байсан тул нэмж хамгаалагч явуулаад тараасан. Тэгэхэд нэг согтуу залуу М-ийг хоёр гараараа заамдахад М гарыг нь салгаад унагаахад хараалын үг хэлээд орилж чарлаад байсан тул асуудлыг шийдэхээр хяналтын камерын өрөө рүү дагуулаад явж байхад манай хамгаалагчийг татаж, чангааж, хараалын үг хэрэглэж доромжлох зэрэг үйлдлийг хийж байгаад хяналтын камерын өрөөнд М согтуу залууг түлхэж оруулахад төв серверийн компьютерийн хар өнгийн хайрцаг мөргөсөн, хамгаалагч М цохих шиг болсон тэгэхэд хамгаалагч Б М-ийг холдуулж, би тэр залууг тайвшруулах гэж оролдож байхад над руу дайрч миний нүүрэн тус газар цохисон. Тэгээд хамгаалагч Д-гийн баруун мөрдсийг урахад бид нар өчиж тайвшруулж байгаад харахад нүд хавдсан байсан. Тэр залууг тайвшруулж байгаад гаргаад явуулсан...” /хх-ийн 20-21/ гэсэн,
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Минт бааранд шөнийн 02 цагийн үед 3 давхарт ажлаа хийгээд байж байтал бүжгийн талбайд “зодоон боллоо” гэж станцаар дуудсан. Би ганцаараа очтол хамгаалагч М-ийг Г гэх залуу гараараа хүзүүнээс нь боочихсон, бусад хамгаалагч нар тэр хоёрыг салгаж харагдсан. М-ийг Г цохиж байхыг хараагүй, Г л М-ийн хүзүүг нь боочихсон байхыг л харсан, би хөндлөнгийн маргалдаад байсан өөр залууг холдуулаад тэр залууд учрыг нь тайлбарлаад явуулсан...” /хх-ийн 23/ гэсэн,
Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад Г-ийн эхнэр Э над руу залгаж Г өчигдөр шөнө Минт баарны хамгаалагчид зодуулж өдөржингөө эмнэлгээр яваад, одоо Минт дээр байна. Г-т гэмтэл учруулсан хамгаалагч нар нь уучлалт гуйгаад, Г-ийг цохисон гэх залуу нь “нялх хүүхэдтэй, саяхан ажилд орсон, цагдаа сэргийлэх гэхгүйгээр зохицуулъя, гомдол битгий гаргаач” гэж надад хэлсэн, би ганцаараа шийдэж чадахгүй байна” гэж хэлэхээр нь би Минт баарны хяналтын камерын өрөөнд очиход Э байсан. Тэгээд би бичлэг үзтэл Г-ийг мэргэжлийн бэлтгэгдсэн хэсэг бүлэг хамгаалагч нар санаатайгаар хүний биед гэмтэл учруулж байгаа харагдахаар нь би бухимдаж “та нар үйлчилгээний байгууллага байж хүнд ингэж үйлчилдэг юм уу, та нар хүнийг ийм болгоод байхдаа яадаг юм бэ, та нар гаргаад явуулчихгүй дээ” гэж хэлэхэд хамгаалалтын дарга нь “та нарт бичлэг үзүүлж, уучлалт гуйж байхад” гээд өрөөнөөс гаргасан. Тэгэхэд Г-ийг цохисон гэх залуу бид хоёроос уучлалт гуйгаад эмчилгээний зардлыг нь төлье, би танай нөхрийг цохьё гэж цохиогүй санамсаргүй байдлаас цохисон гэж хэлсэн. Г-ийн нүүрний зүүн тал хавдчихсан, нүд нь хар хөх туяатай, нүдний дотор хэсэг нь битүү цус хурсан байдалтай мөн цус шүүрсэн, гарын сарвуу, шуун хэсгээр хөх цэгүүдтэй байсан. ..” /хх-ийн 26-27/ гэсэн,
Шүүгдэгч З.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 04 цагийн үед Минт бааран дотор гадаад иргэд Монгол залуутай маргалдаад байна гэхээр нь би яваад очтол нэг согтуу залуу, гадаад иргэдтэй чанга дуугаар орилоод юм ярьж байхаар нь очиж холдуулахад хажуу талаас Г гэдэг согтуу хүн орж ирээд надруу дайраад, намайг заамдаж авахаар нь би барьсан гарыг нь салгахад газарт унасан. Ингээд хяналтын камерын өрөө рүү ороход Г намайг татаж хяналтын камерын төв компьютер руу унахаар нь би гараараа хоёр удаа цохиход намайг Б холдуулсан. Тэгээд согтуу залуу дахиж хэл амаар доромжилж, хамгаалагч руу дайрч ахлах Э-ий шанаа руу цохиж, Д хамгаалагчийн хувцасны мөрдсийг урсан...” /хх-ийн 51-52/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №532 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. А.Г-ийн биед тархи доргилт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх-ийн 35/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 4/,
- Хяналтын камерын бичлэг бүхий дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 41-42/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 56/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 57/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, З.М-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч З.М нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд тухайн бааранд үйлчлүүлж байсан А.Г-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Г-ийн “...Намайг заалнаас хяналтын өрөө рүү оруулах гэж явах замдаа гараараа нуг удаа цохисон, мөн коридорт нүд рүү нэг удаа, камерын өрөөнд зүүн талын хавирга руу нударч, цохисон...” /хх-ийн 12-13/ гэсэн, шүүгдэгч З.М-ийн “...2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 04 цагийн үед клуб дотор гадаад иргэд Монгол иргэнтэй маргалдаад байна гэхээр нь би яваад очтол нэг согтуу залуу, гадаад иргэдтэй чанга дуугаар орилоод юм ярьж байхаар нь холдуулахад хажуу талаас Г гэдэг согтуу хүн орж ирээд надруу дайраад, намайг заамдаж авахаар нь би барьсан гарыг нь салгахад газарт унасан. ...Хяналтын камерын өрөө рүү ороход намайг татаж хяналтын камерын төв компьютер руу унахаар нь би гараараа хоёр удаа цохиход намайг Б холдуулсан...” /хх-ийн 51-52/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №532 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. А.Г-ийн биед тархи доргилт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 35/ гэсэн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 41-42/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч З.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч А.Г-ийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би бодит хохирол төлбөр болох томографийн төлбөр, ажилгүй байсан үеийн цалин, эмчилгээний зардалд нийт 500.000 төгрөг нэхэмжилнэ...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Г хохиролтой холбоотой толгойны компьютер томографын зураг авахуулсан, шүүх эмнэлэгт үзүүлсэн тухай 128,000 төгрөгийн хоёр баримт гаргаж ирүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт хохиролтой холбоотой өөр баримт авагдаагүй, улмаар ажилгүй байсан хугацааны цалин орлоготой эсэхээ хохирогч нотолж чадаагүй, энэ талаар баримтгүй тул шүүх шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтын хэмжээнд гэм буруутай З.М-ээс 128,000 төгрөг гаргуулж, хохирогчид олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч З.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910000560249 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг сиди-г хэргийн хамт хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт З-ын М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З-ын М-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч З.М-эд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М / РД: ............, Б дүүргийн .... дугаар хороо, ..... хотхоны .... дугаар байр .... дугаар блокын .... тоотод оршин суух хаягтай/-ээс 128,000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.Г /РД: ................, Б дүүргийн .... дугаар хороо, ..... хотхоны .....тоотод оршин суух хаягтай/-д олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 1910000560249 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сиди-г хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч З.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.М-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР