| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2023/03071/И |
| Дугаар | 210/МА2025/00873 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00873
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/03044 дугаар шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй
******* ХХК-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, алдангид 56,960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, тус компанийн барьж буй барилгаас Хан-Уул дүүрэг, *******, ******* хотхон, ******* байр, ******* хаягт байрлах 71,2 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, гэрээний дагуу 113,920,000 төгрөгийг хуваарийн дагуу төлж дуусгасан.
1.2. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1.2-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулна, 2.1.3-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги захиалагч талд төлнө, 5.10-т Гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 60 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 61 дэх хоногоос эхлэн алданги тооцно гэж тус тус заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 62,086,400 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нийт гүйцэтгээгүй үүргийн нийт дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалтын дагуу 56,960,000 төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүрэг, *******, ******* хотхон, ******* байр, ******* хаягт байрлах 71,2 м.кв 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******гийн нэр дээр гаргуулж, түүний өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлээс Хан-Уул дүүрэг, *******, ******* хотхон, ******* байр, ******* хаягт байрлах, 71,2 м.кв 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх хэсгийг хүлээн зөвшөөрнө.
2.2. Харин Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг-т шилжүүлсэн бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу бүх хариуцагч компани үүргээ бүрэн эсвэл зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй болсон ба барилгын бараа материалын хомсдол болон үнийн хөөргөдөл үүсч аж ахуй нэгжүүд санхүүгийн хүндрэлд орж эхэлсэн. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн нь гэрээний үүргийн зөрчил болно. Улмаар гэрээний үүргийн зөрчил болон хохирлын хооронд шалтгаант холбоотой байж, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон нөхцөлд хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх учиртай. Иймд хариуцагч талын буруутай үйл ажиллагааны улмаас үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдал бүрдээгүй гэж үзэж байх тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн , ******* орон сууцны ны орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******гийн нэр дээр гарган өгч, уг орон сууцыг *******гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас алданги 56,960,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,240,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,240,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-т Орон сууц захиалан бариулах гэрээний зохицуулалтаас үзэхэд алданги тооцож эхлэх хугацаа 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх буюу 545 хоногийн алдангийг бодоход 60,086,400 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалтын дагуу нийт авах ёстой алданги 56,960,000 төгрөг болж байна. гэж, мөн үндэслэх хэсгийн 19-т Ковид-19 цар тахал гарсны улмаас Монгол Улсын Засгийн газар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл бэлэн байдал зарлаж дуусгавар болсон хэмээн шийдвэрлэсэн атлаа тус бэлэн байдлын зэргийн өдрүүдийг алдангийн хоногоос хасаж шийдвэрлээгүй буюу үндэслэлгүй шийдвэр гаргасан.
4.2. Цар тахалтай холбоотой Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг-т 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 17 хүртэлх 6 хоног, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дугаар тогтоолын 1 дэх заалтын 11 дүгээр сарын 17-ны гэснийг 12 дугаар сарын 01 хүртэл сунгаж 14 хоног, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дугаар тогтоолын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өдрийг 2020 оны 12 дугаар сарын 11 хүртэл сунгаж 10 хоног, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаар тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгаж 3 хоног, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл сунгаж 14 хоног, 2021 оны 1 дүгээр сарын 4-ны өдрийн дугаар 1 тогтоолоор 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийг 2021 оны 1 дүгээр сарын 11-ний хүртэл сунгаж 5 хоног, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 27 тогтоолоор 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг мөн оны 2 дугаар сарын 23-ны хүртэл сунгаж 12 хоног, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 91 тогтоолоор 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг мөн оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сунгаж 28 хоног, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 104 тогтоолоор 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тус тус сунгасан ба бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт нийт 92 хоногийг алдангиас хасаж шийдвэрлэх ёстой байсан.
4.3. Мөн анхан шатны шүүхэд ******* ХХК нь Force majeure /Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон Hardship /Хүнд нөхцөл байдал/-ын гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тус гэрчилгээнд шаардлагатай бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт цементийн хомсдолын улмаас тасалдсан нь Үндэсний бетон зуурмаг үйлдвэрлэгчийн холбооны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн цементийн дотоодын ханган нийлүүлэлт хэвийн болох, үнэ тогтворжих хүртэл үйлдвэрлэлийг үйл ажиллагаагаа 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаа тухай мэдэгдэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж гэрчилгээ олгож байна хэмээн тус баримтад заасан тул 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд тооцох нь зүйтэй ба алдангийн хоногоос дээрх хугацааны 100 хоногийг хасаж нь үндэслэлтэй болно.
4.4. Иймд алдангийн нэхэмжилсэн хоног болох 545 хоногоос цементийн дотоодын ханган нийлүүлэлт хэвийн болох, үнэ тогтворжих хүртэл үйлдвэрлэлийг үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон 100 хоног, мөн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн 92 хоног, нийт 192 хоногийг хасахаар 353 хоногийн алдангийг 1 өдрийн 113,920 төгрөгөөр бодоход 40,213,760 төгрөгийн алданги байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагч тал давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэж маргадаг. Шүүх шийдвэртээ энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу хариуцагч компани орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгсөн байх ёстой байсан.Монгол Улсын Засгийн газрын тогтоолоорбүх нийтийн бэлэн байдал зарласан нөхцөл байдал нь 2020 оны 04 дүгээр улиралд хамаарна. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сард бэлэн байдлын зэргийг цуцалж, хэвийн байдалд шилжсэн. Тухайн хугацаанаас хойш буюу 2023 оны 04 дүгээр сар хүртэл орон сууцыг хүлээлгэж өгөх боломжтой байсан ч хүлээлгэж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, *******, ******* хотхон, ******* байр, ******* хаягт байрлах 71,2 м.кв талбайтай 3 өрөө сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. ******* ХХК болон ******* нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, *******, ******* хотхон, ******* байр, ******* хаягт байрлах 71,2 м.кв талбайтай 3 өрөө сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, ******* нь орон сууцны үнэд 113,920,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
4.1. Нэхэмжлэгч ******* гэрээний 2.2.1-д заасны дагуу орон сууцны үнэд нийт 113,920,000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй.
4.2. ******* ХХК нь гэрээний 2.1.2-т зааснаар орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд барьж, ашиглалтад оруулах үүргийг гүйцэтгээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.
5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 5/11878 тоот албан бичгээр маргаан бүхий барилга 75 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн дугаарт 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй болж бүртгэгдсэн талаар тодорхойлжээ.
Иймд гэрээний 1.2-т захиалагч тал нь гэрээний үнийг бүрэн төлж барагдуулснаар гүйцэтгэгч нь гэрээний зүйл болох 1.3-д заасан үл хөдлөх эд хөрөнгийг Захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж зааснаар захиалагч ******* орон сууцны үнийг бүрэн төлсөн байхад хариуцагч ******* ХХК нь орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь уг орон өмчлөх эрхийг шилжүүлэхийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт: Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно. ... гэж заасан байна. Харин хариуцагч ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгох эрх бүхий этгээд биш байхад анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-д орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******гийн нэр дээр гарган өгөхийг даалгаж шийдвэрлэсэн алдаа гаргажээ. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүргүүлэхэд шаардагдах баримт бичгийг хариуцагч тал гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлно.
6. Талууд гэрээний 2.1.3-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги захиалагч талд төлнө. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг барилгын ажлын явцын дагуу тодорхойлно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Иймд нэхэмжлэгч нь хууль болон гэрээний 5.10-т гүйцэтгээгүй талын буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 60 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 61 дэх хоногоос эхлэн алданги тооцно гэж заасны дагуу хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
Хариуцагч талын алдангийн хоногоос 92 хоногийг хасаж тооцох байсан гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч ******* нь алдангийн хугацааг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл /943 хоног/ гэж тодорхойлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 178 дугаар тогтоол гарснаас 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацааг нийт 92 хоног гэж тоолно.
6.1. Алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдал зарласан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 164 хоног, бүх нийтийн бэлэн байдлыг дуусгавар болгосон 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 603 хоног, нийт 767 хоног байх бөгөөд энэ хугацаанаас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан 92 хоногийг хасч тооцвол алданги тооцох хугацаа 675 хоногоор тодорхойлогдоно.
Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг 113,920,000 төгрөг гэж тодорхойлбол тэрээр 675 хоногийн алдангид 76,902,075 төгрөг төлөх үүрэгтэйгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлавал 56,960,000 төгрөг болж байна Алдангийг 56,960,000 төгрөгөөр тооцож хариуцагч ******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/03044 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг, *******, ******* хотхон, ******* байр, ******* хаягт байрлах 71,2 м.кв талбайтай 3 өрөө сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлэх, уг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д тус тус даалгасугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА