Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 339

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

М.Бадамдоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Дагвадорж,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Бадамдоржийн гаргасан давж заалдах гомдлоор М.Бадамдоржид холбогдох 201724000036 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Мөнхцэцэгийн Бадамдорж, 1992 оны 9 дүгээр сарын 18-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Баян бридж” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эмээ, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 7 дугаар гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг зааснаар эдлээгүй үлдсэн 6 сар 17 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн, /РД: УБ92091811/;

 

            М.Бадамдорж нь 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 02 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Home Plaza” төвийн автомашины зогсоолд “Toyota Cresta” загварын, 58-37 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан заалтыг зөрчсөнөөс зогсоолд байрлуулсан Д.Мэндсайханы эзэмшлийн “Range Rover” загварын, 56-68 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн шууд 1,816,000 төгрөгийн, нийт 2,001,000 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гарган мөн дүрмийн 2.5.а, в-д заасан заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтааж яваад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ахуйн үйлчилгээний уулзварт 02 цаг 50 минутын орчим мөн дүрмийн 5.7-д заасан заалтыг зөрчсөнөөс Б.Есүхэйгийн жолоодон явсан “Toyota prius-20” загварын, 20-03 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн шууд 1,381,000 төгрөгийн, нийт 1,697,200 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гарган мөн дүрмийн 2.5.а, в-д заасан заалтыг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: М.Бадамдоржид холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Мөнхцэцэгийн Бадамдоржийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар М.Бадамдоржийг 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар М.Бадамдоржид оногдуулсан 4 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, М.Бадамдоржид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27х18 см хэмжээтэй 1 ширхэг 58-37 УБХ улсын дугаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмаар шийдвэрлэхийг Авто тээврийн үндэсний төвд хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ц.Мөнхбат, шүүгдэгч М.Бадамдорж нараас нийт 3,698,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Мэндсайханд 2,001,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Туяацэцэгт 1,697,200 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан М.Бадамдорж давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн. Миний бие Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шалгагдаж байгаад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж мөрдөн байцаалтад буцаасан. Иймд энэ хоёр хэргээ нэгтгэн шалгуулах хүсэлттэй байна...” гэжээ.

 

Прокурор Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

М.Бадамдоржид холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

М.Бадамдорж нь 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 02 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Home Plaza” төвийн автомашины зогсоолд “Toyota Cresta” загварын, 58-37 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан заалтыг зөрчсөнөөс зогсоолд байрлуулсан Д.Мэндсайханы эзэмшлийн “Range Rover” загварын, 56-68 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн шууд 1,816,000 төгрөгийн, нийт 2,001,000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн ослыг гаргаад, улмаар дахин 02 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ахуйн үйлчилгээний уулзварт мөн дүрмийн 5.7-д заасан заалтыг зөрчсөнөөс Б.Есүхэйгийн жолоодон явсан “Toyota prius-20” загварын, 20-03 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн шууд 1,381,000 төгрөгийн, нийт 1,697,200 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн ослыг гаргаад Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дугаар зүйлд заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”,

в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан болох нь:

иргэний нэхэмжлэгч Д.Мэндсайханы “...Би 56-68 УНЗ улсын дугаартай, “Range Rover” загварын автомашины эзэмшигч нь юм. С.Хүрэлшагай нь 56-68 УНЗ улсын дугаартай, “Range Rover” загварын автомашиныг жолоодох бүрэн эрхтэй ба жолоочийн хариуцлагын даатгалд ч нэр нь байгаа. Осол болдог орой С.Хүрэлшагай бид хоёр 22 цаг өнгөрч байхад “Минт” баарны гадна талд нь очиж зогсоход С.Хүрэлшагай би удаж магадгүй гэхээр нь би харьлаа, чи өөрөө автомашинаа жолоодоод явчих гэж хэлээд машиныхаа түлхүүрийг үлдээгээд би такси бариад гэр рүүгээ явсан.  Маргааш өглөө нь болсон асуудлын талаар мэдсэн. Үнэлгээгээр автомашинд 2,001,000 төгрөгийн хохирол учирсан ба энэ хохирол төлөгдөөгүй байгаа. Хохирлоо барагдуулчихвал гомдол санал байхгүй...” /хх-ийн 13 тал/,

иргэний нэхэмжлэгч Д.Туяацэцэгийн “...Би 2015 оны 3 дугаар сард “Тоёота приус-20” загварын, 20-03 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би өөрийнхөө машиныг “Нано капитал” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр барьцаанд тавьж 1 жилийн хугацаатай 3,000,000 төгрөгийн зээл авсан. Одоо бол “Нано капитал” ББСБ-ын эзэмшилд байгаа. Манай нөхөр Б.Есүхэй нь машины хажуу талаас машин мөргөчихөөд яваад өгсөн гэж хэлсэн болохоор би ослын талаар мэдсэн. Миний машины зүүн гар талын хойд гуперээс урд гупер хүртэл зурчихсан байсан тул машиндаа эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэсэн. Би гомдолтой байна. Машиныхаа эвдрэл хохирлын үнэлгээний дагуу 1,697,200 төгрөгийг нэхэмжлэх болно...” /хх-ийн 17-18 тал/,

иргэний хариуцагч Ц.Мөнхбатын “...58-37 УБХ улсын дугаартай, “Тoyota Cresta” загварын автомашин нь миний эзэмшлийнх бөгөөд уг автомашиныг 2016 оны 11 дүгээр сард худалдаж авсан. Осол болдог өдөр Бадамдорж над руу залгаад ахаа машин чинь хэрэгтэй байна гэхээр нь автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн байгаа юу гэж асуухад байгаа гэж хэлэхээр нь тэгвэл аваад явж болно гэж хэлсэн. Миний автомашины урд гупер, хоёр их гэрэл, хоёр дохио, копут, радиатор зэрэг нь эвдэрсэн байсан. Би автомашиндаа үнэлгээ хийлгээгүй. Миний автомашин дөрвөн улирлын буюу өвөл, зуны аль алинд нь хэрэглэж болдог дугуйтай байсан. Ямар хээтэйг нь бол санахгүй байна. Дүүгийнхээ бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад миний зүгээс татгалзах зүйл алга. Бадамдоржоос нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 27 тал/,

гэрч Б.Есүхэйгийн “...Эхнэр Д.Туяацэцэг бид хоёр 20-03 УНМ улсын дугаартай, “Toyota prius-20” загварын автомашиныг “Нано капитал” ББСБ-аас лизингээр худалдаж авсан. Би энэ автомашинтайгаа 2016 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 02 цаг 50 минутын үед Эх нялхасын баруун талын замаар хойноос урагшаа чиглэлтэй явж байгаад зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор уулзвар руу нэвтэрч ороод урагшаа чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас буюу урдаас хойшоо чиглэлтэй саарал өнгийн “Toyota Cresta” загварын автомашин хурдтай ирээд миний жолоодон явсан автомашины зүүн урд крыло, зүүн урд хаалга хэсэг рүү мөргөөд, зогсолгүй шууд түрээд, зүүн хойд хаалга, зүүн хойд крыло хэсгийг зураад тэр чигээрээ зүүн тийш эргээд 1000 нэрийн барааны дэлгүүрийн урд хэсгээр баруун тийш чиглэлтэй зугтаагаад явсан. Би осол болсон газраас хөдлөлгүй зогсож байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд машинаасаа буугаад иртэл мөргөсөн машины улсын дугаар нь миний машины хойд талд зам дээр /58-37 УБХ улсын дугаар/ газарт унасан байсан. Удалгүй цагдаагийн албан хаагч ирж үзлэг хийсэн. Тухайн үед хөдөлгөөн сийрэг, зам хуурай, гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Осол болсон уулзварын гэрлэн дохио нь баруун тийш эргэхдээ нэмэлт гэрлээр ордог. Би болохоор чигээрээ явна гэсэн гэрлэн дохиогоор уулзвар руу орсон. Харин 58-37 УБХ улсын дугаартай, “Тoyota Cresta” загварын автомашин нь гэрлэн дохио зөрчиж орж ирсэн...” /хх-ийн 28 тал/,

гэрч С.Хүрэлшагайн “...Би 2016 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 02 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн “Home plaza” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах “Mint” баарнаас ажлаа хийчихээд гараад иртэл миний жолоодон явсан 56-68 УНЗ улсын дугаартай автомашины баруун хойд талын гупер хэсгийг машин мөргөсөн бололтой гуперын баруун хойд талын их гэрэл хагарч, багажны хэсэг дотогшоо хонхойж орсон эвдрэл гэмтэл учирсан байсан. Тэр хавиар явж байсан хүмүүсээс асуухад Шагай, Сайнаа гэсэн нэртэй дуудлагын жолооч хийдэг хоёр залуу 58-37 УБХ улсын дугаартай, “Тoyota Cresta” загварын автомашин ухарч байгаад мөргөчихөөд зогсолгүй зугтаад явсан гэж хэлсний дагуу би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн зам хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, хөдөлгөөн сийрэг, зогсоолууд нь хоосон байсан...” /хх-ийн 30 тал/,

гэрч Ц.Ганбатын “...2016 оны 12 дугаар сарын 18-ны орой найз Бадамдорж надтай уулзахад 58-37 УБХ улсын дугаартай, “Тoyota Cresta” загварын автомашинтай ирсэн. Бид хоёр эхлээд 1 дүгээр хорооллын Цамбагаравын “Queen” бааранд орж 2, 2 шил “Сэнгүр” пиво уучихаад Хан-Уул дүүргийн “Home plaza” төвийн “Mint” бааранд ороод пиво авч ууснаа санаж байна. Тэрнээс хойш хэдэн шил пиво ууснаа санахгүй байна. Нэг сэрсэн чинь баарны гадаа зогсож байсан ба гэр рүүгээ яаж харих уу гэж ярилцаж байгаад дуудлагын жолооч дуудъя гээд би өөрийн утаснаас дуудлагын жолооч дуудсан. Дуудлагын жолооч иртэл машиндаа суугаад хүлээж байя гээд Бадамдорж жолооны хүрдний ар талд, би зүүн урд талын суудалд дээр суусан ба Бадамдорж гэнэт ухраад ардаа байсан автомашиныг мөргөчих шиг болсон. Би Бадамдоржийг чи автомашин мөргөчихлөө гэхэд харин тэглээ, яах уу, явчих уу гэхээр нь би юм хэлээгүй. Тэгсэн Бадамдорж шууд хөдлөөд явсан. Тэгээд нэг сэрсэн чинь хороололд Модны хоёрын замаар дээшээ өгсөж байсан ба ахуйн үйлчилгээний ордны уулзварт иртэл урдаас автомашин ирж байгаа харагдсан. Яг хаанаас орж ирснийг нь мэдэхгүй байна. Ослын дараа би арай гайгүй болсон ба Бадамдоржийг бичил хороололд явж байхад нь байрны голын зам руу оруулаад машиныг нь орхиулаад гэр гэр рүүгээ харьцгаасан. Осол болсны маргааш Бадамдорж ирээд миний өмнөөс жолооны эрхээ хасуулаад өгчих хүн байна уу гэхээр нь яах гэж байгаа юм гэхэд өчигдрийн ослын талаар цагдаа дээр өргөдөл өгсөн байна гэсэн. Тэгэхээр нь Оюуны Гантулга руу утасдаад уулзмаар байна гээд орой 20 цагийн үед 5 шарын автобусны буудлын хажуугийн цайны газарт уулзаад О.Гантулгад яг болсон асуудлыг ярилгүй, замын цагдаагийн газарт очоод эрхээ хасуулаад өгчих, чиний Ганзоригоос авсан 50,000 төгрөгийг би өөрөөсөө зохицуулье, торгуулийг нь ч бид нар хариуцъя гэхэд О.Гантулга зөвшөөрсөн...” /хх-ийн 36 тал/ гэх мэдүүлгүүд,

 

Текникийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 77 дугаар “...58-37 УБХ улсын дугаартай “Тoyota Cresta” загварын автомашины жолооч М.Бадамдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” мөн дүрмийн 5.7-д “нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна. Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй /гэрлэн дохионы зохицуулгатай үед/ бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно” мөн дүрмийн 2.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”,

в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

56-68 УНЗ улсын дугаартай, “Range Rover” загварын автомашины жолооч  С.Хүрэлшагай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 20-03 УНМ улсын дугаартай, “Toyota prius-20” загварын автомашины жолооч Б.Есүхэй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55 тал/,

зам тээврийн осол гарсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-9 тал/,

“...Марк, загвар “Range Rover”, Улсын дугаар: 56-68 УНЗ, Арлын дугаар: SALMF13477A257996, Үнэлгээний зорилго: Ослын улмаас гарсан хохирол тодорхойлох, шууд зардал: 1,816,000 төг, нийт дүн: 2,001,000 төг ...” гэх “Бэст эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-45 тал/,

“...Үйлдвэр загвар: “Toyota prius-20”, Улсун дугаар: 20-03 УНМ, Арлын дугаар: NHW207747026, Үнэлгээний зорилго: Ослын улмаас учирсан хохирол тодорхойлох, Шууд зардал: 1,381,000 төг, Үнэлгээгээр тогтоогдсон дүн:1,697,200 төг...” гэх “Мастер Үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 47-52 тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

М.Бадамдоржийн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө “Toyota Cresta” загварын, 58-37 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 02 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Home Plaza” төвийн автомашины зогсоолд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан заалтыг зөрчсөнөөс зогсоолд байрлуулсан Д.Мэндсайханы эзэмшлийн “Range Rover” загварын, 56-68 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн шууд 1,816,000 төгрөгийн, нийт 2,001,000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад, улмаар 02 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ахуйн үйлчилгээний уулзварт мөн дүрмийн 5.7-д заасан заалтыг зөрчсөнөөс Б.Есүхэйгийн жолоодон явсан “Toyota prius-20” загварын, 20-03 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн шууд 1,381,000 төгрөгийн, нийт 1,697,200 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дугаар зүйлд заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”,

в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “...Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулжээ

 

Анхан шатны шүүх М.Бадамдоржийн үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн байх ба түүнд биечлэн эдлэх баривчлах ялыг сонгон оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, М.Бадамдоржийн хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хохирогчийн хохирол болон гэм хорын хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

 

Ялтан М.Бадамдорж нь “...Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шалгагдаж байгаад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж мөрдөн байцаалтад буцаасан. Иймд энэ хоёр хэргээ нэгтгэн шалгуулах хүсэлттэй байна...” гэх давж заалдах гомдлыг гаржээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “...Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна. Ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тоолно...” гэж заасан ба М.Бадамдоржийн давж заалдах гомдолдоо дурдсан гэмт хэргийг уг журмаар шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Бадамдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Л.ДАВААСҮРЭН

 

                      ШҮҮГЧИД                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                  Д.ОЧМАНДАХ