Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 22

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Гэгээнхарваах ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Нарантуяад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 120020896 тоот актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Гэгээнхарваах ХХК-ийн захирал А.Лувсандорж, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн, хариуцагч татварын улсын байцаагч Ц.Нарантуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганболор, нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч “Гэгээнхарваах” ХХК-ийн захирал А.Лувсандорж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Лувсандорж миний бие 2008 онд “Гэгээнхарваах” ХХК-ийг байгуулж барилга угсралт, барилгын засвар, чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах Болор гоулд ХХК-аас 363.636.400 төгрөгийн барилгын материалын худалдан авалт хийсэн. Үүнд: 

1. 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын 0012291097 тоот падаанаар 30.319.000 төгрөг

2. 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 0012291026 тоот падаанаар 11.968.000 төгрөг

3. 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 0012327537 тоот падаанаар 250.000.000 төгрөгийн худалдан авалтыг тус тус хийсэн. 

Гэтэл 2016 оны 11 дүгээр сард “Гэгээнхарваах” ХХК–ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд улсын шалгалт хийж “Болор гоулд” ХХК-аас худалдан авалт хийсэн үнийн дүн дээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэх үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 36.363.400 төгрөг төлүүлэхээр 120020896 тоот акт тавьсан юм. 

Мөн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн хурлаараа улсын байцаагчийн актыг баталгаажуулсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Манай “Гэгээнхарваах” ХХК–тай худалдан авалт хийсэн “Болор гоулд” ХХК-ийн захирал Б.Болор-Эрдэнэ нь 2015 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн 170.491.670.171 төгрөгийг төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн учир 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна.

 Өөрөөр хэлбэл Б.Болор-Эрдэнэ нь манай “Гэгээнхарваах” ХХК-тай худалдан авалт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй учраас гэмт хэрэгт холбогдсон байтал манай “Гэгээнхарваах” ХХК-д акт тавьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 

Иймд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 120020896 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: “Гэгээнхарваах” ХХК нь барилгын засвар, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2012 онд Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрладаг “Болор гоулд” ХХК-аас 3 удаагийн үйлдлээр нийтдээ 363,636,400 төгрөгийн барилгын материалын худалдан авалт хийсэн. Худалдан авалт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон худалдах, худалдан авах гэрээ байгаа. Харамсалтай нь худалдах, худалдан авах гэрээ эх хувиараа байхгүй учраас шүүхэд гаргаж өгөх боломжгүй байна. Гэгээнхарваах ХХК-ийн санхүүгийн тайланд аймгийн Татварын хэлтсээс урьд нь хяналт шалгалж орж байсан боловч ямар нэгэн зөрчил гараагүй. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Болорчимэг, дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Энхтуяа нарын 1161 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг үндэслэж “Гэгээнхарваах”  ХХК-д акт тавьж байгаа нь үндэслэлгүй байна. 

 “Болор гоулд” ХХК-ийн захирал Б.Болор-Эрдэнэ гэдэг хүн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлд зааснаар хуурамч бичиг баримт, маягт, тамга, тэмдэг үйлдсэн, ашигласан мөн Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд зааснаар татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн 2 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. Ингээд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баримтлан эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. “Гэгээнхарваах” ХХК нь “Болор гоулд” ХХК-аас худалдан авалт хийсэн байхад өнөөдрийг хүртэлх хугацаанд “Гэгээнхарваах” ХХК-ийн захирал А.Лувсандорж гэдэг хүнийг прокурор, шүүхээс шалгаагүй, нэг ч удаа дуудаж уулзаагүй байдаг. “Болор гоулд” ХХК-ийн захирал Б.Болор-Эрдэнэ нь өөрийн хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээсэн учраас өршөөлд хамрагдаж эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Гэтэл худалдан авалт хийсэн “Гэгээнхарваах” ХХК-д акт тавьж байгаа нь ойлгомжгүй байна. 

Иймд Гэгээнхарваах ХХК-д нөхөн татвар ногдуулсан Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Нарантуяа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Татварын ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/769 тоот албан бичиг зэрэг баримт материалд үндэслэн Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Нарантуяа, А.Цогтбаатар бид шалгалтыг хийсэн. 

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 9д/225 дугаар албан бичгээр Болор гоулд ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийж аж ахуй нэгжид тарааж ашиглуулсан, тэдэнд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон тул хавсралтад дурдсан аж ахуй нэгжийг шалгаж хариу ирүүл гэсний дагуу Татварын ерөнхий газраас 2015 оны 05 дугаар сарын 28-ны 7/1550 тоот албан бичиг манай аймгийн Татварын хэлтэст ирж барилгын дуусгах шатны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг 3674134 тоот регистртэй, ХААН банкны 5630198190 тоот харилцах данстай, 1.000.000 төгрөгийн дүрмийн сантай, А.Лувсандорж захиралтай, М.Анхжаргал нягтлан бодогчтой, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах Гэгээнхарваах ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхэд 2012 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг Болор гоулд ХХК-аас 0012291097, 0012291026, 0012327537 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар нийт 363.636.400 төгрөгийн худалдан авалтыг хийсэн байсан.  

Гэгээнхарваах ХХК нь 2012 оны 8 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 108.040.900 төгрөгийн борлуулалттай, 94.338.300 төгрөгийн худалдан авалттай, 1.370.300 төгрөг төлөхөөр, 09 дүгээр сарын тайлангаар 101.996.400 төгрөгийн борлуулалттай, 115.696.300 төгрөгийн худалдан авалттай, 1.370.000 төгрөгийн буцаан авалттай, 10 дугаар сарын тайлангаар 39.832.300 төгрөгийн борлуулалттай, 229.128.700 төгрөгийн худалдан авалттай, 18.829.700 төгрөгийн буцаан авалттай тайлагнасан байна.

Болор гоулд ХХК-ийн захирал Б.Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газар хянаад 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 тоот тогтоолоор Монгол Улсын анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг удирдлага болгон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Татварын хяналт шалгалтаар 363.636.400 төгрөгийн зөрчилд, Монгол Улсын хууль тогтоомжийн заалтыг дараах байдлаар зөрчсөн нь тогтоогдсон. 

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.4-т “албан татвар суутган төлөгч хоорондын бараа ажил үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ.”, 14.5-д  “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.” гэж  тус тус заасан. Болор гоулд ХХК нь борлуулалт хийгээгүй болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон, өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн атал Гэгээнхарваах ХХК нь худалдан авалт хийсэн гэх тайлбар хийж байгаатай зөрчилдөж байна. 

2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.6-д “анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэжээ. Болор гоулд ХХК-ийн захирал Б.Болор-Эрдэнэ нь энэхүү анхан шатны баримтаа  хий бичилттэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Гэгээнхарваах ХХК-ийн бүрдүүлсэн анхан шатны баримт хуурамч болох нь харагдаж байна. 

3. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэжээ. Гэгээнхарваах ХХК нь анхан шатны баримтын бүрдэл дутуу ажил гүйлгээг санхүүгийн баримтад тусгаж улмаар Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтын хэсэгт тусгаж төсөвт төлөх татварыг бууруулсан нь харагдаж байна. 

Татварын хяналт шалгалтаар 2015 онд НӨАТ-ын худалдан авалт болох 363.636.400 төгрөгийн зөрчилд 36.363.640 төгрөгийн нөхөн татвар, 18.181.820 төгрөгийн торгууль, 109.090.90 хүү ногдуулж, Монгол Улсын анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10.2 дахь заалтыг үндэслэн 18.181.820 төгрөгийн торгууль, 109.090.90 хүүг чөлөөлж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь заалтыг үндэслэн 36.363.640 төгрөгийн нөхөн татварыг нөхөн төлүүлэхээр татварын улсын байцаагчийн 120020896 тоот актыг тогтоосон ба татвар төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганболор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хяналт шалгалтын тасагт Цагдаагийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газраас ирүүлсэн чиглэл, зөвлөмж, төлөвлөгөө, томилолтын дагуу Гэгээнхарваах ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийсэн. 

Хяналт шалгалтаар 2012 оны 08 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр 27,0 сая төгрөгийн худалдан авалт, 09 дүгээр сард 108,8 сая төгрөгийн худалдан авалт, 10 дугаар сард 227,2 сая төгрөгийн худалдан авалт, нийт 363,636,400 төгрөгийн хий бичилттэй падааныг тайланд тусгаж, төсөвт төлөх татварыг бууруулсан болохыг тогтоосон. 

Гэгээнхарваах ХХК нь Болор гоулд ХХК-аас 363,636,400 төгрөгийн худалдан авалтыг бэлэн мөнгөөр хийсэн гэдэг боловч энэ нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогддоггүй. Мөн Болор гоулд ХХК-ийн захирал  Б.Болор-Эрдэнэ нь хуурамч борлуулалтыг хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийсэн нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон байгаа. Иймд хий бичилттэй падааныг санхүүгийн тайландаа тусгаж төсөвт төлөх татварыг бууруулсан үндэслэлээр Гэгээнхарваах ХХК-д тавигдсан татварын улсын байцаагчийн акт нь хууль тогтоомж зөрчөөгүй юм. Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах комиссд нэхэмжлэгч нь гомдол гаргаж комиссоос татварын улсын байцаагчийн 120020896 тоот актыг хэвээр баталсан шийдвэр гарсан байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Гэгээнхарваах” ХХК нь тус шүүхэд Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Нарантуяад холбогдуулан “Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 120020896 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Цогтбаатар, Ц.Нарантуяа нар Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” А/93 дугаар тушаал, Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7/1550, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 9д/225 дугаар албан бичгүүдийг үндэслэн Гэгээнхарваах ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж Болор гоулд ХХК-иас 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 0012291027 дугаарын НӨАТ-ын падаанаар 27.562.727 төгрөгийн, 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 0012291026 дугаарын НӨАТ-ын падаанаар 108.800.909 төгрөгийн, 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 0012327537 дугаарын НӨАТ-ын падаанаар 227.272.727 төгрөг, нийт 363.636.400 төгрөгийн бараа материал худалдан авсан гэх хий бичилттэй падааныг үндэслэн татвар ногдох орлогоос хасч, албан татвар оногдуулах орлогыг бууруулсан гэж үзэж 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн татварын улсын байцаагчийн 120020896 тоот актаар 363.636.400 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд 36.363.640 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр акт тогтоожээ.   

 

Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч бичсэн гомдлыг Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөл 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцээд 02 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Гэгээнхарваах ХХК нь “Болор гоулд ХХК-аас авсан худалдан авалт нь анхан шатны санхүүгийн баримтаар нотлогдож байгаа, түүнчлэн Болор гоулд ХХК-ийн захирал Б.Болор-Эрдэнэ нь Гэгээнхарваах ХХК-тай хийсэн худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх ёстой байтал манай компанид акт тавьж байгаа нь үндэслэлгүй ...” гэж маргажээ. 

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “... энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн ... албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцох”-оор харин 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.” гэж заажээ.

 

Гэгээнхарваах ХХК нь Болор гоулд ХХК-аас 0012291026, 0012291027, 0012327537 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар нийт 363.636.400 төгрөгийн дүн бүхий бараа материал худалдан авсан гэж төсөвт төлөх татварын хэмжээгээ 2012 оны 08 дугаар сард 2.756.272 төгрөг, 09 дүгээр сард 10.880.090 төгрөг, 10 дугаар сард 22.727.272 төгрөг, нийт 36.363.640 төгрөгөөр бууруулсан нь Гэгээнхарваах ХХК-ийн 2012 оны 8, 9, 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан болон борлуулалт, худалдан авалтын дэвтрээр тус тус тогтоогдож байна. 

 

Болор гоулд ХХК-аас нэхэмжлэгч компанид олгосон 0012291026, 0012291027, 0012327537 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд хий бичилттэй байсан болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1161 дүгээр тогтоолоор нотлогдох бөгөөд борлуулалт хийсэн компани нь хийсэн борлуулалтаа татварын байгууллагад тайлагнаагүй тул нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн бараа бүтээгдэхүүн худалдан авсан гэж үзэхээргүй байна. 

 

Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын журмаар шалгагдаж тогтоогдсон Болор гоулд ХХК-ний хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг үндэслэж нэхэмжлэгч Гэгээнхарваах ХХК-ийн төсөвт төлөх албан татварыг бууруулж, хасалт хийх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

Иймд Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 120020896 тоот актаар Гэгээнхарваах ХХК-ийн 363.636.400 төгрөгийн зөрчилд 36.363.640 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.7, 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг үндэслэн 18.290.910.90 төгрөгийн хүү, торгуулийг чөлөөлсөн нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д заасантай нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.4, 14.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Гэгээнхарваах ХХК-аас Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Нарантуяад холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 120020896 тоот актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.ЦЭРЭНХАНД