| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0354/З |
| Дугаар | 001/ХТ2025/0046 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2025/0046
“Г*****” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын
ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0829 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2025/0140 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ШХТ2025/0169 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б**** (№****), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А****, Г.Э**** нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“Г****” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Том татвар төлөгчийн газраас Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн *************, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ************* дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Том татвар төлөгчийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ************* дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхээр ашигт малтмалын нөөц ашигласны 1,816,595,716.32 төгрөгийн татварын өрийг, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ************* дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхээр ашигт малтмалын нөөц ашигласны болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 3,435,929,576.19 төгрөгийн татварын өрийг барагдуулахыг үүрэг болгожээ.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0829 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1, 47.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Г****” ХХК-ийн Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ************* дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ************* дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2025/0140 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 829 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэгч “Г****” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ************* дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ************* дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, “Г****” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б****-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ШХТ2025/0169 дүгээр тогтоолоор “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б****-аас магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2, 123.2.3-т заасан үндэслэлээр дараах хяналтын гомдлыг гаргажээ. Үүнд:
Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ...татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг Улсын дээд шүүхийн 2023 оны 001/ХТ2023/0028 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаахдаа “нэхэмжлэгч “Г****” ХХК-аас хүчингүй болгуулахаар шаардаж .... татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулж байна гэж дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх Том татвар төлөгчийн газраас ирүүлсэн ... 2021 оны 07 дугаар сарын 02, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ... татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүх дүгнэлтийнхээ үндэслэлийг “... уг нэхэмжлэхээр татвар төлөгч “Г****” ХХК-д холбогдуулан татварын хяналт шалгалт хийгээгүй, татварын ногдол үүсгээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн үр дагавар үүсгээгүй, явцын шинжтэй, хуульд заасан процесс үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үзэхээр байна. ... Татварын албанаас нэхэмжлэгч компанийн 2019.01.01-с 2021.12.31-ний өдрийг дуусталх хүртэл хугацааны албан татварын төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн шалгалтыг хийж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-************* дугаар нөхөн ногдуулалтын актаар ... нийт 7,439,636,389.31 төгрөгийн төлбөр төлүүлэхээр татварын ногдол үүсгэсэн нь нэхэмжлэгч компанид төлбөр төлөх үүрэг үүсгэсэн үр дагавар бүхий татварын акт байна” гэж тодруулсан.
Ийнхүү дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгчээс “... 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-************* дугаар нөхөн ногдуулалтын актаар... захиргааны акт болох татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүдийн хууль зүйн үйлчлэл дуусгавар болсон боловч нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргэж, маргаан нэг мөр шийдэгдсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл Том татвар төлөгчийн газраас ирүүлсэн нэхэмжлэхэд заасанчлан “... Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэх” ажиллагааг хийх, эсвэл АМНАТ-ийн тайлангаа ирүүлэхийг шаардах ажиллагаа дахин дахин давтагдах боломжтой хэвээр үлдсэн тул уг захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох онцгой үндэслэл нэхэмжлэгчид байна” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх харгалзаж үзээгүй орхигдуулсан.
Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу захиргааны хэргийн шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны үед Том татвар төлөгчийн газраас төлөвлөгөөт бус шалгалт хийж, татварын нөхөн ногдуулалтын акт тогтоосныг анхаарч үзсэнгүй. Мөн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар 2021 оны 07 дугаар сарын 02, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ... татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүд нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл нь бие даасан нэхэмжлэл болох, мөн хуулийн 106.3.2-т зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-************* дугаар нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл тусдаа нэхэмжлэл болох, уг нэхэмжлэлүүдийг тус тусад нь шийдвэрлэхээр хуулиар зохицуулсан байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд “Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ноогдуулсан 2021 оны 07 дүгээр сарын 02-ны өдрийн ************* дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ************* татварын өрийг төлүүлэх тухай” захиргааны акт мөн эсэх талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, түүнчлэн давж заалдах шатны шүүх хуулийг хэрэглэхдээ Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т зааснаар гомдол гаргаж байна.
6.2.“Г****” ХХК АМНАТ төлөгч биш болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон талаар:
Давж заалдах шатны шүүх ““Г****” ХХК нь АМНАТ төлөгч биш болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-************* дугаар нөхөн ногдуулалтын акттай маргах үед хамтатган шийдвэрлэхээр байх тул эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
АМНАТ төлөгч биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасан нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох тухай бие даасан нэхэмжлэл бөгөөд уг нэхэмжлэлийг захиргааны актыг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлүүдтэй маргаж буй үндэслэл нь адил бол тухайн нэхэмжлэлтэй заавал хамтатгаж шийдвэрлэх тухай зохицуулалт процессын хуульд байхгүй.
Түүнчлэн АМНАТ төлөгч биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээ болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдохоор байна.
Давж заалдах шатны шүүх АМНАТ төлөгч биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй бол маргааны үндэслэл, үйл баримтад дүгнэлт хийж, улмаар анхан шатны шүүхийн үндэслэлгүй шийдвэрийг залруулах боломжтой байсан. Тухайлбал:
1.Улсын Их Хурлаас 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулиар зөвхөн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь ашигт малтмал ашигласны төлбөр төлдөг байсан.
2.Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталж, тус хуулийн “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” гэсэн 47 дугаар зүйлд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан, бүх төрлийн борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэж заасан. Ийнхүү өөрчлөн найруулахдаа өмнө нь зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг ашигт малтмал “худалдсан”, “худалдан авсан”, “ашигласан” этгээд бүр төлдөг байхаар өөрчилж АМНАТ төлөгчийн хүрээг өргөтгөсөн.
3.Дээрх хуулийн өөрчлөлт нь АМНАТ-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломжийг олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандаж маргаан үүсгэсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Ашигт малтмал ашигласан гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эзэмшигч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үүрэг дагавар болсон гэж үзэхээр байна” гэж дүгнэн “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Уг тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор үндэслэлтэй байна гэж дүгнэж, эцсийн шийдвэр гаргасан.
4.Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх хэсгийг “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна. 47.1.1 Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2 ашигт малтмал экспортолсон этгээд” гэж өөрчлөн найруулсан.
5.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрсдэлийн хуримтлалыг гэсэн утгаар ойлгоно” гэж тодорхойлсон. Энэхүү одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсвэл ашигт малтмалыг түүхийгээр нь экспортолсон этгээд АМНАТ төлөхөөр хуульчилсан.
6.“Г****” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Түүнчлэн байгалийн байдлаараа байгаа төмрийн хүдрийг экспортод гаргадаггүй ба харин “Т*****” ТӨХК-аас төмрийн хүдрийг худалдан авч, баяжуулах, хорголжин болгох шат дамжлагаар оруулж төмрийн хүдрийн хорголж үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг үйлдвэрлэгч юм. Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Механик, тээврийн их сургуулийн шинжээчдийн “Төмрийн хүдрийн хорголж гэж ямар бүтээгдэхүүн болох талаар тайлан дүгнэлт”-гаргуулсан. Хорголжин үйлдвэрлэхэд үйцийн түүхий эд материал бэлтгэх, холих /дотроо чийглэх, ширхэглэх гэж хуваагдана/ хорголжлох, хатаах, шатаах, хөргөх технологи гэсэн 6 шат дарааллаар үйл ажиллагаа явуулж, тодорхой хэмжээний зардал гаргаж, нэмүү өртөг шингээж үйлдвэрлэдэг талаар судалгаа хийж, “ ... хорголж нь үйлдвэрлэлийн тодорхой шат дамжлага дамжиж, нэмүү өртөг шингээж, хэлбэр дотоод найрлага бүтцийг өөрчилж гаргаж авч байгаа бүтээгдэхүүн учир металлургийн процессын хувьд бүтээгдэхүүн гэж үзэх юм.” гэх дүгнэлт бүхий уг судалгааны тайлан (хх-1-н 91-103), Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэл (хх-1-н 157-250 тал), Гаалийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01-3/1924 дүгээр албан бичгээр “Г****” ХХК-ийн 2019-2021 онд 61,93 дээш хувьтай төмрийн хүдрийн хорголжинг хилээр гаргаж экспортолсон лавлагаа (хх-1-ийн 132-152 тал) зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгчийн “бүтээгдэхүүн гаргадаг” гэх тайлбар нотлогдсон. Энэ талаар хариуцагч маргадаггүй.
Ашигт малтмалын тухай хуульд заасан “ашигт малтмал”-ын тодорхойлолт, дээрх нотлох баримтаас харахад “Г****” ХХК-ийн экспортолсон хорголжин нь “ашигт малтмал” биш, бүтээгдэхүүн болох нь нотлогддог.
7.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Ашигт малтмал ашигласан гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна” гэх дүгнэлт нь хуулийг шинэчлэн батлах, зорилго, үзэл баримтлал нь болж өгсөн тул Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 47.1.1, 47.1.2 дахь заалтуудыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн агуулгатай уялдуулж тайлбарлаж, хэрэглэвэл доорх дүгнэлт гардаг. Үүнд:
1/Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ашигт малтмал худалдан авсан этгээд ямар нэгэн боловсруулалт хийлгүй, ашигт чанарыг нь нэмэгдүүлэхгүйгээр цааш дамжуулан /дамлан/ худалдсан бол АМНАТ төлөгч байна.
2/Тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд ашигт малтмалыг өөрөө боловсруулж экспортолсон бол АМНАТ төлөгч байна.
3/Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээд ашигт малтмал худалдан авч, ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тухайн нэмүү өртөг шингэсэн дүнгээс АМНАТ тооцож авах үндэслэлгүй байх тул “Г****” ХХК нь АМНАТ төлөгч биш байна.
4/Учир нь байгалийн байдлаараа байгаа төмрийн хүдрийг худалдан аваад физик химийн шинж чанарыг нь өөрчилж хорголжин гэх бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тээвэр, ачилт буулгалт, цахилгаан, цалин, нийгмийн даатгал, татварын гэх мэт зардал гарч, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болдог. Гэтэл ашигт малтмалаас биш харин уг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний дүнгээс нь АМНАТ тооцож авах нь үндэслэлгүй болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл ашигт малтмалд биш харин ашигт малтмалыг боловсруулахад гаргасан зардалд нь АМНАТ ногдуулдаг болж таарсан.
5/Ийнхүү бүтээгдэхүүн буюу хорголжин үйлдвэрлэх явцад төмрийн хүдрээс шороо, чулуу, элс, шавар, хайрга зэргийг ялган авснаар хүдэр хорголжин гэх бүтээгдэхүүн болж овор, хэмжээ нь багасдаг боловч уг хорголжин доторх төмрийн агууламж буюу хэмжээ нэмэгддэггүй харин хасагддаг болох нь тодорхой болсон. Гэтэл Д***** анх “Г****” ХХК-д худалдсан төмрийн хүдэрт АМНАТ ногдуулсан атлаа “Г****” ХХК уг хүдрийг боловсруулж хорголжин болгож экспортод гаргахад дахин АМНАТ ногдуулж байгааг АМНАТ-ийг давхардуулан ногдуулж байна гэж үзэхээс өөр арга байхгүй.
8.Засгийн газрын 342 дугаар тогтоолд заасан аргачлал, хувь хэмжээгээр АМНАТ ногдуулж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөрчилдсөн, хуулиас давсан журмаар татвар ногдуулж байгаа гэсэн үндэслэлийн талаар:
Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг шинэчлэн баталсан. Тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох, төлбөр ногдуулах, төлөх, тайлагнахад энэ журмыг мөрдөнө” гэсэн нь Үндсэн хуулийн шийдвэр, уг шийдвэрээр хүчингүй болж шинэчлэн найруулсан хуулиас давсан журам болсон.
2019 оны Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ашигт малтмал “худалдсан”, “ худалдан авсан”, “ ашигласан” этгээд бүр төлөхөөр заасан хуулийн заалт нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон байхад ийнхүү Засгийн газрын тогтоолоор АМНАТ тооцож, ногдуулж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтээр тогтоогдсон зөрчлийг хууль хэрэгжүүлэх шатанд дахин гаргасан.
Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийн Үндэслэл хэсгийн 3-т “... Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлээгүй байх тул хүчин төгөлдөр нийтээр дагаж мөрдөх акт гэж үзэх үндэслэлгүй байна” гэж Засгийн газрын 342 дугаар тогтоолын талаар дүгнэлт гаргасан.
Мөн хавтаст хэрэгт авагдсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3-2/86 дугаар албан бичигт Засгийн газрын 342 дугаар тогтоол захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй гэжээ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 9-д “Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2-т заасан журмын дагуу хүчин төгөлдөр болно” гэж заасан заалт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсон байна. Өөрөөр хэлбэл 3асгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулах үед уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр болох хуулийн заалт хүчинтэй байсан байна. Эндээс доор хаяж 2019 оны 4 дүгээр улирал, 2020 оны 2 дугаар улирлын АМНАТ-ийн тайлан нь хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг үндэслэн гарсан байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Иймд Засгийн газрын 342 дугаар тогтоол, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 465 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлүүлээгүй байсан нь хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн зорилгод нийцэхгүй, захиргааны байгууллагын хууль бус ажиллагааг өөгшүүлсэн дүгнэлт болсон.
6.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн талаар:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШТ2024/0080 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн “... Том татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-************* дугаартай нөхөн ногдуулалтын акт нь илт хууль бус болгохыг тогтоох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 755 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т заасан шударга шүүхээр шүүлгэх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн талаар давж заалдах гомдолдоо дурдсан. Тодруулбал:
Татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-************* дугаартай нөхөн ногдуулалтын актыг нэхэмжлэгч “Г****” ХХК-ийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 22/01/416 дугаартай гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байдаг. Уг гомдлын хариуг Маргаан таслах зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 07 дугаар албан бичгээр ирүүлсэн байдаг. Уг албан бичигт “... нөхөн ногдуулсан албан татварын хүлээн зөвшөөрөхгүй дүнгийн 10 хувийг төлөөгүй” гэсэн агуулгатайгаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон.
Учир нь “нөхөн ногдуулсан албан татварын хүлээн зөвшөөрөхгүй дүнгийн 10 хувийг төлөөгүй” бол гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай хуулийн зохицуулалт Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хуульд байхгүй.
Захиргааны ерөнхий хуулийн зүйлийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 92.1-д заасан гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна” гэж заасан бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өргөдөл, гомдол гаргахад энэ зүйлд зааснаас бусад зүйл шаардахыг хориглоно” гэж заасан.
Иймд нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар холбогдох байгууллагад нь гомдол гаргаж, хариуг авч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа хавсаргасаар байхад анхан болон давж заалдах шатны шүүх татварын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-************* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн зөрчилд тооцогдохоор байна.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий ба хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
9.Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгчээс “... татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох” шаардлага гарган маргасан.
10.Давж заалдах шатны шүүх “... маргаан бүхий нэхэмжлэхүүдийг хүргүүлсэн нь хуулийн хүрээнд хийгдэж буй татварын өр барагдуулах ажиллагаа, ... хуульд заасан мэдээллийг агуулсан татвар хураах ажиллагааны нэг процессыг хэрэгжүүлсэн үйл явц байх бөгөөд уг нэхэмжлэхээр татвар төлөгч “Г****” ХХК-д холбогдуулан татварын хяналт шалгалт хийгээгүй, татварын ногдол үүсгээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн үр дагавар үүсгээгүй, явцын шинжтэй, хуульд заасан процесс үйл ажиллагааны нэг хэлбэр, ... нэхэмжлэхийн эцсийн үр дагавар нь татварын албанаас хуульд заасны дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн нэхэмжлэгчид эрх, үүргийг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгох байдлаар эцэслэн шийдвэрлэсэн 2022 оны НА-************* дугаар нөхөн ногдуулалтын актаар илрэн гарсан байгаа энэ тохиолдолд тухайн нэхэмжлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бие даасан захиргааны актын шинжийг агуулаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан” гэх гомдол үндэслэлтэй.
11.Учир нь, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон татварын байгууллагаас гаргасан “татварын өрийг төлүүлэх тухай” нэхэмжлэхийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт болох талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2023/0028 дугаар тогтоолоор “... маргаан бүхий нэхэмжлэхээр татвар төлөгч буюу нэхэмжлэгчид татварын өр төлөх хугацаа зааж, өр барагдуулахыг үүрэг болгон “татвар төлөх ажиллагаа”-ны харилцааг үүсгэж байгаагаараа хандсан этгээдийн хувьд эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн ...” гэж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүхээс захиргааны акт биш гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т нийцэхгүй.
12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаанд “... хугацаандаа төлөөгүй татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэх хүргүүлсэн, нэхэмжлэхийн дүн татварын актад ороогүй дүн, тусдаа ойлголт ...” гэх агуулгаар тайлбарлах боловч хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс үзэхэд тус тайлбар нь зөрүүтэй бөгөөд нэхэмжлэхүүд болон татварын нөхөн ногдуулалтын акт нь өөр өөр зөрчилд хамаарах, ялгаатай эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн ноцтой зөрчилд хамаарна.
13.Иймд давж заалдах шатны шүүх маргааны агуулгад дүгнэлт өгч, хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй тохиолдолд, хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2025/0140 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Х.БАТСҮРЭН