Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 50

 

 

Г.Э, Н.Б, Т.А- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Бат-Эрдэнэ даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Туул,

шүүгдэгч Г.Э-гийн өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 939 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 842 дугаар магадлалтай, 2014260000440 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цогзолмаагийн гомдлоор хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, А овогт Г-ын Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах”, 147 дугаар зүйлийн 147.2-т заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх”, 181 дүгээр зүйлийн 181.2.2, 181.2.5-д заасан “Танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж, бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт,

 

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т овогт Н-ийн Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан “Давтан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх”, 181 дүгээр зүйлийн 181.2.2, 181.2.5-д заасан “Танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж, бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт,

 

3. Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Т-ийн А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх”, 181 дүгээр зүйлийн 181.2.2, 181.2.5-д заасан “Танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж, бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Э-, Н.Б-, Т.А- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Э-г танхайн сэдэлтээр бусдыг санаатай алсан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, мөн бүлэглэж танхайрах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, Н.Б-ыг дангаараа болон бүлэглэж давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, мөн бүлэглэж танхайрах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, Т.А-г бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, мөн бүлэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 6 /зургаа/ сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 15 /арван тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар, Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 7 /долоо/ жил хорих ялаар, Т.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар оногдуулсан 15 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сар хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 16 /арван зургаа/ жил 1 /нэг/ сар хорих ялаар, Н.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг багтаан, нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих, Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг багтаан, нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Г.Э-д оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т зааснаар Н.Б-, Т.А- нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Г.Э-гаас 5,350,000 /таван сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-д олгож, үлдэх хохирлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 939 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Г.Э-, Т.А-, Н.Б- нар нь бүлэглэж П.Я-г зодож танхайрсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай”, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас 2 жилийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хорих ялаас 2 жилийг, Н.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас 2 жилийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хорих ялаас 2 жилийг, Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас 2 жилийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хассугай” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар оногдуулсан 15 жил 1 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар оногдуулсан хорих ялаас үлдсэн 1 жил 1 сарын хорих ялыг багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас үлдсэн 3 жил 6 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 16 /арван зургаа/ жил 1 /нэг/ сар хорих ялаар, Н.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас үлдсэн 5 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар оногдуулсан хорих ялаас үлдсэн 1 жил 1 сарын хорих ялыг багтаан, нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил хорих ялаар, Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас үлдсэн 1 жил 5 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар оногдуулсан хорих ялаас үлдсэн 1 жил 1 сарын хорих ялыг багтаан, нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сар хорих ялаар тус тус тогтоосугай” гэсэн өөрчлөлт оруулж, ялтан Н.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Туул, өмгөөлөгч Д.Батбаяр нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цогзолмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... дүүгийн минь амь насыг хохироосон үйлдэлд Г.Э- нь огтхон ч гэмшиж, нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй, уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн бөгөөд хохирол төлбөрөө барагдуулах талаар санаачлага гаргаагүй, үйлдсэн хэргийнхээ талаар удаа дараа худал мэдүүлж байсан зэрэг ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдлууд хангалттай байсаар байтал түүнд оногдуулсан ял нь тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээнээс ихгүй байх тул Г.Э-д оногдуулсан ял хэт хөнгөдсөн” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн 3 зүйл ангиар ял, шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйл ангиар зүйлчилсэнтэй маргаагүй. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын Дээд шүүхийн 2007 оны 41 тогтоолд заасан хувийн сэдэлттэй асуудал хэрэгт байдаг. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгож, мөн хуулийн 181 дүгээр зүйлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Туул хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц нь шүүгдэгч Г.Э-д оногдуулсан ял хөнгөдсөн байна гэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, хэргийн бүрэлдэхүүн хангагдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг харж байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийг хэрэглэсэн. Мөн давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялаас хассан зэргийг ойлгоогүй гэдэг нь харагдаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 15 жилээс дээш хорих ял оногдуулах санкцтай. Хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял тохирсон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Э-, Т.А-, Н.Б- нарт холбогдох хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Г.Э-, Т.А-, Н.Б- нарыг бүлэглэн П.Янжмааг зодож танхайрсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,

Н.Б- нь согтуурсан үедээ 2015 оны 01 дүгээр сарын 15-ны оройн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишигт-Од” баарны гадаа иргэн Т.За Б.Д нарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж 6.500 төгрөг, металл бөгж зэргийг дээрэмдсэн,

Г.Э- нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” баарны гадаа танхайн сэдэлтээр Т.З-ыг зодож санаатай алсан,

Г.Э-, Т.А-, Н.Б- нар нь бүлэглэж 2015 оны 01 дүгээр сарын 16-ны орой бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Б.Д-д хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

дээрх үйлдлийнхээ дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 16-ны орой Н.Б-, Г.Э-, Т.А- нар бүлэглэж Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32-ын автобусны буудлын дэргэд иргэн А.Б-ын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 600.000 төгрөгийн үнэ бүхий “iphone-4” маркийн гар утас, 10.000 төгрөг зэргийг нь дээрэмдсэн гэмт хэргийн үйл баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоосон талаарх шийтгэх тогтоол, магадлалын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, гэмт хэрэг тус бүрт Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний хорих ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэв.

 

Г.Э-, Т.А-, Н.Б- нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд, анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон үйл баримтдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэснээс гадна мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахдаа тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлж, хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-ийн “Г.Э-д оногдуулсан ял хэт хөнгөдсөн” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 939 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 842 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.БАТ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ГАНЗОРИГ