Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00440

 

 

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 193/ШШ2025/00221 дугаар шийдвэртэй,

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

*******т холбогдох

 

Гэм хорын хохиролд 239,260,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Талийгаач ******* нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд ажиллаж байгаад шавранд даруулж биедээ хүнд гэмтэл авсны улмаас нас барсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны магадлалаар *******эд хөдөлмөрийн аюулгүй байдалд холбогдох дүрэм журам зөрчсөн гэх үндэслэлээр ял шийтгэл оногдуулсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар бусдад учруулсан хохирлыг тухайн эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан ******* болон ******* нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байдаг.

1.2. Иргэний хариуцагчаар татагдсан *******ыг нөхөрлөлийг үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулсны улмаас энэ хохирол үүссэн гэж үзэж байна. 2017 онд 10 хүн нөхөрлөлийг үүсгэн байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 481.1 дэх хэсэгт зааснаар бүртгэгдээгүй нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулахдаа мөн хуулийн 481 дүгээр зүйлийн 481.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд эрх бүхий төлөөлөгч гишүүдээрээ дамжуулан оролцоно гэсний дагуу нөхөрлөлийн ахлагч ******* нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээг байгуулсан.

1.3. Шинжээчийн дүгнэлтээр бүртгэгдээгүй нөхөрлөл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дахь заалтуудыг зөрчсөнөөс осол болсон нь тогтоогдсон.

1.4. Иймд талийгаач ******* осолд орсон 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс нас барсан 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 23 сарын хугацааны цалин 20,240,000 төгрөг,

хохирогчийн хүүхдүүд болох ******* 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдөр, хүү 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, ******* 2011 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, ******* 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тус тус төрсөн бөгөөд тэдгээр нь насанд хүрээгүй тул 16 нас хүртэлх хугацааны тэтгэмжийн зөрүүг нэг сард авах тэтгэмжийн хэмжээг 553,000 төгрөгөөр тооцож, *******т /9 сар/ 4,977,000 төгрөг, д /71 сар/ 39,263,000 төгрөг, *******д /95 сар/ 52,535,000 төгрөг, *******д /165 сар/ 91,245,000 төгрөг, нийт 188,000,000 төгрөг,

үйлдвэрлэлийн осолд орсны улмаас нас барсны 36 сарын цалинтай тэнцэхүйц нөхөн төлбөр 31,000,000 төгрөг, нийт 239,260,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2017 оны байдлаар нөхөрлөл байгуулахаас өмнө тус бүс нутагт нийт 70-80 уурхай үйл ажиллагаа явуулж байсан. Уурхай тус бүр өөр өөрийн хариуцагч эзэнтэй бөгөөд нийтдээ 1400-1500 хүн ажиллаж байсан.  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоол батлагдсанаар тухайн нутаг дэвсгэрт 10 нөхөрлөл байгуулах, нэг нөхөрлөлийн бүрэлдэхүүн 10 гишүүнтэй байх зохицуулалт хийгдсэн. Гэвч уг журмыг дагаж мөрдвөл зөвхөн 100 хүн буюу 10 нөхөрлөл ажиллах боломжтой бөгөөд үлдсэн 1300-1400 хүн ажилгүй болох эрсдэл үүссэн. Налайх дүүргийн удирдлага ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийг дүүргийн засаг даргын орлогч ахалж бүрэлдэхүүнд Налайх дүүргийн прокурор, цагдаагийн байгууллагын төлөөлөл, ХХК-ийн захирал нар ажилласан. Нийт бөгөөд 70-80 уурхайн эзэд хамтран хуралдаж хэрхэн ажиллах талаар зөвшөлцсөний үндсэн дээр аюулгүй ажиллагааны асуудлыг хэлэлцэж уурхай тус бүрийн эзэд өөрсдөө аюулгүй ажиллагааг 100 хувь хариуцах баталгаа гаргаж, гарын үсэг зурсан. Хэрэгт *******ийн баталгаа гаргасан бичиг нотлох баримтаар авагдсан.

2.2. Талийгаач н.Гантөрийг хэн, хэзээ ажилд авч ажиллуулж байсныг ч мэдэхгүй.

2.3. Иймд гэм хорын хохиролд 239,260,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь миний үйл ажиллагаатай холбоогүй, уурхайн амыг хариуцаж байсан эзэн *******ийн хариуцах асуудал учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.2-т заасныг баримтлан хариуцагч *******аас 114,976,000 / нэг зуун арван дөрвөн сая есөн зуун далан зургаан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 124,284,000 /нэг зуун хорин дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 732,830 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...*******ыг нөхөрлөлийг үүсгэн байгуулж үйл ажиллагааг явуулсаны улмаас энэ хохирол үүссэн гэж үзэж байна... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна... гэжээ.

Гэтэл бодит байдал дээр миний бие нөхөрлөлийг үүсгэн байгуулагч биш бөгөөд тус нөхөрлөл нь Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 481.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хэд хэдэн этгээд бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр байгуулагдаж, бүтэц, зохион байгуулалтыг нь нөхөрлөлийн гишүүд харилцан тохиролцож тодорхойлсон.

Түүнчлэн энэхүү бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг анх санаачилж, үүсгэн байгуулах гэрээ байгуулж, үйл ажиллагааны зорилго, дүрэм, оролцогчдын эрх, үүргийг бие даан тодорхойлсон зүйл огт байхгүй. Нөхөрлөлийн нэрийн өмнөөс өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдах, зохион байгуулах, хянах үүргийг тухайлан олгоогүй байна.

Тухайлбал, дээр дурьдсан нөхцөл байдал нь тус хэрэгт нотлох баримтаар авагдсан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 149 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хамтран ажиллах гэрээ-ний 1.1-д ...Бид хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа хамтран эрхлэх зорилгоор Иргэний хуулийн 481 дүгээр зүйлд заасан бүртгэгдээгүй нөхөрлөл хэлбэрээр хамтран ажиллана, 3.1-д хамтын ажиллагааны зорилтыг биелүүлэхийн тулд гишүүд тус бүр хөдөлмөрийн хувиараар өөрт ногдсон ажлын шаардлагыг зохих түвшинд хийж гүйцэтгэх, ажил үүргээ гүйцэтгэхдээ эрх бүхий байгууллагын баталсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааварчлагааг мөрдөж ажиллах үүрэгтэй гэх байдлаар нэр бүхий 10 иргэдэд адил тэнцүү эрх, үүрэг олгосон байдлаас тодорхой харагдаж байна.

Үүний дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид буюу бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн /амны эзэн/ бүр эрх тэгш, бие даасан байдлын хүрээнд хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллах талаар тус бүрдээ баталгаа гаргасан тул миний бие дангаар хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д ******* нь нөхөрлөлийг төлөөлж 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4 дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээг байгуулж, гэрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын дарга , ХХК-ийг төлөөлж , нөхөрлөлийг төлөөлж ахлагч ******* нар гарын үсэг зуржээ. Уг гэрээний 5.3-д олборолт явуулах явцад тусгай зөвшөөрөл эзэмшигч эсхүл нөхөрлөлийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль орчин, хүн, малд ноцтой хохирол учирвал буруутай тал нь уг хохирлыг барагдуулах үүрэг хүлээхээр заасан байна гэжээ.

бүртгэгдээгүй нөхөрлөлийн хувьд Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 481.2 дахь хэсэгт заасан үндэслэлийн хүрээнд иргэний эрх зүйн харилцаанд гишүүдээр дамжин оролцож, хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж, аливаа хэлцэл хийхдээ тухайн тохиолдол бүрт нь харилцан зөвшөөрөл авч ажиллах эрх зүйн зохицуулалттай тул тухайн тохиолдолд нөхөрлөлийн гишүүдийн зөвшөөрлийг авсаны үндсэн дээр уг гэрээ хийгдсэн учир гэрээний үүрэг бүх гишүүдэд хамтран хариуцлагатайгаар оногдох ёстой.

Нөгөө талаас Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хамтран ажиллах гэрээ-ний 9.1-д Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон шаардлага болон бусдад учруулсан хохирлыг гэрээнд оролцогч гишүүд /нэр бүхий 10 хүн/-ийн дундын хөрөнгөөр хамтран хариуцна гэж тодорхойлсон болно. Өөрөөр хэлбэл тухайн тухайн гэрээнд миний бие нөхөрлөлийг төлөөлж өөрийн өмнөөс биш нөхөрлөлийн нэрийн өмнөөс хамтын шийдвэрээр гарын үсэг зурсан тул бусад оролцогчдыг хамааруулахгүйгээр дангаар хариуцлага хүлээлгэж буй нь шударга бус байна.

4.3. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 13-т Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэжээ.

Харин тус Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан ажил олгогч гэх ойлголт нь хөдөлмөрийн гэрээтэй, удирдлага, хяналтын харилцаа бүхий ажил эрхэлж буй этгээдийг олйгодог.

Гэтэл миний бие тухайн иргэн болон *******ийн хувьд шууд ажилд авч үүрэг даалгавар өгсөн, цалин урамшуулал олгож байсан, ажил гүйцэтгэх газар нөхцөлийг хангаж хөдөлмөрийн харилцаа хэлбэртэйгээр бичгээр болон амаар тохиролцсон, өдөр тутмын үйл ажиллагааг нь зохион байгуулсан ямар ч зүйл байхгүй болно. Нөгөө талаас "" нөхөрлөл нь бүртгэгдээгүй бөгөөд хууль зүйн этгээд биш тул гишүүн бүр өөрийн үйлдэлдээ биечлэн хариуцлага хүлээх ёстой.

4.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-д 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн шинжээчийн дүгнэлтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгтзааснаар нөхөрлөлийн эзэн хариуцахаар байна. "" нөхөрлөлийн хариуцсан ахлагч *******ын гишүүн *******ийн хариуцсан бичил уурхайд ажиллаж байсан хүнд бэртэл авч нас барсан тул гэм хорын хохирлыг хариуцах этгээд нь эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан нөхөрлөлийн эзэн ******* байна гэжээ.

Гэтэл тухайн иргэнтэй ямар ч харилцаатай байгаагүй, тухайн газар ажилуулсан нь нөхөрлөлийн гишүүн *******ийн бие даан даалгаваргүй, албан тушаал гэрээний үүргээс давсан, хувийн санал санаачлага зорилгоор хийгдсэн зөвшөөрөгдсөнөөс өөр газар буюу звөшөөрөгдөөгүй аманд үйл ажиллагаа явуулсаны улмаас ослын нөхцөл байдал бий болсон байдаг.

Түүнчлэн хэдийгээр миний бие ахлах гэж гурвалсан гэрээнд нэрлэгдэж байсан боловч албан ёсны хариуцлага хүлээлгэх бүрэн эрх бүхий этгээд байгаагүй, нөхөрлөл нь өөрөө бүртгэлгүй удирдлага зохион байгуулалт нь хууль ёсны үндэслэлгүй, тухайн иргэнийг ажилд авсан, өдөр тутмын үйл ажиллагааг нь зохион байгуулсан ямар ч нотлох баримт байхгүй байхад нөхөрлөлийн эзэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд 239,260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Зохигч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

3.1. ******* нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлийн нүүрсний бичил уурхайд ажиллаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 05 цагийн орчимд шаварт дарагдаж, түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсны улмаас 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан.

3.2. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ДШМ/517 дугаартай магадлалаар *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

3.3. Тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар ******* оролцсон.

 

4. Гэм хор учруулснаас үүсэх үүргийн хүрээнд хохирол гаргуулахаар шаардах нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрт хохирол учирсан байх, гэм хор учруулагчийн үйлдэл байх, учирсан хохирол нь гэм хор учруулагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотойг тус тус нотлох үүрэгтэй.

 

5. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам-ыг баталжээ.

Уг журмын 4.3 дахь хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд энэхүү журмын 3 дугаар хавсралтад заасны дагуу гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлоно. гэж заажээ.

 

5.1. Налайх дүүргийн засаг дарга , ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ХХК-ийг төлөөлж болон бичил уурхай эрхлэгч нөхөрлөлийг төлөөлж ахлагч ******* нар 2017 оны 10 сарын 04-ний өдөр Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 4 тоот гурвалсан гэрээг байгуулжээ.

5.2. нөхөрлөлийн 2017 оны 08 дугаар сард баталсан Хувиараа ашигт малтмал олборлогчдын нөхөрлөлийн дүрэм-ээс дүгнэвэл уг нөхөрлөлийг 10 гишүүнтэйгээр байгуулсан ба гишүүдэд *******, , , , , , *******, , , нар бүртгүүлсэн.

5.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж заажээ.

5.4. ХХК-д Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллаж баталгаа гаргах тухай баримтыг нөхөрлөлийн гишүүн , , *******, ******* нар 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тус тус гаргаж өгсөн. Уг баримтад нөхөрлөлийн гишүүдийг тодотгохдоо амны эзэн гэж тухайлан заасан байх ба уг нөхөрлөлийн гишүүн /амны эзэн/ тус бүрдээ Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг өдөр тутамдаа баримтлан ашиглалтын талбайд ямар нэгэн эвдрэл гэмтэл, осол аваар, доголдол гаргахгүй байх бүхий л нөхцлийг хангаж ажиллах ба ийнхүү зохих хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, зөвлөгөө, аргачлалыг баримтлаагүйгээс талбайд осол аваар, хүний амь эрсдэх, гэмтэх, бусдад гэм хор, хохирол учруулбал нөхөрлөлийн гишүүн би хохирлыг бүрэн барагдуулж 100% хариуцахаа үүгээр илэрхийлж байна гэсэн үүргийг хүлээжээ.

5.5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ДШМ/517 дугаартай магадлалд Шүүгдэгч *******ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7 бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийн дагаж мөрдөж, ослоос урьдчилан сэргийлэх заалтуудыг тус тус зөрчсөн үйлдлийн улмаас түүний хариуцан үйл ажиллагаа явуулж байсан нүүрсний бичил уурхайд ажиллаж байсан ******* нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 5 цагийн үед шороонд дарагдаж улмаар ... хүнд гэмтэлтэй болж, уг гэмтлээр удаан хугацаанд хэвтрийн байсны улмаас ... нас барсан нь ... тогтоогдсон байх ба *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн ... Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон... гэсэн шинжийг бүрэн агуулжээ гэж дүгнэн түүнд ногдуулсан 2 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

5.6. Түүнчлэн гэрч : ... Тухайн үед нөхөрлөлийн журмаар нэг орон нутагт 10 нөхөрлөл ажиллуулах эрхтэй, тэрнээс илүү бол ажиллуулахгүй гэсэн. Манайд [Налайх] бол 7, 8 орчим тийм нөхөрлөл байгуулагдсан. Нөхөрлөл 1 ахлагчтай, нэг нөхөрлөл дотроо 10 хүртэл уурхайтай 7,8 нөхөрлөл байгуулсан. Уурхайн 10 эзэн нэгдэж нэг нөхөрлөл болж байсан. Нэг хүн 7, 8 хүн ажиллуулах биш 70-80 хүн ажиллах ажлын байр гаргах үүднээс бид нар ингэж 1 нөхөрлөлийн ахлагчтай нөхөрлөлийн 10 гишүүнтэй гэж явж байсан. Уурхайн эзэд цаашаагаа уурхай ажиллуулдаг хүмүүс ажилчдаа 100 хувь хариуцна гэсэн гэрээтэй байсан. ... Уурхайн амны эзэн болохоор өөрийн хариуцан ажиллуулж байгаа уурхай дээрээ болсон хариуцлагыг 100 хувь даана гэсэн гэх,

гэрч : 2017 оны 9 дүгээр сараас ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаа эхэлчихсэн байсан. Урд захирлууд болон удирдлагуудаас асуухад ... аваар ослыг зөвхөн уурхайн амны эзэд буюу нөхөрлөлүүд 100 хувь хариуцах баталгаа гаргасны үндсэн дээр манай компани зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сараас байх бичил уурхайгаар нөхөрлөл байгуулан нүүрс олборлох үйл ажиллагаа эхэлсэн гэх мэдүүлгийг тус тус өгчээ.

5.7. ХХК-д гаргасан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллаж баталгаа гаргах тухай баримт, *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ял ногдуулсан байдалд хийсэн дүгнэлт, гэрч , нарын мэдүүлгийг тус тус харьцуулан дүгнэвэл Налайх дүүрэгт бүртгэгдээгүй нөхөрлөл байгуулах замаар зохион байгуулагдаж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргийг уурхайн эзэд тус бүрдээ хариуцахаар тохиролцсоныг буруутгахгүй. Учир нь бодит байдал дээр 7-8 нөхөрлөл тус бүрдээ 10 хүртэлх гишүүдтэй бөгөөд гишүүд бүр нь бичил уурхайн амны эзэд байх бөгөөд 1 бичил уурхайд 30-40 хүнийг ажиллуулдаг нөхцөл байдлаас дүгнэвэл нөхөрлөлийн ахлагч дангаараа өдөр бүр 300-400 ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргийг гүйцэтгэх боломжгүйгээс нөхөрлөлийн гишүүд /амны эзэн/ тус бүрдээ өөрийн эзэмшиж буй бичил уурхайн аманд ажиллуулах ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцахаар зохион байгуулагдсан гэж дүгнэнэ.

Дээрхээс дүгнэвэл талийгч *******ийн ажиллаж байхад осол гарсан бичил уурхайн амны эзэн нь ******* байсан бөгөөд хариуцагч ******* уг бичил уурхайн амны эзэн биш тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна. гэж зааснаар хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

6. Иймд *******т холбогдох гэм хорын хохиролд 239,260,000 төгрөг гаргуулах тухай *******, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй, иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах тухай зохигчийн хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 193/ШШ2025/00221 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******т холбогдох гэм хорын хохиролд 239,260,000 төгрөг гаргуулах тухай *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732,830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЗОЛЗАЯА