| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0611/Э |
| Дугаар | 641 |
| Огноо | 2019-08-19 |
| Зүйл хэсэг | 10.1, |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 641
2019 08 19 2019/ШЦТ/641
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .Ариунболд даргалж, шүүгч Б.Халиун, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч М.Идэрхангай, Т.Амгаланбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуут овгийн Баянжаргалын Чингүүнд холбогдох эрүүгийн 1811033791139 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймаг Мандалговь суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дундговь аймаг, Сайнцагаан сум 8 дугаар баг, Айраг 10 дугаар гудамж, 27 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сум дундын 11 дүгээр шүүхийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 cap хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, З овогт Б.Ч /............./,
Шүүгдэгч Б.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 05 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г гудамж 11-01 тоот хашааны гадна Э.Цэрэнсугирыг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, олон тооны гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр хашааны банз модоор зодож алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Б.Чий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Би амь хохирогчтой архи ууж байхдаа маргалдсан. Эхлээд “Анар” караокены шатаар бууж байхад хохирогч араас цохисон. Би шатны уруу өвдөглөж ойчоод чи яагаад байгаа юм бэ гэсэн. Шатаар бууж байхад намайг нуруу руу нэг юмаар цохисон. Тэгээд за яах вэ гээд доошоо бууж байсан чинь амь хохирогч миний хоёр суганаас татаад чи яасан овоо пяздаа вэ гэсэн. Би тэр залууг ганц хоёр цохисон тэрнээс хойших үйлдлийг сайн санахгүй байна гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14х/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-26х/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-32х/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-43х/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...Бидэнд учирсан хохирол гэвэл нөхөн төлж баршгүй ээ. Гэсэн ч бид өнгөрснийг эргүүлээд авах биш. Талийгаачийг нутаглуулах үйл ажиллагаанд гарсан зардлын баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Энэ баримтаар 8.000.000 төгрөг орчим болсон. Бид энэ зардлыг л нэхэмжилж байна. Миний зүгээс бол маш их гомдолтой байна. Талийгаачийн хувьд бол гэр орноор авч явдаг төмрөөр зуух яндан зэрэг зүйлсийг хийж зарж борлуулдаг, гэр бүлээ тэжээдэг хүн байсан...” гэх /хх-ийн 57х/,
Гэрч А.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...2018 оны 12 дугаар сарын 03-ны үүрээр 05 цаг 30 минутын үед гэрээсээ үнс асгахаар гартаа манай хашааны зүүн талын үүдэнд нэг хүн гартаа нилээр урт нарийн зүйлээр “тэр үедээ би брүс мод байна гэж харсан” нэг хүнийг 2, 3 удаа цохисон. Тэгтэл уг асуудал болж байгаа газрын эсрэг талын хашааны Батаа гэж дууддаг залуу болиоч хүн аллаа гээд орилсон. Тэгэхээр нь би үнсээ асгачхаад гэртээ ороод удалгүй эргээд гартал нөгөө модоор хүн цохисон залуу манай хашааны үүдээр гараад ганцаараа явж байхаар нь юм хэлэлгүй явуулсан ба цохиулсан хүнийг хартал бараан өнгийн хувцастай хүн цохичхоод явсан залуугийн араас хараад байтал төв зам дагаад явчихсан. Удалгүй цагдаа нар ирсэн ба нөгөө эсрэг хашааны Батаа бас микро машинаа асаагаад гараад ирсэн. Тэгээд Батаатай цагдаа нар уулзаад байсан. Тэгээд цагдаа нар яваад Зурагтын шинэ эцсийн буудал дээрээс нөгөө хүн цохисон залууг барьж авсан. Тэр залуугийн гар нь цус болсон байсан. Тэгээд цагдаа нарын хамт цохиулсан гэх хүний хажууд очиход хувцас хунар нь урагдчихсан, нэлээн ил харагдах цус газарт гоожчихсон байсан. Тэгтэл миний харсан мод гэж зүйл нь хашааны банз байсан ба цус болсон байсан. Тэгээд банзаар цохисон юм байна даа гэж бодсон...” гэх /хх-ийн 59-60х/,
Гэрч Б.Батбуянгарав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...2018 оны 12 дугаар сарын 03-ны үүрээр 05 цаг 15 минутын үед босоод гэрээсээ бие засах гээд гартал хашааны ертөнцийн зүгээр баруун талын хашааны буланд 2 эрэгтэй зодолдоод байгаа бололтой нэг нь унасан байх шиг байсан. Нөгөө нь дээрээс нь өшиглөөд байсан. Тэгээд би юм болоод байгаа юм бэ болиоч гэж хэлсэн ч тоохгүй байх шиг байсан ба манай хашааны баруун талд амьдардаг залуу гэрээсээ гараад ирчихсэн байсан ба цагдаа дуудчихлаа одоо ирэх байх гэж хэлээд зогсон байсан. Тэгээд эргээд гэртээ байж байгаад шугамд явдаг машинаа асаагаад хашаанаас гарахад зодолдож байсан хүмүүс байхгүй байсан. Тэгээд л явсан...” гэх /хх-ийн 61-63х/,
Гэрч Х.Мягмаржав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...Тэгтэл гэнэт нөгөө намхан шар залуу нь гараад явчихсан ба Бямбаа, масктай залуу, талийгаач болсон залуу 3 ширээндээ суугаад хоцорсон ба удалгүй талийгаач масктай залуутай хамт гарсан...гэх /хх-ийн 64-65х/...” “... Энэ 2 задуу Бямбажав ах бид хоёрын хажууд сууж байхдаа хоорондоо маргалдаад байсан. Тэр улаан куртиктэй байсан нас барсан залуу нөгөө хар масктай залууг архи хундагалж өгсөнгүй гээд хэлээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би хөөе больцгоо гээд болиулсан...” гэх /хх-ийн 66х/,
Гэрч М.Бямбажав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед караокегоо онгойлгож ажиллуулсан. Манай караоке нийтийнх юм. Би гараа гэмтээчихсэн болохоор өвдөөд арын өрөөндөө унтаж байсан.Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнийн 03 цагийн үед манай зөөгч Мягмаржав намайг сэрээгээд 2 залуу дахин архи авна гээд байна. Таныг таньдаг гэж байна гэсэн. Тэгээд би босоод иртэл караокед бараг хүн байхгүй байсан ба миний зүс мэдэх одоо нас барчихаад байгаа залуу Гантулга гэх найзынхаа хамт сууж байсан. Бас 1 дүгээр ширээнд хар өнгийн маск зүүсэн танихгүй залуу ганцаараа сууж байсан. Тэгтэл талийгаач архи гуйгаад байхаар нь нэг шил Соёрхол архи өгсөн ба хамт явсан Гантулга нь тооцоог нь хийнэ гэхээр нь таньдаг хүн гэж бодоод өгсөн. Тэгээд тэр архиа талийгаач түүний найз Гантулга, бид 3 эхлээд задлаад уусан. Тэгтэл талийгаач ганцаараа 1 номерын ширээнд сууж байсан залууг дуудаад суучих гэсэн ба удалгүй Гантулга гарсан ба тооцоондоо гар утсаа үлдээсэн. Тэр архинаас би ганц нэг хундага уусан. Тэгтэл Мягмаржав одоо гарцгаа хаамаар байна гэсэн ба талийгаачийг нөгөө маск зүүсэн байсан залуугийн хамт гарсан. Тэгээд Мягмаржав бид 2 тооцоогоо хийгээд гэрлээ унтраагаад гарсан ...” гэх /хх-ийн 68-69х/,
Гэрч Б.Ёолк мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 сарын 02-ны орой 19 цаг 30 минутын орчимд гэрийнхээ үүдэнд уулзсан. Тухайн үед ээжтэйгээ явж байсан ба би тэр 2-ыг зурагтын шинэ эцэс дээр буулгасан. Тэгээд ээж нь яваад өөрөө буцаж надтай яваад завсрын буудлын орчимд 19 цаг өнгөрч байхад буугаад явсан. Тэгээд дахин уулзаагүй ба 2018 оны 12 сарын 02-ноос 03-ны шилжих шөнийн 05 цаг 31 минутад талийгаач өөрийнхөө 95652035 дугаараас миний 99664469 дугаар луу нэг удаа залгаад би хүнтэй зодолдоод маргалдаад байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би хаана байгаа юм бэ, хэнтэй явж байгаа юм бэ гэж асуутал Гантулгатай явж байсан Гантулга гэртээ харьсан юм шиг байна гэсэн ба би уусан байгаа бол гэртээ харьж амар гэж хэлтэл миний гар утасны цэнэг дуусчихсан. Тэгээд би утсаа асаагаад дахин залгах гэтэл нэгж байгаагүй. Шөнө байсан болохоор тэгээд унтчихсан. Тэгтэл өглөө босоод юу болсон талаар мэдсэн...” гэх /хх-ийн 70-71х/,
Гэрч Я.Чулуунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...2018 оны 12 дугаар сарын 02-ноос 03-ны өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн 7, 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хайрхан 115 чиглэлд ахлагч Э.Төмөрбаатарын хамт авто эргүүлийн үүргийг гүйцэтгэж ажилласан. Хайрхан 10 буюу жижүүрээс 2018 оны 12 дугаар сарын 03-ны үүрээр 06 цаг 09 минутад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-н 11-01 тоот хашааны үүдэнд согтуу хүмүүс зодолдоод нэг нь босож ирэхгүй байна гэх дуудлагаар очиж шалгахад 30 орчим насны улаан өнгийн куртиктэй, шар өнгийн гуталтай эрэгтэй доошоо хараад хэвтсэн ухаангүй, толгой, нүүр хэсгээс нь их хэмжээний цус гарсан байдалтай байсан. Тэгээд 103-т тэр дор нь дуудлага өгсөн ба дуудлага өгсөн иргэн Нэргүйтэй уулзан юу болсон талаар тодруулахад хар бараан өнгийн урт куртиктэй эрэгтэй хүн наад хунийг чинь банзаар цохичхоод доошоо зам дагаад уруудаад явчихсан гэж хэлсний дагуу иргэн Нэргүйн хамтаар эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулан Зурагтын шинэ эцсийн автобусны буудал дээр 3 иргэн зогсож байсныг шалгахад хар өнгийн урт куртиктэй залуу гар нь цус болсон байдалтай байсан. Тэгтэл тухайн иргэн согтуу байсан ба шаардлага эсэргүүцсэн тул дайчлан баривчлан гавлаж машинд суулгасан ба машинд суучхаад тэр ах чинь өөрөө миний дургүйг хүргээд байсан юм. Тэгэхээр нь би зодсон гэж хэлсэн..” гэх /хх-ийн 75-76х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2676 дугаар дүгнэлт:
-Талийгаач Э.Цэрэнсугирын цогцост дагз яс, чулуулаг яс, турк эмээлийн цөмөрсөн, дагзны том нүх суурийн баруун дунд хонхор, баруун, зүүн, нүдний ухархайн дээд хананд шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, баруун чамархай, тархины баруун зүүн тал бөмбөлгийн зулай, баруун чамархай, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн таславч, бага тархины, орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, дух, баруун, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, дух, баруун, зүүн хацар, хамрын үзүүр, эрүү, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт, дух баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, хамрын нуруу, уруул, баруун, зүүн мөр, баруун, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, баруун, зүүн алга, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, зүүн чамархай, зулай, дагзны хуйханд шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.
-Талийгаачийн цусанд 3,0 проммили спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болно...гэх /хх-ийн 94-95х/,
Шинжээчийг байцаасан тэмдэглэл: “... Гавлын ясны хугарал гэмтлийг хүн гараар 2-3 удаа цохиод гэмтэл үүсэх боломжгүй, харин хөлөөр өшиглөх дэвсэх хатуу зүйлээр цохих үед бол үүснэ. Гэмтлийг нэг хүн учруулж болно. Талийгаачид учирсан гавлын ясны хугарал тархины гэмтлүүд нь хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь буюу дух, баруун, зүүн хацах, хамрын үзүүр, эрүү, эрүүний зулгаралт дух баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, хамрын нуруу, уруул, баруун зүүн чихний дэлбэн, зүүн алга, зүүн алганы цус хуралт, баруун чихний дэлбэн, зүүн чамархай зулай дагзны хуйхан дахь шарх, бүхий гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт буюу гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх /100-102х/, “ ....Амь хохирогчийн биед үүссэн зулгаралтууд нь гараар цохих үед үүсэх боломжгүй, атгасан гараар// харин хэвтээ үед толгой дээрээс хөлөөр дэвсэж, мөн босоо болон хэвтээ, суугаа, аль ч байрлалд банзаар цохих үед үүсэх боломжтой...” гэх /хх-ийн 2-р хх-ийн 89-90х/,
Шинжээчийн №14330 дугаар дүгнэлт:
Шинжээчийн №12923 дугаар дүгнэлт Шинжилгээнд ирсэн хар хөх өнгийн жинсэн өмд, саарал өнгийн ноосон малгай, богино түрийтэй бор өнгийн гутал, хар өнгийн куртик, улаан өнгийн куртик, ногоон өнгийн цамц, хөндлөн судалтай хар хөх өнгийн фудволка, цэнхэр өнгийн жинсэн өмд бор өнгийн өмдний тэлээ, саарал өнгийн дотуур өмд, саарал өнгийн оймс, шар өнгийн гутал 1 хос улаан өнгийн дотоож шаргал өнгийн модон банз, Б.Чий баруун, зүүн гараас авсан гэх арчдас 3 ширхэг зэрэг цус илэрч байна.
Цэнхэр саарал судалтай майк, хар саарал өнгийн нимгэн ханцуйтай цамц, хар өнгийн майк, модны хугархай хэсэг, Б.Чий баруун гараас авсан гэх хумс, хөвөн бамбар 2 ширхэг зэрэг цус илрээгүй.
2. Илэрсэн цусны ДНК-ийн тогтцыг аутосомын ДНК-ийн D3S13588 THO1, D21S11, D18S51. Penta E. D5S818. D13S317. D7S820. D16S539. CSF1PO8 Penta D. vWA. D8S1179. TPOX. FGA гэсэн локусын аллериар тогтоов.
Илэрсэн цус нь хүний цус байна.
Цусан толбо үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.
3. дээрх эд зүйлс дээр илэрсэн цус нь нэг эрэгтэй хүний цус байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн Б.Чий цус гэх нь ДНХ-ийн тогтцыг аутомосын ДНК-ийн D3S13588 THO1, D21S11, D18S51. Penta E. D5S818. D13S317. D7S820. D16S539. CSF1PO8 Penta D. vWA. D8S1179. TPOX. FGA гэсэн локустай аллелиар тогтоов.
5. Дээрх эд зүйлс дээр илэрсэн цус нь Э.Цэрэнсугирын гэх цусны ДНК-ийн тогтоцтой тохирч байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 132-134-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №269 дугаартай дүгнэлт /хх-ийн 158-160-р хуудас/
Гэрч Х.Мягмаржав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “... Тэр залуу манай караокед найзтайгаа хамт 2 уулаа орж ирсэн. Орж ирснийхээ дараа 00 цаг өнгөрч байхад 4 дүгээр ширээнд сууж байсан 30 гаруй насны 4 эрэгтэйтэй маргалдсан. Тэр залуучуудтай маргалдаад байхаар нь би очиж салгасан. Тэр үед нөгөө хүмүүс наад залуу чинь микрофон булаагаад авчирсан гэж байсан. Манай караоке нийтийн зориулалттай бөгөөд 4 дүгээр ширээнд сууж байсан залуучуудын захиалсан дуу явж байхад микрофоныг нь булаасан байсан. Тэр үед бол манай караокед зодоон болоогүй, олон нийтийн газар ямар нэгэн асуудал гаргаж болохгүй гэж хэлээд нас барсан залууг ширээ рүү нь суулгасан тэр үед хэн нэгэн хүний биед гэмтэл учраагүй. Удалгүй тэр залуучууд гараад явсан. Караокед нас барсан залуу найзтайгаа, масктай залуу караокены эзэн Бямбажав бид нар байсан. хаах цаг болсон учраас би гар тогооны өрөөндөө шилэн хундагануудаа угаагаад байх байхад зааланд чанга чанга дуугараад байсан. Өрөөнөөс гараад харахад ширээний хоёр талд суусан байсан нас барсан эрэгтэй масктай залуу хоёр хоорондоо маргалдаад чанга чанга дуугараад байсан. Яг ямар шалтгаанаар хоорондоо маргалдсаныг нь би мэдэхгүй...” гэх /2-p хх-ийн 92х/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2-p хх-ийн 103-108х/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 130-132х/,
Шинжээчийн 07/210 дугаар дүгнэлт /2-р хх-ийн 141-142х/ гэх зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар: шүүгдэгч Б.Чий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өчигдөр буюу 2018 оны 12 сарын 02-ны өдөр захирал Уртнасангийн хамтаар тэдний төрсөн дүүгийнх рүү хоол идэхээр машинтай явсан.Тэгээд тэндээ хоол унд идчихээд захирал бид ажил дээрээ ирсэн. Би захирал Уртнасангийн барилгын ажилд тусалж ажилладаг. Ер нь бол энд нь ажиллаад 3 cap болж байна. Тэгээд захирал ажлаасаа явсан ба би тэндээ үлдсэн. Энэ үед цаг нэлээн орой болсон байсан ба 22 цаг орчим болж байсан.Тэгээд би ажил дээрээ хонох гэтэл надтай хамт байдаг барилгын манаач нар болох ах эгч 2-т би өнөөдөр гэртээ очиж хонолоо гэсэн. Тэгээд би ажил буюу зурагтын хуучин эцсээс такси бариад зурагтын шинэ буудалд байрлах Скай гэх нэртэй караокед очсон. Тэр караокены эзнийг таньдаг учраас таксины мөнгө авч таксинд өгсөн. Тэгээд тэр караокедоо 4 пиво уусан ба 2018 оны 12 сарын 02-ноос 03- ны шилжих шөнийн 01 цаг хүртэл суусан. Тэгээд уг караоке хаалаа гэхээр нь би таньдаг болохоор хамт хаалцаад эзнийхэн машинд дайгдаж суугаад доошоо зам уруудаж яваад Анар караокены үүдэнд буугаад Анар караоке орсон. Уг караоке дотор бол дүүрэн хүнтэй байсан ба цаад буланд нь ганцаараа ширээнд суусан. Тэгсэн тэр караокед миний нэг таньдаг эгч таарсан ба тэр эгчтэй хамт сууж нэг пиво уусан. Тэгээд бас тэнд сууж байсан бас нэг залуутай танилцаад нэг шил пиво уугаад сууж байтал караокены дуу нь явахаа байгаад хэрүүл гараад эхэлсэн. Тэгээд тэр хэрүүл хийгээд байсан эгч нарыг би бас нэг залуугийн хамт босч салгацгаасан ба бас нэг 2 залуу цаана сууж байсан 3 залуутай хэрэлдээд маргалдаад байсан ба караоке ч хаах гээд байсан. Тэгээд нээх ч удалгүй эдгээр бүгд хүмүүс гарцгаасан ба караокед би хажуу ширээн дээр 2 залуу гээд бид хэд үлдсэн. Тэгтэл тэр 2 залуу тооцоондоо утсаа тавьсан гэж ярьж байсан. Тэгтэл нөгөө 2 залуу 0.75 граммын Соёрхол авснаа хар куртиктэй намхан шар залуу нь намайг дуудаад чи хөгшөөн бид 2-той ганц юм уучхаад яваач гэхээр нь би ширээн дээр нь очоод суусан. Тэгтэл Анар караокены эзэн гэх нэг ах, бас баармен гээд нэг залуу ирж бид 3 дээр хамт суусан. Караокед бол өөр хүн байгаагүй. Тэгээд тэр 0.75 граммын архи нь бараг талдаа ороод дуусах гэж байсан ба нөгөө намхан шар царайтай залуутай нөгөө улаан куртиктэй залуу маргалдаад байсан. Тэгэхээр нь би больцгоо хэрүүл уруул хэтэрлээ наад архийг чинь уучхаад гарцгаая гэтэл нөгөө улаан куртиктэй залуу над руу агсраад чи яасан том пизда вэ гээд байтал хамт сууж байсан баармен ах боль та 2 гээд байсан. Тэгтэл тэр Анар караокены эзэн гэх ах та 2 энд ингэж хэрэлдэж байхаар гараад үзчихээч гэсэн. Тэгсэн тэр залуу улаан куртикээ тайлсан ба би ч өөрийнхөө куртик, цамцыг тайлсан.Тэгтэл караокены баармен Чингүүнээ боль ахын дүү гээд миний цамцыг хүзүүгээр ороогоод өгсөн ба би куртикээ өмссөн Тэгээд намайг харь гэхээр нь би харилаа гээд караокены 2 давхрын шатаар буухад нөгөө надтай маргалдсан улаан куртиктэй залуу араас ирснээ дагз руу нэг цохиод авсан. Би шатруу өвдгөөрөө суусан. Би ч согтуу хүнтэй юу ярих уу гэж бодоод гадна гараад иртэл нөгөө залуу араас хатуу зүйлээр цохисон. Тэгээд би эргэж хараад яах гээд байгаа юм бэ чи гэж хэлчхээд цаашаа яваад өгсөн ба ажил руугаа алхаж байтал нөгөө улаан куртиктэй залуу ганцаараа миний араас дагаад яваад байсан. Тэгээд би цаашаа юу болсныг сайн санахгүй байгаа юм. Ухаан орж гараад байгаа. Тэгээд нэг санахад тэр улаан куртиктэй залуутай барьцалдаад авчихсан, байсан ба би нэг удаа нүүр лүү нь цохитол нил цус болсон ба би дахин нэг цохитол нөгөө залуу газарт унасан.Тэгээд би шууд тэндээсээ Анар караоке руу хартал улаан куртиктэй залуутай хамт явсан намхан хар куртиктэй шар залуу гарч ирж байгаа харагдсан. Тэгээд би шууд такси бариад автобусны буудал дээр очиход цагдаа ирээд бариад явсан...” гэх /хх-ийн 15-17х/ гэх мэдүүлэг, шүүгдэгч хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, болон гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг шүүхийн хэлэлцүүлэгт: Прокуророос шүүгдэгч Б.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэсэн хэдий ч онц хэрцгий арга гэж юу юм бэ гэдэгт хууль зүйн дүгнэлт өгөх хэрэгтэй гэж үзэж байна. Хохирогчийн нас барах явцад нь тарчлан зовоосон үйлдэл хийгээгүй. Мөн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж алсан гэж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээтэй, дээрх байдлыг бүрэн нотолж чадахгүй байгаа. Иймд Б.Чд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү...” гэв
Шүүх, шүүгдэгч Б.Чийг хохирогчийг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, олон тооны гэмтэл буюу “дагз яс, чулуулаг яс, турк эмээлийн цөмөрсөн, дагзны том нүх суурийн баруун дунд хонхор, баруун, зүүн, нүдний ухархайн дээд хананд шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, баруун чамархай, тархины баруун зүүн тал бөмбөлгийн зулай, баруун чамархай, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн таславч, бага тархины, орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, дух, баруун, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, дух, баруун, зүүн хацар, хамрын үзүүр, эрүү, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт, дух баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, хамрын нуруу, уруул, баруун, зүүн мөр, баруун, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, баруун, зүүн алга, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, зүүн чамархай, зулай, дагзны хуйханд шарх бүхий” гэмтлүүдийг олон удаагийн үйлчлэлээр учруулж, хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, түүнчлэн хохирогчийн цуснаас шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр 3,0 проммили спирт илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарахаас гадна хохирогч Э.Цэрэнсугир нь шүүгдэгч Б.Чийг эсэргүүцэх чадваргүй байсан нь Б.Чий биед гэмтэл учраагүй талаар үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Чийг хүнийг онц харгис хэрцгийгээр хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 8,036,052 төгрөгийг төлсөн, шүүгдэгчийн цагдан хоригдсон 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 258 хоногийг түүний эдлэх ялд оруулах тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Анар караоке төвийн хяналтын хяналтыг камерын бичлэг хадгалах зориулалттай төхөөрөмжийг Анар караокед, Нокиа маркийн нүүх хэсэг байхгүй гар утсыг шүүгдэгч Б.Чд эргүүлэг өгч, өргөн нь 14.5 см, урт нь 195 см шаргал өнгийн банз 1 ширхэг , нөхөн үзлэгээр хураан авсан хэргийн газраас ирүүлсэн 30x91 см орчим цуснаас авсан дээж, банзны хэлтэрхий 1 ширхэг, “Анар караоке төвийн 1 давхраас 2 давхарт өгсөн шатны хананаас бэхжүүлэн авсан цус мэт зүйл , хохирогч Э.Цэрэнсугирын өмсөж явсан шар өнгийн гутал, хөх өнгийн өмд, цагаан өнгийн оймс, улаан өнгийн дотоож, хар өнгийн ноосон дотуур өмд, улаан өнгийн цамц, улаан өнгийн куртик, судлалтай футболк, яллагдагч Б.Ч өмсөж явсан хөх өнгийн куртик, хөх өнгийн өмд, бор өнгийн гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газар, Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст даалгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зуут овогт Б.Ч.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чийг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Чд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Анар караоке төвийн хяналтын хяналтыг камерын бичлэг хадгалах зориулалттай төхөөрөмжийг Анар караокед, Нокиа маркийн нүүх хэсэг байхгүй гар утсыг шүүгдэгч Б.Чд эргүүлэг өгч, өргөн нь 14.5 см, урт нь 195 см шаргал өнгийн банз 1 ширхэг , нөхөн үзлэгээр хураан авсан хэргийн газраас ирүүлсэн 30x91 см орчим цуснаас авсан дээж, банзны хэлтэрхий 1 ширхэг, “Анар караоке төвийн 1 давхраас 2 давхарт өгсөн шатны хананаас бэхжүүлэн авсан цус мэт зүйл, хохирогч Э.Цэрэнсугирын өмсөж явсан шар өнгийн гутал, хөх өнгийн өмд, цагаан өнгийн оймс, улаан өнгийн дотоож, хар өнгийн ноосон дотуур өмд, улаан өнгийн цамц, улаан өнгийн куртик, судлалтай фудболк, яллагдагч Б.Ч өмсөж явсан хөх өнгийн куртик, хөх өнгийн өмд, бор өнгийн гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газар, Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст даалгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чий энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 258 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД
ШҮҮГЧИД Б.ХАЛИУН
Д.МӨНХТУЯА