Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 424

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Б.Энхмэнд, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О овогт Б-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030720 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбатар төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, маникюрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо ...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт Б-н Ц  .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ц нь үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн ...  дугаар хороо, ... дугаар байрны .... тоотод байрлах үсчний газар хамт ажилладаг Б.С-ээс 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Солонгос улсаас каргогоор тавилга ирчихсэн байна, каргоны мөнгө төлөх хэрэгтэй болчхоод байна гэж 300.000 төгрөг, Б.Э-ээс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр С-э эгчид түрээсийн мөнгөө өгөх гэсэн юм, хэд хоногоос Америкаас эгч мөнгө явуулна, тэгэхээр өгье гэж 400.000 төгрөгийг тус тус хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилан авсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Б.Ц-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй, хохирогч нар хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.С-э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай үсчин, гоо сайханд маникюраар ажиллаж байсан Ц нь Солонгос улсаас тавилга ирж байгаа юм та мөнгө зээлээч, гурав хоногийн хугацаатай, хүүтэй зээлье гэсэн юм. Тэгэхээр нь би за за гээд зөвшөөрөөд бэлэн 300,000 төгрөг өгсөн. надаас бэлэн мөнгө авсан цагаасаа хойш гэнэт алга болчихсон. Яасан юм бол гээд утас руу нь залгаж асуухаар нөхрийн цалин буугаагүй, буухаар мөнгийг нь өгнө гэдэг байсан. Тэгсэн нөхөр нь гээд нэг залуу надтай холбогдож таны мөнгийг би цалин буухаар өгнө, одоо миний цалин хорин гаргаад бууна гэж хэлсэн. Хорин гаргаад Ц ч байхгүй, нөхөр нь байхгүй, нилээд сүүлд нөхөр нь нь над руу дахин залгаад эгч ээ, би танд үнэнгээ хэльё, би шоронд байдаг, гутал, хувцсаа зараад 200,000 төгрөг өгөөд явуулсан, танд өгсөн үү гээд эхнэрээ асууж, холбогдохгүй алга болчихлоо гэж надтай ярьж байсан...” /хх-ийн 21-22, 23-24/ гэсэн,

 

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Ц нь надаас найздаа мөнгө зээлээч, гурав хоногийн дараа Америкт байгаа эгчээс мөнгө ирнэ, тэгэхээр нь өгье 400,000 төгрөг өгөөч гээд байсан юм. Түрээсийн мөнгө л өгөх гэж байгаа гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Тэгсэн түрээсээ ч өгөөгүй, Соёлоо эгчээс бас худлаа хэлж мөнгө авсан байгаа юм. Надаас мөнгө аваад өгнө, өгнө гэж байгаад сүүлдээ ажилдаа ч ирэхгүй болсон. Би мөнгөө авахаар янз бүрээр холбогдсон, тоогоогүй, сүүлдээ утас нь холбогдохгүй болсон...” /хх-ийн 25-26/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би С-э эгчээс мөнгө зээлэхдээ каргогоор тавилга ирчихсэн байна. Каргоны мөнгө төлөх хэрэгтэй болчихоод байна гэж хэлсэн. Э-ээс мөнгө зээлэхдээ С-э эгчээс зээлсэн мөнгөө өгөх гэсэн юм, хэд хоногоос Америкаас эгч мөнгө явуулна гэсэн тэгэхээр өгье гэж хэлж авсан.

“Соёл” нэртэй үсчин гоо сайхны газарт маникюраар ажиллаж байхдаа С-э эгчээс 300,000 төгрөгийг байрны түрээсэнд өгөхөөр 10 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай зээлсэн. Тэгээд 14 хоног өнгөрсөн чинь С-э эгч надаас мөнгөө нэхээд байхаар нь тэнд үсчин хийдэг Элбэрээс 400,000 төгрөгийг удахгүй өгнө гэж С-э эгчид өгөхөөр аваад өмнө нь хамт маникюрын бараа авах хүнээс 1,500,000 төгрөг зээлчихсэн байсан. Тэр хүн мөнгөө нэхээд байхаар нь нөгөө хүндээ өгчихсөн. Гэхдээ эдгээрийн зарцуулалтын баримт нь надад байхгүй. Надад С-э, Э нарын мөнгийг өгөх боломж байсан, тухайн үедээ орлого олоод үрчихдэг байсан, санаа зовоод холбогдож чадахгүй байсан...” /хх-ийн 32, 158/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 13/,

-  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Амарзаяа, Б.Золзаяа нарын мэдүүлгүүд /хх-ийн 27-28, 30-31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 137/, ял шалгах хуудас /хх-ийн 146/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 160/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 135/, нийгмийн даатгал төлж байсан талаарх лавлагаа /хх-ийн 145/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Ц нь үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн ...  дугаар хороо, ... дугаар байрны .... тоотод байрлах үсчний газар хамт ажилладаг Б.С-ээс 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Солонгос улсаас каргогоор тавилга ирчихсэн байна, каргоны мөнгө төлөх хэрэгтэй болчхоод байна гэж 300.000 төгрөг, Б.Э-ээс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр С-э эгчид түрээсийн мөнгөө өгөх гэсэн юм, хэд хоногоос Америкаас эгч мөнгө явуулна, тэгэхээр өгье гэж 400.000 төгрөг тус тус хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.С-ийн “...2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай үсчин, гоо сайханд маникюраар ажиллаж байсан Ц нь Солонгос улсаас тавилга ирж байгаа юм, та мөнгө зээлээч, гурав хоногийн хугацаатай, хүүтэй гэхээр нь би зөвшөөрөөд бэлэн 300,000 төгрөг өгсөн...” /хх-ийн 21-24/ гэсэн, хохирогч Б.Э-ийн “...2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Ц надаас найздаа мөнгө зээлээч, гурав хоногийн дараа надаа Америкт байгаа эгчээс мөнгө ирэхээр өгнө гээд 400,000 төгрөг авсан. Түрээсийн мөнгө өгнө гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Тэгсэн түрээсийн мөнгөө ч өгөөгүй, надад ч мөнгө өгөөгүй...” /хх-ийн 26-27/ гэсэн, шүүгдэгч Б.Ц-гийн “...Би С-э эгчээс мөнгө зээлэхдээ каргогоор тавилга ирчихсэн байна, каргоны мөнгө төлөх хэрэгтэй болчхоод байна гэж хэлсэн. Э-ээс мөнгө зээлэхдээ С-э эгчээс зээлсэн мөнгөө өгөх гэсэн юм хэд хоногоос Америкаас эгч мөнгө явуулна гэсэн тэгэхээр өгье гэж хэлж авсан....” /хх-ийн 32, 158/ мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ц-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ц-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С-эд 300,000 төгрөгийн, хохирогч Б.Э-д 400,000 төгрөгийн бодит хохирол  учирсан бөгөөд шүүхийн шатанд хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулж, хохирогч Б.С-э, Б.Э нар гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж, уг ялыг түүний ажил эрхлэлтийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-гийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсон бөгөөд нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 төгрөгөөр тооцож 210 нэгж /15,000х14=210,000/ буюу 210,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгуулийн ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 201626030720 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч О овогт Б-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баярсайханы Ц-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-гийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, хоёр зуун арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 210,00 /хоёр зуун арван мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 240,000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн /450,000-210,000=240,000/ торгуулийн ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 240,000 /хоёр зуун дөчин мянга/  төгрөгөөр торгох торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Ц-д мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 201626030720 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Б.С-э, Б.Э нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Д.АЛТАНЖИГҮҮР