| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0416/Э |
| Дугаар | 425 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 425
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Э.Ундраххэрлэн, насанд хүрээгүй хохирогч Э.А, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.М, шүүгдэгч Д.Ж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ё овгийн Д-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903002580197 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геофизикийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ..... тоотоод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ё овгийн Д-ийн Ж .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 07 цаг 25 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дугаар хорооны нутаг дэвсгэрт урд явган хүний зохицуулагддаг гарцтай замд Хонда Лого маркийн 35-66 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.5-д заасан “Жолооч явган хүний гарцын өмнө гүйцэх үйлдэл хийхдээ энэ дүрмийн 16.3-т заасныг баримтлах бөгөөд мөн хороолол, сургууль орчмын бүс дотор 1.19 тэмдгээр анхааруулсан замын хэсэгт гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн урдуур явган зорчигч явж байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч /15 настай/ Э.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.Ж-: “...2019 оны 3 дугаар сарын 12-ны өглөө эхнэр, хүүхдээ ажил, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр явж байгаад санамсаргүйгээр гэрлэн дохионы уулзвар дээр зам тээврийн зөрчил гаргаж хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Э.А-: “...Би 2019 оны 3 дугаар сарын 12 өдөр гэрээсээ 07 цаг 20 минутын үед гарсан. Тэгээд замынхаа хойд урсгалыг туулж гараад урагшаа алхахад 2, 3 дугаар эгнээний машинууд зогсож байсан. Би 1 дүгээр эгнээний машиныг харах боломжгүй байсан. Явган зорчигчийн ногоон гэрэл асч байсан тул би гарцаар зам хөндлөн гарсан. Би шүүгдэгчийн машин миний хажуугаар өнгөрөөд явчихлаа гэж бодтол хэсэг хугацааны дараа тас, няс гэх чимээ шуугиан гарсан. Би нэг мэдэхэд газар суучихсан байсан. Намайг баруун хойш харахад машинууд зогсож байсан. Тэгээд урагшаа харахад машины толь газар унаад хагарчихсан байсан. Би газар тулаад босох гэсэн боловч босч чадахгүй байсан ба амьсгалахад хэцүү байсан. Ж ах машинаасаа гарч ирээд намайг түшээд машиныхаа урд талаар машинаа тойроод баруун хойд талын хаалгаараа намайг машин дотроо суулгасан. Тухайн үед Ж ахын эхнэр нь бага хүүхэдтэйгээ сууж байсан. Намайг “Интермед” эмнэлэг орох уу гэхэд нь би Хан-Уул дүүргийн харьяалалд байдаггүй тул “Мөнгөн гүүр” эмнэлэг орсон...” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М-: “...Мөнгөн гүүр эмнэлэг дээр явж байгаад охиноо машинд мөргүүлээд эмчид үзүүлэх гээд явж байхад нь таарч цагдаад дуудлага өгч тэмдэглүүлсэн. Эмчилгээний зардалд мөрдөн байцаалтын шатанд 3,498,000 төгрөг, шүүхийн шатанд 1,163,000 төгрөгийг тус тус төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэнэ...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 3 дугаар сарын 12-ны өглөө 07 цаг 20 минутын үед Ханбогд хорооллын 304 дүгээр байрнаас гэрээсээ гараад хойд замаар гэрлэн дохиогоор гараад урд замаар урагшаа чиглэлтэй явган зорчигчийн гарцтай гэрлэн дохионы ногоон гэрлээр гарах үед 2, 3 дугаар эгнээний машинууд зогсож байсан, би 1 дүгээр эгнээ рүү алхаад ортол гэнэт 1 дүгээр эгнээнээс машин гарч ирсэн, тухайн үед би машиныг миний хажуугаар зөрөөд гарчихлаа гэж бодсон чинь 2-3 секундийн дараа тас няс хийх чимээ гарсан, би нэг мэдсэн чинь 2 хөлөө жийгээд ертөнцийн зүгээр зүүн тийшээ хараад газар суучихсан байсан. Би толгойгоо эргүүлээд баруун гар тал руу харсан чинь хойд талын машинууд бүгд зогсож байсан, харин урагшаа харахад нэг машин явган хүний гарцнаас жаахан өнгөрөөд зогсож байсан ба уг машины жолоочийн эсрэг талын толь нь сууриараа бутраад уначихсан байсан. ...Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, намайг хойд талын гэрлэн дохиогоор зам хөндлөн гарахад машин байгаагүй, харин зам хоорондын тусгаарлагчид зогсч байхад 2 машин араар өнгөрсөн, урагшаа зам хөндлөн гарах үед ногоон гэрэл асч, 2, 3 дугаар эгнээний машинууд зогсч байсан. Намайг зам хөндлөн гарах үед машинууд зогсчихсон л байсан, харин 1 дүгээр эгнээнээс машин гэнэт гараад ирсэн, надад харагдах боломж байгаагүй. Мөнгөн гүүр эмнэлэгт өвдөгний үений МРI шинжилгээгээр дотор жийргэвч мөгөөрс арын эвэр хөндлөн, цуурсан урагдалтай гэсэн хариу гарсны үндсэн дээр 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зүүн өвдөгний үений хагалгаанд орсон, миний хагалгааг удирдсан Төртулга эмч “мөгөөрс яс шиг нийлдэггүй цаашдаа урагдаад явах магадлалтай байдаг учраас урагдсан хэсгийг нь цэвэрлээд урагдалтыг зогсоох мэс ажилбар хийгдсэн” гэж тайлбарлаж өгсөн” /хх-ийн 21-24/ гэсэн,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсний төлөөлөгч Ч.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Мөнгөн гүүр эмнэлгийн төв хаалгаар орох гэтэл хаалга нь цоожтой байсан тул хүлээн авахын хаалгаар ортол манай охин А машинд шүргүүлчихсэн, шинжилгээ өгөх гэж байна гэчихсэн жолоочийн эхнэрийн нь хамт зогсч байхаар нь би жолоочийн эхнэрээс нь цагдаад дуудлага өгсөн үү гэхэд өгөөгүй гэхээр нь би 102 дугаар луу залгаад “манай охин машинд шүргүүлчихсэн, хэргийн газраас хөдлөөд эмнэлэг дээр ирчихсэн байна, ийм тохиолдолд хаана хандах вэ?” гэж асуухад манайх хүлээж авна гэхээр нь эхнэрээс нь машины дугаар, маркийг нь асуугаад дуудлага өгсөн. Тэгээд “Мөнгөн гүүр” эмнэлгийн гэмтлийн эмчтэй нь уулзсан чинь 5-6 төрлийн шинжилгээ өгөх шаардлагатай гэхээр эхний 2 шинжилгээний мөнгө болох 410,000 төгрөгийг жолоочийн эхнэр төлсөн, бусад шинжилгээг нь би өөрөөсөө гаргасан, баримтууд нь байгаа. ...бид нар 23 цаг 30 минутад осол болсон газарт бүгдээрээ цугларсан. Хэргийн газрын үзлэг хийхэд манай нөхөр бид хоёр болон жолооч, хөндлөнгийн гэрч зэрэг хүмүүс байлцсан, манай охиноос А, Б цэгийг нь заалгуулаад үзлэгийг хийсэн, жолооч ямар нэгэн маргаантай зүйл гаргаагүй, машинаа энд зогсоосон гээд гарцан дээр ирж зогсоосон, хэргийн газарт машины толь нь хагараад тэрүүгээр нэг хагарсан шил байсан, машинд нь толины суурь ч үлдээгүй байсан” /хх-ийн 26-28/ гэсэн,
Гэрч Г.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...манай нөхөр 2 дугаар эгнээнд явж байхад 1 дүгээр эгнээнд машин байхгүй байхаар нь шууд 1 дүгээр эгнээ рүү орсон, хурдны хувьд тийм их хурдтай яваагүй, гэрлэн дохио дөхөж ирэх үед ногоон асчихсан байсан” /хх-ийн 41/ гэсэн,
Иргэний хариуцагч Ж.Түмэнжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ ”...миний хүүхэд миний эзэмшилд байдаг тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан тул би хохирогчоос гаргасан төлбөрийг төлж барагдуулахад нь туслалцаа үзүүлнэ” /хх-ийн 45/ гэсэн,
Шүүгдэгч Д.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 3 дугаар сарын 12-ны өглөө 07 цаг 30 минутын орчим Яармагийн 1 дүгээр буудалд байдаг гэрээсээ хойд эцэг Ж.Түмэнжаргалын эзэмшлийн 35-66 УНӨ улсын дугаартай Хонда лого маркийн автомашиндаа эхнэр Г.Мөнхцэцэг болон 1 нас 2 сартай охин Дөлгөөнмөрөн нарыг суулгаад хотын төв орохоор ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ чиглэлтэй явсан, гэрээсээ гараад ойролцоогоор 1,5 км-ын зайтай байх Ханбогд хорооллын замын урдуур 1 дүгээр эгнээгээр явж байх үед зохицуулагдсан гэрлэн дохио нь улаан асч байсан, дөхөж ирэх үед ногоон гэрэл асаад 3 дугаар эгнээний машин хөдлөх шиг болохоор би шууд гэрлэн дохио нэвтрээд ороход замын хойд талаас үүргэвч үүрчихсэн 1 эмэгтэй машины зүүн талаас гэнэт гүйгээд гараад ирсэн, би тоормос гишгээд зогссон чинь буруу талын толь хагараад газар унасан. Би машинаа зогсоогоод хаалгыг нь онгойлгох үед нөгөө охин машины баруун талд ирээд зогсчихсон байсан, тэр үед манай эхнэр ч гэсэн машины хойд хаалгаар буугаад ирсэн, би нөгөө охиноос “яагаад гүйгээд ирэв?” гэж асуухад “автобус хараад гүйчихлээ” гэж хэлэхээр нь “одоо яах вэ?” гэж асуухад “эмнэлэг оръё” гэж хэлэхээр нь машиныхаа хойд талын суудал дээр эхнэр, хүүхдийнхээ хажууд суулгасан, нөгөө охиноос “аль эмнэлэг орох вэ?” гэж асуутал “би урьд нь гараа гэмтээгээд “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэж байсан юмаа тийшээ явъя” гэж хэлэхээр нь шууд тэр эмнэлэг рүү нь явсан. ...22 цаг 30 минутын үед хохирогч охин аав, ээжтэйгээ хамт гарч ирээд ээж нь “цагдаа руу хэлчихлээ осол болсон газар луу хамт явъя” гээд явцгаасан. Бид нарыг очих үед замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд охиноос “чи хаана мөргүүлсэн, хаашаа унасан” гэж асуугаад А, Б үсэгнүүд байрлуулаад намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг аавынх нь дэргэд шалгахад 0 гарсан, хэмжилт хийж дуусаад миний машиныг ачаад явсан” /хх-ийн 72-73/ гэсэн мэдүүлгүүд,
- Зам тээврийн осол хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “Зам тээврийн осол хэрэг гарсан газар нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ханбогд хорооллын урд замд, “замын нөхцөл байдал нь асфальтан, шулуун тэгш, хуурай, зохицуулагддаг, явган хүний гарцтай, автобусны зогсоол бүхий, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсгийн гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, явган хүний замтай, 6 эгнээ, хашлагатай, хайстай зам байв” /хх-ийн 4-5/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3395 дугаартай дүгнэлт: 1. “Э.А-гийн биед зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн хөндлөн цуурсан урагдал, зүүн шилбэнд зулгаралт, баруун гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” /хх-ийн 47/ гэсэн,
- 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан техникийн шинжээчийн 208 дугаартай дүгнэлтэд: Хонда Лого маркийн 35-66 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Дүгэрсүрэн овогтой Ж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.5. Жолооч явган хүний гарцын өмнө гүйцэх үйлдэл хийхдээ энэ дүрмийн 16.3-т заасныг баримтлах бөгөөд мөн хороолол, сургууль орчмын бүс дотор болон 1.19 тэмдгээр анхааруулсан замын хэсэгт гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн урдуур явган зорчигч явж байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч, 16 настай Энх-Амгалангийн А нь Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна /хх-ийн 61/ гэсэн дүгнэлтүүд,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
- Ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10/,
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/,
- Хохирогчийн эмчилгээ хийлгэсэн тухай баримтууд /хх-ийн 86-105/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 13-15/,
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 61-65/,
- Шүүгдэгч Д.Ж-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 110/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 111/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 112/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 113/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 114/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 115/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 119/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 120-121/, Д.Дөлгөөнмөрөн, Д.Дэлгэрмөрөн нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 122-123/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Ж-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 07 цаг 25 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дугаар хорооны нутаг дэвсгэрт урд явган хүний зохицуулагддаг гарцтай замд Хонда Лого маркийн 35-66 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.5-д заасан “Жолооч явган хүний гарцын өмнө гүйцэх үйлдэл хийхдээ энэ дүрмийн 16.3-т заасныг баримтлах бөгөөд мөн хороолол, сургууль орчмын бүс дотор 1.19 тэмдгээр анхааруулсан замын хэсэгт гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн урдуур явган зорчигч явж байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн, мөн дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч /15 настай/ Э.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Э.А, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.М нарын болон шүүгдэгч Д.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны №3395 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 2019 оны 208 дугаартай дүгнэлт /хх-ийн 61/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 13-15/, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.А-гийн эрүүл мэндэд зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн хөндлөн цуурсан урагдал, зүүн шилбэнд зулгаралт, баруун гуяанд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, насанд хүрээгүй хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад 3,498,000 төгрөг, шүүхийн шатанд 1,163,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан бөгөөд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмлжэх эрхтэй.
Шүүгдэгч Д.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1903002580197 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Ж энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ё овогт Д-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Ж-т оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ж торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь хохирол төлбөрт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М-д 4,661,000 төгрөг төлсөн, насанд хүрээгүй хохирогч Э.А, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн 1903002580197 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжилж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР