| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/04862/И |
| Дугаар | 210/МА2025/00942 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/00942
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/02387 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
*******од холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 528,943,479 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Зээлдэгч *******той 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 350,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, Хан-Уул дүүрэг, *******, *******, *******, 402.77 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.
1.2. Гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч ******* 20,000,000 төгрөгийг төлснөөс өөр төлбөр төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж холбогдсон боловч тэрээр хэзээ төлөх нь тодорхойгүй байна.
1.3. Иймд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар тухайн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 528,443,479 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* ХХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж, 350,000,000 төгрөгийн зээл авсан. Гэвч энэхүү зээлийн болон барьцааны гэрээг байгуулах хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага надад байгаагүй.
2.2. 2023 оны 04 дүгээр сараас эхлэн ******* ХХК-ийн захирал ******* манай хүүгийн бизнест тусалж өгөөч, дэмжээд тодорхой санхүүжилт хийгээд өгвөл ашиг хуваалцах боломжтой, ******* ХХК-тай гэрээ байгуулсан, сарын хугацаанд нэг сая юань өгөхөөр тохиролцсон гээд баталгааны бичиг харуулж ганцхан сарын хугацаатай хагас тэрбум төгрөг зээлүүлэхийг хүсэж, өдөр шөнөгүй гуйж байсан тул би аргагүйн эрхэнд зөвшөөрч, ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулснаас гадна иргэн тай мөн зээлийн гэрээ байгуулж 103,200,000 төгрөгийн санхүүжилтыг 2 сарын хугацаатай авсан.
2.3. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, түүний хүү нар нь миний бүрдүүлсэн санхүүжилтийн бүх эрсдэл, хүү, алданги, үндсэн төлбөрийг төлөхөөр зөвшөөрсөн тул тэдний хүсэлтээр энэхүү зээлийг авч бүхэлд нь шилжүүлж өгсөн. Мөн энэхүү зээлийг авахад ******* ХХК-ийн захирал уг зээлийн мөнгөн хөрөнгийг , *******, түүний нөхөр нарын хүсэлтээр авч байгаа гэдгийг анхнаасаа бүрэн мэдэж байсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******оос 528,943,479 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн *******, , хаягт байршилтай 402,77 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,188,768 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 2,872,867 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлзэх эрхээр хангаагүй. 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр д өөрийгөө төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгосон боловч 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны үед хариуцагчийн эрх, ашгийг төлөөлөн хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсон гээд итгэмжлэлээсээ татгалзсан байна. Миний бие энэ талаар шүүх хурлаас хойш 2-3 хоногийн дараагаар гаас ирүүлсэн зурвасыг уншаад мэдсэн. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч тай холбогдоод яагаад татгалзах болсон талаар асууж тодруулахад таны цагдаад өгсөн гээд байгаа хэрэг чинь тодорхойгүй, та хариу өгөхгүй болохоор нь таныг өөрөө шүүх хуралдаа орсон нь дээр гэж бодоод итгэмжлэлээсээ татгалзахдаа таныг шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй гэж хариулсан.
Миний хувьд 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасан тайлбартаа анх зээл авах болсон шалтгаан нөхцлийг бүгдийг дурьдаад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн. Мөн бусдад залилуулсан талаараа Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргаж, шалгуулаад дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн өнөөдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Анхан шатны шүүх миний тайлбартай танилцсан бол намайг шүүх хуралдаанд оролцуулаад тайлбарт бичсэн нөхцөл байдлыг тодруулах боломжтой байсан.
Мөн надад итгэмжлэгдсэн төлөөлөгчийг төлөөлөх эрхээсээ татгалзсан талаар мэдэгдэж намайг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлзэх эрхээр минь хангасан бол шүүх хэргийг шийдвэрлэхэд бодитой дүгнэлт хийх байсан.
Гэтэл дан ганц нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагч миний хуулиар олгосон шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэртээ итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөх эрхээсээ татгалзсан талаар болон хариуцагч намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн үндэслэлийн талаар огт дурьдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль бус гарсан гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 528,943,479 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.1. ******* ХХК болон ******* нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь 350,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр тохиролцжээ.
3.2. Мөн өдөр ******* ХХК болон ******* нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, гэрээнд зээлдэгч, барьцаалуулагчийг төлөөлж *******, нар гарын үсэг зуржээ.
Барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, *******, *******, *******, 402.77 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч *******, /2 иргэний өмч/ нар болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээгээр тогтоогдож байна.
3.3. Барьцааны гэрээний барьцаалуулагч г нэхэмжлэгч тал хариуцагчаар тодорхойлоогүй боловч уг барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрх бүхий этгээд болохын хувьд түүний эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэх талаар анхан шатны шүүх зохигчдоос тодруулах байжээ. Ингэснээр нэхэмжлэгч талаас гаргасан барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн талаар дүгнэх учиртай.
Гэтэл энэ талаар анхан шатны шүүх тодруулах ажиллагаа явуулаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй болно.
4. Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүйг дурдах зүйтэй. Учир нь Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт Төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд төлөөлөгч төлөөллөөс татгалзах талаар зохицуулаагүй байна.
Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хэргийн оролцогчийн төлөөлөгч нь төлөөллөөс татгалзах талаар төлөөлүүлэгчдээ мэдэгдэх ёстой бөгөөд харин төлөөлүүлэгч өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзах талаар шүүхэд мэдэгдэж тухайн мэдэгдлийг бичгээр гаргах учиртай. Улмаар төлөөлөгч төлөөллөө хэрэгжүүлээгүйд анхан шатны шүүхийг буруутгахгүй юм.
5. Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/02387 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,872,867 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Э.ЗОЛЗАЯА