| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0424/Э |
| Дугаар | 429 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 429
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Эрдэнэ, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Г-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902002100102 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, эмээгийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, .... дугаар хороолол, бага тойруу гудамж, .... дүгээр байрны .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Г-ын М .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 9.17 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.М-: “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр найз А-гийн төрсөн өдөр гээд түүнтэй уулзах үед энгийн хувцастай цагдаа нар ирж надад үзлэг хийхэд 9.17 грамм жинтэй хэмжээтэй өвс гарч ирсэн, уг өвсийг би өөрөө түүсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний хаясан өвсийг авсан гэж айсандаа худал мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад нэг удаа боломж олгож, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр миний төрсөн өдөр болж, би найз М, Өнөрболд нар манайд ирсэн, намайг гэрийн гадна байхад энгийн хувцастай цагдаа нар ирээд барьсан. Өмнө нь би Төгөлдөр гэх найздаа 30.000 төгрөгөөр мансууруулах өвс худалдаж байсан болохоор цагдаа нар намайг шалагсан. Хамт байсан М, Өнөрболд нар хамт цагдаагийн хэлтэст очсон. Тэгсэн М-ын гадуур хувцасны халааснаас ууттай өвс гарч ирсэн. Би М-ыг мансууруулах өвс хэрэглэдэг талаар болон түүнийг мансууруулах өвстэй явж байгааг мэдээгүй. М бид хоёрын дунд мансууруулах бодистой холбоотой ямар нэгэн харилцаа байхгүй. ...М тэр өвсийг хаанаас, хэнээс авсан талаар би мэдэхгүй. ...Мөн-Оргил бид хоёр өмнө нь нэг багт хамт хөл бөмбөг тоглодог байсан, дотно сайн найзууд биш...” /хх-ийн 17/ гэсэн,
Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай найз А-ий төрсөн өдөр болж орой 18 цагийн үед уулзсан, энэ үед цагдаа нар ирээд биднийг шалгасан. Цагдаагийн ажилчид миний биед үзлэг хийхэд миний өмсөж явсан куртикны халааснаас цагаан өнгийн ууттай, нунтаг өвс гэх нэршилтэй мансууруулах ургамал гарч ирсэн. Би 2018 оны 9 сард Тэрэлжид найзуудтайгаа зугаалж явахдаа тэнд уг өвсийг ургаж байгааг харсан. Тэр өвсний талаар өмнө нь цахим сүлжээнээс мэдэж авсан байсан, тэгээд сонирхоод бага зэргийг түүж авсан. Өвс түүсэн талаар өөр хэн нэгэнд хэлээгүй, намайг ийм өвстэй болохыг өөр хүн мэдэхгүй. Тэр өвсийг цүнхэндээ хадгалж байгаад түүснээс хойш 4-5 удаа хэрэглэж үзсэн. Яаж хэрэглэдэг талаар цахим сүлжээнээс мэдсэн. Би энэ өвсөнд дондож магадгүй гэж бодоод өвснөөс бага хэмжээтэйг авч үлдээд, үлдсэн өвсийг жорлонд хийж урсгаж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүйгээр зөвөөр амьдарч чадна...” /хх-ийн 34-35/ гэсэн мэдүүлгүүд,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7/,
- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9/,
- Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №2060 дугаартай “Дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Ганхуягын М /РД: УХ00222232/-ын биед үзлэг хийх явцад хураан авсан гэх ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна.
3. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна...” /хх-ийн 20-21/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №2053 дугаартай “...Дүгнэлтэд: ...2. Шинжилгээнд ирүүлсэн Г.М-ын УХ0022232 гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” /хх-ийн 23-24/ гэсэн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №606 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Комиссын гишүүд доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав. 1. Г.М нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Г.М нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй байна.
4. Г.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Г.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартй байна.
6. Г.М нь мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
7. Г.М нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” /хх-ийн 26-27/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч Г.М-ын хувийн байдалтай холбоотой гэрч Д.Мөнхбаярын мэдүүлэг /хх-ийн 18/, ял шалгах хуудас /хх-ийн 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38, 74/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 39/, оюутны тодорхойлолт /хх-ийн 41/, бусад баримтууд /хх-ийн 43-57/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.М нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, уутны хамт 9.17 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Г.А-гийн болон шүүгдэгч Г.М-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хүний биед үзлэг хийсэн, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-7, 8-9/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны №2060, 2053 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Г.М нь НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хсэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал, ар гэрийн байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 1902002100102 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 9.17 грамм жинтэй /шинжилгээний хийсний дараа 8.4248 грамм жинтэй болсон/ “өвс” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамал Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Г-ын М-ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 9.17 грамм жинтэй /шинжилгээний хийсний дараа 8.4248 грамм жинтэй болсон/ “өвс” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамал Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
5. Эрүүгийн 1902002100102 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР