Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00943

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/02385 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй

*******т холбогдох

 

Тээврийн хэрэгслийн үнэлгээ болон эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Шинжээч тээврийн хэрэгслийг 110,540,000 төгрөгөөр үнэлснийг бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Учир нь зах зээлийн үнийн судалгааг www.unegui.mn цахим хуудаснаас татаж хийсэн бөгөөд энэ хуудаст иргэд өөрсдийн тогтоосон үнийг бичдэг учраас Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасныг зөрчсөн.

1.2. Нэхэмжлэгчийн нөхөр нь тухайн тээврийн хэрэгсэлд тоног төхөөрөмж суурилуулсан байхад төлбөр төлөгч нарыг оролцуулахгүйгээр тээврийг хэрэгслийг үнэлсэн. Шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг өмнө нь гаргаж байсан боловч бусдын өмчлөлийн хөрөнгө учир тохиролцох талаар ярьж байна.

1.3.Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тухайн автомашины өмчлөгч нь ******* биш ******* ХХК байдаг. Гэтэл *******ын эзэмшилд байгаа гэсэн үндэслэлээр төлбөрт төлөгдөх хөрөнгө гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Автомашины мөнгийг төлсөн иймд тээврийн хэрэгслийг хурааж, битүүмжилсэн ажиллагааг зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1148 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 748,882,950 төгрөгийг гаргуулж *******, ******* нар олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийн лавлагааг авахад тэдгээрийн өмчлөлд байгаа эд хөрөнгө нь бүгд гуравдагч этгээдийн барьцаа байгаа нь тогтоогдсон.

2.2. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд зааснаар арилжааны банканд төлбөр төлөгчийн дансыг битүүмжлэх, хасалт хийх тогтоолыг хүргүүлэхэд мөнгөн хөрөнгө тогтоогдоогүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар *******ын эд хөрөнгийг тогтоох үйл ажиллагааг зохион байгуулсан. Ингэхэд төлбөр төлөгч нарын ******* ХХК-д байрлах 3,8 тэрбум төгрөг барьцаанд байсан. Тухайн маргаан бүхий автомашин нь банкнаас 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон.

2.3. Шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа банкны өр төлбөр барагдуулах хэлтэст явагдаж байсан учраас тухайн хөрөнгө чөлөөлөгдсөн болохыг олж мэдсэн. Тухайн машиныг 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр битүүмжлээд хадгалалтыг *******ын ашиглалтад үлдээсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-д заасныг баримтлан битүүмжлэх ажиллагаа явуулсан. Тухайн эд хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлөгдсөн гэсэн бичгийг *******д өгөхгүй байгаа учраас төлбөр төлөгчийн өмчлөлд шилжихгүй байгаа юм.

Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, төлбөр төлөгч нар гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох тээврийн хэрэгслийн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, эд хөрөнгө битүүмжлэх тухай 22290130/06, эд хөрөнгө хураах тухай 22290130/07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.5-д Үнэлгээний талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д 2023 оны 12 дугаар сарын сарын 04-ний өдөр мэдэгдсэн гэх, үндэслэх хэсгийн 6-д хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч ******* нь Эд хөрөнгө битүүмжлэх тухай 22290130/06, Эд хөрөнгө хураах тухай 22290130/07 дугаар тогтоолтой холбоотойгоор ахлах шийдвэр гүйцэтгэгэчид гомдол гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна гэх дүгнэлтийг тус тус хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаж шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хуулийн хугацаанд гаргасан.

Мөн хариуцагч нь хөрөнгийг битүүмжлэх, хураах тогтоолтой холбоотойгоор гомдол гаргасан эсэх талаар хариуцагч маргадаггүй. Гэтэл шүүх нь шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн уг тайлбарыг тусгасан атлаа дээд шатны байгууллагат гомдол гаргасан эсэх үйл баримтад дүгнэлт өгөөгүй.

4.2. Хариуцагч байгууллага 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн эд хөрөнгө хураах, битүүмжлэх тогтоолын хүрээнд ******* ХХК-ийн өмчлөлийн Мерседез бенз /Меrcedez Benz/ G-55 маркийн арлын дугаартай, дугаар гэрчилгээтэй, улсын дугаартай автомашиныг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулса ажиллагаа нь хуульд нийцээгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4 дэх хэсэгт Төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн энэ хуулийн 86.1-д заасан бусад хоронгоос төлбөрийг гаргуулна гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь хураах болон бусад ажиллагаа гүйцэтгэх байтал энэхүү заалтыг зөрчин хууль бус ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс уг маргаан бүхий тээврийн хэрэгслийг өмчлөх эрхтэй ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөх талаар дурдаж түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд хүргүүлж ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг өгсөн боловч шүүх хангахаас татгалзсан.

Шүүх нь төлбөр төлөгчийн бус бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөхгүйгээр гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж хязгаарлаж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талаас нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

5.1. ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан. Хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан тээврийн хэрэгслийн үнэлгээ болон эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/01148 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 745,000,000 төгрөгийг гаргуулж *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.

 

4.1. Дээрх шүүхийн шийдвэрийг *******, ******* нар нь сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШЗ2021/14950 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 183/ГХ2021/01137 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үүсгэжээ.

4.2. Шийдвэр гүйцэтгэх газраас ******* ХХК-ийн өмчлөлийн, төлбөр төлөгч *******ын эзэмшил байгаа арлын дугаартай, улсын дугаартай Mercedes Benz G-550 маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 22290130/06 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 22290130/07 дугаар тогтоолоор хураасан ажиллагааг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

4.3. 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 22290130/06 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдэхдээ шийдвэр гүйцэтгэгч мөн тухайн автомашины хадгалалт, хамгаалалтыг төлбөр төлөгч *******т хариуцуулж, эрх, үүргийг танилцуулсан байх бөгөөд энэ талаар шийдвэр гүйцэтгэгч мөн өдөр тэмдэглэл үйлдсэн байна. Түүнчлэн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 22290130/07 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор уг автомашиныг хураах ажиллагаа хийхэд төлбөр төлөгч ******* нь автомашиныг хууль бусаар хурааж авч байгаад гомдолтой байна гээд гарын үсэг зурахаас татгалзсан талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байна.

Дээрх ажиллагааг төлбөр төлөгч ******* мэдээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд энэ ажиллагаанд тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид ажиллагаа явагдсанаас хойш 7 хоногийн дотор гомдол гаргах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнээс гадна дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцуулахаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг явуулахад хэн аль нь үнийн санал ирүүлээгүй байх тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцжээ.

 

6. Шинжээч ХХК нь арлын дугаартай, улсын дугаартай Mercedes Benz G-550 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 110,540,000 төгрөг болохыг тогтоосон байх бөгөөд хариуцагч байгууллага нь үнэлгээ болон тайланг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д гардуулж өгсөн байна.

6.1. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээнд гомдол гаргах 7 хоногийн хугацааг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс тоолбол 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргах байтал мөн сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар гомдол гаргах хуульд заасан хугацааг 2 хоногоор хэтрүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Иймд нэхэмжлэгч талын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн давж заалдах гомдол хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй.

 

7. ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн автомашины нэр шилжүүлэх тухай 641 тоот албан бичигт: Зээлдэгч ******* нь зээлийн өр төлбөрөө барагдуулсан тул барьцаа хөрөнгө болох улсын дугаартай, арлын дугаартай, саарал өнгийн Benz G550 маркийн автомашиныг түүний хүсэлтийн дагуу ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг *******д хүргүүлжээ. Иймд уг автомашин нь ******* ХХК-ийн өмчлөлийн зүйл болохын хувьд хариуцагч байгууллагыг холбогдох ажиллагаа явуулах эрхгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/02385 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг 44.3 гэснийг 44.4 гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА