Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2019/0426/Э |
Дугаар | 431 |
Огноо | 2019-06-14 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 431
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Б.О, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ын О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1910009600426 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ....... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ын О .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “24” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа иргэн Э.Л-той маргалдан, зодож, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.О-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, би торгуулийн ялыг зөвшөөрч байгаа, энэ ялыг сард 100,000 төгрөг төлөхөөр хугацаа тогтоож өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Э.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр орой 22-23 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 нэртэй хүнсний дэлгүүрээс талх авах гээд ороход Б.О гэх хүн дэлгүүрийн гадаа халамцуу сууж байснаа намайг дуудахаар нь чадахгүй гэж хэлээд дэлгүүр рүү ороод эргээд гараад ирсэн чинь намайг дахин дуудаж, чи яасан том хулгайч вэ, наашаа хүрээд ир, чи намайг таних уу гэхээр танихгүй гэтэл миний баруун талын нүд рүү гараараа цохисон. Би тухайн үед нүдээ дараад доош тонгойсон чинь дахин 1 удаа гараараа доороос нүүр рүү өлгөж цохисноо ар дагз руу гараараа цохиж, шилэн хүзүүнээс баруун гараараа бариад хана руу нүүрээр нидрүүлж мөргүүлсэн. Би буланд шахуулсан байсан болохоор нүүрээ гараараа дараад та яагаад байгаа юм, одоо хэрэггүй болъё гэсэн. Чи одоо намайг таньсан уу гээд байсан...” /хх-ийн 11-12, 13-15/ гэсэн,
Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэртээ иртэл манай ах Э.Л хүнд зодуулчихсан байдалтай орон дээр хэвтэж байхаар нь хэнд, хэзээ, хаана зодуулсан талаар асуухад урьд өдөр нь 22 цагийн үед хүнсний дэлгүүрийн гадаа Огоо гэх хүнд зодуулсан гэж хэлсэн. ...Би ахыгаа харсан чинь баруун нүд нь хөхөрч хавдсан, хамар, дух, зүүн хацар нь шалбарч хоолой нь улайчихсан байсан...” /хх-ийн 24-25/ гэсэн,
Шинжээч эмч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дүгнэлт гаргахдаа зөвхөн шинэ гэмтлүүд болох 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүдийг тусгаж гаргасан. Уг шинэ гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 34/ гэсэн,
Шүүгдэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Чи хэний хүүхэд юм гэтэл нэлээн хэгжүүн би Энхжаргалын хүүхэд байна гэхээр нь танай ээж чинь Бондгор Нараа гэдэг билүү гэтэл миний ээжийг бондгор Нараа гэдэг, хэн юм гээд миний зүүн талын хүзүү хэсэг рүү гараараа 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь танай ээжийг чинь Бондгор Нараа гэдэг биздээ гэтэл дахин миний толгой руу цохих гэхээр нь би гараараа хаагаад ер нь намайг цохидог хэн юм гээд дух руу нь гараараа хоёр удаа цохисон, тэгээд бид хоёр бие биенээсээ уучлалт гуйж эвлэрсэн. ...Тухайн үед би Э.Л гэх хүний дух хэсэг рүү нь хоёр гараараа ээлжилж хоёр удаа цохисон, тэрнээс өөр цохиогүй...” /хх-ийн 44-45/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №4690 дугаартай “...Дүгнэлтэд: 1. Э.Л-ийн биед гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, 1 шүдний паалангийн эмтрэл, дух, хамар, нуруу, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 30/,
- Өргөдөл /хх-ийн 3/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 5-7/,
- Шүүгдэгч Б.О-ын хувийн байдалтай холбоотой гэрч Д.Б-ын мэдүүлэг /хх-ийн 27-28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 50/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/, шийтгэх тогтоол, шүүхийн захирамжийн хуулбарууд /хх-ийн 53-54/,
- Хохирогч Э.Л-ийн “...эмчилгээний зардалд 300,000 төгрөг өгч надаас уучлалт гуйсан тул надад ямар нэг гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 61/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “24” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа иргэн Э.Л-той маргалдан зодож, улмаар эрүүл мэндэд нь “гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, 1 шүдний паалангийн эмтрэл, дух, хамар, нуруу, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Л-ийн “...Намайг дахин дуудаж чи яасан том хулгайч вэ, наашаа хүрээд ир, чи намайг таних уу гэхээр танихгүй гэхэд миний баруун талын нүд рүү гараараа цохисон. Би тухайн үед нүдээ дараад доош тонгойсон чинь дахин нэг удаа нүүрний доороос гараараа өлгөж цохиод ар дагз руу мөн гараараа цохиж, шилэн хүзүүнээс баруун гараараа бариад хана руу нүүрээр нидрүүлж мөргүүлсэн...” /хх-ийн 11-12/ гэсэн, шүүгдэгч Б.О-ын “...Чи хэний хүүхэд вэ гэхэд нэлээн хэгжүүн би Энхжаргалын хүүхэд гэсэн, тэгэхээр нь танай ээжийг бондгор Нараа гэдэг билүү гэхэд миний ээжийг бондгор Нараа гэдэг, хэн бэ гээд миний зүүн талын хүзүү хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь танай ээжийг чинь бондгор Нараа гэдэг биздээ гэхэд дахин миний толгой руу цохих гэхээр нь би гараараа хаагаад ер нь намайг цохидог хэн бэ гээд дух руу нь гараараа хоёр удаа цохисон тэгээд бид хоёр бие биенээсээ уучлалт гуйж эвлэрсэн. ...Тухайн үед би Э.Л гэх хүний дух хэсэгт нь хоёр гараараа ээлжилж хоёр удаа цохисон, тэрнээс өөр цохиогүй...” /хх-ийн 44-45/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №4690 дугаартай “...Дүгнэлтэд: 1. Э.Л-ийн биед гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, 1 шүдний паалангийн эмтрэл, дух, хамар, нуруу, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Л-ийн эрүүл мэндэд гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, тархи доргилт, 1 шүдний паалангийн эмтрэл, дух, хамар, нуруу, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид эмчилгээний зардалтай холбоотой 300,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 61/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг түүний ажил эрхлэлтийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 8 сарын хугацаанд нэг сард 100,000 төгрөг төлөхөөр хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн 1910009600426 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.О-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.О-ын торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд, сард 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.О-д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1910009600426 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР