| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/02886/И |
| Дугаар | 210/МА2025/00944 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/00944
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/02839 дугаар шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй
*******т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2978 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 379,113,333 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2,496,567 төгрөгийг тус тус гаргуулж, *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******7 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн *******, *******, , хаягт байршилтай 229.44 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
1.2. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******7 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, *******, ******* , хаягт байршилтай 229.44 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 918,562,766 төгрөгөөр үнэлсэн болохыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шуудангаас үнэлгээний мэдэгдэл ирүүлснийг хүлээн авч мэдсэн.
1.3. Уг орон сууцны 1 м.кв талбайн зах зээлийн үнэ 5,000,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Гэтэл зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү
1.4. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар худалдан борлуулах үнийн санал авахгүйгээр 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг гаргаж, дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг оруулсанд гомдолтой байна. Уг ажиллагааг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч гомдлыг хангаагүй. Иймд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2978 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 379,113,333 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2,496,567 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.
2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******7 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, *******, *******, , хаягт байршилтай 229.44 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 24280069/7 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор хураасан.
2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт хураасан эд хөрөнгийн үнэлгээ тогтоох мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад төлбөр төлөгч үнийн санал ирүүлээгүй, үнийн санал өгөхөөс татгалзсан. Харин төлбөр авагч 385,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлж, харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон бөгөөд шинжээч хөрөнгийг 918,562,766 төгрөгөөр үнэлсэн.
2.4. Шинжээчийн дүгнэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн албан тоотоор, төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн. Харин анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг төлбөр төлөгч нар болон төлбөр авагчид 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус тус албан бичгээр, албадан дуудлага худалдааны тогтоолтой гардуулан өгч, гарын үсгээр баталгаажуулсан.
2.5. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд анх санал болгосон дүнд хүрэх санал ирээгүй тул төлбөр төлөгч нар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгч нарт биечлэн танилцуулсан. Төлбөр төлөгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн албан бичигт 2 дахь албадан дуудлага худалдаагаар борлуулах мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгааны хаягт баталгаат шуудангаар илгээсэн. Төлбөр төлөгч утсаа аваагүй тул 99100382 дугаарт зурвас үлдээсэн. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. ******* нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй.
Барьцаа хөрөнгийг үнэлэхтэй холбоотой ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг шат шатанд нь гаргасан юм байна. Гэхдээ гомдлыг нь хангаагүй юм байна. Зээл 2021 оных байгаа, гомдол гаргах эрхээ эдлэх замаар хугацаа авч байгаа гэж хардаад байна. Төлбөр төлөгчид гомдол гаргах эрх нь байгаа хэдий ч ямар л эрх байна, бүх эрхээ эдэлж, хугацаа хожиж байна. гэв.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн 229.44 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай, 229.44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж ... санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн болох нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх 155/9298 дугаар мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгох тухай тус нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд гаргасан болох нь тус шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан дардсаар тогтоогдож байна. Хариуцагч нь ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн байх боловч нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байх тул хариуцагчид холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.
5.2. Хэрэгт авагдсан баримтаар 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4-155/9298 дугаар үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гардаж авч мэдсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч талаас гаргаж шүүхэд ирүүлсэн баримт болох үнэлгээний мэдэгдлийн доорх тэмдэглэгээ болон 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгч ын үнэлгээний мэдэгдэл танилцуулсан баримт, шуудангаас хүлээн авсан шуудангийн баримт зэргээр нотлогдоно.
Гэтэл шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтгүй тайлбарыг үндэслэн дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.
5.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заасан тул ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4-155/9298 дугаар мэдэгдлээр уг барьцаа хөрөнгийг 918,562,766 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шуудангаас үнэлгээний мэдэгдэл ирүүлснийг хүлээн авч мэдсэн ба уг үнэлгээнд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүссэн.
Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/8 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4-155/10217 дугаар мэдэгдлээр анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт явагдах болсон талаар мэдэгдсэн.
Хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах эсэхийг тодруулахгүй, гомдол гаргах хугацаа олгохгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан худалдан борлуулах үнийн санал авалгүйгээр 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр буюу 6 хоногийн дараагаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг гаргаж анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг оруулсанд гомдолтой байна. Мөн хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас шүүхэд гомдол гаргаж нотлох баримтаа хүсэлтийн хамт тус газарт гаргаж өгсөн байтал дуудлага худалдаанд оруулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, 62 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
5.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний талаар гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгчийн саналыг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож болох ба нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь орон сууцны үнэлгээнд тус шүүхэд гомдол гаргасан байх ба түүнчлэн нэхэмжлэгч нь орон сууцыг бие даан худалдан борлуулах санал гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн үнэлгээний тайланг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан болох нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримтын хуулбараар нотлогддог.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******гийн төлөөлөгч д 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үнэлгээний мэдэгдлийг мэдэгдсэн болох нь үнэлгээний мэдэгдлийг гардуулсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл болон 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4-155/9298 дугаар үнэлгээний мэдэгдлийн доор бичигдсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно. гэж заасан. Нэхэмжлэгч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гардаж авсан тул үүнээс хойш 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан борлуулах тухай санал гаргаж болох байсан. Уг хугацаа нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дуусаж байгаа буюу анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш тогтоол гаргаж зарлаж болох байсан.
Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үнэлгээний мэдэгдлийг *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д мэдэгдэж гардаж авсан баримт нь хэрэгт авагдсан байдаг. Үнэлгээний мэдэгдлийг мэдэгдсэнээс хойш 1 хоногийн дараа 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/8 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаж, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4-155/10217 дугаар мэдэгдлээр анхны албадан дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдсэн бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
6.1. ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02978 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 379,113,333 төгрөгийг гаргуулж ХХК-д олгож, *******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *******7 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, *******, Бага тойруу, , хаягт байршилтай, 229.44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4.1. Дээрх шүүхийн шийдвэрийг *******, ******* нар нь сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэгч байгууллага нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2023/21300 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 181/ГХ2023/01264 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүсгэжээ.
4.2. Шийдвэр гүйцэтгэх газраас *******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *******7 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, *******, Бага тойруу, , хаягт байрлах, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 24280069/7 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 24280069/10 дугаар тогтоолоор хурааж авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.
4.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцуулахаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг явуулахад төлбөр авагч ХХК-иас 385,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлснийг төлбөр төлөгч нар зөвшөөрөөгүй, өмчлөгч ******* үнийн санал ирүүлээгүй байх тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4/117 дугаар тогтоолоор ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцжээ.
5.1. Шинжээч ХХК нь барьцаа хөрөнгийг 918,562,766 төгрөгөөр үнэлсэн байх ба шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээлгэж өгсөн байна.
5.2. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр *******гийн оршин суух Чингэлтэй дүүрэг, *******, бага тойруу гудамж, , 10 тоот хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай 4-155/9298 дугаартай мэдэгдлийг Монгол шуудангаар хүргүүлсэн байна. /хх22/
5.3. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үнэлгээний мэдэгдлийг ******* ирж гардаж авч, гарын үсэг зуржээ.
5.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээнд гомдол гаргах 7 хоногийн хугацааг мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар баталгаат шууданд хийсэн огноогоор буюу 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс тоолбол нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргах байтал мөн сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар гомдол гаргах хуульд заасан хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үнэлгээний мэдэгдлийг ******* ирж гардаж авсан байдлыг шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн хугацааг өөрөөр тоолох үндэслэл болохгүй болно.
6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/8 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор дээр дурдсан хөрөнгийг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 918,562,766 төгрөгийн 70 хувь буюу 642,993,936 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг тогтоон 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, тогтоолыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар болон төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлэхийг 157 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэжээ.
6.1. Дээрх тогтоолыг хүргүүлэх 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4-155/10217 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д мөн өдөр хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулсан байна. /хх-146/
6.2. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж зааснаар хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай санал гаргаагүй байна. Иймд өөрийн хөрөнгийг бие даан борлуулах боломжийг олгоогүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
7. Түүнчлэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/4 дугаар тогтоолоор барьцааны зүйлийг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 918,562,766 төгрөгийн 50 хувь болох 459,281,383 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг тогтоон 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч байгууллагын нэрийг орхигдуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Иймд тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулна.
9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/02839 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон аанхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА