| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/01755/И |
| Дугаар | 210/МА2025/01024 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/01024
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03304 дугаар шийдвэртэй,
*******ийн нэхэмжлэлтэй
*******,*******-т холбогдох
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 6/120 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэлээр Төрийн өмчит хуулийн этгээдийн өмчийн удирдлага, засаглал хяналтын тогтолцоог сайжруулах, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, зохион байгуулалтад засаглал, ил тод байдал, конплаенсийн болон гүйцэтгэлийн үнэлгээ, дотоод аудитын хяналт хариуцсан удирдлагын чиг үүргийг бий болгож, холбогдох хуульд заасан журмын дагуу шаардлага хангасан эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллахыг Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал гүйцэтгэх захирал нарт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/2076 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг даалгасан.
1.2. *******,*******-ын зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/2076 дугаар албан бичгээр ирүүлсэн чиг үүргийн дагуу ******* миний ажиллаж байгаа Захиргаа удирдлагын хэлтсийн дарга-ын албан тушаалын орон тоог бүтцийн өөрчлөлтөд оруулан өөрчилж байгаа тул тухайн албан тушаалаас чөлөөлөх шаардлагатай болсныг 2024 оны 12 дугаар сарын эхээр мэдэгдсэн бөгөөд дээрх нөхцөл байдалтай уялдуулан ...бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан үүрэгт ажлаас чөлөөлж өгөх хүсэлт ...-ийг өөрөө бичиж өгөхийг шаардсан.
1.3. *******,*******-ын захирлаас тавьж буй дээрх хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд өөрөө хүсэлт бичиж өгөх шаардлагыг удаа дараа эсэргүүцэж, няцаасан боловч удирдлагын зүгээс хууль болон хөдөлмөрийн дотоод журмаар олгогдсон давуу эрхийн хүрээнд удаа дараа хууль бусаар шаардаж тулгасны эцэст ******* миний бие 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан үүрэгт ажлаас чөлөөлж өгөх хүсэлт-ийг удирдлагын шахалтаар бичсэн бөгөөд ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.
1.4. Гэтэл Захиргаа удирдлагын хэлтсийн дарга-ын албан тушаал нь өнөөдрийг хүртэлх хугацаанд бүтцийн өөрчлөлтөд ороогүй хэвээр хадгалагдсаар байгаа нь ******* намайг ажлаас чөлөөлсөн *******,*******-ын захирлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 6/120 дугаартай тушаал нь хууль бус болохыг нотлон харуулж байна.
Иймд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 6/120 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Тушаалын үндэслэл нь холбогдох хууль болон хүсэлтийн дагуу хууль зүйн үндэслэл бүрдсэн бөгөөд нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргасан тул хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн. Хариуцагчийн зүгээс албадан хүсэлт бичүүлсэн зүйл байхгүй. Хүний хэлснээр хүсэлт гаргах боломжгүй. Хэрэгт дарамт үзүүлсэн гэх баримт байхгүй. Нотлох баримтгүй нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар хариуцагч *******,*******-т холбогдох 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 6/120 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2025 оны 01, 02 дугаар сарын цалин орлогыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулахыг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 11 дүгээр сараас эхлэн *******,*******-ын захирлаас тавьсан удаа дараагийн хууль бус шахалт, шаардлагын дагуу 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ... Бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан. Ажил олгогчийн зүгээс Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/2076 дугаар "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичгүүдийг үндэслэн байгууллагад бүтцийн өөрчлөлт явуулах гэж байгаа талаар тайлбарлаж, мэдэгдсэн болов ч дээрх үйл баримт, хууль зүйн үндэслэлүүд нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 6/120 дугаар тушаалд огт тусгагдаагүй. Гэсэн атлаа нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл болголгүй тушаалын хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан ..., 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ... Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй... гэх хууль зүйн зохицуулалтын үндэслэл болгон нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө дураараа гаргасан мэт дүгнэж ажилтныг төөрөгдөлд оруулж хууль бусаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.
Хэрэв *******,*******-ын захирлаас 2024 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч *******т тавьсан Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/2076 дугаар "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичгүүдийг үндэслэн тус байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдэж нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал хасагдаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж буй тушаалын хууль зүйн үндэслэлд дээрх бүтцийн өөрчлөлтийн үндэслэл болсон Засгийн газрын хуралдааны 39 дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын Чиглэл хүргүүлэх тухай А/2076 дугаар албан бичгүүдийг бүхэлд нь тусгаж улмаар тушаалын хууль зүйн үндэслэлүүд өөр байдлаар тодорхойлогдох хууль зүйн үр дагавар үүсгэх байсан.
Гэтэл хариуцагчийн зүгээс тушаалын хууль зүйн үндэслэлээ дээрх байдлаар тодорхойлж чадаагүйгээс гадна нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал нь бүтцийн өөрчлөлтөд ороогүй хэвээр хадгалагдсаар байгаа нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн 6/120 дугаар тушаал нь хууль бус болохыг нотлон харуулж байна гэж тус тус тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаанд хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д ... Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан ..., 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ... Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй... гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж маргаан бүхий 6/120 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэсэн гэж маргасан.
Зүй нь ажилтны зүгээс хариуцагчид хандаж гаргасан хүсэлтийн үндэслэл нь ... Хувийн байдал ...-д эсхүл ... Ажилтнаас үл шалтгаалах нөхцөл байдал ...-д үндэслэсэн эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийн хүрээнд тогтоогдож буй нөхцөл байдал, түүний хууль зүйн үр дагаварт дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар *******,*******-т холбогдох нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж тодорхойлсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт ...Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй... гэж заасан.
Нэхэмжлэгчийн зүгээс хуулийн дээрх шаардлагын дагуу гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн болон шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримтад хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь заалтад тодорхой дурдсан бөгөөд дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Тодруулбал:
Нэхэмжлэгч нь 6/120 дугаар тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан ... Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор... хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан. Дээрх хугацааг нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан ... Хүлээн авсан өдрөөс хойш ... гэх хуулийн ерөнхий зохицуулалтаар бус шийдвэр гаргасан 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тооцоолсон нь нэхэмжлэгчээс гурван талт хороонд гомдол гаргах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хуулийн дагуу тооцоолоход маргаангүй байх хууль зүйн үр дагаврыг урьдчилан тооцоолсон.
Улмаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч *******ийн гомдлыг хянан хэлэлцээд 25/09 дугаар шийдвэр гаргасан бөгөөд тухайн шийдвэрийг нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гардан авч 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан үйл баримтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан ... Ажлын 10 өдрийн дотор ... гэх хуулийн хугацааг хэтрүүлсэн зүйл нэхэмжлэгчид байхгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хэрхэн үүссэн, тухайн нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй хууль зүйн ямар үр дагавар үүссэн талаар шийдвэрийн үндэслэх болон бусад хэсэгт дурдсан, дүгнэсэн зүйл байхгүй атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг алдагдуулсан байна.
Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд анх нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүгчийн 191/ШЗ2025/07951 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШЗ2025/07951 дугаар захирамжийн үндэслэл нь "... Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан гэж дурдсан бөгөөд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн /Шийдвэрт 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэж тэмдэглэгдсэн/ 25/09 дугаар шийдвэрийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гардан аваад 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нэгэнт нотлогдсон үйл баримт бөгөөд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлага хангахгүй байна.
4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хэрэг маргаанд зайлшгүй, чухал ач холбогдол бүхий нотлох баримт гэж заавал байдаг. Өөрөөр хэлбэл шүүх хэрэг маргааныг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтад үндэслэн шийдвэрлэх хууль зүйн зарчимтай. *******ийн нэхэмжлэл бүхий хөдөлмөрийн эрхийн маргаанд чухал ач холбогдол бүхий бичгийн баримт нь түүний 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид хандан гаргасан. ...Бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан ажлаас чөлөөлөгдөх тухай... хүсэлт юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг.
Нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид хандаж гаргасан хүсэлт нь байгууллагын бичиг хэргийн бүртгэлд бүртгэгдэж, удирдах албан тушаалтны цохолтоор бүртгэл хяналтын карт хөтлөгдөж, шийдвэрлэх эрх, үүрэг бүхий албан тушаалтан хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж дуусгавар болсны эцэст архивын нэгж болон тухайн байгууллагад хадгалагдаж үлддэг баримт бичгийн төрөл юм.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй татгалзлаа нотлох чиг үүргийн хүрээнд өөрийн зүгээс гаргаж өгөх боломжтой өөрт байгаа дээрх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдааны явцад дээрх нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал тайлбарлан мэтгэлцэхэд шүүх тухайн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Зүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх шаардлагатай гэж үзвэл нотлох баримт цуглуулах нэмэлт ажиллагaa явуулах хууль зүйн зохицуулалттай бөгөөд хэрэв нотлох баримт цуглуулах дээрх ажиллагааг явуулалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж байгаа нөхцөлд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийх хууль зүйн зохицуулалттай бөгөөд хэргийн хүрээнд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсгүүдэд заасан нотлох баримтыг үнэлэх хуулиар тогтоосон зарчим, шаардлагыг хангаж чадаагүй байна.
4.4. Хариуцагч *******,*******азар нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1/84 дугаартай албан бичгээр *******, ******* нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөх эрх олгосон итгэмжлэл олгосон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан. /хх-ийн 41/ Хариуцагчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагчийн зүгээс хуульд заасан үүргийн хүрээнд шүүхэд үндэслэл бүхий хариу тайлбар, нотлох баримт гаргасан зүйл байхгүй шүүх хуралдаанд оролцсон.
Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... гэж үзэх хууль зүйн үр дагавар үүснэ. Мөн хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн агуулга бүхий тайлбарыг удаа дараа гаргаж байхад шүүх бодит нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илт дортуулсан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.
4.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрх тэгш байх, шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах хууль зүйн зохицуулалттай. Гэтэл шүүгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага тайлбараа тодорхойлох үе шатнаас эхлэн ... Намтар түүх нь надад хэрэггүй... гэх мэтээр нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад мэтгэлцэх, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үр дагаварт хүргэсэн.
Иймд давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч тал нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Давж заалдах гомдолд нотлох баримтыг бичгээр гаргаж өгөөгүй гэж дурдсан боловч нэхэмжлэгч өөрөө нотлох баримтыг бүрдүүлэх, өөрөө бүрдүүлэх боломжгүй бол шүүхэд хүсэлт гаргаж бүрдүүлэх ёстой байтал нэхэмжлэгч энэ эрхээ эдлээгүй. *******,*******-аас маргаан таслах комиссын уулзалтад очихдоо гомдолд дурдсан бүх баримт бичиг, мөн ажлаас гарах хүсэлт зэрэг бүх тайлбарыг өгсөн. Тухайн баримтуудыг хуулбарлаж авах боломжтой байсан боловч нэхэмжлэгч уг эрхээ эдлээгүй.
5.2. *******ийг дарамталж, үндэслэлгүйгээр ажлаас халсан нь тогтоогдоогүй. Учир нь бүтцийн өөрчлөлтөд оруулахаас өмнө захиргаа удирдлагын хэлтсийн дарга гэх албан тушаал *******,*******-т байсан. Бүтцийн өөрчлөлтөөр ******* технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсанаар парк нь хэрэгжүүлэх алба болсон. Ингэснээр бүтэц нь өргөжиж, орон тоо нэмэгдсэнээр санхүүгийн хэлтэс гэх тусдаа шинэ хэлтэс байгуулах бүтцийн өөрчлөлт хийсэн болохоос тухайн захиргаа удирдлагын хэлтсийн дарга гэх албан тушаалыг байхгүй болгосон зүйл байхгүй. Иймд тухайн албан тушаал одоог хүртэл байх бөгөөд *******ийг хүсэлт гаргаснаас хойш 2 сарын хугацаанд хүн ажиллаагүй. ******* ажлаас халагдах хүсэлтийг гэнэт өгснөөс шалтгаалаад бэлтгэл ажил хийгдээгүй, тухайн байгууллагын үйл ажиллагаа доголдсон. ******* нь ажлаас дарамталж, шахаж гаргасан гэх боловч тухайн үед удирдлагын зүгээс дарамтлаагүй болох нь тогтоогдсон. Үүнд үүрэгт ажлаа орхиж гадагш явсан хэдий ч энэ талаар арга хэмжээ аваагүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******,*******-т холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 6/120 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Хөдөлмөрийн эрхийн маргаан буюу гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотолгооны үүрэг ердийн ажиллагаанаас өөрөөр хуваарилагддаг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрхийн харилцаатай холбоотой бичиг баримтыг ажил олгогч үйлддэг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч буюу ажилтан нь гомдолд үндэслэл, нотолгоог заана гэж зохицуулжээ. Нэхэмжлэгч буюу ажилтнаас гомдолд заасан нотолгоог хариуцагч буюу ажил олгогч гаргаж өгөх учиртай.
Иймд хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн эрхийн маргаантай хэрэгт ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол уг гэрээг, ажилтны ажлын байрны тодорхойлолт, цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлах байдлаар сануулах, чиглүүлэх ажиллагааг хийгээгүй алдаа гаргасан байна.
Түүнээс гадна маргааны зүйл болох ажилтнаас хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар гаргасан хүсэлт хэрэгт баримтаар авагдаагүй тохиолдолд уг хүсэлтэд хүсэл зориг илэрхийлэгдсэн байдалд дүгнэлт өгөх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй. Анхан шатны шүүх ажилтнаас ажил олгогчид гаргасан гэх хүсэлтийг баримтаар авагдаагүй байхад хийсвэрлэж дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь хөдөлмөрийн эрхийн маргааны нотлогдвол зохих зүйл болох ажилтны гаргасан хүсэлт гэх үйл баримтыг талуудын тайлбараар тогтоох үйл баримтад хамааруулахгүй юм.
4. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03304 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Э.ЗОЛЗАЯА