Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 441

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Д.Ширэндэв, хохирогч А.О, шүүгдэгч Э.У, нарийн бичгийн дарга Б.Сосорбарам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Э-ийн У-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710004790369 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Лидерс партнер” ХХК-д барилгын заслын бригадын ахлагч ажилтай, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн .... дүгээр гудамжны .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овгийн Э-ийн У.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.У нь шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор 2017 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Центро” баарны хойд талын авто зогсоолд байрлаж байсан иргэн А.Э-ын өмчлөлд бүртгэлтэй “ВМW-760” маркийн 72-77 УНИ улсын дугаартай авто машин дотроос иргэн А.О-ын эзэмшлийн цүнхтэй бэлэн мөнгө, гар утас, гар утасны дагалдах хэрэгслүүд, бичиг баримтууд, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,515,320 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүгдэгч Э.У-а: “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр би хүүгээ авах гээд О-ын гэрт нь ирсэн. Тухайн үед би Дундговь аймгаас ирж байсан бөгөөд замд миний утасны цэнэг дуусчихсан учир Оюунаагийн гэрт ороход Оюунаа “чамайг ирэхээр чинь нэг газар орж тухтай уулзъя гэж бодсон юм” гэхээр нь би за за тэгвэл хамт нэг газар оръё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэрээс нь гараад 19 дүгээр хороололд байрлах “Цэ” пабад орж хүний 2-3 пиво уусан. Дараа нь тэндээсээ гараад 19 үйлчилгээний төвд байдаг “Центро” гэдэг бааранд орсон. Тэнд орж архи авч уусан, би нилээн согтчихсон байсан. Тухайн үед О ариун цэврийн өрөө орохоор нь араас хамт явсан, ...тэр хооронд Х руу залгаж Оюунаа тасарчихсан талаар нь хэлсэн. ...О Х-г мөрлөж, би ширээн дээр байсан О-ын куртик, цүнх, гар утас зэрэг эд зүйлсийг аваад хойноос нь хамт гарсан. Тухайн үед би нилээн согтсон байсан. Тэгсэн О машиндаа суухгүй гээд орилоод байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь О-ын гэрээс хүүхдээ авч такси бариад шөнө 03 цаг өнгөрч байхад найзындаа хоночихсон байсан. Маргааш өглөө нь Дундговь аймаг руу хүүхдээ аваад ажилтай байсан болохоор ажил руугаа явсан. Тэр үед О-ын гар утас надад байсан бөгөөд гар утсыг нь аваад явчихсан юм...” гэв.

 

Хохирогч А.О-ын: “...Тухайн үед У хүүхдээ авна гээд манайд ирсэн. Тэрнээс өмнө нь бид хоёр уулзах үед У-аа миний эд зүйлийг авч байсан бөгөөд тэр үед асуудал үүсгэлгүй өнгөрч байсан. Хоёр жилийн дараа У-аа яриад хоёулаа ярилцая, би чамаас уучлалт гуймаар байна, танайд ороод утсаа цэнэглэж болох уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд манайд ирээд бид хоёр ярилцсан. У-аа өнгөрсөн 5 жилийн хугацаанд чамайг зовоож байсандаа уучлал гуйж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед эвлэрч байгаа байна гэж итгэсэн. Дараа нь бид хоёр бааранд орсон бөгөөд сэтгэл хөдлөөд нилээн уусан. Х надад хэлэхгүйгээр У-аад мөнгө өгдөг байсныг нь мэдээд би тухайн үед Х руу уурласан. Тэгтэл У-аа би явлаа гээд яваад өгсөн. Дараа нь Х бид хоёр маргалдаж байгаад машиндаа суугаад явах болсон чинь миний цүнх байхгүй байсан. Тэгээд У-ааг тэр хавиар хайгаад олдохгүй болохоор нь гэртээ харьсан. Тэгсэн хүү Сумъяабазарыг У-аа аваад явсан байсан. Маргааш өглөө нь У-аа надруу манай гэрийн утас руу залгаад за гайгүй юу найз нь нилээн муудсан байна, чи гайгүй юу гэж асуухаар нь гайгүй, харин найз нь цүнхээ алдчихсан байна, чи хараагүй юу гэж асуухад хараагүй гэж хэлсэн. Тэгээд цагдаад өргөдөл өгөх гэтэл баасан гараг болж таараад даваа гарагт цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Одоо хохирлын мөнгө болох 2.515.320 төгрөгийг долоо хоногийн дотор шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч А.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 8-ны орой нөхөр Х-гийн салсан эхнэр У-атай уулзаж Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын “Цэ” пааб-д пиво ууж байгаад тэндээсээ гараад “Центро” баар орж вино уусан. ...Шөнийн 01 цаг өнгөрч байхад нөхөр ирээд намайг баарнаас аваад явах гэтэл би машинд суухгүй гээд нилээн юм болсон. ...Энэ үед би үүрч явсан цүнхээ нөхөртөө өгсөн. Нөхөр маань цүнхийг өөрийнхөө 72-77 УНИ улсын дугаартай хар өнгийн автомашины сандал дээр орхиод намайг аргадах гээд буцаж ирсэн. ...Тэгээд нэлээн маргалдаж байгаад бид хоёр гэртээ харих болоод машиндаа суугаад би нөхрөөс цүнх яасан гэхэд би машиныхаа арын сандал дээр байрлуулсан шүү дээ харин одоо алга болчихсон байна гэсэн. ...Ойр орчимд манай нөхөр мөн салсан эхнэр У-аа нь байсан. ...Тухайн үед намайг согтуу нөхөртэйгээ муудалцаж байх үед хажууд У-аа байсан. Тэгээд миний цүнхийг хулгайлсан, яагаад гэвэл миний алдсан гар утсанд У-аа өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утсыг хийж ашигласан байна. Түүнийг мэдсэнээс хойш түүнтэй уулзах гээд огт чадахгүй байна. Тэр өөрөө ч мэдэж байгаа болохоор энэ тэнд зугтаагаад яваад байгаа байх. Би тухайн үед цүнхэн дотор байсан зарим эд зүйлсээ үнэлээгүй орхисон одоо тэр бүгдийг үнэлэх болно. Ингээд надад нийт 5,901,000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 23-25, 82/,

Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ  “...У надруу залгаад О согтчихсон байна, ирж аваарай, бид хоёр Центро баарны ард байна гэхээр нь би өөрийн 72-77 УНИ улсын дугаартай хар өнгөтэй ВМW 740 маркийн автомашинаа бариад очтол тэр хоёр хоёулаа гар утсаа авахгүй байхаар нь баар руу орж хайсан, гэтэл У “Центро” баарнаас гарч ирээд О-ыг дотор байгаа гэхээр нь би баарлуу ортол О тайзан дээр бүжиглэж байхаар нь очоод явъя гэтэл уурлаад эхлэхээр нь би О-ыг үүрээд авч гарсан. Энэ үед У надад О-ын барьж байсан гар утсыг нь өгсөн, тэгээд би машин дээр очоод О-ын цүнхтэй эд зүйлсийг нь шалгаад гар утсыг нь мөн адил цүнхэн дотор нь хийгээд зогсож байхад О согтуу уурлаад зам руу гарч гүйх гээд байхаар нь би араас нь очиж аваад машин дээр ирээд О-ын цүнхийг нь өөрийнхөө машины урд талын суудал дээр тавьсан, О уурлаад байсан болохоор машинаа түгжсэн эсэхээ мэдэхгүй байна. Тэгээд О уурлаад салахгүй болохоор нь би У-ыг чи одоо явах хэрэгтэй байна, тэгэхгүй бол О уурлаад байна гэхэд У-аа явсан, харин би О-тай зууралдаад машинд суулгах гээд үлдсэн. Тэгээд О-ыг машинд арай гэж суулгаад хөдлөх гэтэл машин дотор байсан О-ын цүнх нь алга болчихсон байхаар нь гайхаад тэр хавиар хайсан боловч олдоогүй, тэр хавьд бидний ойролцоо хэдэн таксины жолооч бид хэд л байсан, гэхдээ таксины жолооч нар нилээн зайтай хол байсан...” /хх-ийн 36-37/ гэсэн,

 

Гэрч П.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...8019.... дугаарыг би анх 2017 оны хавар Юнителийн салбараас 8019.... гэх дугаартай хосоор нь авч байсан. Тухайн 8019.... дугаарыг манай эхнэр Э.У тухайн авсан үедээ барьж байсан, тэгээд 8803.... гэх дугаарыг барьсан. 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр уг дугаарыг яагаад гар утсанд яагаад хийснийг мэдэхгүй. Би хийгээгүй, уг дугаартай сим карт тухайн уед Э.У-ад байсан, 2017 оны 9 дүгээр сард манай эхнэр Э.У нь салсан нөхрийнхөө шинэ эхнэр Оюунаатай уулзаад архи дарс уусан байсан, тэгээд орой нь салахдаа нөгөө Оюунаа гэгч нь согтуу байсан учраас юмнуудыг нь авч өгөхдөө гар утсыг нь үлдээчихсэн байна гэж надад хэлсэн...” /хх- ийн 83/ гэсэн,

 

Яллагдагч Э.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүүхдээ авах гээд Х-гийн гэрт орсон, О намайг ирсэн гээд хамт гарахаар болж бид нар Цэ нэртэй паабад ойролцоогоор 21 цагийн үед орсон. Тэгээд бид хоёр нилээн удаан сууж пиво уусан. Тэндээс гараад 19-ийн үйлчилгээний төвийн бааранд орьё гэхээр нь зөвшөөрч орсон. ...Би 00-д орж Х руу залгаж ирээд ав гэж хэлсэн. ...Тэндээс Х О-ыг үүрээд, би куртик, цүнх, гар утас зэргийг нь аваад гарсан. ...О-ын гар утас надад байгааг маргааш нь мэдсэн. Тэгээд би маргааш нь хөдөө явах ажилтай байсан болохоор шууд явсан гар утсыг нь аваад явчихсан юм...” /хх-ийн 80-81/ гэсэн мэдүүлгүүд,

- Үүрэн холбооны оператор “Юнител” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 3- ны өдрийн 05-01/5224 дугаартай, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 05- 01/2014 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаа /хх-ийн 40, 46/,

- “Дамно” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №ХУ1-19-29 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-66/,

- Өргөдөл /хх-ийн 12/,

- Шүүгдэгч Э.У-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 86/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 87/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 88/, ял шалгах хуудас /хх-ийн 89/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 95/, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 96/ болон бусад баримтууд /хх-ийн 26, 33-36, 39-42, 44/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.У-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                               

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Э.У нь шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор 2017 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Центро” баарны хойд талын авто зогсоолд байрлаж байсан иргэн А.Э-ын өмчлөлд бүртгэлтэй “ВМ\/У-760” маркийн 72-77 УНИ улсын дугаартай авто машин дотроос иргэн А.О-ын эзэмшлийн цүнхтэй бэлэн мөнгө, гар утас, гар утасны дагалдах хэрэгслүүд, бичиг баримтууд, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,515,320 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.О /хх-ийн 21-22, 23-25/, гэрч Б.Х /хх-ийн 36-37/ нарын болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-81/, үүрэн холбооны оператор “Юнител” ХХК-ийн албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаа /хх-ийн 40, 46/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-66/ болон хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.У-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.О-д 2.515.320 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Э.У-аас 2,515,320 төгрөгийг гаргуулж хохирогч А.О-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э.У нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй, хохирол төлбөр барагдуулахаар шүүхээс завсарлага авсан боловч энэ хугацаанд хохирол төлж барагдуулаагүй, хохирогч А.О гомдолтой гэсэн зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Э.У-ад хуульд заасны дагуу хорих ял оногдуулж, уг ялыг хөнгөн ангиллын гэмт хэргийг анх удаа үйлдсэнийг нь харгалзан нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1710004790369 дугаартай хэрэгт хураагдаж эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.У нь “...цүнхтэй эд зүйлийг би аваагүй, утас нь надад байсныг маргааш нь би мэдсэн, цүнхтэй эд зүйлийн үнийг би төлнө...” гэж мэдүүлж байгаа нь гэрч Б.Х-гийн “...Энэ үед У надад О-ын барьж байсан гар утсыг нь өгсөн, тэгээд би машин дээр очоод О-ын цүнхтэй эд зүйлсийг нь шалгаад гар утсыг нь мөн адил цүнхэн дотор нь хийгээд зогсож байхад О согтуу уурлаад зам руу гарч гүйх гээд байхаар нь би араас нь очиж аваад машин дээр ирээд О-ын цүнхийг нь өөрийнхөө машины урд талын суудал дээр тавьсан, О уурлаад байсан болохоор машинаа түгжсэн эсэхээ мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, үүрэн холбооны оператор “Юнител” ХХК-ийн албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаа /хх-ийн 40, 46/ зэргээр няцаагдах ба түүний ингэж мэдүүлснийг нотлосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч  Б овгийн Э-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн У-ад 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ад оногдуулсан 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У /РД: ........, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн .... дүгээр гудамжны .... тоотод оршин суух/-аас 2,515,320 /хоёр сая таван зуун арван таван мянга гурван зуун хорь/ төгрөг гаргуулж, хохирогч А.О /РД:.........., Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ...... хотхон ....... тоотод оршин суух/-д олгосугай.

 

5. Эрүүгийн 1710004790369 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.У цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.У-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР