| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/00924/И |
| Дугаар | 210/МА2025/01023 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/01023
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02355 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
*******, ******* нарт холбогдох
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 49,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 210/MA2022/01141 дугаар магадлалаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* хаягт байрлах 10 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч *******, ******* нарт даалгаж, ******* ХХК-иас 83,760,000 төгрөг гаргуулж хариуцагч *******, ******* нарт олгох шийдвэрийг нэгэн зэрэг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.
1.2. Өөрөөр хэлбэл тухайн талбайг өмчлөгч ******* ХХК-д буцаан шилжүүлэх үүрэгтэй болохыг шүүхийн дээрх шийдвэрээр тогтоосон бөгөөд энэхүү магадлалтай хариуцагч нар маргаагүй. Гэтэл *******, ******* нар тухайн хөрөнгө өөрсдийнх нь өмчлөлийнх биш болох нь хуулийн дээрх хүчин төгөлдөр шүүхийн магадлалаар нэгэнт тогтоогдсон, энэ талаар мэдсээр байж үр шимийг үндэслэлгүйгээр хүртэж 2022 оны 6 дугаар сараас хойш 7, 8, 9, 10, 11, 12, 2023 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарыг дуустал, 2024 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 2025 оны 1, 2, 3 хүртэлх хугацаанд талбайг түрээсэлж олсон орлого болох 49,500,000 төгрөгийг *******, ******* нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Анх 2012 онд ******* ХХК-ийн барилгад үйлчилгээний талбай худалдаж авах захиалгын гэрээ хийж талбай авсан боловч галын аюулгүй байдлын дүгнэлт, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх гарахгүй байсан учир талбайг үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй болсноос шүүхэд хандсан бөгөөд дээрх шийдвэрүүд гарсан. ******* ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлж надад төлөх 83,760,000 төгрөгийг төлөөгүй нөхцөлд өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байхад дахин тус асуудлаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэр гүйцэтгэх газраас надад төлбөр орж ирсэн талаар хэлээгүй. ******* ХХК үнэхээр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлсөн бол үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан 49,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 697 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт заасан нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй байх журмыг баримтлан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01049 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 210/MA2022/01141 дугаар магадлал тус тус хуулийн хүчин төгөлдөр болсон тул маргах эрхгүй буюу шүүхийн шийдвэр дараагийн эрх зүйн маргааны үндэслэл болох учиргүй гэжээ.
Энэхүү дүгнэлт ёсоор бол уг хэргийг анх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нэхэмжлэлийг ******* ХХК гаргасан байна. Гэтэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан байхад анхан шатны шүүх уг хуулийн зохицуулалтыг зөрчсөн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Учир нь шүүх анх уг нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэхдээ болон шүүгчийн татгалзан гаргах тухай (урьд анхан шатны журмаар шийдвэрлэхэд оролцсон, хэргийн талаар урьдчилсан төсөөлөлтэй болсон гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр гаргасан) хүсэлтийг өмнөх үйл баримтаас ялгаатай цаг хугацаанд бий болсон үйл баримтыг шийдвэрлүүлэхээр хандсан нэхэмжлэл гэж үзэж ажиллагааг явуулсан гэж ойлгосон.
Хэрэв шүүгч уг хэргийг урьд шийдвэрлэгдсэн үйл баримтаар дахин маргасан гэж үзсэн тохиолдолд дээрх процесс хуулийн зохицуулалтын дагуу уг хэргийг шийдвэрлэхэд оролцох хууль зүйн боломжгүй байсан байна.
4.2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт талбайг бусдад түрээслүүлэн ашиг олсон гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй болно гэсэн нь шүүхэд нэхэмжлэгч талаас уг нотлох баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тусгайлан өөрчлөх замаар үндэслэлээ тодруулж, шүүхийн журмаар гаргуулах боломжтой баримтыг цуглуулах хүсэлт гаргасныг хангахгүй орхисон атлаа нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
4.3 Улсын Дээд шүүхээс гаргасан тогтоолуудад аливаа этгээд өмчлөгч биш болохоо мэдэх ёстой буюу мэдсэн үеэс хойш түүний үр шимийг хүртсэн тохиолдолд шударга бус эзэмшигч гэж үзэх тухай зохих дүгнэлтүүд хийгдсэн байна. Гэтэл энэ хэрэгт *******, ******* нар нь өмчлөгч биш болохоо мэдсээр байж 3 жилийн хугацаанд тухайн хөрөнгийг ашиглаж үр шим хүртсэн, үүнийгээ хуралдааны асуулт хариултын шатанд хүлээн зөвшөөрсөн бөгөөд төлбөрийг бүрэн шилжүүлснээс хойшхи хугацаанд ч үргэлжлүүлэн ашигласаар байсан болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талаас нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. ******* ХХК болон бидний хооронд үүссэн иргэний маргаан 2012 онд эхэлсэн бөгөөд 2016 онд эцэслэн шийдвэрлэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй атлаа биднийг талбай суллаж өгөхийг шаардаж, биднийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж гүтгэсэн. Гэвч нэхэмжлэгч компанид бодитоор хохирол учраагүй тул давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч компанид бүх хөрөнгийг нь хүлээлгэж өгсөн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 49,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2022/01141 дугаар магадлалаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* 10 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч *******, ******* нарт даалгаж, энэ шийдвэрийн дагуу хариуцагч *******, ******* нарын эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* 10 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан шилжүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01049 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч ******* ХХК-иас 83,760,000 төгрөг гаргуулж хариуцагч *******, ******* нарт буцаан төлөхийг шийдвэрлэсэн шийдвэрийг нэгэн зэрэг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр болжээ.
4. Хэрэгт ын эзэмшлийн, ******* ХК дахь тоот данснаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эзэмшлийн, ХК дахь дансанд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 23 удаагийн шилжүүлгээр 84,496,750 төгрөгийг ******* ХХК 2068966,, гэсэн утга заан шилжүүлсэн гэх цахим баримтыг гаргаж өгсөн боловч хариуцагч тал уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар баримтгүй байна. Уг цахим баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар шинжлэн судлаагүй, QR код-оор дижитал хэлбэрээр хадгалагдсан мэдээлэл уншигдаж байгаа эсэх талаар тэмдэглээгүй байна.
4.1. Иймд нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрт заасан мөнгөн хөрөнгийг хариуцагч талд шилжүүлсэн нь тогтоогдохгүй байгаагаас гадна шүүхийн шийдвэрийг нэгэн зэрэг биелүүлэх үүргээ ******* ХХК биелүүлээгүй гэж дүгнэнэ.
5. Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд үүрэг үүссэн, мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал мөнгөн хөрөнгө төлөх үүргээ гүйцэтгэтэл хариуцагч тал тайлбайн эзэмшлийг шилжүүлэх үүргийг саатуулах эрхтэй. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт 49,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.
5.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт хууль тогтоогч 2 үндэслэлийг зааж шаардах эрхийг тодорхойлсон. Энэ тохиолдолд шаардах эрхийн үндэслэл болох мөн зүйлийн 492.1.1 эсхүл 492.1.2-т заасны аль нэгийг баримтлах бөгөөд харин техникийн хувьд ерөнхийлөн заасан мөн зүйлийн 492.1 дэх хэсэг дангаараа шаардах эрх болохгүй болно.
6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02355 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 492.1, 492.1.1 гэснийг 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 405,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Э.ЗОЛЗАЯА