Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 453

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ш.Нямдорж, шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч О.Санчирбал, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт А-ийн М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902003070146 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймаг Галшар суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ..... дүгээр гудамж .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт А-ийн М.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.М нь өөрийн зурагтай, төрсөн эгч А.М-ын мэдээлэлтэй Т003.... дугаартай буцах үнэмлэх буюу хуурамч бичиг баримт бичгийг ашиглаж Бүгд Найрамдах Турк улсаас 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа агаарын боомтоор Монгол улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч А.М-: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Турк улсын Станбул хотоос өөрийн төрсөн эгч А.М-ын бичиг баримтаар Монгол улсын хилээр орж ирж байгаад “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудал дээр баригдсан. Би 4 цагийн турш байцаалт өгсөн, мөн Тагнуулын ерөнхий газрын байцаагчид 2 цагийн турш байцаалт өгсөн. Буруу зүйл хийсэндээ харамсаж байна, дахин ийм зүйл хийхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ  “...Энэ буцах үнэмлэхийг би гаргуулж аваагүй, уг баримт бичгийг манай дүү А.М гаргуулж авсан байна. Тухайн буцах үнэмлэхийг хэрхэн яаж авсан талаар би мэдэхгүй байна. Манай дүү 2015 онд Турк улс руу явахдаа миний гадаад паспортыг аваад явсан байсан. Энэ талаар би сүүлд мэдсэн. Би шинээр гадаад паспорт гаргуулж авсан байгаа, уг паспорт нь надад байгаа, харин дүүгийн авч явсан паспорт хаана байгааг би мэдэхгүй байна...” /хх-ийн 52-54/ гэсэн,

Шүүгдэгч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Би Турк улсад очоод нэг залуутай танилцаад, хамт амьдардаг байсан. Тэгээд манай нөхөр миний гадаад паспортыг барьцаанд тавьж Турк улсад амьдардаг Монгол хүнээс 500 гаруй доллар зээлсэн, тэгээд тухайн мөнгийг төлж байх хугацаанд манай нөхөр миний паспорт дээр надад хэлэлгүй дахин их хэмжээний мөнгө зээлээд Монгол руу явсан. Тэгээд намайг өөрийн паспортаа авах гэтэл танай нөхөр дахин мөнгө зээлсэн, уг мөнгийг төлж байж паспортоо ав гэсэн. Тэр үед би энэ талаар ээжид хэлэхэд хүний өмнөөс мөнгө төлөөд яах юм гэж хэлсэн, тэгээд би паспортаа буцааж авахаа больсон. Тэгээд хамт амьдардаг эгч өмнө нь хүний паспортаар Монгол руу орж байсан талаар хэлж байсан, тэр үед ээж бас хүний баримт бичгээр Монгол орж болно гэж хэлж байсан, тэгээд би эгчийн нэрээр Монгол Улс руу орохоор болсон юм...” /хх-ийн 89-93/ гэсэн мэдүүлгүүд,

- 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1321 дугаартай “Мэдээлэл, баримт бичиг гаргуулах тухай” прокурорын зөвшөөрлөөр А.М, А.М нарын хилээр нэвтэрсэн лавлагааг Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулан авсан тухай баримт /хх-ийн 23-25/,

- 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1322 дугаартай “Мэдээлэл, баримт бичиг гаргуулах тухай” прокурорын зөвшөөрлөөр А.М, А.М нарын иргэний үнэмлэх, гадаад паспорт авахдаа бүрдүүлсэн баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан авсан баримт /хх-ийн 29-36/,

- Хилийн зөрчлийн материал /хх-ийн 3-10/,

- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-20/,

- Эд мөрийн тооцсон тухай тогтоол: “Монгол улсаас Бүгд Найрамдах Турк улсын Истамбул хотод суугаа ерөнхий консулын газраас олгосон А овогтой М нэртэй Т003.... дугаартай буцах үнэмлэх...” /хх-ийн 49/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны №2164 дугаартай “Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн А-ийн М РД:СИ93062200/ нэртэй Т003.... дугаартай буцах үнэмлэх нь жинхэн.

Шинжилгээнд ирүүлсэн А-ийн М РД:СИ93062200/ нэртэй Т003.... дугаартай буцах үнэмлэхэн засвар хийгдээгүй. Харин мэдээллийн хэсгийг хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр нөхөж бичсэн байна” /хх-ийн 67-68/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны №2165 дугаартай “Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн Т003.... дугаартай паспортны 2 дугаар нүүрний зүүн хэсэгт дүрслэгдсэн ARIUNAA овогтой MUNKHZUL-н гэх хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн ШУ...... регистрийн дугаартай А-ийн М-гийн гэх гэрэл зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрхтэй тохирч байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Т003.... дугаартай паспортны 2 дугаар нүүрний зүүн хэсэгт дүрслэгдсэн ARIUNAA овогтой MUNKHZUL-н гэх хүний гадна дүр төрх ньхарьцуулах загвараар ирүүлсэн ШУ...... регистрийн дугаартай А-ийн М-гийн гэх гэрэл зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрхтэй гадаад дүр төрхийн хэв шинжтэй, хүйс /харагдах байдлаар/, толгойн хэлбэр, үсний хэмжээ, өнгө, үсний хагалбар, үсний хөвөөний хэлбэр, нүүрний дүрсний хэмжээ, арьсны өнгө, духны өргөн, хөмсөгний хэлбэр, хэмжээ /будсан байдал/, хөмсөг хоорондын зай, өнгө, нүдний зовхи давхраа, нүдний хэлбэр, хэмжээ, харилцан байрлал, нүдний ангархай, хамрын хянган, хэлбэр, хамрын угалз, зүүн талын хамрын угалз дээрх цоолбортой, амны хэмжээ, уруулын жэмийлтийн шугам, уруулын байрлал, цорвойлт, эрүүний өндөр, чихний дэлбэнгийн хэмжээ, хэлбэр, чихний дэлбэн болон омог хэсэгт цоолбортой, дух, баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөг дээрх мэнгэ зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна” /хх-ийн 70-74/ гэсэн дүгнэлт,

- Шүүгдэгч А.М-гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97/, гэрч Л.Уртнасангийн мэдүүлэг /50-51/, гэрч А.М-ын мэдүүлэг /хх-52-54/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 96/, ял шалгах хуудас /хх-ийн 98/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 101-104/ сэжигтэн, яллагдагчийн бүртгэл /хх-ийн 105-106/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                               

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч А.М нь өөрийн зурагтай, төрсөн эгч А.М-ын мэдээлэлтэй Т003.... дугаартай буцах үнэмлэх ашиглаж Бүгд Найрамдах Турк улсаас 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр байх Буянт-Ухаа агаарын боомтоор Монгол улсын хилийг нэвтэрсэн болох нь гэрч А.М-ын “...Энэ буцах үнэмлэхийг би гаргуулж аваагүй, уг баримт бичгийг манай дүү А.М гаргуулж авсан байна...” /хх-ийн 52-54/ гэсэн, шүүгдэгч А.М-гийн “...Би эгчийн нэрээр Монгол улсаас Турк улсад суугаа элчин сайдын яамаар дамжуулан түр үнэмлэх гаргуулан уг үнэмлэхээр Монгол Улс руу орохоор болсон юм...” /хх-ийн 89-93/ гэсэн мэдүүлгүүд, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1321 дугаартай “Мэдээлэл, баримт бичиг гаргуулах тухай” прокурорын зөвшөөрлөөр А.М, А.М нарын хилээр нэвтэрсэн лавлагааг Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулан авсан тухай баримт /хх-ийн 23-25/, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1322 дугаартай “Мэдээлэл, баримт бичиг гаргуулах тухай” прокурорын зөвшөөрлөөр А.М, А.М нарын иргэний үнэмлэх, гадаад паспорт авахдаа бүрдүүлсэн баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан авсан баримт /хх-ийн 29-36/, хилийн зөрчлийн материал /хх-ийн 3-10/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-20/, эд мөрийн тооцсон тухай тогтоол /хх-ийн 49/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны №2164 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-74/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол улсад орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хил нэвтэрсэн гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

Шүүгдэгч А.М нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, хэргээ үнэн зөвөөр шударгаар мэдүүлсэн зэрэг түүний хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт хураагдан ирсэн А-ийн М-ын Т003.... Монгол улсын буцах үнэмлэх нэг ширхэг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 1902003070146 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч  Б овогт А-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсад орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хил нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд шүүгдэгч А.М-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг А.М-д анхааруулж мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн А-ийн М-ын Т003.... дугаартай түр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн 1902003070146 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчтэй болох бөгөөд шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                  Д.АЛТАНЖИГҮҮР