Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 164

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/01220/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 868 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Гомбожав овогт Н-ийн Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Булгадар овогт Р-ийн М-д холбогдох 

          “Гэм хорын хохирол 13.440.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэннаст, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

     Нэхэмжлэгч Н.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

     2015 оны 6 дугаар сард миний бие нь 3 га газарт манжин тариалан 10 сарыг дуустал ургац хэвийн явагдаж, хурааж авахад бэлэн болсон байсан. Гэтэл иргэн Р.М-ийн малаа хариулаагүй, хашаагүй зэрэг хариуцлагагүй байдлаас болж 70 орчим үхэр 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд манай талбайн хашааны тор дайран эвдэж орж шар манжинг идэж тасдан, талбайг гишгэж талхалсанаас болж энэ жил 3 га газрын ургац бүрэн алдсан. Энэ тухай сумын удирдлагуудад мэдэгдэж 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 826 дугаартай Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн Засаг дарга, Газрын даамал, Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн нар ургацын хохирлын хэмжээг сумын дундаж ургацаар тооцон шар манжин 1 га талбайгаас 6.4 тонн ургац авах боломжтой байсан болохыг тогтоосон. Үүнээс үзэхэд 1 кг манжин 700 төгрөг, 1 га талбай 6.4 тонн 4.480.000 төгрөг, 3 га талбай 13.440.000 төгрөгийн орлого олох байсан гэж үзэж байна. Р.М-ид энэ тухай удаа дараа мэдэгдэж хохирол төлбөрөө шаардсан боловч элдэв хэл амаар доромжилж сүүлдээ хэрүүл зодоондоо тулахад хүрсэн тул хохирол төлбөрийг шүүхээр гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

      Иймд Р.М-оос гэм хорын хохирол 13.440.000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгч Н.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Р.М-ийнх 5 дугаар сард нүүж ирсэн айл. Залуу хүмүүс мөн малтай болохоор би энэ хавьд ногоо тарьдаг, тэгэхээр малаа хариулгатай байлгаарай гэж хэлж байсан. 7 дугаар сараас хойш маргаан тасраагүй. Манайх 5.5 га газарт хүнсний ногоо тариалсан. Манай сумын тогтоосон журмаар бол тариалалтын үед малтай айлууд малаа байнгын хаших, хариулгатай байлгах, 04 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 10 хүртэл отор нүүдэл хийж байх ёстой. Эхний хураалтаа хийгээд, 3 га газарт тариалсан манжин үлдсэн байсан. Манайх ер нь га-аас 10-20 тонн ургац авдаг айл. Хашаандаа 2 гүний худагтай услалтын талаар асуудалгүй. Гэхдээ сумын дундаж гээд зохих газраас нь тогтоосон 6.4 тонн ургац алдсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн манжин тухайн үедээ газар дээрээ 1000 төгрөгөөс дээш төгрөгөөр зарагдаж байсан. Би хамгийн доод үнэ болох 700 төгрөгөөр тооцсон. Манайх өөрсдийн амьдардаг хашаа байшинтай зэрэгцээд л ургац тариалдаг талбайтай, тэр нь гэрэлтүүлэгтэй. Эдний үхэр шөнө орж ирсэн. Бид гаргах гээд хүчрээгүй. Шөнө зураг авсан, мөн үүрээр зураг аваад, гэр бүлийн хүн маань сумын төв рүү зохих хүмүүст мэдэгдэхээр явсан.Р.М- 50-60 үхрээ өөрөө ирж тууж аваад явсан. Тэгээд сумаас хүн ирж талбайг хэмжиж үзсэн. Манай хашаа бол сумаас тогтоож өгсөн журмын дагуу хийсэн хашаа гэжээ.

    Хариуцагч Р.М- шүүхэд гаргасан тайлбартаа:

    Иргэн Н.Б- нь 1 га орчим газар манжин тариалж түүнийгээ хурааж зарчхаад намайг 70-аад үхрээрээ манжин идүүлсэн гэж гүжирдэж байгаад гомдолтой байна. Манайх малын А дансаар 70 үхэргүй, эдний хашаа маш муу 3-хан үе тортой зарим газраа 2-хон банзтай, хоорондын зай 6-7 м зэрэг нь Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын журамд ногооны талбай 4-6 үе тортой хоорондын зайн хэмжээ 2-3 метр байх ёстой гэснийг зөрчсөн байгааг зургаар нотолсон болно. Иймд нэхэмжлэл ор үндэсгүй гүтгэлэг, арчаагүй, ажилгүй хүмүүс амар хялбар аргаар мөнгө олох гэсэн арга гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэннаст шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлээд байгаа мөнгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 3 га газарт манжин тарьсан гэх юм. Эднийхийг огт тариагүй гэхгүй. Гэхдээ тарьсан манжингаа бүрэн хураагаад хот руу ачуулсан талаар гэрчүүд мэдүүлсэн байгаа. Эднийх өөрсдөө хашаагаа сайжруулж, ургацаа хамгаалах ёстой. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтооосон журмаар малчид малаа хариулж, хашаалж байх, тариаланчид ногооны талбайг 4 үе тор татаж, хашаалах ёстой. Гэтэл эдний хашаа тун муу. Эдний хажуугаар манай сумын сайн ногоочид бий. Тэд нарын хашаа их сайн байдаг. Мал гаргахаар их хэцүү, байнга хаших болдог. 3 га газрын манжин идлээ гэхэд тал ногоо үлдэнэ биз дээ. Идээд дуусна гэж лав байхгүй, талхлагдсан, гишгэгдсэн хагас хугас нь үлдэх байх. Манай үхрийн хашаа блокооор өрсөн. Манай үхэр ороогүй. Манай үхэр гэдгийг яаж мэдэж байгаа юм. Үхэр бүр гарал үүслийн гэрчилгээтэй, ийм тамгатай байгаа, малын эмч тодорхойлох ёстой. Ер нь манайхан амьдардаг Зөгийн дэнж бол мал ихтэй. Манайх 30-аад үхэртэй. Хашиж байж л саадаг, өглөөгүүр сүүгээ тушаадаг. Иймд хүлээн зөвшөөрөхгүй, сумын удирдлагууд тэр өдөр тодорхойлолт хийж өгсөн албан тушаалтнуудын буруу гэдгийг тогтоосон байгаа гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн тайлбар байнга зөрдөг. Давж заалдах шатны шүүх дээр нэг өөр тайлбар, анхан шатны шүүх дээр бас өөр тайлбар, одоо мөн тайлбар нь зөрөөд байна. Урд нь 2015 оны 10 дугаар сарын 20-23-ны өдөр хүртэл 3 хоногийн дотор тухайн ногоог нь үхэр идсэн юм шиг тайлбарлаад байсан байж нэг журам олж уншчихаад шөнө гэж хэлэхгүй бол болохгүй юм байна гээд 22-23-ны шилжих шөнө гэж яриад байгаа. Өмнөх 10 дугаар сарын 20-ны өдөр, 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд Р.М-ийн үхэр идсэн гээд байсан нь юу болсон бэ?. Өмнө нь ногоо хураасан талаар төдийлөн мэдүүлэг өгөөгүй. Гэтэл одоо 1 га газрын ногоог хураагаад зарсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байна. Энэ нь ямар нэгэн байдлаар ногоогоо хураасан байна шүү дээ. Иргэний хуулийн 501 дугаар зүйлийн 501.2-т зааснаар гэрийн тэжээмэл амьтны өмчлөгч нь гэх тодотгол байгаа. Тэгэхээр дээрх хуулийн зохицуулалтаар Р.М- нь санаатайгаар малын хашааны торыг тасдаж мал оруулсан эсвэл ногоо тарьсан гэдгийг мэдсээр байж ногооны талбай дундуур малаа туугаад явчихсан бол хариуцлага хүлээх асуудал яригдана. Тэгвэл мал идсэн гэж үзэх гэж байгаа бол эзнийх нь ямар нэгэн үйлдэл байхгүй учраас Р.М- хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 868 дугаар  шийдвэрээр:

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар 13.440.000 төгрөгийг хариуцагч Р.Мижидоржоос гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Б-оос 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХААН банк төрийн сан 190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 225.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 868 дугаар  шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнэж шийдвэр гаргасангүй. Н.Б-ын талбайд Н.Мижиддоржийн үхэр орж манжинг идэж, гишгэлж талхалснаас 3 га газрын манжингийг ургац алдагдсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлсэнгүй. Гэрч Ё.Бямбасүрэнгийн мэдүүлэг, гэрч Б.Тэмүүжингийн мэдүүлэг, нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн гэрэл зургууд, Орхон сумын Баян-Өлзийт багийн засаг даргын 2015.10.26-ны өдрийн 828 тоот байгаа /хх-28, хх-61/. Эдгээр нь техникийн шинжтэй алдаа гаргасан талаар дурдсанаас биш дотор нь бичсэн үйл баримтыг үгүйсгээгүй. Энэхүү 828 тоот тодорхойлолтыг гаргасан албан тушаалтнууд болох Хөдөө аж ахуйн мэргэжилтэн С.Нарантунгалагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-114/, Газрын даамал ажилтай Түмэнцогтын гэрчээр өгсөн мэдүүлгээр:

-Иргэн Ё.Бямбасүрэнгийн гаргасан өргөдөл гомдлын дагуу талбай дээр очиж тухайн үеийн бодит байдлын талаар тодорхойлсон болохоо мэдүүлдэг. Түүнчлэн тухайн сумын газарт хэмжилт хийх эрх бүхий албан тушаалтан болох газрын даамал Түмэнцогт мэдүүлэгтээ “... холбогдох албан тушаалтнуудын хамт Н.Б-ын талбайд хэмжилт хийж  3 га газрын ургац алдсан болохыг хэмжиж тогтоосон” гэж гэрчээр мөн мэдүүлэг өгсөн зэргээр хангалттай нотлогдож байна гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг маргааны  үйл баримтад  хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь харьцуулан тал бүрээс нь үнэлж  үзвэл 2015 оны 10  дугаар сарын 20-ноос 25-ны хооронд иргэн Р.М-ийн үхэр Н.Б-ын тариалангийн талбайн хашааны торыг  эвдэн орж, тариалсан  шар манжинг идэж, ургацыг талхалж  гишгэсэн  гэх үйл баримт  хангалттай тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгчийн шаардлагаа нотлохоор шүүхэд ирүүлсэн баримт болох фото зураг хэдийд авагдсан болон дээрх зурагт байгаа үхэрнүүд хариуцагчийнх болох талаар нэмэлт нотолгоо байхгүй, үзлэг хийлгэх, таньж олуулах зэрэг нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийлгэх талаар нэхэмжлэгч  болон түүний өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

 Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хэд хэдэн хүнийг гэрчээр асуусан боловч тэдгээрийн мэдүүлгүүд үйл баримтыг нотолж чадаагүй,  гэрч асуухад байлцсан нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэрэгт ач холбогдолтой байж болох асуултуудыг гэрчид тавиагүй, гэрчүүд эх сурвалжаа заагаагүй байна.

 Тухайлбал  хэзээ, хэний, хэдэн үхэр орж хэдий хэмжээний манжин идсэн болон сүйтгэсэн болох нь тодорхойгүй,  хичнээн га талбайд шар манжин тарьсан тэр нь хэр зэрэг ургаж хэдэн тонн манжин хураах боломжтой байсан түүнээс хэдий хэрийг үхэр идэж, хэдий хэмжээнийх нь чанарын шаардлага хангахааргүй болсон гэх мэт маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байдлууд тодорхойгүй байна.

 Нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан бусад гэрчүүд түүний манжин тариалсан гэх газрын хэмжээг өөр өөрөөр тодорхойлсон, хариуцагч талын гэрчүүд хариуцагчийг малаа шөнө хашдаг байсан, нэхэмжлэгч хурааж авсан манжингаа бусдад ачуулсан,  борлуулсан гэх зэрэг мэдүүлгүүд хэрэгт цугларсан боловч Р.М-ийг үхрээ хариулгагүй орхисноос бусдын тариаланг сүйтгэсэн гэм бурууг, мөн хохирлын хэмжээг шууд нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

            Тариалалтийн талаарх мэдээ болон Засаг даргын дэргэдэх комиссын дүгнэлт  зэргийг  үйл баримт болон хохирлын хэмжээг тодорхойлох хэмжээнд шүүх үнэлээгүйг буруутгах боломжгүй юм. Ургацын гэх комиссын дүгнэлт нь процедурын хувьд журам зөрчиж гарсан боловч агуулга нь үнэн зөв гэж үзсэн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Учир нь комиссын бүрэлдэхүүнд оролцсон хүмүүс бүрэлдэхүүнээрээ газар дээр нь очиж нөхцөл байдалтай зохих журмын дагуу танилцаж, хохирлын хэмжээг зохих шалгуур үзүүлэлтээр хэмжилт хийх  зэрэг бусад боломжит байдлаар шалгаж тогтоогоогүй бөгөөд газар дээр нь очиж үзсэн   мэргэжилтэн С.Нарантунгалаг нь шүүхэд гэрчээр асуугдахдаа нэхэмжлэгч хэдэн га газарт манжин тарьсан байсан, тэр нь хэр ургасан, ургацын эсхүл талбайн  хэмжээний хэдэн хувь нь үхэрт идэгдэж талхлагдсан талаар тодорхой эх сурвалж зааж мэдүүлээгүй байна.

Тодорхой үйл баримт нөхцөл байдал үүсэж, хохирол гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нөхцөлд тариаланч малчид нарын үйл ажиллагаандаа дагаж мөрдөх журмыг тодорхойлсон /малаа хариулгад хөлсөөр өгөх, тор татах гэх мэт/ орон нутгийн засаг захиргааны байгууллагаас эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан эрхийн актуудын  заалтуудыг иш үндэс болгон тэдгээрийг биелүүлээгүйд шууд буруутгаж хэн нэгний гэм буруутайг эсхүл гэм буруугүйг тогтоох боломжгүй байна.

Иймд гэм хорын хохирлыг гаргуулахад шаардлагатай нөхцөл байдлууд болох үйл баримт, хариуцагчийн гэм буруу болон  хохирлын хэмжээ зэргийг нэхэмжлэгч нотолж чадаагүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн тухайн маргаанд хамааралгүй өөрөөр хэлбэл хохирлыг гаргуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхэд ач холбогдолтой хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх заалтыг баримталсан нь буруу байна.

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 868 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын:

            “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д  зааснаар...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар...” гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199.270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ОЮУНЦЭЦЭГ                        

                                          ШҮҮГЧИД                                                      С.ЭНХЖАРГАЛ 

                                                                                                                 О.НАРАНГЭРЭЛ