Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 143

 

   Г.О, Ж.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

өмгөөлөгч Г.Батбаяр, Г.Хандсүрэн, Ш.Бадмаараг, З.Цэнгэнбаяр, С.Сүхболд,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаар магадлалтай, Г.О, Ж.Б нарт холбогдох 20832197 дугаартай хэргийг шүүгдэгч Г.О, Ж.Б тэдгээрийн өмгөөлөгч Ш.Бадмаараг, З.Цэнгэнбаяр, Г.Хандсүрэн, Г.Батбаяр нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, 2006 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар

2008 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

2013 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт Г-ын О нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Давтан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах” Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

  1.Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, 2001 оны 6 дугаар сард Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2001 оны 9 дүгээр сард Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

2006 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

2008 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Ш овогт Ж-ийн Б нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах” Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Б-ын 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 26 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ж.Б, Г.О нарыг бүлэглэж, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн,

Г.О-ыг бүлэглэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

Ж.Б-ыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Г.О-д  холбогдох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар Ж.Б-ыг 23 жил, Г.О-ыг 20 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ж.Б-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-т Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 24 жилээр тогтоож,

Ж.Б-ын биечлэн эдэлсэн 1 жил 16 хоногийн хорих ялыг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Г.О-д  Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ял дээр 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 592 дугаар магадлалаар оногдуулсан 6 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 12 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 21 жилийн хорих ялаар тогтоож,

Г.О-ын биечлэн эдэлсэн 2 жил 18 хоногийн хорих ялыг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан 24 жил, Г.О-д  оногдуулсан 21 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Ж.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар Ж.Б-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж” гэсэн нэмэлт заалт оруулж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Ж.Б-ыг 20 жил хорих” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтаас “Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ж.Б-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар” гэснийг, 5 дахь заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож,

Тогтоох хэсгийн 6 дахь заалтад “ялтан Г.О-ын биечлэн эдэлсэн 1 жил 07 сар 18 хоногийн хорих ялыг...” гэж,

Тогтоох хэсгийн 7 дахь заалтад “Ж.Б-т оногдуулсан 20 жилийн хорих ялыг...” гэж,

Тогтоох хэсгийн 8 дахь заалтад Ж.Б-ын цагдан хоригдсон 663 хоногийг, Г.О-ын цагдан хоригдсон 665 хоногийг...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, шүүгдэгч Ж.Б түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн, Г.Батбаяр нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Г.Батбаяр, Г.Хандсүрэн, Ш.Бадмаараг, З.Цэнгэнбаяр, С.Сүхболд, прокурор А.Оюунгэрэл нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Г.О хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Мөрдөн байцаалтын шатанд Ж.Б бид хоёрын хэн нь үнэн худал ярьж байгаа талаар полиграфикт шалгуулахаар хүсэлт удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Иймд полиграфикийн шинжилгээнд оруулж өгнө үү. Хохирогчийг Ж.Б хутгалсан, би Ж.Б-тай урьдчилан үгсэн тохиролцож хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдээгүй. Үнэнийг хэлэх гэхэд Ж.Б цаг нь болохоор би өөрөө хэлнэ. Чи бид хоёр адилхан 25 жилийн хорих ял авна гэж янз бүрээр дарамталдаг байсан болохоор хэлж чадаагүй. Ж.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт худлаа мэдүүлэг өгдөг, мөн гэрч нарын мэдүүлэг нь тогтворгүй байдаг. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийг хутгалсан хутганы урт өргөн нь Ж.Б-ын мах идэж байсан хутганы өргөн урттай тохирч байгаа. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсгээр ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Г.О-д  холбогдох Эрүүгийн 145 дугаар зүйлд заасан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр хэрэгт хамаарна. Тиймээс Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Г.О-д  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Хохирогч А.М-ын автомашинаас бэхжүүлэн авсан гарын мөрүүд нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн Г.О-ын зүүн гарын алга хэсэгтэй тохирч байна” гэсэн шинжээчийн 1341 тоот дүгнэлтээр түүнийг хүнийг санаатай алсан гэмт хэрэгт буруутгах үндэслэл болсон. Г.О нь Ж.Бтай хамтран оролцож, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүний амь насыг хохироогоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Г.О-д  холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг буюу хэт яллах талыг барьж гүйцэд биш хийсэн, энэ талаарх шийтгэх тогтоол, магадлалд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Г.О-ын үйлдлийг хүн амины гэмт хэргийг үл мэдээлснээр буюу Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч С.Сүхболд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...З.Цэнгэнбаяр өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Шүүгдэгч Г.О “тодорхой хэмжээний дарамтад байсан” талаар хэлдэг. Энэ талаар хэргийг шалгахдаа анхаараагүй. Г.О-д  хууль сануулж гэрчээр байцаалгах саналтай байна. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ж.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Г.О нь өөрийнхөө хийсэн хэргийг нуун далдалдаг боловч хэргийн газраас түүний гарын 6 ширхэг хээ илэрсэн байгаа. Г.О-ын мэдүүлэг тогтворгүй зөрүүтэй байдаг. Г.О-той холбоотой байж болох ижил төстэй мэдүүлэг өгсөн А, Б нарыг хэн болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Шүүх, прокурор, мөрдөн байцаагч нар хэт нэг талыг барьж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, миний эрх зүйн байдлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, намайг цагаатгаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Г.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ж.Б уг гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй байхад Г.О-ын мэдүүлгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 36.4 дэх хэсгийг зөрчсөн. Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй С.А, Б нарыг гэрчээр оролцуулж байцаасан боловч мэдүүлгийн зөрүүг арилгаагүй нь Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийг зөрчсөн. Энэ хэрэг гарсныг хэнээс сонссон талаар таньж олуулах ажиллагааг хийгээгүйгээс Ж.Б нь хилс хэрэгт гүтгэгдэх суурийг тавьсан. Шүүх хуралдаанд С.А, Б нарыг оролцуулах хүсэлтийг тавьсан боловч хүлээж аваагүй. С.А-ийн мэдүүлэг зөрүүтэй байхад шүүх анхаарч үзээгүй. Хэргийн газраас олдсон хар малгай нь С.А-ийнх мөн байхад үүнийг шалгалгүй орхигдуулсан. Мөн Б нь цагаан сараар гэртээ байсан гэх боловч 2008 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байсан эсэхийг тогтоогоогүй. Шинжээчийн дүгнэлтээр хэргийн газраас Ж.Б-ын хурууны хээ илрээгүй. Түүнчлэн Г.О-ын мэдүүлэг эргэлзээтэй зөрүүтэй байдаг. Г.О нь хэрэг болсны дараа буудалд хоносон гэх боловч энэ талаар мөрдөн байцаалтын шатанд тодруулж ажиллагаа хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79, 80 дугаар зүйлийг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Ж.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Г.Батбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Улсын Дээд шүүхийн тогтоолд С.А-ийг “сэжигтнээр татаж шалга” гэсэн байхад гэрчээр шалгасан. Гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч оролцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсгийг зөрчсөн. Хэрвээ гэрчээр оролцуулсан бол хэрэгт чухал ач холбогдол бүхий зүйлсийг хэлэх байсан. Хамт хоригдож байсан Г.О-оос 8 жилийн өмнө сонссон зүйлээ ярьсан байхад үүнийг тодруулаагүй. Хэрвээ Г.О-оос сонссон гэдгээ хэлсэн бол Ж.Б энэ хэрэгт хамааралгүй болох байсан. Иймд Ж.Б-ыг онц хүнд гэмт хэрэгт ямар ч нотлох баримтгүй гүтгэж байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Г.Хандсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Өмнө нь Улсын Дээд шүүхээс мөрдөн байцалтад буцаасан шалгаж тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нэг мөр шалгаж тодруулаагүй. Тухайлбал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн зэргийг тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэсэн. Ж.Б-ыг тухайн хэрэгт оролцсон гэх нотлох баримт байхгүй байхад Г.О-ын мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг зөв үнэлж чадаагүйг харуулж байна. Шийтгэх тогтоолд Ж.Б-ыг буруутгах шууд нотлох баримтыг дурдахдаа Г.О болон Ж.Б нарын мэдүүлгийг үндэслэсэн байх боловч шүүгдэгч нарын эсрэг тэсрэг мэдүүлгээр Ж.Б-ыг хүн алсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр хэргийн газраас Ж.Б-ын хурууны хээ илрээгүй. Мөн гэрч Билэгбатын мэдүүлгийг шүүх үнэлээгүй. Шүүх шинжилгээний дүгнэлт нь хохирогчийг амь хохирсон гэдгийг нотолсон болохоос Ж.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон баримт биш. Г.О нь Ж.Б хохирогчийг алаад сандлын голоор чирч хойд суудалд хэвтүүлсэн гэж мэдүүлдэг боловч сандлын дундуур болон хойд сандалд цусны толбо болоогүй байдаг бөгөөд Г.О худал мэдүүлэг өгсөн болохыг харуулж байхад шүүх анхаарч үзээгүй. Г.О нь хэрэг болсны дараа буудалд хоносон гэх боловч энэ талаар мөрдөн байцаалтын шатанд тодруулж ажиллагаа хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79, 80 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн Г.О нь “Ж.Б хохирогчийг 2 удаа цээжин тус газарт хутгалсан. Ж.Б нь өөр ямар ч хөдөлгөөн хийгээгүй гэж мэдүүлдэг. Гэтэл хохирогч цээжин тус газраа 2 удаа дээрээс доош чиглэгдсэн баруун хавирганаас зүрхний зүүн ховдлыг дайран баруун ховдол руу чиглэгдсэн доороос дээш чиглэлтэй 2 удаагийн үхлийн шарх, баруун хавирганаас зүүн тийш чиглэгдсэн нэг удаагийн хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шарх зэрэг нь талийгаачийн хажууд нь сууж явсан этгээд эхэлж баруун талаас доороос нь дээш чиглүүлж хүчтэй хатгаж үхэлд хүргэсэн болох нь нотлогддог. Талийгаачийн хажууд Г.О сууж явснаа өөрөө хүлээдэг. Иймд энэ хэрэгт Ж.Б холбоотой болох нь тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Ж.Б-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Ш.Бадмаараг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг үнэлж чадаагүй. Шүүгдэгч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, С.А-ийг шалгаж шаардлагатай зэрэг мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “....Г.О, Ж.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт “...шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр ...нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэжээ.

Г.О, Ж.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих асуудлаас гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, өөрөөр хэлбэл хүнийг танхайн сэдэлтээр, бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт Г.О, Ж.Б нарын тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, сэдэлт, хүсэл зоригийн хэлбэр тодорхойгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчлийн шинжийг агуулж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг агуулгын хамт шийтгэх тогтоолд жагсаан бичсэн байх боловч тэдгээрт тулгуурлан ямар үйл баримт тогтоож буй нь ойлгомжгүй байх бөгөөд харилцан бие биеэ илчилсэн гэх Г.О, Ж.Б нарын мэдүүлгийг үнэлэхдээ тэдгээрийн харилцан зөрүүтэй байдлыг анхаарч хэний мэдүүлгийн аль хэсэг нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэж, аль нь хэрхэн няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийхийн оронд “хэргийн үйл баримт, цаг хугацаатай тохирсон” гэх хангалттай бус үндэслэлээр нэг хэргийн талаар хоёр өөр үйл баримт тогтоосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч нарын мэдүүлгийг тал бүрээс нь хооронд нь болон бусад баримт сэлттэй шинжлэн судалсны үндсэн дээр Г.О, Ж.Б нарын мэдүүлгээс хэний аль мэдүүлгийг авч бусдыг үгүйсгэсэн үндэслэлээ зааж өгөх нь зүйтэй. Тухайлбал Г.О-ын мэдүүлгээр Ж.Б-ын хүнийг алах хэргийн оролцоо нотлогдож байна гэж үзэж буй бол өөрийгөө хэргийн газар байсан боловч оролцоогүй гэсэн нь хэрхэн яаж няцаагдаж буй,  Ж.Б-ын мэдүүлэг болон гарын мөрийн шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр Г.О-ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн бол Ж.Б-ын гэмт хэрэг гарсан газар, мөн цаг хугацаанд өөрийгөө байгаагүй гэж буйг хэрхэн үгүйсгэж буйгаа тодорхойлох шаардлагатай гэж дүгнэв.

Г.О, Ж.Б нарт холбогдох хэргийг урьд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байх бөгөөд уг тогтоолд дурдсан ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд хийгээгүй байгааг анхаарах нь зүйтэй.

Иймд өмгөөлөгч Ш.Бадмаараг, Г.Батбаяр нарын “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн гомдлыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, С.Сүхболд, шүүгдэгч Ж.Б түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарын гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.О, Ж.Б нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Хандсүрэн, З.Цэнгэнбаяр, С.Сүхболд нарын гомдлыг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                          

ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР