Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2025/0044

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь

 аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, танхимын тэргүүн:       Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                                   Г.Банзрагч

                                                               Х.Батсүрэн

                                                               П.Соёл-Эрдэнэ 

Илтгэгч шүүгч:                                     Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 115/ШШ2025/0003 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2025/0159 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, Б.У, Ч.А, Б.Б нарыг оролцуулан, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг үндэслэн Ч.Б-д цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохыг даалгах.

Хэргийн нөхцөл байдал:

2.Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/364 дүгээр тушаалаар цэргийн жинхэнэ албыг 25 жил 10 сар хаасан хэмээн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн гал түймэр унтраах салааны ээлжийн ахлагч, ахлах ахлагч Ч.Б-ийг өөрийн хүсэлтээр нь цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон “ахлагчийн алба хаах гэрээ”-г цуцалж, албан тушаалаас нь чөлөөлжээ.

2.1.Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 01 дүгээр албан бичгээр “... 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдсон байна. ... Дээрх хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцох үндэслэлгүй ... таны цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзол журмыг хангахгүй байгаа тул танд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэсэн хариуг нэхэмжлэгч Ч.Б-д өгсөн байна.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Б/535 дугаар тушаалд энгийнээр гэж бичигдсэнийг цэргийн алба хаасан хугацаанд хамааруулахгүй, цэргийн жинхэнэ албыг хаасан гэж үзэхгүй, цэргийн тэтгэврийг тогтооход цэргийн алба хаасан уг хугацаанд ажилласан жил хүрэлцэхгүй байна гэж хуульд нийцэхгүй шийдвэрийг гаргаж, миний цэргийн тэтгэвэр тогтоолгох жилийг хасаж шийдвэрлэсэнд гомдолтой. Миний ахлагчаар ажилласан жил цэргийн алба хаасан хугацаанд хамрагдахаар заасан тул уг хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй” гэж,

4.Хариуцагчаас “... Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архиваас ирүүлсэн ажилласан жилийн лавлагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдон ажилласан гэсэн байна. Нийгмийн даатгалын нэгдсэн мэдээллийн сангаас 2013-2014 оны шимтгэл төлөлтийн талаарх мэдээллийг шүүж үзэхэд энгийн ажилтнаар тооцож төлсөн нь дээрх хугацаанд энгийн албан тушаалд ажиллаж байсан гэдгийг давхар нотолж байна. Иймд дээрх хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцох үндэслэлгүй. Ч.Б-ийн цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзол журмыг хангахгүй байгаа учир цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох боломжгүй нөхцөл үүссэн” гэж маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

5.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 115/ШШ2025/0003 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 он/-ийн 3 дугаар зүйлийн 1, 2, Төрийн албаны тухай хууль /2002 он/ -ийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.6, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 1 хэсгийн 1, 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газар нь тус газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Ч.Б д цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохыг хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2025/0159 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 115/ШШ2025/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

7.Хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын даргаас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

7.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 хэсэгт заасан эрхийнхээ дагуу тус хуулийн 123.2.1, 123.2.2 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

7.2.Магадлалын хянавал хэсгийн 4-т “Хариуцагчийн зүгээс Ч.Б  нь “... 2013 оны 01 дүгээр сараас 2014 оны 9 дүгээр сар хүртэл” цэргийн ангид энгийнээр ажилласан тул хуульд заасан цэргийн тэтгэвэр тогтоолгох 25 жилийн хугацааны шаардлага хангахгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид цэргийн бүрэн тэтгэвэр тогтоох эрх үүсээгүй хэмээн татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн хуулийн ёсны байх зарчим, хууль дээдлэх, хуульд үндэслэсэн байх зарчмыг баримталж, хуулийг хэрэглэхгүйгээр, хэт нэг талыг барьсан, өрөөсгөл байдлаар дүгнэлт хийж хуулийг хэрэглэсэн.

7.3.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэйг, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно”, Цэргийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Цэргийн албаны албан тушаал бүр цэргийн цолны зэрэглэлтэй байна”, 25.3.2-т “ахлагч нь “дэд ахлагч”, “ахлагч”, “ахлах ахлагч”, “сургагч ахлагч”, “тэргүүн ахлагч” цолтой байх” гэж тус тус заасан хуулийн эдгээр зохицуулалт нь цэргийн цолтой ажилласан тохиолдолд цэргийн алба хаасанд тооцох зарчмаар хязгаарлагдаж, энгийнээр ажилласан хугацааг хамааруулахгүйгээр зохицуулсан.

7.4.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т “энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, энгийнээр шимтгэл төлж ажилласан алба хаагчийн хувьд цэргийн байгууллагад цэргийн цолтой ажиллан энэ хуулийн 8.1, 8.2-т заасан ажилласан хугацааны эрх ханган өндөр насны тэтгэвэр тогтоолгох үедээ өөрөө хүсвэл энгийнээр ажилласан хугацаагаа 1 жилийг цэргийн албанд 6 сараар ажилласнаар оруулан тооцуулахаар хуульчилсан байна.

7.5.Гэтэл Зэвсэгт хүчний жанжин штаб нь нэхэмжлэгч Ч.Б-ийн ажилласан жилийг тооцоолохдоо цэргийн байгууллагад 2013-2014 онд энгийнээр ажилласан 8 сар 26 өдрийг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцож, 2000-2009 онд алба хаасан хугацааг тооцооллын алдаа гаргаж, 4 сар 4 өдрөөр алдаатай буюу хий тооцож нийт /8 сар 26 өдөр+4 сар 4 өдөр/ 1 жил 1 сар мөн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын дагуу цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг 4 сараар нэмэгдүүлэн нийтдээ 1 жил 5 сарыг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан ажилласан жилийн тооцооллыг 25 жил 10 сар гэж буруу тооцоолон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох тушаал гаргасан байна.

7.6.Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 198 тоот “ажилласан жилийн архивын лавлагаа”-аар нэхэмжлэгч нь ЗХЖШ-ын даргын 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 223 тоот тушаалаар олон хоног сараар ажил тасалсан учир 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ахлагчийн албанаас халагдаж, ЗХЖШ-ын даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/535 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийнээр 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс томилогдсон, Нийгмийн даатгалын нэгдсэн мэдээллийн сангийн 2013-2014 оны шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэлд 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 9 дүгээр сар хүртэл Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрөл, кодын жагсаалтын 1 дүгээр мөрийн 01 төрлийн кодтой хувь хэмжээнээс “Аж ахуйн нэгж байгууллагын ажилтан”-аар 21 хувь буюу энгийн ажилтнаар тооцож төлсөн зэргээр Ч.Б  нь цолгүй, энгийнээр нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нь Зэвсэгт хүчний жанжин штабын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “архивын лавлагаа”-аар Ч.Б-ийн цэргийн алба, цолыг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс сэргээсэн баримтаар тогтоогдож байна.

7.7.Цэргийн жинхэнэ албан хаагчийн тухайд Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрөл, кодын жагсаалтын 23 дугаар мөрийн 11 төрлийн кодтой “Цэрэг, цагдаагийн ажилтан”-аар шимтгэлийн тайланд тооцож, зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 4 хувиар төлдөг. Нэхэмжлэгч нь тухайн жилд цэргийн цол тэмдэг зүүгээгүй бөгөөд энгийнээр ажиллаж байсан. Цэргийн албанд энгийнээр болон цэргийн цолтой ажилласан хугацааг адилтган хэрэглэхгүй тул нэхэмжлэгчийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийнээр, цолгүй ажилласан хугацааг цэргийн тэтгэвэр тооцохдоо оруулаагүй, хасаж тооцож байгаа үйлдэл хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

7.8.Магадлалын хянавал хэсгийн 5-д “Зэвсэгт хүчний жанжин штабын Хүний нөөцийн хэлтсээс нэхэмжлэгч Ч.Б-ийн цэргийн жинхэнэ алба бодитоор хаасан болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан нэмэгдэл хугацааг тооцоолон нэхэмжлэгчийн алба хаасан нийт хугацааг 25 жил 10 сар 7 хоног хэмээн тогтоосон. Гэвч энэхүү тооцоолол нь нэхэмжлэгчийн “... Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдон, улмаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/313 дугаар тушаалаар “ ... Ч.Б-ийн цэргийн алба, цолыг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс сэргээсэн байтал тус ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдон ажилласан 9 сарын хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан буруу тооцсон” гэж үнэн зөв дүгнэсэн боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн “хууль ёсны байх зарчим” буюу өөрөөр хэлбэл хууль дээдлэх, хуульд үндэслэсэн байх зарчмыг баримталж хуулийг хэрэглэхгүйгээр, хэт нэг талыг барьсан, өрөөсгөл байдлаар дүгнэлт хийж хуулийг хэрэглэсэн.

7.9.Иймд нийгмийн даатгалын байгууллага нь магадлалын хянавал хэсгийн 7-д “Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан алба хаасан хугацааны нэмэгдлийн тооцоолол зэргийг буруу үнэлснээр Ч.Б-ийн цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа 24 жил 5 сар байхад цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоохоос татгалзсан байна” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.

7.10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүрэгтэй байсан бөгөөд нотлох баримтыг үнэлэх ажиллагаатай холбоотой ноцтой зөрчил гаргасан, улмаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

7.11.Энэхүү хэргийн хувьд хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу цуглуулсан, уг баримт байхгүй тохиолдолд хэрэг маргааныг шийдвэрлэх боломжгүйд хүрэх нөхцөл тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх заалтад “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” гэж заасныг баримтлаагүй мөн хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг нягтлан шалгаагүй зэргээс шалтгаалан мөн зүйлийн 121.1.4 дэх заалтад “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” зэрэг шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

9.Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

10.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/364 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ч.Б-ийг цэргийн жинхэнэ албыг 25 жил 10 сар хаасан үндэслэлээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон “ахлагчийн алба хаах гэрээ”-г цуцалж, албан тушаалаас нь чөлөөлжээ.

11.Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр “ЗХЖШ-ын даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдсон байна. ... 2023 оны 01 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг энгийн ажилтнаар тооцож төлсөн нь энгийн албан тушаалд ажиллаж байсан гэдгийг давхар нотолж байна. Дээрх хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцох үндэслэлгүй. ... Иймд цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзол журмыг хангахгүй байх тул цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.

12.Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/535 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн сантехникийн слесарь бэлтгэл ахлагч Ч.Б-ийг дэвшүүлж, гал унтраах ангийн гал сөнөөгчөөр, ахлагчийн албан тушаалд энгийнээр 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс томилсон байна.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Зэвсэгт хүчний ангид гал сөнөөгчөөр ахлахын албан тушаалд энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцох эсэх тухай байна.

13.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид “цэргийн алба хаагч” гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогчид тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцаа нь энэхүү хуулиар зохицуулагдаж байна.

14.Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “цэргийн жинхэнэ алба болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан тэтгэвэр” гэж цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн төрлийг, 4 дүгээр зүйлд цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах албан хаагчийг 1/ “зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч” гэж хуульчилжээ.

15.Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын ажилласан жилийн архивын лавлагаагаар нэхэмжлэгч нь 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс Зэвсэгт хүчний 126 дугаар ангид гал сөнөөгчөөр томилогдон 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ахлагчийн албанаас халагдаж, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс Зэвсэгт хүчний 336 дугаар ангид сантехникийн слесариэр, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс тус ангидаа гал унтраах ангийн гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд томилогдсон нөхцөл байдал тогтоогдож байна.

16.Хариуцагчийн маргаж буй цаг хугацаа болох 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь дээр дурдсанаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн гал унтраах ангийн гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд томилогдон ажилласан байсан байх бөгөөд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож, албан тушаалаас чөлөөлөх хүртэл уг Зэвсэгт хүчний ангидаа гал сөнөөгч, гал түймэр унтраах салааны ээлжийн ахлагчаар ажиллаж байжээ.

17.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон ... онцгой байдлын асуудал эрхэлсэн ... байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ахлагчийн албан тушаалд гал сөнөөгчөөр томилогдон ажиллаж байсан хугацаа нь энэ тохиолдолд цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд тооцогдохоор байна.

18.Өөрөөр хэлбэл, зэвсэгт хүчин ... онцгой байдлын асуудал эрхэлсэн ... байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар зэвсэгт хүчний ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгч нь цэргийн тэтгэвэр авах эрхтэй албан хаагчид хамаарахаар байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

19.Хариуцагчийн хариу тайлбарын үндэслэлээ болгож буй Цэргийн албаны тухай 3 дугаар зүйлийн 3.1.1-д “цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг, 3.1.5-д “цэргийн жинхэнэ алба хаагч” гэж цэргийн байгууллагад цэргийн алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг гэж заасан хуулийн агуулгаас ч үзэхэд маргаан бүхий хугацаанд зэвсэгт хүчний байгууллагад цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэсэн нэхэмжлэгчийг цэргийн албанд цэргийн болон онцгой үүрэг гүйцэтгэдэггүй бусад албан хаагчтай адилтган үзэх боломжгүй.

20.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг гүйцэтгэх эрх бүхий этгээд болох тухайн алба хааж байсан Зэвсэгт хүчний жанжин штабаас нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор “ахлагчийн алба хаах гэрээ”-г цуцалж, албан тушаалаас нь чөлөөлсөн байхад хариуцагч захиргааны байгууллагаас хуулийн агуулгыг хязгаарлан тайлбарлах замаар “2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 535 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдсон. ... Дээрх хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцох үндэслэлгүй” хэмээн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоогоогүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

22.Түүнчлэн нэхэмжлэгчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйн үндэслэл болсон Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 01 дүгээр албан бичигт дурдагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй “2000-2009 онд алба хаасан хугацааг тооцооллын алдаа гаргаж 4 сар 4 өдрөөр алдаатай буюу хий тооцсон” гэх агуулгаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

23.Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 115/ШШ2025/0003 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2025/0159 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Ч.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                   Х.БАТСҮРЭН

                                                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                   Ц.ЦОГТ