Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2020/0125

 

2020 оны 02 сарын 13 өдөр           Дугаар 221/МА2020/0125                          Улаанбаатар хот

“А...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 845 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу “А...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 845 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/76 дугаар тушаалын “А...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “А...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Богдхан уулын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаартай саналыг үндэслэн дуусгавар болгосон талаар тайлбарладаг юм.

Талуудын мэтгэлцээний явцад хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 40.1.2, 40.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүд, Богдхан уулын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаартай санал зэргүүд нь бүрэн үгүйсгэгдсэн боловч анхан шатны шүүхээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутаг болох Хүүшийн зүүн богины ам нэртэй газарт 4.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болж, 2016/082 дугаар гэрээ байгуулж, 2015/767 дугаар гэрчилгээ авч хуулийн хүрээнд газраа ашиглаж байгаа юм.

Тухайн газрыг ашиглах явцдаа гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, аливаа хэлбэрээр хууль, дүрэм, журам, стандарт зөрчөөгүй бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... нэхэмжлэгчийн зүгээс зөрчил гаргаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн тайлбараар нотлогдоно.

Гэтэл шүүхээс маргаан бүхий газрыг уулын энгэр налуу байршилтай, тус газрыг ашиглахын тулд уулыг нурааж ухаж, тэгшлэх, байгалийн унаган төрхийг алдагдуулах, байгалийн төлөв байдлыг өөрчлөх нөхцөл байдал ирээдүйд үүсэх нь бодитоор, тодорхой нотлогдсон гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Учир нь манай компанийг маргаан бүхий газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан байгалийн төлөв байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулаагүй болохыг шүүхийн үзлэгээр тогтоож, энэ талаарх эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх бодит байдлыг гуйвуулан хийсвэрлэн дүгнэлт хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна ...” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн, газар ашиглагчийн эрх хууль болон талуудын хооронд байгуулсан улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний дагуу дуусгавар болохоор байтал хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан аливаа ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр газар ашиглах эрхийг шууд дуусгавар болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан үйлдэл гэж үзэж байна.

Хариуцагчаас хуульд заасан үүргийн хүрээнд шүүхэд үнэн зөв тайлбар өгөх байтал энэхүү үүргээ биелүүлэхгүйгээр 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт маргаан бүхий газарт аливаа гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгоогүй, олгохгүй гэж байсан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дугаар тушаалаар манай эзэмшил, ашиглалтад байсан газрыг “Л...” ТББ-д олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчмыг алдагдуулаад байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг ашиглахдаа ихээхэн хэмжээний зардал, ажил үйлчилгээ явуулсан талаарх нотлох баримтыг харгалзан үзэлгүй дан ганц хариуцагчийн амаар болон бичгээр гаргасан тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0845 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар “... уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчиж буй” гэсэн үндэслэлээр “А...” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг нэхэмжлэгчээс “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй байхад ... тушаал гарсан” гэж маргаж, илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.

1. Анхан шатны шүүх “... бусад аж ахуйн нэгжид газар олгосон атлаа манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь тэгш байдлын зарчимд нийцэхгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч энэ нь анхнаасаа хууль зөрчиж, олгох ёсгүй газрыг олгосон хариуцагчийн үйлдлийг зөвтгөх, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй” гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгчээс уг газарт энэ зориулалтаар буюу барилга, байгууламж барьж аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах боломжгүй гэж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон атлаа тухайн газарт өөр этгээдэд газар ашиглуулсан талаар маргаж, үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо энэ газарт барилга байгууламж барих замаар газар ашиглах боломжгүй газар гэсэн үндэслэлээр маргаж буй тушаалыг гаргасан атлаа уг газрыг “Л...” ТББ-д бурхны цогцолбор байгуулах зориулалтаар олгосон, уг зориулалт мөн л барилга, байгууламж барихгүйгээр ашиглах боломжгүй гэж маргасан байна.

Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий газрыг болон уг газарт өөр хуулийн этгээдэд газар ашиглуулах шийдвэр гаргасан эсэх талаар нотлох баримтыг цуглуулж, энэ нь нэхэмжлэгчийн маргаж байгаачлан “тэгш эрхийн зарчим” хөндсөн тухай дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглаж байсан газрыг өөр хуулийн этгээдэд ашиглуулахаар шийдвэрлэсэн тухай тайлбар гаргасан тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “... манай эзэмшил, ашиглалтад байсан газрыг “Л...” ТББ-д олгосон” гэх үндэслэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй. Энэ талаар холбогдох ажиллагааг явуулах шаардлагатай.

2. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус байхаар заасан бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага өөрт нь хуулиар олгогдсон чиг үүргийг санаачлагаараа хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагын хууль нийцсэн үүргийг биелүүлэх, эсхүл иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлээгүй зэрэг шаардлагууд хангагдаагүй тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх “... газар ашиглах эрх олгохдоо олгох ёсгүй газрыг олгосон буюу хууль зөрчсөн байх ба уг алдааг залруулж сайдын ... тушаалыг гаргасан байх тул ... тушаал хуульд нийцсэн” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Гэтэл нэхэмжлэгчээс “манай компани ... байгалийн төлөв байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулаагүй, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй”, “... эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад ... тушаал гарсан нь илт хууль бус” гэсэн үндэслэлээр маргасан байх тул нэхэмжлэгчийн маргаж буй уг үндэслэлд буюу газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл бүрдсэн эсэх талаар буюу нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй үндэслэлд дүгнэлт өгч, маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэх талаар дүгнэлт өгөх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д тус тус заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 845 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ